Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 122/ШШ2026/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн Ч.Саруултуяагийн нэхэмжлэлтэй,

******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Саруултуяа, хариуцагч ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Ч.Саруултуяагаас ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярт холбогдуулан “******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Ч.Саруултуяа нь 2024 онд ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, ажлын зайлшгүй шаардлагаар амралтыг биеэр эдлэхгүйгээр ажиллажээ.

2.2. Нэхэмжлэгч нь 2024 оны ээлжийн амралтаа ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдлээгүй тул хуульд зааснаар амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж зөрүүг олгох тухай сумын Засаг даргын 2024 оны Б/30 тоот захирамж гарч уг захирамжийн хүрээнд цалин олголт бодогдсон боловч ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “******* сумын Засаг даргын Тамгын газарт хяналт шалгалт хийх тухай” 25 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаяр 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот актаар хууль зөрчиж олгосон цалингийн зөрүү гэх 6974,6 мянган төгрөгийн төлбөрийн акт тавьжээ.

           2.3.Нэхэмжлэгч Ч.Саруултуяа нь ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярт холбогдуулан “******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан.

           2.4.Нэхэмжлэгч Ч.Саруултуяагийн гомдлыг Монгол Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хянаад уг актыг хэвээр үлдээсэн тухай хариуг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/7645 дугаартай албан бичгээр мэдэгджээ.

2.5.Нэхэмжлэгч Ч.Саруултуяа нь ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярт холбогдуулан “******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг эс зөвшөөрч ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ч.Саруултуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярын тогтоосон 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******ын Саруултуяа миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эсэхийг тогтоон, актыг хүчингүй болгуулах.

Актыг хэвээр үлдээх нөхцөл байдал үүссэн тохиолдолд албан хаагч миний биеийг нөхөн амруулах, амралтын цалин хөлсийг хэрхэн олгох асуудлыг шийдвэрлэн хохиролгүй болгох.

Актыг хэвээр үлдээх нөхцөл байдал үүссэн тохиолдолд актын төлбөрийн дүнг зөв тооцон 6,9 сая төгрөгийг бууруулан 6,3 сая төгрөг болгох.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан эсэх.

Уг актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн дагуу Монгол Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гаргасан.

Гомдол /нэхэмжлэл/ гаргах хууль заасан хугацаандаа эсэх:

- ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярын тогтоосон 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот актыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 10 хоногийн дотор буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан. /Хүлээн авсан болон гомдол гаргасан хугацааг нотлох баримтыг хавсаргав/.

- Монгол Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн гомдол хянасан тухай албан бичгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу 26 хоногийн дотор Захиргааны анхан шатны шүүхэд хандан гомдол /нэхэмжлэл/ гарган албан ёсны шуудангаар илгээв.

Гомдол /нэхэмжлэл/-ийн үндэслэл:

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалтай *******ын Саруултуяа би 2024 оны 09 сарын 09-ний өдрөөс эхлэн 26 хоног ээлжийн амралтаа эдлэх хуваарьтай байсан хэдий ч орон нутгийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сумын сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллах, бусад цаг үеийн тулгамдсан ажлуудаас шалтгаалан ээлжийн амралтаа тухайн тогтоосон хугацаанд биеэр эдэлж чадаагүй.

Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ондоо багтаан 12 дугаар сарыг дуустал ээлжийн амралтыг нөхөн амрахаар тооцож 11 дүгээр сард 4 хоногийн цалин дутуу тооцуулсан, 12 сард 22 хоногийн цалинг тооцуулахгүй байхаар төлөвлөж, Засаг даргад ээлжийн амралтаа биеэр эдлэх тухай хүсэлтийг амаар гаргасан боловч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх боломжгүй тул хууль тогтоомжийн дагуу цалин хөлс тооцуулан амрахгүй байх боломжтой эсэх тухай саналыг Засаг даргын зүгээс тавьж бид харилцан зөвшилцөж ээлжийн амралтаа биеэр эдлэхгүйгээр ажилласан.

Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй үед эдлэх миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр буюу ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж зөрүүг олгох тухай сумын Засаг даргын 2024 оны Б/30 тоот захирамж гарсан.

Захирамжийн хүрээнд цалин олголт бодогдсон боловч ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаяр 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот актаар хууль зөрчиж олгосон цалингийн зөрүү гэх 6974,6 мянган төгрөгийн төлбөр тавьсан.

Төлбөр тавьсан шалтгаан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар 8974871 төгрөгийн цалин, нөхөх олговор олгохгүй. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-т зааснаар 2635500 төгрөгийн урамшуулал олгох ёстой гэсэн агуулгатай.

Энэ дүнгүүдийн зөрүүг тооцон гаргахдаа /8974871-2635500-6339371/ буруу тооцож 634629 төгрөгийг илүү нэмэгдүүлэн тооцсон.

Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 110 дугаар зүйлийн 110.2./Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно./ гэх хуулийн заалтаар цалин авах эрх, боломж байсаар байхад Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 61.1.9/ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;/ гэсэн заалтаар урамшуулал авах ёстой гэж үзсэн.

2.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 61.1.9/ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох; заалтаар урамшуулал авахгүй гэх миний үл зөвшөөрсөн байдлыг үл харгалзан заавал авах ёстой гэж албадаж төлбөрийн акт тогтоож ээлжийн амралтын 1,5 дахин нэмэгдүүлсэн цалингийн дүнгээс, мөнгөн урамшуулал олгож болох дүнг албадан хасаж зөрүүгээр нь акт тавьсан.

3.Энэхүү урамшууллыг зөвшөөрөхгүй гэсэн байхад энэ нөхцөл байдлыг үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 /Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно./ гэх заалтаар надад олгосон цалин 8,9 төгрөгт бүхэлд нь аль эсвэл миний ээлжийн амралтын хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин 6,0 сая төгрөгийг хассан дүн буюу 2,9 сая төгрөгөөр акт тогтоож зөвшөөрөөгүй тохиолдолд ээлжийн амралтаа эдлэх ёстой гээд байсан  /Хуулийн заалт тодорхой бус/ зөвлөмжөө албажуулж ирүүлж болох байсан. Ийм акт, зөвлөмж ирүүлсэн бол өнөөдөр миний бие 6,9 төгрөг төлөхгүй 2,9 сая төгрөг төлж бүр цаашлаад ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжтой байсан.

8,9 сая төгрөгийн төлбөрийг бүхэлд нь тавьж байцаагчаас төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, он дамжин дараа онд надад ээлжийн амралтыг нөхөн олгож ээлжийн амралтын цалинг олгох акт тавьж болох ч энэ нь байгууллагын 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудал гэдгийг харгалзан үзэж болох байсан.

Боломжит шийдлүүдийг хараагүй акт тогтоосон нь: Аймагт очиж судалчхаад эргэж холбогдоно гээд холбогдоогүй, сонсох ажиллагаа хийгээгүйтэй холбоотой. Сонсох ажиллагаа хийгээгүй, шууд төлбөрийн акт ирүүлсэн нь миний сэтгэл зүй, ажлын бүтээмжид сөрөг нөлөө үзүүлсэн.

Миний эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах хуулиудын холбогдох заалтуудаар хамгаалагдах үндэслэлтэй гэж үзэж байна.

1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6./Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх/ нийтлэг баталгаагаар хангагдана гэж заасан. Үүний дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1. Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно гэж заасан.

Хамтын гэрээ байхгүй тул удирдлагатай тохиролцож ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 110.2-т заасан хэмжээгээр тооцон олгох, тооцуулан авахаар тохиролцсон.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 110 дугаар зүйлийн 110.2./Ажлын шаардлагаар ээлжийн чадаагүй зайлшгүй амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно./Энэ заалтын дагуу надад олгох цалин 8974871 төгрөг бодогдсон.

