Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/06883

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 197/ШШ2025/06883

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***************** хаягт байрлах, М****** ХХК /РД:5219159/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоотод байрлах, Э***** ХХК /РД:5129966/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...ковш түрээслэхээр гэрээ байгуулсан, төлбөр сард 15,000,000 төгрөг, ковшийг өдөрт 10 цаг ажиллах, ажлын цагийг мото цагаар баталгаажуулахаар тохиролцож, урьдчилгаа 4,500,000 төгрөг төлсөн... гэтэл хариуцагчийн машин механизм 63 цаг ажилласан болох нь мото цагаар тогтоогдож байгаа тул урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс 1,350,000 төгрөг мөн тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд төлсөн зардалд 4,000,000 төгрөг, нийт 5,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэснийг

Хариуцагч татгалзлын үндэслэлийг...манайх ковш тээвэрлэх зардал төлөхөөр тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй, ковшийн түрээсийн цагийг мото цагаар баталгаажуулахаар заасан хэдий ч хариуцагч талбайгаа бэлдээгүй байдал мөн бороо орсон өдөр болон газар нойтон үндэслэлээр тухайн өдрийн 20 цагийг ажиллаагүй гэж бүртгэснийг мөн зөвшөөрөхгүй, харин манай байгууллагын тооцооллоор урьдчилгаанд авсан төлбөрөөс 660,200 төгрөгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М****** ХХК, хариуцагч Э***** ХХК нарын хооронд, 2024.09.03-ны өдөр 24/81 тоот механизм түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч Э***** ХХК-ийн **** УР дугаартай авто ачигч /ковш/-ийг авто замын төслийн хүрээнд 2024.09.03-ны өдрөөс 2024.10.30 өдөр хүртэл хугацаанд, түрээслэгч М****** ХХК түрээсийн төлбөрт нэг сарын 15,000,000 төгрөгөөр төлбөр төлөх, урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй.

Талууд түрээсийн төлбөрийг нэг сарын хугацаанд 15,000,000 төгрөг гэж тогтоосон хэдий ч гэрээний 3.2.1 өдрийн ажлын цаг 10 цаг байх , 2.8 ажлын цагийг мото багаар баталгаажуулна , 3.1.12 мото цаг заавал ажиллах гэж заасан бөгөөд ковш нь 2024.09.09-ний өдрөөс 2024.09.17-ны өдөр хүртэл ажлын талбай дээр байсан.

Гэрээнд зааснаар дээрх хугацааны мото цагаас нэхэмжлэгч тал нь хариуцагчийг 63 цаг ажилласан гэж бүртгэж урьдчилгаанд төлсөн 4,500,000 төгрөгөөс 3,150,000 төгрөгийг хасаад 1,350,000 төгрөгийг шаардсан.

Харин шүүх ажлын цаг бүртгэсэн бүртгэлээс үзэхэд 2024.09.13-14-нд бороотой болон газар нойтон үндэслэлээр 20 цагийг, 2024.09.15-нд талбай бэлэн болоогүй гэсэн үндэслэлээр 2 цагийг тус тус хасаж тооцсон нь үндэслэлгүй тул хариуцагчийн нийт ажилласан цагийг 85 цаг ажилласан гэж үзэхээр байна. Иймд урьдчилгаанд төлсөн 4,500,000 төгрөгийг 85 цагт хуваахад нэг цагт 52,941 төгрөг, 85 цагаар тооцоход 4,499,999 төгрөг болж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн байна.

Гэтэл хариуцагч хүлээн авсан урьдчилсан төлбөрөөс тооцож үзээд 660,200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Гэрээний 3.2.7-д түрээслэгч тал техникийн тээврийн нэг талын зардлыг хариуцна. Улаанбаатараас Эрдэнэцагаан сум хүртэлх гэж зааснаар нэхэмжлэгч түрээсийн зүйлийг тээвэрлэсэн тээврийн зардал 4,000,000 төгрөг шаардах эрхгүй байна.

3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Э***** ХХК-иас гэрээний үүрэгт 660,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М****** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,689,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 20,395 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН