2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/04681

 

 

 

 

 

 

 

2025 5 26

191/ШШ2025/04681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байх Илч кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* ******* овогт Д******* М******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,529,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.М******* миний бие Илч кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.М******* холбогдох №190128 Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 38,745,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, түүний төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс, тус шүүхэд Д.М******* холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 38,745,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нийт 6,043,247 төгрөг болгон өөрчилсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах ... эрхтэй гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 6,043,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна.

Илч кредит ХХК нь Д.М*******ой 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №170323 Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Д.М******* 15,000,000 төгрөгийг түүний хувийн хэрэгцээнд, 9 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №170323 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, уг гэрээгээр  арлын дугаар, 3115УБН улсын дугаар, Lexus маркийн RX400h загварын авто машиныг 15,000,000 төгрөгт үнэлэн, автомашиныг Илч кредит ХХК-ийн нэр дээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан.

Манай компанийн зүгээс, Зээлийн гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 5,000,000 төгрөгийг түүний хүсэлтээр Х.А Хаан банкны дугаар дансанд шилжүүлсэн боловч Д.М*******- нь зээл буцаан төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 5,597,143 төгрөг нийт 20,597,143 төгрөгийг төлөхөөс үндсэн төлбөрт 0 төгрөг, хүүгийн төлбөрт 4,453,143 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 1,144,000 төгрөг нийт 16,144,000 төгрөгийг төлөөгүй тул манай компани нь түүнтэй зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт тооцоо нийлж, баталгаажуулсан байдаг.

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №170323 Зээлийн гэрээгээр манай компани нь 15,000,000 төгрөгийг Д.М******* шилжүүлсэн боловч Д.М*******- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж, гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацааг өөрчлөх замаар энэхүү шинэ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №190128 Зээлийн гэрээ болон №190128 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан.

Энэхүү 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №190128 Зээлийн гэрээгээр өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж баталгаажуулсан 16,144,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлсөн тохиолдолд нэг сарын хүүг 4 хувь байхаар талууд харилцан тохиролцсон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх автомашиныг 16,144,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Д.М*******- нь №190128 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр 16,144,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр /4хувь/-т 4,192,059 төгрөг нийт 20,336,059 төгрөгийг огт төлөөгүй учраас Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 16,144,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр /5хувь/-т 9,686,400 /(16,144,000х5%)x12cap төгрөг нийт 25,830,400 /16,144,000+9,686,400/ төгрөгийн үлдэгдэлтэйгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Фидуцын гэрээний дагуу шилжүүлсэн  улсын дугаар Lexus маркийн  загварын авто машиныг 16,144,000 төгрөгт тооцож 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хураан авсан.

Өнөөдрийн байдлаар, Д.М*******- нь №190128 Зээлийн гэрээний үлдэгдэл 9,686,400 /25,830,400-16,144,000/ төгрөг, түүний алданги 4,843,000 /9,686,400x50%/ төгрөг нийт 14,529,000/9,686,400+4,843,000/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Иймд, №190128 Зээлийн гэрээний үлдэгдэл 9,686,400 төгрөг, түүний алданги 4,843,000 төгрөг нийт 14,529,000 төгрөгийг Д.М*******-оос гаргуулж Илч кредит ХХК-нд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Илч кредит ХХК нь иргэн Д.М******* холбогдуулан их хэмжээний мөнгөн төлбөр гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д.М*******- нь Илч кредит ХХК-тай зээлийн гэрээ байгуулж мөнгөн хөрөнгийг зээлж авсан. Мөн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэх гэрээг хийж улсын  (тухайн үеийн бүртгэлээр) дугаартай тээврийн хэрэгслийг Илч кредит ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хийж байсан.

Ингээд тухайн үедээ мөнгөн хөрөнгийг буцаан төлөх боломжгүй явж байтал Илч кредит ХХК-ийн гэх хүмүүс ирээд тээврийн хэрэгслийг хурааж аваад явсан. Машинаа хураагаад авчихсан тул уг машинаасаа зээлийн мөнгөө гаргаж аваад дууссан. Гэтэл өнөөдөр огт машин хурааж аваагүй мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 190128 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 190130 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №170323 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №170323 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Кассын зарлагын ордер, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Кассын зарлагын ордер, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Д.М*******-ын хүсэлт,

Шүүхийн журмаар  улсын дугаартай Lexus маркийн  загварын авто машины дэлгэрэнгүй лавлагаа, Б.Б оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний бүртгэлийн лавлагаа, үүрэн холбооны дугаар эзэмшдэг эсэх талаарх лавлагааг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Илч кредит ХХК нь хариуцагч Д.М******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,529,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №170323 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр №170323 дугаартай фидуцийн гэрээ байгуулж, улсын дугаартай Lexus маркийн  загварын авто машиныг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлсэн авсан. Тус гэрээний үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,144,000 төгрөг нийт 16,144,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №190128 Зээлийн гэрээгээр өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж 16,144,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж, автомашиныг 16,144,000 төгрөгөөр үнэлэхээр тохиролцсон боловч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр автомашиныг 16,144,000 төгрөгөөр тооцон хураан авсан тул үлдэгдэл зээлийн төлбөр 9,686,400 төгрөг, алданги 4,843,000 төгрөг нийт 14,529,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Зээлийн гэрээний төлбөрт тооцон автомашиныг хураан авч худалдан борлуулсан тул үлдэгдэл зээл, алданги төлөх үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Зохигч талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 170323 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Илч кредит ХХК нь 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Д.М*******- нь тохиролцсон хугацаанд мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 170323 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Д.М*******-ын өмчлөлийн  улсын дугаартай Lexus маркийн  загварын автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлж автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбаруудаар тус тус тогтоогдож байна. /9-11/ дэх талд

Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан болон автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

2. Зээлдэгч нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 170323 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 190128 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 16,144,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 190130 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Д.М*******-ын өмчлөлийн  улсын дугаартай Lexus маркийн загварын автомашиныг 16,144,000 төгрөгөөр талууд үнэлсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан.

Тодруулбал, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл нь гэрээнд заасан мөнгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох юм.

Гэвч, 16,144,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчид бодитой шилжүүлэн өгөөгүй 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 170323 дугаартай Зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөрт тооцоо нийлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул 16,144,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж зааснаар талууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 170323 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхтэй юм.

3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр тогтсоосон хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгч нь  улсын дугаартай Lexus маркийн  загварын автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Б өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч үүнтэй маргахгүй байна. /х.х ийн 63 дахь талд/

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 190130 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-нд улсын дугаартай Lexus маркийн загварын автомашиныг 16,144,000 төгрөгөөр талууд үнэлсэн тул зээлийн гэрээний дүнгээс 16,144,000 төгрөгийг хасаж үлдэгдэл зээл, хүүг гаргуулна гэж тайлбарласан.

3.1. Барьцаалан зээлдэх журмаар нэхэмжлэгч нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй бөгөөд барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна.

Энэ талаарх арга, журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа хялбар нөхцөл, худалдааны аргыг сонгох талаар заасан.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохдоо зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах талаар хуульд заасан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж, улмаар тухайн эд хөрөнгийг хураан авч, бусдын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй зэрэг үндэслэлээр шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр бус эсэх талаар тусгайлан дүгнэлт өгөөгүй, талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

4. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14,529,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.М*******-оос 14,529,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Илч кредит ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,678 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