Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/999                  

 

 

 

 

 

 Т.Г, Х.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Х.Д-гийн өмгөөлөгч Ю.Тогмид,

хохирогч З.Б, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, Ш.Мягмарцэрэн,

иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Отгонбат,

иргэний хариуцагч Б.Үын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Г, Х.Д нарт холбогдох 201525022114 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х.Д ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

2. Т.Г ... тоотод оршин суух,   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байгаа;

 Х.Д, Т.Г, Х.А нар нь бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр СүхБ дүүргийн 3 дугаар хороо “Аса” циркийн урд авто машины зогсоолд худалдах, худалдах авах гэрээгээр халхавчлан “хэд хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-аас 0000 ААА дугаартай “Ланд Крузер” загварын авто машиныг залилан мэхэлж авч, бусдад 125.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

СүхБ дүүргийн прокурорын газраас: Х.Д, Т.Г нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т.Г-ийг , Х.Д-г тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 2-т заасан “бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Д-г хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.Г-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт энэ тогтоолоор оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял, өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Х.Д нарт оногдуулсан торгох ялыг тус бүрийг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Гөөс 37,416.666 төгрөгийг, шүүгдэгч Х.Д-гаас 37.416.666 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч 3.Б-д олгож, иргэний хариуцагч Ц.Э, Б.Ү нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Т.Г, иргэний хариуцагч Ц.Э, Б.Ү нар “Зээл болон барьцааны гэрээтэй” холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 0000 ААА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200 маркийн JТМНX05J70.......... арлын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Д, Т.Г нараас хохиролд нөхөн төлсөн 8.500.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 тоот данснаас гаргуулж хохирогч 3.Б-д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Г Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлж байгааг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч З.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Энэ хэрэг нийтдээ 7 жил гаруй шалгагдаж эцэслэн шийдвэрлэгдэхдээ хохирогч миний эрх ашгийг шууд ноцтойгоор зорчиж хэн ч биш болгож шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

2021.08.25-ны өдрийн анхан шатны шүүх хурлын 2021/ШЦТ/588 дугаар тогтоолоор миний хохирлыг зөв шийдвэрлэж, “Зээлийн гэрээ” гэх зүйлийг хүчингүй болгож, иргэний хариуцагч “Д” ХХК /захирал Ц.Э, ажилтан Б.Ү/-аас гаргуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.07-ны өдрийн 2021/ДШМ/1043 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд Б.Үыг оролцуулалгүй шийдвэрлэсэн байна гэж үзэж анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байхад 698 дугаар тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч миний хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ өмнөх шийдвэрийн үндсэн агуулгыг шууд зөрчиж нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулан иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болголгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой.

2. Х.Д нарт холбогдох эрүүгийн 201525022114 дугаар хэрэгт 2015.12.20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор 0000 ААА улсын дугаартай, JTMHX05J70......... арлын дугаартай Ланд Круйзер-200 /цэнхэр өнгөтэй/ автомашиныг битүүмжилсэн байх боловч уг тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааны явцад “Д” ХХК-ний захирал Ц.Э нь гэмт хэргийн замаар олдсон уг автомашиныг барьцааны гэрээ байгуулснаас 3 хоногийн дараа надаас мэдэнгүүтээ өөрийн компанийн ажилтан Балдандоржийн Ү-ын нэр дээр шилжүүлж автомашиныг нуун дарагдуулсаар өнөөдрийг хүрсэн ба хөрөнгө битүүмжлэх нийт 5 удаагийн ажиллагаа явуулж, зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгуулсан боловч “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн 7.4, 7.5-р зүйлийг шууд зөрчсөн буруутай байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр намайг иргэний нэхэмжлэгч биш болгож, харин “Д ХХК-ний захирал Ц.Э /ажилтан Б.Ү/ нарын дээрх хууль бус үйлдлийг илтэд хаацайлж иргэний хариуцагч биш болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Ү, Ц.Э нараас гаргуулах төлбөргүй болно..., мөн тогтоох хэсгийн 7-р заалт/ Гэтэл эрүүгийн хэрэгт шууд учирсан хохирлын хэмжээгээр хохирол төлбөрийг тооцдог атал “Д” ХХК-наас 29.000.000 /хорин есөн сая/ төгрөг гарсан, энэ хохиролд 125.000.000 /нэг зуун хорин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй шинэ Ланд Круйзер-200 маркийн машиныг шууд авах ямарч хуулийн үндэслэл байхгүй. Ядаж илүү дутуу зөрүүг тооцож илүү төлбөрийг ломбардаар нөхөн төлүүлэх ёстой гэж үзнэ.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-р заалтад 37.416.666 төгрөгийг гаргуулж надад олгохоор заажээ. Гэтэл энэ хүмүүсийн учруулсан хохирол нь эрүүгийн хуулиар бодож үзэхэд 29.000.000 /хорин есөн сая/ төгрөгнөөс өөр хохирол байхгүй байх ба тодорхойлох хэсэгтээ Т.Г, Х.Д /Х.А/ нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 41.666.666 төгрөгийг гаргуулан З.Б-д олгохоор тодорхойлсон нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.07-ны өдрийн 2021/ДШМ/1043 дугаар магадлалын ...Х.А-ээс... төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буюу Х.Аийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэнтэй зөрчилдөж байгааг магадлан шийдвэрлэснийг дахин шууд зөрчлөө.

4. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-р заалтаар “...шүүгдэгч Т.Г, иргэний хариуцагч Ц.Э, Б.Ү нар “Зээл болон барьцааны гэрээ”-тэй холбоотой маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай...” гэснээс харахад эдгээр хүмүүсийн хоорондын “Зээлийн болон барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзсэн нь илтэд эмгэнэлтэй заалт бөгөөд энэ заалтаас харахад иргэний хэрэг маргаан юм бол яагаад Т.Г, Х.Д нарт ял оноож байгааг гайхаад байгаа болно. Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл...  мөн хуулийн 59 дүгээр зүйлд “Хууран мэхэлж хийсэн хэлцэл” 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж заасыг шууд зөрчсөн ба миний хохирол нэхэмжлэх эрхийг хасч илтэд хууль зөрчсөн этгээдүүдийн хоорондын иргэний маргаан болгож хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж туйлын гомдолтой байна.

5. Миний бие хорт хавдар өвчний улмаас эмчилгээндээ хэрэглэх зорилгоор автомашинаа зарж борлуулах зорилгоор л залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд хуулийн дагуу шударгаар хариуцвал зохих этгээдүүд болох Т.Г, Х.Д, иргэний хариуцагч хариуцагч “Д” ХХК /захирал Ц.Э, ажилтан Б.Ү/ нараас шууд хариуцвал зохих төлбөрийг хуулийн үндэслэлтэй гаргуулахаар шаардаж байгаагаас өөр зүйлгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг зөрчих эрх хэнд ч олгогдоогүй байхад илтэд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж иргэний хариуцагч нараас 0000 ААА улсын дугаартай, JТМНХ05J704054.... арлын дугаартай Ланд Круйзер-200 /цэнхэр өнгөтэй/ автомашиныг гаргуулж хохирогч З.Б надад олгуулж /ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг баримтлан/ шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан. ...” гэв. 

 Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Хохирогчийн зүгээс хохирлоо машинаар авна гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Одоо машиныг буцааж авах боломжгүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг хохирогчийг автомашинаар хохироосон гэж дүгнэсэн байдаг. Хохирлыг машины үнэлгээгээр буюу 125.000.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Х.Дгийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Д, Т.Г нарын учруулсан бодит хохирол нь 29.000.000 төгрөг. Анхан шатны шүүхээс тооцсон хохирлыг хэмжээг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэг 2015 оны 9 дүгээр сард үйлдэгдэж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Энэ шийдвэрт иргэний хариуцагч “хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй” гэж гомдол гаргаж, энэ дагуу 2022 оны 6 дугаар сарын 30-ний өдөр дахин шүүхээр шийдвэрлэхдээ шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд маргаан үүссэн байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч З.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг хохирогч З.Бы өмчлөх эрхийг зөрчиж, “Д” ХХК-иас 29.000.000 залилж авсан давхар объекттой гэмт хэрэг юм. Эрүүгийн хэрэгт хохирлыг шийдвэрлэхдээ шууд учирсан хохирлын хэмжээгээр шийдвэрлэдэг. СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 698 дугаартай шийтгэх тогтоол нь өмнөх 588 дугаартай шийтгэх тогтоолоос тэс өөр байдлаар шийдвэрлэгдсэнийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1043 тоот магадлалд Ү- гэх хүний нэр дээр байгаа машиныг Ү-ыг оролцуулалгүйгээр “Д” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа талаар дурдсан байдаг. Анхан шатны шүүх Ү-ыг оролцуулж, “Д” ХХК-ийг хамааралгүй болгож, бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Т.Г, Х.Д /А/ нараас хувь тэнцүүлж шүүгдэгч бүрээс 41.666.666 төгрөг гаргуулж З.Бд олгохоор тодорхойлсон. Гэтэл хэргээс харахад Т.Г, Х.Д, А нарыг хохирол учруулсан гэж үзвэл З.Бд бус “Д” ХХК-д 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн хохирол шийдвэрлэх зарчмыг зөрчиж, Иргэний хууль руу хальсан гэж үзэж байна. Хөрөнгө битүүмжлэх 5 удаагийн тогтоол гарсан. Э, Ү- нар нь машиныг олдохгүй, нуун дарагдуулж байсан учир өмгөөлөгч нараас шүүн таслах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх гомдол гаргасан. Гэтэл энэ асуудлаар зөрчлийн хэрэг үүсгэж “Д” ХХК-ийг 2.000.000 төгрөгөөр торгосон. Тухайн үед машин олдож, хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн бол хэргийн зүйлчлэл ч өөрчлөгдөх боломжтой байсан. Иргэний хариуцагч 7 жилийн хугацаанд шударга эзэмшигч нэрийн дор машиныг нуун дарагдуулж байна. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирол шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч “Д” ХХК болон Б.Ү нараас автомашиныг гаргуулж З.Бд олгуулахаар зааж өгнө үү...” гэв.

