| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/03835/И |
| Дугаар | 191/ШШ2025/04676 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/04676
| 2025 5 26 | 191/ШШ2025/04676 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух Б******* овогт Д******* С*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух A*******-д холбогдох,
604,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 51,760,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол Улсын Иргэн Д.С*******/цаашид нэхэмжлэгч гэх/ нь БНХАУ-ын иргэн ASUHE /цаашид хариуцагч гэх/-тэй 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан 400,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, ийнхүү тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцон төлөх мөн төлбөр төлөөгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан аливаа хохирол болох өмгөөлөгчийн туслалцаа авсан хөлс зэргийг бүрэн хариуцах болохоо амлаж, эдгээр нөхцөлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч, хэлцлээр баталгаажуулсан. Гэвч хариуцагч нь тус гэрээгээр тогтоосон хугацаандаа тохирсон ёсоор төлбөрийг буцаан төлөхгүй, элдэв шалтгаан хэлж хойшлуулсаар байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж авч байсан бөгөөд одоо тухайн зээлийн хүүгийн төлбөрийг ч буцаан төлж чадахгүй, маш хүнд нөхцөл байдалд байна. Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн ASUHE /-ээс талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцэл-ийн дагуу үндсэн төлбөр 400,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргаж буй 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 274 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрт 109,600,000 төгрөг, нийт 509,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******ад олгож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа Монгол Улсын иргэн Д.С*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн ASUHE-д холбогдох төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөр 400,000,000 төгрөг, 274 хоног хугацаа хэтрүүлсний алданги 109,600,000 төгрөг, нийт 509,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасныг үндэслэн урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Монгол Улсын Иргэн Д. С******* /цаашид нэхэмжлэгч гэх/ нь БНХАУ-ын иргэн ASUHE /цаашид хариуцагч гэх/-тэй 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан 400,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, ийнхүү тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцон төлөх мөн төлбөр төлөөгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан аливаа хохирол болох өмгөөлөгчийн туслалцаа авсан хөлс зэргийг бүрэн хариуцах болохоо амлаж, эдгээр нөхцлийг талууд харилцан хүлээн зөвшөөрч, хэлцлээр баталгаажуулсан. Гэвч хариуцагч нь тус гэрээгээр тогтоосон хугацаандаа тохирсон ёсоор төлбөрийг буцаан төлөхгүй, элдэв шалтгаан хэлж хойшлуулсаар байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж авч байсан бөгөөд одоо тухайн зээлийн хүүгийн төлбөрийг ч буцаан төлж чадахгүй, маш хүнд нөхцөл байдалд байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн өдрийг 274 хоног гэж тооцсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг эргэн төлөгдөөгүй байгаа учраас алдангид холбогдох 109,600,000 төгрөгийн хэмжээг 200,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Учир нь, хариуцагч БНХАУ-ын иргэн ASUHE / нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийн дагуу үндсэн төлбөр 400,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй хэтрүүлсэн хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 524 хоног байх бөгөөд хэлцэлд тусгасан 0,1 хувиар алданги /400,000 x 524 209,600,000/ тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс илүү буюу 209,600,000 төгрөг гарч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 200,000,000 төгрөгийг алдангид шаардаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөр 400,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 200,000,000 төгрөг, мөн нэхэмжлэгчид учруулсан хохиро болох өмгөөлөгчийн туслалцаа авсан хөлс зэргийг төлөхөө амласан. Хариуцагч нь тус хэлцлийн 1-д заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлөөгүй тул хэлцлийн 3-т заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаатай холбоотой гарсан зардал 4,000,000 төгрөг нийт 604,000,000 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн ASUHE-ээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Содномжамжид олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Монгол улсын иргэн Д.С******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гоулдсэнын Монголиа ХХК-ийн хувьцааг худалдан авахаар болж надад олгосон байсан тус компанийн захирал -оос олгосон итгэмжлэлийг үндэслэн Компаний эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан юм. Гэтэл 2022 он гарангуут өмнө байгуулсан гэрээнүүдээ цуцлаж, мөнгөө буцааж авна гэж надаас элдэв янзаар нэхэж, Монгол улсад ажиллаж амьдарч байгаа надад хүндрэлтэй байдал үүссэн. Миний хувьд БНХАУ-ын иргэн -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас Д. С*******аас авсан мөнгөө шууд итгэмжлэл олгосон БНХАУ-н иргэн -pyу бүх мөнгийг шилжүүлсэн байсан боловч С******* нь мөнгөө буцааж авна гэж намайг зүгээр байлгахгүй байнгын нэхэж, дунд нь намайг эвгүй байдалд оруулж миний ажил хэргийн болоод Монгол улсад амьдарч байгаа байдалд нөлөөлөхүйц байдал үүсгэх байх гэсэн үүднээс миний бие 2022 оны 09 сарын 23-ны өдөр С*******-ын Өр барагдуулах гэрээ болон 2023 оны 05 сарын 16-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг өөрийн эрхгүй гарын үсэг зурсан. Тухайн төлбөр барагдуулах хэлцэлийг хийх үед надад -оос олгосон итгэмжлэлийн хуулийн хугацаа дуусчихсан байсан ч миний бие арагүйн эрхэнд гарын үсэг зурсан юм. Надаас мөнгө нэхэх үндэслэл болоод байгаа Төлбөр барагдуулах хэлцэл нь Анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хугацаа дууссан, гэрээ цуцлах эрх олгоогүй байсан итгэмжлэлийг үндэслэн надаар гарын үсэг зуруулсан байдаг.