3.Харин Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 61.1.9/ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;/ гэж заасан. Миний хувьд хуулийн энэ заалтын хүрээнд урамшуулал авахад 2635500 төгрөг болно. Хуульд түүний зөвшөөрснөөр гэж надад эрх олгосон тул би зөвшөөрөөгүй Харин миний хувьд анх төрийн албанд ажиллаж байгаа дундаж цалин хөлс бага тооцогдох, ээлжийн амралтын хоног багатай албан хаагч байсан бол хуулийн энэ заалтыг сонгох байсан. Энэ хуулийн энэ заалт нь Төрийн захиргааны албан хаагчид олгож буй давуу эрх буюу нийтлэг баталгаа. Үүнийг албан хаагч зөвшөөрөхгүй бол яах вэ гэдэг асуудал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй.

4.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2./Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно./, 41 дүгээр зүйлийн 414/Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна/ гэх заалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн.

5.Дээрх хуулийн заалтуудаас гадна дор дурдсан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын холбогдох заалтуудын хүрээнд миний бие Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж авах үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

6.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3./Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:/

2.3.1.энэ хууль,

2.3.2. Монгол Улсын бусад хууль:

2.3.3. захиргааны хэм хэмжээний акт.

2.3.4. салбар, салбар дундын хамтын хэлэлцээр;

2.3.5. хамтын гэрээ,

2.3.6. хөдөлмөрийн гэрээ,

2.3.7. аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ.

7. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5.“Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ.”

8. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. “Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүр мөсөн зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байхад:

******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярын тогтоосон 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот актад:

Төсвийн тухай хуулийн 6.4.1.“Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”

Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3. “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах” заалтуудыг тус тус зөрчсөн тухай дурдсан байна.

Засаг даргын Тамгын газар нь 2024 оны төсвийг төлөвлөхдөө албан хаагчдын цалин хөлсний тооцоог бодит байдалд нийцүүлэн төлөвлөсөн. Тухайн жилд надад олгосон ээлжийн амралтын цалингийн төсөв нь манай байгууллагын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд миний бие түүний албан үүргийг гүйцэтгэж 6,5 сая төгрөгийн хэмнэлт, бусад тодорхой шалтгааны улмаас хэмнэсэн цалингийн хэмнэлтийн үлдэгдэл төсвөөс шийдвэрлэгдсэн. Харин Төрийн албаны тухай хуулиар олгох урамшууллын зардлын төсөв 2024 оны урамшууллын зардалд батлагдаагүй тул олгогдох боломжгүй байсан.

Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнасан. Ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй гэжээ.