Хохирогч З.Бы өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүгч М-ийн гаргасан шийтгэх тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолууд нь тэнгэр газар шиг зөрүүтэй гарсан. Шүүгч М-ийг татгалзсан, татгалзсаны дараа энэ шүүгчийн шийдвэр гарсан. Мөн хэрэгт 4 удаа хөрөнгө битүүмжлэх тогтоол гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа. Гэтэл шүүгч М-э 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолд битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

Иргэний хариуцагч Ц.Эын өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Автомашин манайд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас машин байгаа, битүүмжлүүлэхгүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Учир нь, битүүмжилсэн машин болгоныг хохирогчид өгөөд шүүгдэгч нараас шүүхийн шийдвэртэй үлдэж, мөнгөгүй хоцордог. Шүүгдэгч нарыг өмгөөлөгч нар шүүх хуралдаанд илт худал мэдүүлж байна. “Д” ХХК-иас “хохирлоо төлөхгүй бол хүү, анз нь яваад байна” гэсэн мэдэгдлийг бичгээр өгсөн. Энэ хэрэгт авагдсан байгаа. Бидний хувьд тухайн автомашин нь үүргийн гүйцэтгэл хангах барьцаа хөрөнгө болохоос бид автомашиныг өмчлөөгүй. Миний үйлчлүүлэгч хохирогч, шүүгдэгч нарыг танихгүй, урьдын харилцаа байхгүй. Зээлийн гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Шүүгдэгч Х.Г болон “Д” ХХК-ийн хооронд дахь иргэний эрх зүйн харилцаа одоо үргэлжилж байгаа. “Д” ХХК-ийн зүгээс шүүгдэгч, хохирогч нарт нийт хохирол 46.460.000 төгрөгийг төлчихвөл машиныг суллана гэж удаа дараа хандсан. Манайд шүүгдэгч хохирогч нараас нэг ч төгрөг төлөөгүй. Манай зүгээс зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг иргэний журмаар хангуулах саналтай байна. Бид З.Быг хуурч, мэхэлж хэлцэл хийгээгүй. Иргэний хуульд заасны дагуу талуудын хүсэл зоригоо илэрхийлээд ирсэн хэлцлийг бид баталгаажуулсан. Тухайн машиныг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө гэдгийг мэдээд байгууллагынхаа ажилтан Ү-ын нэр дээр машиныг шилжүүлсэн. Үүнийгээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас мэдүүлсээр ирсэн. 5 удаагийн хөрөнгө битүүмжлэх тогтоол гарсан нь үнэн. Миний үйлчлүүлэгч хөрөнгөө хохироод үлдэж чадахгүй, битүүмжлүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Иргэний хариуцагч Б.Үын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарлаж, хэрэглэж чадаагүй байсныг анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор залруулж, иргэний хариуцагч биш гэдгийг оновчтой тогтоосон. Хохирогчийн өмгөөлөгч нараас эрүүгийн эрх зүйн хохирлыг хэмжээний талаар дурдаж байна. Энэ хэрэгт эрүүгийн болон иргэний эрх зүйн харилцааг ялгаж, салгах ёстой. Өөрөөр хэлбэл, “Д” ХХК Э, Ү- нартай холбоотой асуудал нь цэвэр иргэний эрх зүйн шинжтэй харилцаа юм. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэсний дагуу Э, Ү- нар нь шударга эзэмшигч юм. Шүүгдэгч нар хохирлыг биет байдлаар өгөх боломжгүй байгаа бол мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Үүнийг дагуу анхан шатны шүүхээс 125.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй бөгөөд дээд шатны прокуророос мөн эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Г, Х.Д нарт холбогдох 201525022114 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Х.Д, Т.Г нар нь Х.Атэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр СүхБ дүүргийн 3 дугаар хороо “Аса” циркийн урд авто машины зогсоолд хрохирогч С.