Ингэхдээ Өр барагдуулах гэрээ надаар зуруулахдаа 25,000,000 төгрөг, дахин нэмж 6,000,000 төгрөг авсан бөгөөд энэ талаараа гэрээ зуруулсан байсан. Миний хувьд сүүлд нь дахин 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 6000 ам доллар бэлнээр буюу 2022 оны 12 сарын 27 ний өдрийн ханшаар 20,760,000 төгрөг өгч гарын үсэг зуруулсан, Нийлбэр дүнгээрээ Д.С*******ад 51,760,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг миний хувьд өгөх үндэслэл байхгүй байсан юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэлийн улмаас иргэн Д.С*******ад өгсөн 51,760,000 төгрөгийг гаргуулж, мөн Д.С******* болон БНХАУ-ын иргэн АСҮХЭ нарын хооронд байгуулсан 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа Монгол Улсын Иргэн Д.С*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн ASUHE-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан /Монгол Улсын иргэн Д. С*******, БНХАУ-ын иргэн Асухэ нарын хооронд байгуулсан 2023 оны 05 сарын 16-ны өдөр "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах/ Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас иргэн Д.С*******ад төлсөн 51,760,000 төгрөг гаргуулах" гэсэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэгд. Монгол Улсын иргэн Д.С*******, БНХАУ-ын иргэн Асухэ нарын хооронд байгуулсан 2023 оны 05 сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тухайд,
Хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, "...хүчин төгөлдөр бус хугацаа дууссан, гэрээ цуцлах эрх олгоогүй байсан итгэмжлэлийг үндэслэн надаар гарын үсэг зуруулсан" гэжээ.
Гэтэл тухайн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн "Төлбөр барагдуулах хэлцэл"-д бид аливаа итгэмжлэлийг үндэслээгүй. Харин талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч болон түүний нэрлэн заасан данс руу 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрөө буцаан төлөх тухайгаа удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөх хугацаа тогтоож, ийнхүү тогтоосон хугацаандаа төлөөгүй бол алдангийг төлөх болно гэдгээ амлаж байсан. Тухайн 400,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн руу бүхэлд нь шилжүүлсэн гэж байгаа нь худал бөгөөд компанийн эрх шилжүүлэхтэй холбоотой шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс түр хугацаанд хэрэглээд буцаан өгөх тухай тохиролцсоны дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрөө тухайн төлбөрийг бүхэлд нь хариуцан төлөх тухай хүсэл зоригоо илэрхийлж байсан юм. Иймд өөрийн авсан 400,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр хуваарь гаргаж, хуваарийг хэтрүүлсэн үедээ хүүгийн төлбөр нэхэмжлэгчид төлж байсан. Мөн төлбөрийн оронд өөр орон сууц шилжүүлье эсвэл төлбөрийг алдангитай нь төлнө, хохиролгүй болгоно гэх байдлаар үүрэг гүйцэтгэгч болсон юм. Түүнээс өөр компани худалдахтай холбоотой Итгэмжлэл зэргийн асуудал бидний хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцэлд хамааралгүй юм.
Иймд тэрээр ... аргагүйн эрхэнд тухайн гэрээг хийсэн, хүчин төгөлдөр бус хугацаа дууссан, гэрээ цуцлах эрх олгоогүй байсан итгэмжлэлийг үндэслэн надаар гарын үсэг зуруулсан. .. гэх тайлбар илт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг аргагүй байдалд оруулж байсан удаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан хэлцэлд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаж, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Иймд тухайн хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм.