3.2.Нэхэмжлэгч Ч.Саруултуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Саруултуяа миний бие ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалтай, төрийн захиргааны албан хаагч, ахлах түшмэлийн зэрэгтэй хүн. 2024 оны 1 дүгээр улиралд сумын Засаг дарга захирамж гаргаж, ээлжийн амралтын хуваарь гаргадаг. Ээлжийн амралтын хуваарийг гаргахдаа албан хаагч миний саналыг болон тус захиргааны байгууллагын ажил төрөлтэй холбоотой, уялдуулаад харилцан тохиролцож гаргадаг. Миний хувьд 9 дүгээр сарын 9-нд ээлжийн амралтыг эдэлнэ гэдэг хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн үндэслэл нь би 9 дүгээр сарын дундуур нөхрийнхөө дүү нарын урилгаар Япон улс руу явж эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд орох, үр хүүхдийнхээ цаашид ажиллах компанитай танилцах зорилготой байсан учраас 9 сарын 9-нд амарна гэж хүсэлт өгсөн байсан. Энэ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын дагуу явагдсан зүйл юм. Мөн энэ тушаалын 3.1-т зааснаар ажилтны ээлжийн амралтын нөхөн олговрыг тухайн ажилтныг ээлжийн амралтаа амрахаас нь өмнө олгоно гэж журамласан  байгаа. Үүний дагуу миний ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй, би амарна гэдгээрээ явж байсан учраас манай байгууллагын 8 дугаар сарын цалин олголт дээр миний ээлжийн амралтыг урьдчилан бодож 9 дүгээр сарын 9-нд амрахаас өмнө олгосон. Миний бие 9 сарын 9-нд ээлжийнхээ амралтыг авна гээд бүх ажил төрлөө зохицуулаад явж байсан. Энэ хугацаанд аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр гарч орон нутгийн сонгуулийн хорооны даргаар намайг томилсон шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбоотойгоор би аймгийн сонгуулийн хороонд өөрийнхөө гарцаагүй нөхцөл байдал, шалтгаануудаа хүсэлтээр амаар болон утсаар, шийдвэр гаргах гээд хуралдаж байхад нь хүртэл хэлсэн. Тэгэхэд намайг ямар ч өршөөлгүйгээр Сонгуулийн хорооны даргаар томилсон. Мэдээж би төрийн ажил хийж байгаа учраас хэдийгээр хувийн ажилтай ч гэсэн, хувийн ажлаа зохицуулах боломжтой эсэхээ судалж байгаад хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор би 9 сарын 9-ний өдөр амарч чадаагүй. Сонгуулийн ажил 11 сар гарч дууссан. Хамгийн эцсийн тогтоолыг 11 сарын 28 билүү 30-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан дээр Сонгуулийн хорооны дарга би танилцуулж, тухайн тогтоолыг архивд архивлаж, бүх тамга тэмдгээ хураалгаснаар миний сонгуулийн хорооны ажил 11 сарын сүүлчээр дууссан. Сонгуулийн хорооны ажлаа дууссан даруйдаа би өмнөх засаглалд ажиллаж байсан Засаг даргад дараагийн засаглал ирэхээс өмнө би амрахгүй бол асуудал үүснэ, одоо амаръя гэдэг хүсэлтийг тавьсан. Энэ нь дандаа аман яриа байсан учраас тайлбар дээрээ л хэлье. Би ажлаа өгөх гэж байгаа учраас надтай холбоотой ар өврөөс дутуу зүйл байна гэх асуудал үүсэх вий, тамгын дарга үүнийгээ ахалж, нягталж шалга гэсэн. Болохгүй санал биш юм байна гэдэг утгаар тэр хүнтэй сөргөлдөж чадаагүй. Би ээлжийнхээ амралтыг аваагүй байхад 12 сарын 3-нд шинэ Засаг дарга томилогдсон. Би шинэ томилогдсон Засаг даргатай 7 хоног ажиллаад ээлжийн амралтаа авах тухай, амарч чадаагүй хүсэлтээ хэлсэн. Үүнийг бодож үзэж байгаад хариу хэлнэ гэсэн. Хэрвээ чи амрахгүй бол ямар хуулийн гаргалгаа юм байдаг вэ? гэж асуусан. Үүн дээр би мэдээж ийм зүйл байдаг гэж хэлнэ. Гэхдээ надтай холбоотой асуудал учраас та үүнийг судалж, аймгийн аудит, санхүүгийн дотоод хяналтын байгууллага, хууль зүйн хэлтсээс лавлаарай гэж би хэлсэн. Миний шийдвэрийг гаргахгүй байсаар нэлээд оройтуулсан. Би ахин дахин шаардлага тавьсан. Миний өөрийн хүсэлт бол амрах байсан. Би өмнөх жил ч амралтаа дутуу эдэлж, хохирсон учраас тухайн жилд амрах хүсэлтэй байсан, амрах хүсэлтэй гэдгээ хэлсэн. Ямар ч боломжгүй гэсэн. Энэ онд ажил төрөл ийм байгаа юм чинь би ойлгож байна, амрахгүй бол дараа онд шилжүүлж, 1 дүгээр сард амрах боломж нөхцөл ямар байна вэ? Энэ талаар та бодолцож үзээрэй гэж хэлсэн. 2 хоногийн дараа надад хариу хэлэхдээ ямар ч боломжгүй, холбогдох хууль тогтоомжийнх нь дагуу захирамж шийдвэрийг нь гаргаж ажиллачих, чи бид хоёрт төлөвлөсөн их ажлууд байна, Улаанбаатар хот явах гэх мэт ажлууд их байна гэсэн. Үүнийг нь би зөвшөөрсөн. Учир нь Япон явах ажлаа хойшлуулж, дараа оны зуны улиралд явъя гэж шийдээд хойшлуулчихсан байсан учраас, хувийн амьдралд одоохондоо чухал ажил, өнөө маргаашдаа эрүүл мэндээрээ хохирчхоогүй байгаа юм чинь шинэ засагтайгаа санал нийлж ажиллах учраас үүнийг зөвшөөрөхгүй бол яагаад ч болохгүй гэдэг утгаар би зөвшөөрч ажилласан. Ажиллахаас ч өөр гарцаагүй нөхцөл байдлыг би өөрөө ч ойлгож байсан учраас зөвшөөрсөн. Би зөвшөөрснөөр Засаг даргын шийдвэр гарсан. Хэргийн материалтай танилцаж байхад Дотоод хяналтын газраас нэлээд хатуу тэмдэглэл үйлдсэн юм байна. Ер нь би өнөөдөр захиргааны хэргийн шүүхээр биш албан тушаалын хэргээр намайг өгөх ёстой газар нь өгөх ёстой байсан юм шиг дүгнэлтүүдийг гаргасан байна. Надтай холбоотой шийдвэр гарч байгаа учраас дараа нь буруу зөрүү байх вий гэдэг утгаар шийдвэрийг уншиж, танилцана шүү дээ. Хүнд нөлөөлж, чи гарын үсэг зур, засаг даргыг тэг ингэ гэх зэргээр хүнд зааварчлаад байдаг зүйл надад байхгүй. Засаг даргын захирамж гарч, өнөөдрийг хүртэл хүчинтэй л явж байгаа. Намайг ээлжийн амралтаа аваагүй байхад миний амралтыг яаж зохицуулах вэ? амралтын мөнгийг яаж зохицуулах вэ? гэдэг асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаал дээр тодорхой зааж өгсөн байгаа. Хүний эдлээгүй ээлжийн амралтын хоногийн тухай, хоногийг яаж тооцох вэ? гэсэн асуудал байгаа. Мөн ээлжийн амралтын цалинг яаж олгох вэ? гэдийг тодорхой зааж өгсөн байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна гэж зүйлчилж зааж өгөөд, үүн дотроо төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан байдаг. Тэгэхээр төрийн захиргааны албан хаагч миний эрх зүйн байдал гэдэг нь юу вэ? гэхээр эрх үүрэг, хариуцлага, нийгмийн баталгаа, төрөл бүрийн хохирол, хориглосон заалтуудыг эрх зүйн байдал гэж үзнэ гэж би ойлгож байгаа. Хөдөлмөрийн харилцаа нь тэр эрх зүйн байдалд бол хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулиар 1,5 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж заасан. Тэр урамшууллыг төрийн захиргааны албан хаагч өөрөө зөвшөөрвөл авна, зөвшөөрөхгүй бол авахгүй гэж заасан байгаа. Тэгэхээр би энэ урамшууллыг зөвшөөрөхгүй гэдгээ Засаг даргад хэлсэн. Учир нь тэр 1,5 сарын урамшууллын мөнгө 2,000,000 гаран төгрөгийг миний 12 дугаар сард ажилласан цалин дээр нэмэхэд миний амралтын цалингаас 2,000,000 гаранхан төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Тэгэхээр би 2,000,000 гаранхан төгрөгийн зөрүү цалин аваад, бүтэн 26 хоног ажилласнаас ээлжийнхээ амралтыг авах юм бол өөрийнхөө эрүүл мэнд, хувийн амьдрал, бүх зүйлдээ 2,000,000 төгрөгийн хэмжээний үнэ цэнтэй өчнөөн зүйлсийг бүтээж чадна, энэ хэмжээний орлогыг ч олох боломжтой. Ийм учраас би үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Зөвшөөрөхгүй бол яах ёстой вэ? гэдэг зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байхгүй. Энэ хүн 1,5 сарынхаа урамшууллыг авахгүй гэвэл ээлжийнхээ амралтыг биеэр эдэлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Урамшуулал авахгүй тохиолдолд яах вэ? гэсэн зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд зааж өгөөгүй. Тухайн 1,5 сарын урамшуулал бол зөвхөн миний эрх зүйн байдлыг зааж өгсөн асуудал юм. Миний ээлжийн амралттай хугацаандаа ажиллах, ээлжийн амралт зэрэг асуудлыг хөдөлмөрийн харилцаа гэдгийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Тэгэхээр Засаг дарга бид хоёрын хооронд болж байгаа амарна, амруулахгүй гэх зөрчилдөөнийг зохицуулж байгаа гол зүйл нь хөдөлмөрийн харилцааны асуудал юм. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулиар бүх зүйл зохицуулагдаж явах ёстой. Харин би төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн үйлчилгээний албан хаагчаас давуу эрх эдэлж 1,5 сарын урамшуулал авах боломжийг надад олгосон. Олон жил төрд ажиллачихсан, олговол зохих цалин өндөртэй надад тэрийг сонгох нь хөдөлмөрийн тухай хуулийг ашигласнаас илүү миний эрх зүйн байдал дордоно гэдэг нь ойлгомжтой. Би дөнгөж төрийн албанд ороод ажиллаж байгаа, 1,000,000 төгрөгийн цалин авдаг, ямар ч нэмэгдэлгүй 15 хоног амардаг ажилтан байсан бол 1,5 сарын урамшууллыг сонгосноор миний эрх зүйн байдал дээрдэнэ. Би 600,000 гаран төгрөгийн ээлжийн амралтын цалин авч ажиллах гэж байсан бол 1,5 сарын урамшуулал авч, 1,500,000 төгрөг авч ажиллана шүү дээ. Энэ нь дөнгөж орж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх заалт байсан. Тэгэхэд Цэрэгбаяр та төрийн захиргааны албан хаагч учраас таны хөдөлмөрийн харилцаа энэ хуулиар зохицуулагдана, өөр хуулиар зохицуулагдахгүй гээд байгааг би ойлгохгүй байна. Мэдээж хяналт шалгалтын байгууллага зөв ярьж байгаа байлгүй. 6,000,000 төгрөгийн төлбөр тавигдсан, ээлжийнхээ амралтыг ч эдэлж чадаагүй, эрүүл мэнд, бүх зүйлээрээ хохирч байгаа учраас надад шүүхээр явахаас өөр аргагүй болж, би шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нягтлан бодогч 8 дугаар сард миний ээлжийн амралтыг хууль журмаар бодож олох ёстой. Журам дээр тэгж зааж өгсөн учраас надад олгосон байна. Миний ээлжийн амралттай холбоотой, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанууд 2024 оны 1 дүгээр сарын амралтын хуваарь гарах захирамж гарахаас эхлээд үргэлжилчихсэн. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх нөхцөл байдлууд 1 дүгээр улирлаас эхэлж, 8 сард би цалингаа авснаас эхлээд л бүрэн бүрдсэн. Ийм нөхцөл байдал олон хүнд үүсэж байсан. Өмнө нь ч манай байгууллагад ийм тохиолдол үүсэж, манайх мэргэжилтэндээ цалин хөлсийг нь яг ингэж олгоод явж байсан. Тэр үед ч энэ шалгалтууд олон орж байсан. Хэзээ ч ийм акт тавьж байгаагүй, энийг нь би зөв л гэж бодож байсан. Энэ чинь урьд нь болж байгаагүй биш, болж байсан зүйл шүү дээ. Анх удаа болж байгаа үйлдэл шүү дээ. Зөвхөн Саруултуяа гэх Тамгын газрын дарга албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөртөө давуу байдал олгосон зүйл биш шүү дээ. Надад хуулиар олгосон давуу байдал байна шүү дээ. Надад сонгох эрх байна, би үүнийгээ эдэлсэн гэж бодож байна.

Төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Түүн дээр би ямар эрхтэй вэ? гэдэг нь ойлгомжтой байна, ямар үүрэгтэй вэ? гэдэг нь ойлгомжтой байна. Мөн  би хариуцлага хүлээх вэ? гэдэг нь ойлгомжтой байна. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй бол ямар баталгаа эдлэх вэ? гэдэг нь ч ойлгомжтой байна. Түүн дотор дан ганц төрийн албан хаагчийн 10 гаруй баталгаа байгаа. Тэрийг би эдлэх ёстой. Түүн дотроо ганцхан баталгаа нь төрийн захиргааны албан хаагч 1,5 сарын урамшуулал авч болно гэсэн баталгаа байгаа. Тухайн эрх зүйн байдлын заалт дээр байх хориглолт мөн надад үйлчлэх ёстой. Төрийн албаны тухай хуульд заасан хориглох заалт дээр төрийн захиргааны албан хаагч ээлжийн амралтаа нөхөж амарч чадаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийг эдлэх эрхгүй, үүнийг хориглоно, зөвхөн төрийн албаны хүн та үүнийг ингэж эдэлнэ, эдлэхгүй бол амар гэсэн хориглох заалт байхгүй. Тэр хориглох заалт дотор төрийн захиргааны албан хаагчийн ээлжийн амралтын хоног, ээлжийн амралтын цалин хөлстэй холбоотой ямар ч хориглосон заалт байхгүй. Ийм учраас миний тэр эрх зүйн байдлыг зохицуулах 4, 5 заалт дотор ганцхан буюу ээлжийн амралттай холбоотой 1,5 сарын урамшууллын л асуудал байгаа. Тэгэхээр энэ хуулиар зохицуулаагүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж тодорхой заагаад өгсөн байгаа. Миний ярьсан бүх зүйлс нь Төрийн албаны тухай хуульд зохицуулалт хийгдээгүй 1,5 сарын урамшуулал авч болно, өөрөө сонгоно гэдэг л зохицуулалт байгаа. Хэрвээ сонгохгүй бол яах вэ? гэдэг зохицуулалт байхгүй учраас сумын Засаг даргын Хөдөлмөрийн тухай хуулийг барьж гаргасан шийдвэрийг би зөв гэж үзэж байна.

Мөнгө авахдаа өчнөөн олон удаа шалгуулж байгаа хүн чинь болохгүй мөнгө авахгүйг хичээнэ шүү дээ. Тэртээ тэргүй шалгагдаад гараад ирэх учраас  болохгүй мөнгө авч, түүнийгээ нууж дарагдуулах гээд сууж байдаг ухамсар дорой хүн би биш шүү дээ. 20 жил ахлах түшмэлийн албан тушаалд ажиллачхаад ийм юм хийгээд сууна гэж байж болохгүй. Тийм учраас би үүн дээр анхааралтай хандсан. Мэдээж үнэлгээ дүгнэлт гаргаж, шийдвэр гарах байлгүй. Алдаа оноо гарсан байхыг би үгүйсгэхгүй. Би өөрийнхөө 100 хувь зөв гэж хэлж байгаа биш, энэ шийдвэртэй холбоотойгоор өөрийгөө хамгаалж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулна гэж Төрийн албаны тухай хуульд бичээгүй шүү дээ. Энэ хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн байгаа юм. Тэгэхээр хөдөлмөрийн харилцааг чинь 2 ойлголтоор буюу хөдөлмөрийн хамтын харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж авч үздэг. Тэгэхээр энэ 2 харилцаанд хүртэл миний цалин авч байгаа асуудлууд бүгд багтаж орсон байна гэж би үзэж байна. Би энэ захирамжийг хүлээн зөвшөөрч, цалин мөнгөө авч ажилласан учраас өөрийгөө хамгаална. Хөдөөгийн бид чинь хууль эрх зүйн мэдлэгтэй ч хүн биш, хар ухаанаараа л уншиж явж байгаа шүү дээ. Сүүлдээ би хар ухаанаар бодож үзлээ. 8 цаг ажилладаг Төрийн захиргааны албан хаагч байгаа гэж бодъё. Төрийн захиргааны албан хаагч би Засаг даргын шийдвэрээр 4 цаг илүү ажиллалаа гэж бодъё. Тэгэхэд би өнөөдөр 8 цагийнхаа цалинг авна. Үүн дээрээ би 4 цагийнхаа цалинг 6 цаг ажилласан цалин болгож нийт 14 цагийн цалин авна. Тэгэхээр хүнийг нэг өдөр 8 цаг ажиллуулах байсныг 4 цагаар сунгаж ажиллуулахдаа 14 цагийн цалин өгөхөөр хуульчилж, журамласан байна. Тэр хууль дүрмийн дагуу бүх л хүмүүс тийм цалин аваад явж байгаа. Тэгэхэд хүнийг бүтэн жил ажиллуулсан, ээлжийн амралтыг нь олгоогүй байж 7-10 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгөөд амруулдаг зүйл байхгүй байх гэдэг утгаар би энэ хуулийг бас ойлгосон. Мөн би бямба гарагт ажиллалаа гэж бодъё. Өнөөдөр манай ажил 1 өдрийн ажлын хоногтой, маргааш нь амралтын хоногтой байлаа гэж бодъё. Засаг дарга шийдвэрээр намайг амралтын өдөр ажиллуулсан бол би цалингаа 2 дахин нэмэгдүүлж авдаг. Ажлын нэг өдөртэй байхад 3 өдрөөр бодож цалингаа авдаг. Энэ бол нийт төрийн албан хаагчдын жишиг ойлголт юм. Тэгэхээр хүнд бүтэн жил ээлжийн амралтыг нь өгөөгүй байж үүн дээр ганцхан хуулийн заалтыг барина, чи төрийн захиргааны албан хаагч гэж миний эрх зүйн байдлыг дордуулсан акт тогтоосон. Энэ асуудлыг би буруу гэж итгэн энэ нэхэмжлэлийг гаргасан. Нэгдүгээрт 6,000,000 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт тухайн үнийн дүн, мөнгөн дүн зөрүүтэй байсан гэж байна лээ. Түүн дээр надад тайлбар өгсөн гэж байна. Би түүнийг нь мэдээгүй, сонсоогүй. Залруулга хийсэн гэх мөнгөн дүнгийн хувьд ямар ч хамаа алга. Түүн дээр наана цаана гээд байх зүйл байхгүй.

Намайг 6,900,000 төгрөгийн акт тавьж, намайг тэгж айхтар хохироочхоод надтай сонсох ажиллагаа явуулж, надтай ярилцаж, өөр ямар боломж байгааг асууж тодруулж болох байсан. Надад 6,900,000 төгрөгийн төлбөр тавьж байхынхаа оронд 2,900,000 төгрөгийнх нь төлбөрийг нь тавьж, Засаг даргад зөвлөмж өгч болно биз дээ? Энэ хүн чинь хохирох гээд байна, энэ хүнийгээ амар аа, 2,000,000 гаран төгрөг дээр нь нь төлбөрийг нь тавьчихъя, энэ хүнийгээ нөхөж амраагаад, өмнө нь авсан ээлжийн амралтыг олго гэж надтай ярьж болно шүү дээ. Тэгэхгүйгээр ямар сэдлээр акт тавьсныг ойлгохгүй байна. Өнөөдрийг хүртэл үнэхээр хүний амьдрал, сэтгэл, бүх зүйлд маш хүндрэлтэй асуудлууд үүсэж байна шүү дээ. Тийм учраас энэ акт хүчингүй, яагаад ч хүчин төгөлдөр мөрдөгдөх үндэслэл байхгүй. Хууль дүрмийн хүрээнд гарсан шийдвэрийг актаар тогтоолоо гэж би нэхэмжлэл гаргасан. Энэ мөнгийг би төлж чадахгүй. Иймд байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Энэ актыг бүхэлд нь хүчингүй болгох нэгдүгээр үндэслэл нь надтай сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ нь процессын алдаа болсон. Акт тавихаас өмнө би тантай эргэж холбогдоно, би эргэлзэж байна, та өөрийгөө зөв гэж бодож байгаа талаар тайлбараа явуулчих, би тэрийг чинь уншаад эргээд тантай ярилцана гэж хэлсэн. Гэтэл акт нь надад гэнэт ирсэн. 5 дугаар сарын 29-ний өдөр акт ирсэн. 6 дугаар сарын эхээр би тайлбарыг нь бичиж явуулсан. Бидэнд тайлбараа ярилцах боломж байгаагүй. Тэр орой Цэрэгбаяр өөрөө хүртэл эргэлзэж байсан. Би бас гайхаж, эргэлзэж байна, та юу гэж бодож байгаагаа тайлбараар бичиж явуулаарай, би тантай эргэж холбогдоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би акт тавих талаар сонсох ажиллагаа явуулах юм байна гэж бодтол сонсох ажиллагаагаа хийхгүй байсаар актаа тавиад явуулсан. Энэ нь процессын алдаа гаргаж, сонсох ажиллагаа хийхгүйгээр надад акт тавьсан.