Б-ы худалдах гэж байсан 0000 ААА улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын авто машиныг  “хэд хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “”Худалдах, худалдах авах гэрээ”-ээр халхавчлан хохирогч С.Б-аас автомашиныг авч, 125,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч З.Бы “...би өөрийн 0000 ААА улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн авто машинаа зарах гээд циркийн зогсоол дээр 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед байж байхад манай найз Х.Д надтай уулзах гэж ирээд миний машиныг үзээд нэг хүнтэй утсаар яриад “би хятадын хүмүүстээ хамтарсан компани байгуулж байгаа, 51 хувийг Монгол тал хариуцаж захирлаар ажиллана, 49 хувийг Хятад тал хариуцна, хамтарсан үйлдвэр байгуулахын тулд дансандаа 100.000 ам.доллар хийдэг юм, Т.Г гэдэг хүн бол одоохондоо миний жолооч хийж байгаа” гэж хэлсэн. Т.Г “Х.Д том компанийн захирал болж байгаа, би техникийн талыг хариуцна, сая Хятад талд европ стандартын машин захиалаад өнгийг нь голоод буцаачихсан, чиний машиныг Хятад талын эмэгтэй сонирхож байгаа, би тэр хүнийх нь жолооч болох юм, би өөрийнхөө нэр дээр авчихаад Х.А гэдэг хэлмэрч рүү шилжүүлж өгөх юм, өөр 2 “Норд бенз” авч унана, Х.Дд захиалгаар машин ирнэ, 2 нягтландаа “Приус” 2 ширхгийг авна, Ховдын боомтоор манай уурхайн тоног төхөөрөмж орж ирж байгаа, энэ рүү Х.А явсан, 5 дахь өдөр ирнэ” гэж хэлсэн. ...Х.Д, Т.Г хоёр үзээд цаад хүн рүүгээ 2 удаа утсаар яриад “тэр хүнд таалагдаж байна” гэж хэлээд авахаар болсон. Т.Г нотариат олоод л гэрээ, контрактыг нь Т.Г зохицуулж нотариатаар батлуулж өөрийнхөө нэр дээр автомашиныг авсан. ...“Мөнгөө яах вэ” гэхэд “баталгаа гаргаад өгчихье” гээд надаас миний 3 дансыг авсан. Тэгээд “найдвартай шилжүүлнэ, манай хятад захирлууд Х.Ат машин аваарай гээд 50.000 ам.доллар төлүүлчихсэн байгаа, 25.000.000 төгрөгийг нь өөрөө гаргаад авчихна, 8 жил хятадуудад хэлмэрч хийгээд ирсэн 2 хаустай найдвартай хүн” гэж хэлсэн. Маргааш нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр залгахад “чиний машиныг унаад явж байна, манай захирал шинэ машинтай явахгүй гээд “Ланд 80”-тай Т.Г ахтай явчихлаа, чиний машиныг хятад захиралд шалгуулаад явж байна, Х.А бараа ороод ирэнгүүт мөнгө шилжүүлнэ гэсэн” гэж хэлсэн. ...би Т.Г рүү залгахад Ховд яваагүй байсан. ...Тэгээд Х.Д, Т.Г нартай уулзахад “үнэнээ хэлье, ломбардад машиныг чинь тавьчихсан” гэж хэлсэн. Тэгтэл “Д” ломбардад тавьсан байсан. Х.Д “Х.А нөгөөдөр ирээд машиныг чинь авч өгнө, ирэхгүй бол би ямар ч байсан чөлөөлж өгнө” гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл миний машиныг авч өгөөгүй байгаа. ...Т.Г машиныг ломбардад тавихдаа машиныг зарж болно гэсэн итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тухайн үед Х.Д надаас автомашин худалдаж авахаар худлаа ярьж байхад манай найз Д хажууд байсан...” /1хх-ийн 22-23, 2хх-ийн 99/,

гэрч Г.Д-ийн “...Тухайн үед Х.Д нь “би хятад монголын хамтарсан жоншны уурхай байгуулж байгаа, ...энэ машинаа итгэмжлэл хийгээд өгчих, Т.Г ахыг урагшаа Ховд руу явуулах гэсэн юм, хужаа нараа авчрах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд нотариатаар батлуулаад зээлээр машиныг нь аваад явсан. ...бид нарын хажууд Х.Д л цаашаагаа тэр хүүхэнтэйгээ яриад байсан...” /2хх-ийн 105/,