Хоёрт. Дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн 51,760,000 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй тухайд,
Хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 51,760,000 төгрөг болон аливаа төлөлт төлөөгүй тул тухайн шаардлагыг мөн бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр хэлцлийн үүрэгт хариуцагчаас 600,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулагчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 48 дугаартай тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Дотоод шилжүүлэгийн маягт, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ цуцлах тухай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Дотоод шилжүүлэгийн маягтыг,
Шүүхийн журмаар A*******-ийн Хаан банк дахь 5179006398 тоот дансны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгыг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С******* нь хариуцагч A*******-д холбогдуулан 604,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 51,760,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Талуудын хооронд байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийн дагуу 400,000,000 төгрөг, алданги 200,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөг нийт 604,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Төлбөр барагдуулах гэрээнд хугацаа дууссан, гэрээ цуцлах эрх олгоогүй байсан итгэмжлэлийг үндэслэн гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж, уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн 51,760,000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Талуудын маргааны зүйл нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнэсэн болно.
2.1. Зохигч талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдсан байх ба уг гэрээнд Үүрэг гүйцэтгүүлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны 5179006398 тоот дансанд шижлүүлсэн 200,000,000 төграг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банк 5179004459 тоот дансанд шилжүүлсэн 200,000,000 төгрөг, нийт 400,000,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ цуцлах тухай, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Өр барагдуулах гэрээ-ний дагуу тус тус буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ өнөөдрийн байдлаар биелүүлээгүй болохоор үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид дээрх 400,000,000 төгрөгийг төлж барагдуулах боломжит хугацаа нөхцлийг олгож байсан болохоо баталгаажуулж үүрэг гүйцэтгэгч нь 400,000,000 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчид 2023 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж тохиролцжээ. /х.х-ийн 5 дахь талд/
2.2. Төлбөр барагдуулах гэрээ байгуулах болсон хүсэл зоригийг талууд ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээг цуцалсан гэж тайлбарласан.
Хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ цуцлах тухай гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд ... 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0514 дугаартай ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах 1889 тоот, 1891 тоот гэрээ, Компанийн эрх шилжүүлэх 1890 тоот, 1892 тоот гэрээнүүдийг цуцлахаар тохиролцож, нэг талаас Д.С******* нь гэрээ байгуулснаар хүлээн авсан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тэмдэг болон нэмэлт ажил гүйцэтгэсэн тайлан, холбогдох баримт бичгийг Асүхэд хүлээлгэн өгөхөөр, нөгөө талаас Асүхэ гэрээ байгуулахад төлсөн 400,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сард 100,000,000 төгрөг, 2022 оны 6 сард 150,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сард 150,000,000 төгрөгийг Д.Содножамцад буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. /х.х-ийн 68 дахь талд/
Зохигч талуудын тайлбар болон дээр дурдсан гэрээнүүдээс үзэхэд талуудын хооронд хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээ цуцлагдсны улмаас гэрээний дагуу өгсөн авсан зүйлийг буцаахаар талууд төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
Тус хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
3. Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, нотариатаар гэрчлүүлсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Хариуцагч нь Төлбөр барагдуулах хэлцэл-ийг ХХК-ийн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж тайлбарлаж байх боловч уг татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул хэлцэл субъектийн шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу 51,760,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй.
4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Талууд 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0514 дугаартай ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах 1889 тоот, 1891 тоот гэрээ, Компанийн эрх шилжүүлэх 1890 тоот, 1892 тоот гэрээнүүдийг цуцлахаар тохиролцсон тул уг гэрээний дагуу хүлээн авсан 400,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас Зохигч талуудын хооронд байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийн 2-т Энэхүү заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамт 0.1 хувийн алданги тооцно гэж тохиролцсны дагуу алданги 200,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлттэй холбоотой хариуцлагын хэлбэр юм.
Талуудын маргааны зүйл нь гэрээний үүргийн гүйцэтгэл бус гэрээ цуцалсны үр дагаварыг шийдвэрлүүлэхтэй холбоотой гэж шүүх дүгнэсэн тул хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр төлбөр барагдуулах гэрээнд талууд алданги төлөхөөр тохиролцсон ч үндсэн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэл нь гэрээ цуцалсны үр дагавар байх тул алдангийг хангаж шийдвэрлээгүй болно.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Хариуцагч нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 404,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 51,760,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хувиарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зүйлийн 243.1,205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч A*******-ээс 404,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч A*******-ийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 51,760,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,225,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,574,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч A*******-ээс 2,177,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