Тэр чинь сумын Засаг даргын захирамж шүү дээ. Би өөрөө өөртөө тушаал, шийдвэр гаргаагүй шүү дээ. Тэр хүн судалсан. Би тэр хүнийг юу, юуг, хаанаас судалсныг бүгдийг нь мэдэж байгаа. Манай санхүүгийн албаныхан ч хэн, хэнээс асуусан, яаж зөвлөгөө авч гаргасныг бүгдийг нь мэдэж байгаа. Сумын Засаг дарга шийдвэр гаргаж, шийдвэрийн дагуу нягтлан бодогч тооцооллоо хийж, цалин олгосон. Өнөөдөр би хэдийгээр байгууллагын дарга ч гэсэн яг энэ үйлдэл дээр би албан хаагчаар явж байна, цалин хөлсөө авч байна, ээлжийн амралтаа эдлээгүйнхээ хохирлыг авч байна шүү дээ. Тэгж байхад энэ актыг Саруултуяагийн нэр дээр тавьсан. *******ын Саруултуяагийн мөнгө авсан учраас үүнийг төл гэдэг акт тавьсан. Акт тавьсан субъект нь буруу гэж үзэж байна. Яагаад над дээр тавьж байгаа юм бэ? Би Засаг даргад анхааруулсан шүү дээ. Би амарчихъя, та амралтыг нь зөвшөөрчих гээд байхад судалж явж, явж байгаад энэ шийдвэрийг гаргасан байхад над дээр тавьж байгаа нь субъект нь буруу. Янз бүрийн тэмдэглэлээс уншихад намайг нөлөөлж гаргасан юм шиг зүйл байна лээ. Цаашдаа яригдах байлгүй дээ. Тэр тайлбараас нь уншихад би албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан айхтар хэрэг хийчихсэн явж байгаа юм байна шүү дээ. Өмнө нь 8 дугаар сард надад ээлжийн амралтын цалин олгосон байгаа. Тэгэхээр өмнө нь ээлжийн амралт олгосон шийдвэрийг тооцож нягтлан бодогч цалин олгосон. Мөн би ээлжийн амралтаа авахгүй, амрахгүй, миний ажил амжихгүй байна гэж би Засаг даргад хэлээгүй. Би суманд байх юм чинь өөрийн мэдлийн кодтой ажлыг дундуур нь хийгээд, ямар ч байсан аргацаагаад болгоно гэж хэлсэн. Тэгэхээс би энэ ажлыг амарлаа гээд хаяад явна гэж хэлээгүй. Тэрийг манай ажлаас олон хүн гэрчилнэ. Тэгэхэд миний хүсэлтээр биш захиргааны санаачилгаар миний ээлжийн амралтыг тухайн онд нь эдлүүлээгүй. 2 засаг дарга дамжсан, 2 засаг даргын санаачилгаар би ээлжийн амралтаа эдэлж чадаагүй. Захиргааны ерөнхий хуульд аливаа нэгэн акт, шийдвэр албан хаагчдынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, хохироохгүй  байх ёстой шүү дээ. Тэгэхэд миний тухайн сард ажилласан цалин дээр урамшууллын жоохон мөнгө авсан цалин хоёр бараг дүйцэж байх юман дээр тийм мөнгө аваад ажиллаж байдаг хүн гэж байхгүй, тийм мөнгө өгч ажиллуулдаг, тийм шийдвэр гаргадаг захиргааны удирдлага гэж байхгүй байх. Би ээлжийнхээ амралтын 5,000,000 төгрөгийг авч бараг сар гаран амарчихдаг юм байгаа биз дээ. Тэр нь надад илүү шүү дээ. Тэгэхэд намайг өөрөө мөнгөний шуналтайдаа ингэчихсэн юм шиг байдлаар хандаж байна шүү дээ. Тийм зүйл байхгүй. Засаг даргын гаргасан шийдвэр бол Захиргааны ерөнхий хуульд зааснаар албан хаагчийнхаа эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хориглосон заалтыг хэрэгжүүлж гаргасан. Ийм учраас 3, 4 процесс чинь өөрөө 12 дугаар сард гарсан засаг даргын захирамж гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх бүх нөхцөл боломж нь бүрдсэн байсан. 2024 оны 1 дүгээр сарын шийдвэрээс эхлээд  бүх хугацааны процедур нь Төрийн албаны тухай хууль биш Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх нөхцөл байдал нь бүрдсэн байсан. Үүнийг хэрэглэхгүй гэх хориглосон заалт хаа ч байхгүй. Мөн дээрээс нь Захиргааны үйл ажиллагаа нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэнэ гэж заасан байгаа юм. Ийм учраас би энэ даргын гаргасан шийдвэр нь Саруултуяа гэдэг албан тушаалтандаа илүү ашиг, илүү мөнгө төгрөг хүртээх гэсэн ойлголт биш, амралтаа эдэлж чадаагүй бодит хохирлыг хамгийн боломжит, хориглоогүй хуулийн заалтаар надад нөхөн олгосон. Намайг хохирохоос сэргийлсэн шийдвэр байсан. Засаг даргын шийдвэр ч зөв, Засаг даргын шийдвэрээр нягтлан бодогчийн бодсон цалин ч зөв гэж үзэж би энэ цалинг гар дээрээ авсан. Би хэрвээ буруу гэж бодсон бол авахгүй. Би байгууллагын дарга хийж байж буруу юм авахгүй шүү дээ. Дараа нь надад их асуудал тулгарна. Мөн дотоод хяналтын байцаагч Цэрэгбаяр акт тавихдаа миний эрхэнд халдсан. Миний зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхэд халдсан. Байцаагч эрх мэдлээ хэтрүүлсэн. Албан хаагч өөрөө 1,5 сарын урамшуулал авахгүй гээд байхад акт үйлдэхдээ тэрийг чи авах ёстой гэж тооцож өөрийн актын төлбөрийн дүнгээс хассан. Яагаад намайг авахгүй гээд байхад чи авах ёстой гэж хасаж байгаа юм бэ? Би үүнийг ойлгохгүй байна. Миний эрхэнд хачин, булай хандлаа. Бүр цаашлаад би больё больё, хэл амны дараа гээд энэ актыг төллөө гэж бодоход 1,5 сарынхаа урамшууллыг суутгуулсан хүн чинь ээлжийн амралт авахгүй гээд би тэр урамшууллыг аваад зөвшөөрчихсөн хэлбэрт шилжинэ. Ийм учраас би нөхөн амрах боломжгүй болж байна. Миний сонирхол бол нөхөж амрах л байсан шүү дээ. Тэгэхээр миний нөхөж амрах сонирхолд хүртэл халдсан. Энэ байцаагч миний зөвшөөрөхгүй юмыг албадан зөвшөөрүүлсэн. Ийм учраас дараагийн нэг үндэслэл болж байгаа юм. Энэ тайлбар дээрээс уншихад Саруултуяаг хохироохгүй байдлаар буюу бараг 2,800,000 төгрөгийнх нь төлбөрөөс 2,000,000 төгрөгийг нь хасаж  өрөвдсөн байдалтай, хохироохгүй тогтоосон нь бараг зол гэж бичсэн байна лээ. Юу гэсэн үг юм бэ? Би чинь ардаа амьдралтай, намайг тэтгэн явж байдаг хүмүүстэй хүн шүү дээ. Тавих ёстой байсан бол бүх л амралтынх нь мөнгийг тавихгүй яасан юм бэ? Авахгүй гээд байгаа мөнгийг яагаад хасаж суутгасан юм бэ? Миний эрхэнд халдсан учраас энэ нь бас нэг үндэслэл болно.