гэрч Ц.Эын “...Би 2847 /01-16 ДАР/ УБС дугаартай “Ланд Круйзер-200” маркийн цайвар цэнхэр өнгийн автомашиныг Т.Г-өөс 29.000.000 төгрөгийг барьцаанд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж барьцаанд авсан. Уг автомашиныг компанийн зогсоолд байрлуулсан. Үүний дараа 7-10 хоногийн дараа машины хуучин эзэн З.Б, Э гэх хүмүүс гарч ирээд “манай машин, Т.Гт өгч болохгүй, биднийг залилсан” гээд хэл ам хийх болсон. Т.Г гэж хүн өдий болтол гэрээний хугацааг хэтрүүлэн зээлээ төлөхгүй байгаа болохоор гэрээний дагуу машиныг эзэмших эрхийг өөрийн ажилтан Б.Үын нэр дээр шилжүүлж авсан. ...Тэргүүн ээлжид манай хохирлыг барагдуулсан нөхцөлд машиныг буцаан авчирч өгөхөд бэлэн байна...”/1хх-ийн28-29/,

гэрч Б.Үын “...Т.Г гэдэг хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт ирж 29.000.000 төгрөг барьцаалсан. ...10 хоногийн дараа нэг эмэгтэй ирээд уг автомашиныг “манай нөхрийн машин, хүмүүс залилж авчихаад танайд тавьчихсан байна" гэж хэлсэн. Би энэ талаар захирал Ц.Эт хэлтэл “ер нь асуудалтай юм байна, чи нэр дээрээ шилжүүл” гээд нотариатын газар орж захирал Ц.Э уг машиныг 10.000.000 төгрөгөөр зарж байгаа гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ...” /2хх-ийн 101/,

гэрч Д.Э-ын “...З.Б, Х.Д нар нь автомашины төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгнө гэсэн хэлцлийг хийчихсэн. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг үнэн зөвийг гэрчлүүлсэн. Дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр З.Б Т.Г гэдэг хүнд автомашин худалдаад төлбөр хийгдсэн гэсэн гэрээг батлуулсан. Төлбөр хийгдсэн талаар асуухад З.Б төлбөр тооцоо дууссан. “Мөнгөө бүрэн авсан гэрээг хүлээн зөвшөөрч байна” гэж гарын үсэг зурж гэрээг батлуулсан. Эхний хэлцэл дээр бол худалдах авах хэлцлийг нь батлаагүй зөвхөн гарын үсгийн эздийг бичиг баримттай нь тулгаж үзээд үнэн зөв гэдгийг нь баталсан, хэлцэлд энэ хамаагүй...” /2хх-ийн 47/,

гэрч Б.Э “...манай нөхөр ломбардад очиж үзэхэд манай машин байсан гэсэн. Би энэ талаар мэдээд ломбардад дээр нь очиж үзэхэд тэдний грашид манай машин байсан. ...би ломбардынх нь ажилтанд “энэ машин бол манай машин, Х.Д, Т.Г нар залилан хийж машиныг аваад танай ломбардад тавьчихсан байна” гээд бичиг хийгээд өгсөн...” /2хх-ийн 103/ гэх мэдүүлгүүд,

Х.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн “...З.Бы машин нь хөдөө орон нутгийн дугаартай байсан бөгөөд УлаанБ хотын дугаар авах гэтэл би өөрөө хөдөө орон нутгийн паспорттой байсан. Тэгээд Т.Гийг гуйж нэр дээр нь шилжүүлж авсан. ...Би З.Баас машиныг нь нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсны маргааш өдөр нь Х.А над руу яриад “Хятад Улсаас оруулж ирэх гэж байгаа техник хэрэгслийн мөнгө дутаад байна, наад машинаа барьцаанд тавиад мөнгийг нь над руу шилжүүлчих” гэж хэлэхээр нь Т.Гийг дуудаад нэр дээр нь шилжүүлээд 29.000.000 төгрөгт барьцаанд тавиад Х.А рүү 20.000.000 төгрөгийг, үлдсэн 9.000.000 төгрөг дээр Т.Г 1.000.000 төгрөг нэмээд 10.000.000 төгрөгийг вокзал дээр Өвөр Монгол Б гэх хүнтэй уулзаж бэлнээр өгсөн. Х.А тухайн үед мөнгөө шилжүүлж аваад утас нь холбогдохгүй болсон. Энэ бүгдийг Х.Аийн хэлснээр хийж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 104-105/,

