Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/988                  

 

 

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-д холбогдох 2207001820145 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Т ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан:

 - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялаас 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/945 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоож, тус ял дээр урьд хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар тогтоогдсон, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаартай захирамжаар тус ялаас 1 сар 23 хоногийн хугацаанаас өмнө суллагдсан;

 Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” гэх амралтын газрын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай хаалга, үүдээр тусгайлан хамгаалсан 8 дугаартай гэрийн монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, хохирогч С.С-ийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн, 6 дугаартай монгол гэрийн хаалгаар хууль бусаар нэвтэрч, хохирогч М.О-ийн “Ми 8 Лайт” загварын гар утас, кейс, повер банк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 429,880 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж зааснаар:

- “М” амралтын газрын камерын бичлэгт дахин үзлэг хийх, бичлэгийг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргах, яагаад 00 минут 39 секундын богино хугацаатай бичлэг хавсаргасан талаар хэсгийн байцаагч, хохирогч, бичлэгийг хамт үзсэн хүмүүсээс тодруулах зэрэг ажиллагааг хийж, уг гэмт хэрэгт өөр этгээд оролцсон эсэхийг,  

- амралтын газар дахь объектуудын байршил, камерын байршил, схем зургийг гаргаж, шүүгдэгч, хохирогч нарын байрласан газар, явсан маршрутыг зургаар гаргаж байрлал, цаг хугацааг тогтоох,  

- шүүгдэгч Б.Т-гийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шалгах, дохионы хэлний түвшинг тодорхойлох,

- урьд энэ төрлийн гэмт хэргийг хоёр удаа үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн, шүүх нэг удаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан журмаар ял оногдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан журмыг зөв сонгож хэрэглэх гэсэн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т- нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлгээ өгч хохирогч М.О, С.С нарын гэрт хууль бусаар нэвтрэн орж тодорхой марк бүхий утаснууд дагалдах хэрэгслийг хулгайлсан, ямар зорилгоор хаана нуусан, тус хэргийг ганцаараа үйлдсэн талаараа мэдүүлдэг. Дээрх үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог.

Шүүхээс амралтын газрын камерын бичлэгт дахин үзлэг хийх, бичлэгийг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргах, явсан маршрут болон гэмт хэрэг хамтран үйлдсэн байж болзошгүй этгээдийг тогтоох шаардлагатай гэх боловч хэрэг болсон цаг хугацааны хувьд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн буюу одоогоос 3 сарын өмнөх үйлдэл тул камерын бичлэг хадгалагдаагүй устсан байх боломжтой. Хэсгийн байцаагчаас хэргийн газар үзлэг хийх явцад энгэрийн камерын бичлэгт Б.Т- нь хулгайлсан утаснуудыг нуусан газраасаа гаргаж буй нь бичлэгээр нотлогдсон.

Бусадтай бүлэглэж үйлдсэн байж болзошгүй гэх үйл баримтын хувьд хавтаст хэргийн ... дугаар талд хохирогч М.О-ийн “...Ингээд амралтын газрын эзэнтэй уулзаж өөрийн гар утасыг хулгайд алдсан талаараа хэлээд тухайн амралтын газрын камерыг шүүхэд үүрийн 05 цаг 48 минутанд манай гэрт хар хувцас өмссөн малгай нь урдуураа цагаан ардуураа хар өнгийн малгайтай эрэгтэй хүн бичигдсэн байсан...” гэх мэдүүлгээс ганцаараа үйлдсэн нь тогтоогдож байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

2018 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 206 дугаар тогтоолд “Б.Т-д сэтгэцийн хувьд хэл ярианы бэрхшээлийн улмаас үүссэн оюуны хөнгөн саатал эмгэгтэй” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан бол Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хариуцах чадваргүй этгээдээр тогтоож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах байсан. Гэтэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх үндэслэл болж байна. Б.Т- болон гэр бүлийнхний зүгээс сэтгэцийн хувьд асуудал байхгүй хэлж ярихдаа муу болохоос биш бүх зүйлийг маш сайн ойлгодог талаар нь хэлсэн байдаг. Б.Т- нь тусгай дунд сургуульд суралцаагүй, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул (дохионы хэл огт мэдэхгүй) дохионы хэлний түвшинг тодорхойлох боломжгүй. Б.Т- болон өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг гаргаж, 17.2 дугаар зүйлд заасныг журамлан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар яллагдагчид хуулиар олгогдсон томоохон боломж бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэх заалтыг удирдлага болгож, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна.

Хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлд мөрдөгчийн зүгээс үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан. Камерын бичлэгт 2 хүн харагдаж байгаа ч хохирогч нарын амарч байгаа амралтын газрын гэр лүү Б.Т-гээс өөр хүн орсон идэвхтэй үйлдэл байхгүй. Хамт явж байгаа хүний тухайд өөрийнхөө амарч байсан гэр лүү орж байгаа үйл баримт харагддаг. Энэ нь тухайн гэмт хэргийг хэн, хаана үйлдсэн, хэдийд үйлдсэн гэдэг нөхцөл байдал, цаг хугацаанууд камерын бичлэгт тодорхой байгаа. Энэ нь хэрэгт авагдсанаар нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй.

Өмгөөлөгч гомдолдоо дурдсан камерын бичлэг нь тодорхой цаг хугацаанд хадгалагдаж, устдаг эд зүйл байдаг. Тухайн хэрэг 2022 оны 5 дугаар сард гарсан ба 10 дугаар сар гэхэд тухайн бичлэг байгаа эсэх нь эргэлзээтэй нөхцөл байгаа тохиолдолд шүүгчийн захирамжид заасан эдгээр ажиллагаа хийгдэх боломжгүй юм.

Б.Т-гийн хувьд хэл ярианы бэрхшээлтэй, бага насандаа хүнд өвчин туссаны улмаас эрүүгээ хазаж ярьдаг болсон. Үүнтэй холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр бүлэгт заасан хэлмэрч томилох шаардлагатай байсан. Гэтэл шүүгдэгч Б.Т- дохионы хэлний мэдлэг чадвар эзэмшээгүй байсан. Үүнээс шалтгаалж албан ёсны хэлмэрч томилсон тохиолдолд түүнтэй ойлголцох боломжгүй нөхцөл үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.28-т сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг ойлгоно, мөн хуулийн 9 дүгээр бүлэгт мэдлэг чадвартай хүнийг ойлгоно гэж дурдсан. Б.Т-тэй ойлголцож чадах цорын ганц хүн бол түүний гэр бүлийн гишүүд, тэр дундаа түүний төрсөн эгч байгаа гэдэг мэдлэг чадварын үндсэн дээр тэдгээр хүмүүсийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзээд түүний төрсөн эгчийг хэлмэрчээр томилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөх эрхийг хэрэгжүүлэх боломжийг мөрдөн байцаалтын шатанд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд түүнд олгосон. Яллагдагчийн мэдүүлэг, шүүгдэгчээр шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг бүх нөхцөл байдлууд нь өөрийгөө үнэн зөв, бүрэн бодитойгоор илэрхийлж байгаа гэж үзэхүйц үндэслэл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 1.3 дугаар зүйлд тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах буюу Б.Т-гийн 2022 оны 5 дугаар сард үйлдсэн хулгайн хэрэг нь ямар хэмжээний хохирол, хор уршиг нийгэмд учруулсан нөхцөл байдлыг нь дүгнэж үзээд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнтэй ял тохиролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хянан үзэж хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Б.Т- нь 2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” гэх амралтын газрын 8 дугаартай монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж, хохирогч С.С-ийн “Самсунг А51” загварын гар утсыг, мөн 6 дугаартай монгол гэрт нэвтрэн орж хохирогч М.О-ийн “Ми 8 Лайт” загварын гар утас, кейс, повер банк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх нь шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах эрхтэй ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх ёстой. 

Шүүгдэгч Б.Т-гийн өөрийн гэм буруугаа анхнаасаа бүрэн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт бэхжүүлэгдсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан камерийн бичлэг,  хулгайлсан эд зүйлээ өөрөө гарган өгч байгааг бэхжүүлсэн дуу, дүрсний бичлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...камерийн бичлэгт  дахин үзлэг хийх, бичлэгийг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргах, хэрэг учрал болсон гэх амралтын газар дахь шүүгдэгч, хохирогч нарын байрласан газар, явсан маршрутыг зургаар гаргаж байрлал, цаг хугацааг тогтоох, шүүгдэгч Б.Т-гийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шалгах, дохионы хэлний түвшинг тодорхойлох, хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй, ял хөнгөрүүлж байсан хувийн байдалтай Б.Т-гийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх...” зэрэг ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүгдэгч Б.Т-гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцаах шийдвэрийг гаргахгүй хуулийн зохицуулалттай болсон тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэрэг прокурорт очтол Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