Урьд нь 8 дугаар сард олгосон ээлжийн амралтын мөнгийг буцаан суутгах тухай ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Үнэхээр зохицуулалт байдаг бол тэр чинь зохицуулалтаараа явна шүү дээ. Өмнө олгосон цалинг нь буцааж суутгах ямар ч хуулийн зохицуулалт байхгүй байхад байцаагч суутгалын зарчмаар акт тавьж, тэр мөнгийг буцаан төлүүлэх шийдвэр гаргасан. 1,5 сарын урамшуулал бол ердөө л надад, төрийн захиргааны албан хаагчид эдлүүлж байгаа нийтлэг баталгаа юм. Бүх төрийн захиргааны алба хаагч, төрийн үйлчилгээний албан хаагчаас арай давуу байг, давуу байвал үүнийгээ сонго гэсэн баталгаа үзүүлж байгаа юм. Заавал албадлагын чанартай үүрэг биш, заавал байгууллагын дарга хэрэглэхгүй, санхүү хяналт, дотоодын байгууллагууд хэрэглэхгүй. Үүнийг зөвхөн тухайн албан хаагч өөрөө л хэрэглэх, хэрэглэхгүйгээр шийдвэрлэдэг зүйл. Энэ 1,5 сарынх нь урамшуулал хэлбэрээр олгож байгаа зүйл. Төрийн захиргааны албан хаагчид давуу байдал олгож, урамшуулал маягаар авч болно л гэсэн үг. Тэгэхээс энэ бол амралт эдлээгүйн орлуулалт биш. Хуулийн зохицуулалт дээр тийм зүйл байхгүй. Энэ нь хүнийг амралт эдлээгүйнх нь орлуулалт, урамшуулал юм шүү гэдэг хуулийн зохицуулалт хаа ч байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т хүн ээлжийнхээ амралтыг эдлээгүй бол тухайн хүний хохирлыг барагдуулах олговор. Би олговроо сонгоно уу, 1,5 сарынхаа урамшууллыг сонгоно уу гэдэг нь миний асуудал. Ийм учраас миний тус эрхмүүдэд халдсан. Манайх батлагдсан төсвийн хүрээнд өр авлага үүсгэхгүй ажилласан. Тэгэхэд Төсвийн тухай хуулийг зөрчсөн, өр авлага үүсгэсэн, Төсвийн тухай хуулийн тийм, тийм заалтуудыг зөрчсөн гэж байна лээ. Тийм заалтуудыг зөрчөөгүй. Акт тавихдаа үүнийг нарийн, сайн судлаагүй. Үүнийг би ч мэдэж байгаа, бүх хүн мэдэж байгаа. Бүгд хэлэх байлгүй. Өөрөө ч мэдэж байгаа, байцаагч судлаагүй.  Эдний тамгын газар цалингийнхаа төсөв дээр ямар хэмнэлт гаргаж байгаа юм, анх төлөвлөхдөө яасан юм гэдгийг ч судалж үзээгүй гэж би бодож байна. Засаг даргын шийдвэр бол миний эрх зүйн байдлыг дордуулахгүй гаргасан акт байхад гаргаж байгаа энэ акт бол миний эрх зүйн байдлыг дордуулж, миний амрах эрхийг хааж тавьсан. Энэ хүн 1,5 сарынхаа урамшууллыг авахгүй гэж байгаа юм байна. Тэгвэл энэ хүн дээр ингэж акт тавих уу? Энэ хүнд дахин амрах боломж байгаа юу? дахин амралтыг нь шилжүүлэх боломж байгаа юу? гэх гаргалгаануудыг гаргах сонсох ажиллагаануудыг шийдвэр гаргасан хүнтэй ч хийгээгүй, надтай ч хийгээгүй гаргасан гэж би үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн заалт нь албан хаагчийн эрх зүйн байдлын талаар тусгай, давуу эрх олгох аргачлал гэж би үзэж байна. Тусгай давуу эрх олгох аргачлалыг эдлэх, эдлэхгүй нь миний асуудал. Тийм учраас үүнийг аливаа шийдвэрт шууд хэрэглэж болохгүй. Төрийн албаны тухай энэ заалтыг акт тавихдаа ч хэрэглэж болохгүй, засаг дарга шийдвэр гаргахдаа ч шууд хэрэглэж болохгүй. Энэ бол тусгай давуу эрх олгосон аргачлал гэж үзэж байна.  Үүнийг зөв хэрэглэх ёстой. Үүнийг Засаг даргын шийдвэр зөв хэрэглэсэн, байцаагчийн акт буруу хэрэглэсэн. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн заалт нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, ялангуяа ээлжийн амралтаа эдлээгүй хүнд нөхөн олговор олгодог, үүнийг зохицуулдаг нийтлэг аргачлал. Төрийн байтугай Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг нийтлэг аргачлал. Ийм тусгай давуу эрхийг ашиглаагүй, зөвшөөрөөгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаан дээр үүсэж байгаа энэ асуудлыг төрийн захиргааны албан хаагч дээр ч хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан. Тэгэхэд байцаагч акт тавихдаа хуулийн хэрэглээг буруу ашиглаж, буруу тал руу нь зүтгэж акт тавьсан гэж бодож байна. Эдгээр үндэслэлүүдээс шалтгаалж байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан гэв.

3.3. Хариуцагч ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Саруултуяагийн гаргасан санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот актыг хүчингүй болгуулах тухай ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Т.Цэрэгбаярт холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

 

******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Саруултуяа нь төрийн захиргааны ахлах түшмэл буюу төрийн жинхэнэ албан хаагч, төсвийн шууд захирагч тул тухайн албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон бусад актаар зохицуулдаг. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.“Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 4.4-т“Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.9-д “ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох”,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 34-т “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна”, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.” Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/192 дугаар тушаалын хавсралтын 1.4.4 дэх хэсэгт “ээлжийн амралтын цалин” гэж ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон олгож байгаа цалин” гэж тус тус заасан байдаг.

Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль бусад захиргааны актад ээлжийн амралтаа биеэр эдэлж байгаа ажилтанд ээлжийн амралтын цалин, харин ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ажилсан хугацааны цалин дээр нэмж мөнгөн урамшуулал олгохоор заасан байдаг. Гэтэл Ч.Саруултуяа нь төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан албан тушаалын цалин болох 1757.0 мянган төгрөгийг 1.5 дахин нэмэгдүүлж 2635.5 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар байх атал Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ээлжийн амралтын цалин гэж 5983.2 мянган төгрөгийг 1.5 дахин нэмэгдүүлэн 8974.6 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговор авч төсвөөс 6339.1 мянган төгрөгийг цалинтай давхардуулан илүү авсан байсан.

Энэ талаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн зөрчлийн тэмдэглэлд дэлгэрэнгүй дурдсан. (хавсаргав)

Дээрх зөрчил нь ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул ээлжийн амралтын олговор авсан (ээлжийн амралт аваагүй тул ээлжийн амралтын цалин бодогдохгүй), олговрын талаар шийдвэргүй буруу авсан харин урамшуулал авах эрх зүйн зохицуулалт байгаа (Төрийн албаны тухай хуулийн 61.1.9 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 99.1-д) бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 4.2.4.4-т заасныг үндэслэн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч миний бие Төрийн албаны тухай хуульд зааснаар албан хаагчийн ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд олгох албан тушаалын цалинг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцсон 2635.5 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг үлдээн зөрүү 6339.1 төгрөгт төлбөрийн акт тогтоосон нь Ч.Саруултуяаг хохиролгүй байхаар гаргасан шийдвэр болно.