Т.Гийн яллагдагчаар мэдүүлсэн “...З.Б, Х.Д нар худалдах худалдан авах гэрээ хийгээд тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Х.Д тэр машиныг барьж, маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “...намайг хотын төвд хүрээд ирээч, энэ машиныг ломбардад тавих хэрэгтэй байна, миний ажилтай холбоотой Хятад компанийн орлогч захирал Х.А рүү мөнгө шилжүүлэх хэрэгтэй болоод байна, хилээр мөнгө орж ирэх ёстой, Ховд аймгийн хил дээр хүлээгээд байна, та ломбардад машиныг тавиад мөнгийг нь шилжүүлээд өгөөч” гэж хэлсэн. Би очоод “Д” гэх барьцаат зээлийн газар 20.500.000 төгрөгөөр тавьж мөнгийг нь бүгдийг нь Х.А рүү шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 9.500.000 төгрөгийг Төмөр замын вокзал дээр Өвөр Монгол хүнд бэлнээр өгсөн. Тэрнээс хойш Х.А гэх эмэгтэйтэй холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 106/,

Х.Аийн яллагдагчаар мэдүүлсэн “...2015 оны 9 дүгээр сарын орчим Х.Д нь өөрөө л “ах нь нэг машин авах гэж байгаа юм, чиний наад хөөцөлдөж байгаа ажил хурдан бүтээсэй, миний дүү ажлаа хурдан бүтээгээрэй, ах нь наймаа арилжаанд чинь хэрэг болох хэдэн төгрөг зохицуулаад шилжүүлье гэж хэлээд надад 20.500.000 төгрөг дансаар шилжүүлж өгснөөс өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 107-109/,

“...ланд Круйзер-200 маркийн автомашиныг З овогтой Б-аас Х овогтой А-ийн /хз73091708 рег/ захиалгаар 125,000,000 сая төгрөгөөр худалдан авахаар Х.Д, Т.Г нар харилцан тохиролцож худалдан авахаар болсон. Мөнгөө төлөөгүй тохиолдолд бусдад шилжүүлэх болон барьцаанд тавихгүй болно. Төлбөрөө А-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015.9.9-ний өдөр өгөхөөр ярьж тохирсон болно. Тэгтэл А одоогийн байдлаар гадаадад  яваа тул төлбөрийн тооцоог хийгээгүй байна. Төлбөрийг барагдуулах буюу эс барагдуулбал 2015 оны 9.26-ны өдөр 17 цагт машиныг бүрэн бүтэн З.Бд хүлээлгэн өгнө. ... дүүргийн ..... хороо, Хайлаас ........., УХ......... Т.Г /гарын үсэг зурагдсан/, Э .......,  ФМ......... Х.Д /гарын үсэг зурагдсан/...” гэсэн харилцан тохиролцсон гэрээ /1хх-ийн 9/,

125,000,000 /нэг зуун хорих таван сая/ төгрөгний үнийг дүн бүхий 2015 оны 9 дүгээр сарынэ 15-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх- ийн 10, 76-80, 2хх-ийн 70-71/,

2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Т.Г, зээлдүүлэгчийг төлөөлж Ц.Э нарын хооронд байгуулагдсан  “...Д” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар гэх Т овогтой Г нар харилцан тохиролцож ..29,000,000 /хорин есөн сая төгрөг/ 2015 оны 9 сарын 16 өдрөөс 2015 оны 10 сарын 16 өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай 5% хувийн хүүтэйгээр зээлдүүлж байна. ...Гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж сунгаагүй буюу үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд үндсэн зээлийн 0,5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутам алдангийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй. ...Зээлдэгч Г.Г би гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцааны эд хөрөнгийг зээлийн хугацаа дууссаны дараа зээлдүүлэгч тал үл маргах журмаар эзэмшилдээ авах зарж борлуулах, ашиглах, захиран зарцуулах бүх хэлбэрээр хохирлоо гаргаж авахыг бүрэн зөвшөөрч байгаа ба элдэв зөрүү, хариу төлбөр нэхэхгүй болно. Хүүгийн доод хэмжээ 15 хоногоор тооцон төлнө. Зээлийн гэрээг 3 удаа сунгаж болох бөгөөд сунгасан тохиолдолд гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй. Жич. Барьцаанд тавьсан машиныг зах зээлийн ханшаар худалдаж авна ...” гэсэн Зээлийн гэрээ /1хх-ийн 11/,

“...29,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгон ...Toyota land: 0000 ААА-үйлдвэрлэсэн он: 2013-арал, хөдөлгүүрийн дугаар: JTMHX05JT704054....-эзэмшигчийн гэрчилгээний дугаар: 01022632-өнгө: цайвар цэнхэр автомашиныг барьцаалж байна. ...Зээлдэгч Т.Г би барьцааны зүйлийн өмчлөх, захиран зарцуулах, ашилах бүрэн эрхийг Иргэний хуулийн 453.2 дахь хэсгийн заалтын дагуу гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгчид шилжүүлж байна. Энэхүү барьцааны гэрээнд холбогдох 370 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болно. ...” гэсэн Барьцааны гэрээ /2хх-ийн 29/,