Төлбөрийн актын зөрчлийн тэмдэглэл хэсэгт илүү олгосон цалин хөлсийг 6339.1 мянган төгрөг гэж бичсэн боловч тогтоох хэсэгт бичвэрийн алдаанаас үүдэн 6974.6 мянган төгрөг гэж бичсэн байсан. Энэ нь утга агуулгын илэрхий алдаагүй бөгөөд үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр уг бичвэрийн алдааг засах боломжтой байсан тул завсарлаж 6339.1 мянган төгрөгөөр акт тогтоосон бөгөөд өөрийн байгууллагын тоон мэдээ тайландаа 6339.1 мянган төгрөгөөр тусгасан Ч.Саруултуяад үүнийг мэдэгдсэнийг мэдсээр байж илт гуйвуулсан байна.

Ч.Саруултуяа нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 31 03/39 дугаартай актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Монгол улсын Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасныг хянаж үзээд (ээлжийн амралтын олговор бодож олгосон болон акт тогтоосон байдлыг нотлох баримтаар авч) Монгол улсын Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.15 дахь заалтад заасны дагуу тус 31-03/39 дугаартай 6339.1 мянган төгрөгийн актыг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж баталсан шийдвэрлэснийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн № 0117645 тоот албан бичгээр мэдэгдсэн болно. (хавсаргав)

 

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Т.Цэрэгбаяр миний бие 2024 оны 5 дугаар сарын 28 болон 29-ний өдөр ******* суманд ажиллахдаа удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийн илэрсэн тухайн зөрчлийг холбогдох албан хаагчид хуульд заасан үндэслэлээр биеэр уулзаж амаар болон бичгээр танилцуулж сонсох ажиллагааг явуулж хариу тайлбар өгөх эрхтэйг мэдэгдсэн бөгөөд Ч.Саруултуяа танилцсан хэсэгт гарын үсэг зураагүй. Уг ажиллагааны талаар тухайн үед байлцсан дотоод аудитор Э.Энх-Учралт, ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны дарга Г.*******, нягтлан бодогч О.******* болон бусад албан хаагчид гэрчилж нотолно. (хавсаргав)

Дээрх сонсох, мэдэгдэх ажиллагааны дагуу холбогдогч Ч.Саруултуяа нь өөрөө 2024 оны 06 дугаарын 02-ны өдөр өөрийн цахим хаягаараа акт тогтоох зөрчлийн талаарх хариу тайлбар цахимаар илгээсэн байсан нь үндэслэлгүй байсан тул Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн эрх, үүргийн хүрээнд төлбөрийн акт тогтоосон. Дээрх хариу ирүүлсэн байдал болон өөрийн гар утсаараа удаа холбогдож ярьсан зэргийг үгүйсгэж сонсох ажиллагаа хийгээгүй гэх нь ор үндэслэлгүй гүтгэж байна. (ирүүлсэн тайлбар болон нотолгоог хавсаргав)

Ч.Саруултуяа нь төрийн жинхэнэ хаагч төдийгүй Засаг даргын тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагч тул Төсвийн тухай хуулийг дагаж сахин биелүүлэх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй тэрээр гомдолдоо Төрийн албаны тухай хуулийн 9.2-д заасныг үндэслэл болгосон байна энэ нь төрийн бодлогоор төрийн албаны санхүүжилтийн талаарх ойлголт бөгөөд цалин хөлсний зардал бууруулж санхүүжилт хассан ямар нэгэн асуудал байхгүй төсвийн зарчмын талаарх ойлголт тул төрийн байгууллага төсвийн захирагчийн ажил үүргийн хариуцлагын асуудал болно. (Ч.Саруултуяагийн өөрийн хөдөлмөрийн харилцаа, ашиг сонирхол асуудал байна.)

 

Иймд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 31-03/39 тоот актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Саруултуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагч ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч миний бие 2025 оны 5 сард ******* сумын Засаг даргын тамгын газарт хяналт шалгалт хийж, газар дээр нь очсон. Тухайн зөрчлийг танилцуулсан, ярилцсан, хэлэлцсэн. Засаг даргын захирамжийг яаж гаргасан, хэрхэн гаргасныг тухайн үед ярилцсан. Нэхэмжлэгч Засаг дарга дээр акт тавих байсан юм, субъект нь буруу гэж хэлж байна. Засаг даргын захирамжийг буруу байсан талаар Засаг даргад танилцуулаагүй. Өөрөө Засаг даргад танилцуулж хэрэггүй, бид энэ захирамжийг гаргуулахдаа бөөн хэл ам, хэрүүл тэмцэл, бараг зодоон цохион болж байж гаргуулсан. Одоо энийг мэдэгдчих юм бол бид нарыг бараг ажлаас нь халах дээрээ тулах байх гэсэн тайлбар тавьж байсан юм. Би тэр зүйлийг нь бичсэнгүй. Түүнээс субъект нь хэн байх вэ? хэнд акт тавих вэ? гэдэг нь Саруултуяа дарга өөрөө төсвийн захирагч хийж байгаа, тэр төсвөөс цалин хөлс авч байгаа ч гэсэн үүн дээр хариуцлагатай байсан гэдгийг нь хэлье. Би Саруултуяа дарга шиг хууль тайлбарлаж, хэрэглээг нь хэлж мэдэхгүй ээ. Өөрийнхөө гаргасан актын үндэслэлийг хэлье.

Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна гэж тодорхой зааж өгсөн. Миний эрх зүйн байдлыг дордуулсан байна, сайжруулсан байна гэж яриад байна. Тэгэхээр эрх зүйн байдлыг нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулна гэж заасан учраас төрийн албан хаагч бид бүгдээрээ зарим эрх үүргээ хаалгаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зохицуулалтыг хийж өгсөн байх гэж бодож байна. Эрх зүйн байдлын, хөдөлмөрийн харилцааг ч гэсэн Төрийн албаны хуулийн 44 дүгээр зүйлд энэ хуулиар зохицуулсан бол Хөдөлмөрийн хуулиар зохицуулахгүй гэж мөн тодорхой зааж өгсөн байгаа. Тэгтэл ээлжийн амралтыг биеэр эдлээгүй, 1,5 сарын урамшуулал олгох тухай тодорхой заасан байгааг өөрөө мэдэж байгаа. Тэр хуулийн заалтаар төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуулийг гол болгож барьсан. Ээлжийн амралтын олговрыг буцаах, ээлжийн амралтыг надад олгох эрхийг хаасан гэх асуудлын хувьд энэ чинь аль хэдийн өнгөрсөн, жилийн дараах ажил шүү дээ. Би 2025 онд очиж шалгалт хийсэн. 2024 оны ээлжийн амралтаа эдлэх, урамшууллаа авах, татгалзах асуудал нь аль хэдийн процесс нь болоод дуусчихсан байсан. Гэхдээ тэр талаар албан бичиг буюу, бидэнд үзэж, шалгах зүйл байгаагүй. Би акт тавья гэж чичрээд байсан зүйл байхгүй. Тэгэхдээ яалт ч үгүй хууль зөрчигдсөн асуудал илэрсэн. Тэр талаар ярилцсан зүйл байгаа. Гарц гаргалгаа байвал ямар байх вэ? гэхэд төрийн захиргааны албан хаагчдад ямар ч гарц гаргалгаа алга, эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна гэж заасан байна, зохицуулаагүй зарим асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Түүн дээр ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бол 1,5 сарын урамшуулал олгоно гээд Төрийн албаны хуульд тодорхой заачихсан байгаа учраас энэ асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байна гэж үзээд акт тавих үндэслэлтэй боллоо гэдгээ мэдэгдсэн. Сонсох ажиллагаанд өөрөө хамт байсан. Гэрчүүд нь байж хийгдсэн. Тайлбар өгсний дараа ч утсаар ярьж хоёулаа үүнийг яах вэ? хаана хандах вэ? гэж ярилцсан. Би бол албан ажлаа л хийж явсан. Саруултуяа дарга бас албан ажлаа хийж байгаад асуудалд орсныг ойлгож байна. Гэхдээ захирамж гарсантай, ээлжийн амралтын мөнгө авсантай холбогдуулан би таныг хууль бусаар мөнгө авсан гэж бичээгүй, тийм зүйл байхгүй. Миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж байна. Эрх зүйн байдлыг чинь Төрийн албаны тухай хуулиар энэ хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцааг л Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсэн байгаа. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг ерөнхий хууль гэж бодож байна. Төрийн албаны тухай хууль бол тухайлсан хууль. Тэгэхээр бид төрийн захиргааны албан хаагч учраас тухайлсан хуулиа барьж энэ актыг тавьсан. Би Саруултуяагийн бүх нэхэмжлэлийн шаардлагад бичгээр хариу тайлбар өгсөн. Би энэ тайлбартаа бат зогсоно гэж бодож байна. 1,5 сарын урамшууллыг авахгүй байсан, авах байсан гэх асуудалд би хууль тайлбарламааргүй байна. Түүнийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ улсын байцаагчийн хувьд энэ хүнд ийм, ийм боломж байх байсан гэдэг үүднээс 1,5 сарынх нь урамшууллын дүнг хасаж актаа тогтоосон байгаа. Миний хувьд олон жил улсын байцаагч хийхдээ хүний нөхцөл бололцоо, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг бодолцдог учраас 1,5 сарын урамшууллын хэмжээг тэр актаас хассан. Ээлжийн амралт аваагүй ч ажилласан сарынхаа цалинг бүтэн авсан. Нэхэмжлэл дээрээ ажилласан сарынхаа цалинг авах байсан гэсэн байсан. Ажилласан сарынхаа цалинг бүтэн авсан, дээр нь нэмж 1,5 сарын урамшуулал авах боломж байсан гэж үзэж зөрүүгээр нь акт тавьсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч Ч.Саруултуяа нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал эрхэлдэг бөгөөд ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/18 дугаар захирамжийн хавсралтаар[1] батлагдсан хуваарийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд буюу ажлын 26 хоног ээлжийн амралтаа биечлэн эдлэх хуваарьтай байжээ.

Нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа эдлэхээс өмнө буюу 2024 оны 8 дугаар сард ээлжийн амралтын цалингаа авсан боловч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсэн түүнд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлэн тооцож, 12 дугаар сард зөрүү цалинг нөхөн олгохоор ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар захирамж[2] гарч, үүний дагуу цалинг олгосон байна.

    ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “******* сумын Засаг даргын Тамгын газарт хяналт шалгалт хийх тухай” 25 дугаар хяналт шалгалтын удирдамжийн[3] дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тухайн шалгалтаар илүү олгосон цалин урамшууллын 6,339,100 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Саруултуяагаар төлүүлэхээр ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 31-03/39 дугаартай акт[4] гарсан байна.

Уг актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасныг Монгол Улсын Сангийн сайд хянаад 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/7645 дугаартай албан бичгээр[5] “... төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтад заасны дагуу хэвээр үлдээж шийдвэрлэв.” гэжээ.

Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлдээ “... миний бие Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж авах үндэслэлтэй ..., ... сонсох ажиллагаа хийгээгүй ... ” гэх хоёр үндсэн агуулгаар маргаж, мөн шүүх хуралдаанд тус үндэслэлийнхээ дагуу тайлбар гарган мэтгэлцэж оролцсон бөгөөд харин нэхэмжлэгч нь маргаан бүхий актаар тавигдсан төлбөрийн тооцооллын хувьд маргаагүй тул шүүх энэхүү шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар маргаан бүхий актын дүн тооцоололд дүгнэлт хийгээгүй болно. 

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна: ... 12.1.7.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;” гэж заасан.

Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал эрхэлдэг тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн захиргааны албан хаагч бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангиллын дагуу төрийн жинхэнэ албан тушаал байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гээд мөн зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.” гэж хуулийн үйлчлэх хүрээг зааж, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана: ... 61.1.9.ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;”-оор зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 26 хоног ээлжийн амралт эдлэх хуваарьтай байсан боловч ажлын шаардлагаар тухайн тогтоосон хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул сумын Засаг даргын хууль тогтоомжийн дагуу цалин хөлс тооцуулан амрахгүй байх боломжтой эсэх саналыг зөвшөөрсөн, энэ үйл баримттай маргаагүй болох нь нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан хаагч тул ээлжийн амралтаа биечлэн эдэлж чадаагүйн улмаас түүнд олгох урамшууллыг Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9-т “ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;” гэж зохицуулсан байхад нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж олгосон нь үндэслэлгүй гэж үзсэн маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9-д заасан “ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид ...” урамшуулал олгох урьдчилсан нөхцөл нь тухайн албан хаагчийн зөвшөөрөл байх бөгөөд энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа биеэр эдлэхгүйгээр ажиллаж, урамшуулал авах талаарх сумын Засаг даргын саналыг зөвшөөрсөн нь “... 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох” нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иймд дээр дүгнэсэнчлэн төрийн захиргааны албан хаагчийн ээлжийн амралтаа эдэлж чадаагүйн улмаас урамшуулал олгох асуудлыг Төрийн албаны хуулиар зохицуулсан байна.

Харин маргаан бүхий актын Тогтоох хэсэгт илүү олгосон цалин хөлсийг 6974.6 мянган төгрөг гэж бичсэн боловч үүнийг хариуцагчаас “... уг бичвэрийн алдааг засах боломжтой байсан тул засварлаж 6339.1 мянган төгрөгөөр акт тогтоосон бөгөөд өөрийн байгууллагын тоон мэдээ тайландаа 6339.1 мянган төгрөгөөр тусгасан ...” гэж шүүх хуралдааны үед тайлбарласан, мөн актын дүн 6339.1 мянган төгрөг болох нь зөрчлийн тэмдэглэл хэсгээр давхар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “... актын төлбөрийн дүнг зөв тооцон 6,9 төгрөгийг бууруулан 6,3 сая төгрөг болгох” гэдгийг актын тооцооллын талаар маргаагүй гэж үзсэн болно. Энэ нь захиргааны актын бичилтийн илэрхий алдаа байна.

Мөн нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор хуульчилсан.

Хариуцагчаас энэхүү үндэслэлийг няцааж хариу тайлбартаа “... илэрсэн тухайн зөрчлийг холбогдох албан хаагчид хуульд заасан үндэслэлээр биеэр уулзаж амаар болон бичгээр танилцуулж сонсох ажиллагааг явуулж хариу тайлбар өгөх эрхтэйг мэдэгдсэн бөгөөд Ч.Саруултуяа танилцсан хэсэгт гарын үсэг зураагүй.” гэж дурдсан бөгөөд тус үйл баримт нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл[6] болон Ч.Саруултуяагаас ирүүлсэн тайлбар[7] зэргээр  тогтоогдож байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй, сонсох ажиллагааг  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-т заасан арга хэлбэрээр явуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь дээрх үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Саруултуяагийн ******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Т.Цэрэгбаярт холбогдуулан гаргасан “******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/39 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.МӨНХЗУЛ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7 дахь талд

[2] Хавтаст хэргийн 6 дахь талд

[3] Хавтаст хэргийн 46 дахь талд

[4] Хавтаст хэргийн 53 дахь талд

[5] Хавтаст хэргийн 59 дэх талд

[6] Хавтаст хэргийн 55 дахь талд

[6] Хавтаст хэргийн 57 дахь талд