5084317786 дугаар данснаас 20,500,000 төгрөг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн  Хаянхярваа Аийн ХААН банк 5113......... дугаар данс руу орлого болон орсон болохыг харуулж буй ХААН банк 5113......... дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 53-57/,

2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн TOYOTA маркийн Land cruiser 200 моделийн JTMHX05J704...... арлын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг 2014/01/20-ны  өдөр З.Б /РД:ТА........../-ы нэр дээр бүртгэсэн, тус тээврийн хэрэгсэл 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т.Гийн нэр дээр шилжин бүртгэгдсэн, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Үын нэр дээр бүртгэгдсэн талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1хх-ийн 58, 3хх-ийн 116/,

“...Энэхүү итгэмжлэлийн дагуу миний нэрийн өмнөөс миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдахыг зөвшөөрч байгаа тул намайг төлөөлж хэлцэл хийх, гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах бүрэн эрхийг олгож байна. ...” гэсэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Т.Гөөс Ц.Эт олгосон итгэмжлэл /2хх-ийн 72-74/,

TOYOTA маркийн Land cruiser 200 моделийн 2013 онд үйлдвэрлэгдсэн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг 125 сая төгрөгөөр үнэлсэн 2016 оны 2 дугаар сарын  эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 76/,

2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “...тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины хохирогчийн үнэлгээ:125,000,000-тоо ширхэг: 1ш- тайлбар: 2013 онд үйлдвэрлэгдсэн 2013 оны 11 сард монголд орж ирсэн 2015 оны байдлаар үнэ ханш: (нэг зуун хорин таван сая төгрөг)-үнийн тодорхойлолт: 125,000,000...” гэсэн Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /3хх-ийн 160/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Х.Д, Т.Г нар нь Х.Атэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...... дүүргийн 3 дугаар хороо “Аса” циркийн урд авто машины зогсоолд хохирогч С.Б-ы зарах гэж байсан 0000 ААА дугаартай “Ланд Крузер-200” загварын авто машиныг 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, “...хэд хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье.” гэж хуурч, худалдах, худалдах авах гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-аас 0000 ААА дугаартай “Ланд Крузер” загварын авто машиныг нь авч, С.Б-д  125.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн.” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүх шүүгдэгч Х.Д, Т.Г нарын дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийг онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамаарах боловч шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль буцаан хэрэглэх” журмыг хэрэглэн Х.Д, Т.Г нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялаас торгох ялыг сонгож, тэдний үйлдлийн хэр хэмжээг харгалзан ялгамжтайгаар оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.А нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлж, шүүхээс түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгдэгч Х.Аийг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 2021/ШЗ/1774 дугаар “Хэргийг тусгаарлан түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” шүүгчийн захирамж /4хх 169/ байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Г, Х.Д нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулж, Т.Г, Х.Д нарт холбогдох хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд;

Анхан шатны шүүхийн хохирогч З.Бд учирсан 125,000,000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэж, гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Х.Д, Т.Г болон шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй иргэн Х.А нарт хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Хохирогч С.Б-ыг хуурч, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авч, нийт 125,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд шүүгдэгч Х.Д, Т.Г нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул учирсан хохирлыг шүүгдэгч Х.Д, Т.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Х.Д, шүүгдэгч Т.Г нараас Төрийн сангийн 100900005406 дансанд хийсэн 8,500,000 төгрөгийг /4 хх 167,168/ хохирол төлсөнд тооцон, гаргуулан олгох хохирлоос хасч, үлдэх хохирол 116,500,000 төгрөгийг хувь тэнцүүлж, 58,250,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Энэ хэргээс тусгаарлан түдгэлзүүлсэн шүүгдэгч Х.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд холбогдох хохирлын асуудлыг буюу тухайн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Х.Д, Т.Г нарт зохих хэсгийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Хохирогч З.Б нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14/030 дугаар автомашин худалдах, худалдан авах гэрээгээр “Таван богд” ХХК-аас 158,000,000 төгрөгөөр “Toyota LC VX 200 цайвар цэнхэр өнгөтэй, шаргал салонтой, арлын дугаар JTMHX05J704.......” автомашиныг худалдан авсан болох нь автомашин худалдах, худалдан авах гэрээ, үйлдвэрлэгчийн баталгааны зарлагын баримт /1хх 76-80/-аар тогтоогдож байна.

З.Б нь энэхүү автомашинаа худалдахаар СүхБ дүүргийн 3 дугаар хороо “Аса” циркийн урд авто машины зогсоолд байрлуулсан байхад 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Х.Д, Т.Г, Х.А нар бүлэглэн “хэд хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Худалдах, худалдах авах гэрээ”-ээр халхавчлан хохирогч С.Б-аас 0000 ААА улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын авто машиныг авч, 125,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Тухайн “Toyota LC VX 200 цайвар цэнхэр өнгөтэй, шаргал салонтой, арлын дугаар JTMHX05J704.......” автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Х.Д, Т.Г нар нь “Д” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт 29,000,000 /хорин есөн сая төгрөг/-ийн 2015 оны 9 сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай 5% хувийн хүүтэйгээр байгуулсан зээлийн гэрээний барьцаалбар болгож барьцаалсан болох нь зээлийн гэрээ /1хх-ийн 11/, барьцааны гэрээ /2хх-ийн 29/, итгэмжлэл /2хх-ийн 72-74/, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1хх-ийн 58, 3хх-ийн 116/ зэргээр,

хохирогч З.Бы Toyota LC VX 200 цайвар цэнхэр өнгөтэй, шаргал салонтой, арлын дугаар JTMHX05J70......... автомашинаа залилуулсан талаар “Д” ХХК-д мэдэгдсэн мэдээллээр тус компани нь өөрийн ажилтан Б.Үтай автомашин худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хийж, тээврийн хэрэгслийг авто тээврийн үндэсний төвд бүртгүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс хэрэгт гарган өгсөн лавлагаа, баримт /2 хх 69-74/-уудаар,

            Toyota LC VX 200 цайвар цэнхэр өнгөтэй, шаргал салонтой, арлын дугаар JTMHX05J70.........-тай 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч “Д” ХХК /3хх 178-179/-д хадгалагдаж байгаа болох нь иргэний хариуцагч  Ц.Э /4 хх 143/-ын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

             Хэдийгээр хууль ёсны дагуу Т.Г, “Д” ХХК нарын хооронд хийгдсэн 29,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгаа боловч 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь 29,000,000 төгрөгийн зээл дээр хийгдсэн байх ба барьцаалбар болж буй тээврийн хэрэгсэл нь 125,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Зээлийн гэрээ нь харилцан тохиролцсон “...2015 оны 9 сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай 5% хувийн хүүтэйгээр зээлдүүлж байна. ...Зээлийн гэрээг 3 удаа сунгаж болох бөгөөд сунгасан тохиолдолд гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй. Жич: Барьцаанд тавьсан машиныг зах зээлийн ханшаар худалдаж авна ...” /1хх-ийн 11/ гэсэн нөхцөлтэй байхад хохирогч З.Бы “Д” ХХК-нд өгсөн мэдээллийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ажилтан Б.Үын нэр дээр бүртгүүлэн тус машиныг хадгалсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл нь ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. ...” гэж зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн /3 хх 46-47/ 0000 ААА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн JТМНX05J70.......... арлын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлуулах ажиллагааг явуулж, энэ хэргийн шийдвэрээр гаргуулах шүүгдэгч нарын төлбөрийг төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

            Х.Д, Т.Г нар нь энэхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй боловч цааш 0000 ААА улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 маркийн JТМНX05J70.......... арлын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг “Д” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 29,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан үйл баримт хэрэгт нотлогдсон тул шүүгдэгч Т.Г, Х.Д нараас 29,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Д” ХХК-д олгох нь хэргийн үйл баримтад нийцэхээр байна.

“Д” ХХК нь энэхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй боловч 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Т.Г, зээлдүүлэгчийг төлөөлж Ц.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /1хх-ийн 11/, барьцааны гэрээ /2хх-ийн 29/-ний талаархи асуудлаа Иргэний хуульд зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтад заасан нь үндэслэлтэй болжээ.

            Иймд шийтгэх тогтоолын хохиролтой холбогдох хэсэгт дээр шийдвэрлэсний дагуу зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.10 дугаар зүйлийн 3 дахь заалт, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Гөөс 37.416.666 төгрөгийг, шүүгдэгч Х.Дгаас 37.416.666 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч 3.Б-д олгож, иргэний хариуцагч Ц.Э, Б.Ү нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай...” гэснийг  “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Гөөс 58,250,000 төгрөгийг, шүүгдэгч Х.Д-гаас 58,250,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 116,500,000 (нэг зуун арван зургаан сая таван зуун мянга) төгрөгийг хохирогч 3.Б-д олгосугай...” гэж,

- тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 0000 ААА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200 маркийн JТМНX05J70.......... арлын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 0000 ААА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” загварын JТМНX05J70.......... арлын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар уг автомашиныг худалдан борлуулж, шүүгдэгч нарын төлөх төлбөрт тооцуулан олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гөөс 14,500,000 төгрөгийг, шүүгдэгч Х.Дгаас 14,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 29,000,000 (хорин есөн сая) төгрөгийг гаргуулан “Д” ХХК (регистр .........)-д олгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