Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,   

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0216/, 

хохирогч С.Цэвэгжав, гэрч С.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:       

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Галзууд овогт М.С-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709008980311 дугаар 185/2018/0220/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                             

 

Шүүгдэгч М.С 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгний үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч” машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.С 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгний үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч” машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сын: Мөрдөн байцаалтад хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Отгонцэцэгийн: Сосорбарам нь 1998 оноос 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл эцэг эхийнхээ хараа хяналтан дор өсч хүмүүжсэн. Миний хүү их төлөв даруу хүүхэд. 2016 оны 04 сард цэргийн албанд татаад, 2017 оны 04 сард халагдаж ирсэн. Би 3 сард төрөөд, нялх хүүхэдтэй байсан. Хүүгээ цэргийн албанаас халагдаад ирэхэд нь зөрөөд хөдөө хүүхдээ харах гээд явсан. Тэгээд цэргээс халагдаад ирсэн юм чинь ажил хөдөлмөр эрхэлж байгаа байх гэж бодсон. Тухайн үед эцэг нь хөдөө сонгуулийн ажлаар явж байсан. Эцэг нь төрийн тусгай хамгаалалтанд жолоочийн ажилтай. Хүүгээ гэмт хэрэг үйлдснийг Хэнтийн Батширээт сумаас хүүгээ аваад орж ирэхдээ мэдсэн. Сосорбарам хэлэхдээ хөнгөн хэрэг гайгүй сална гээд надад хэргийнхээ талаар нуугаад хэлэхгүй байсан. Тухайн үед найз охинтой гээд гэр орноор нь ордог байсан. Цагаан сарын дараа 3 хэрэг үйлдсэн гэдгийг мэдээд өмгөөлөгч авсан. Миний хүү төлөв даруу, дороо 2 дүүтэй. Үгэнд сайн ордог. Заримдаа PC тоглодог юм. Цагаан сар өнгөрөөд гэртээ ирсэн. 3 сараас хойш гэрээс гараагүй. Нийтэд тустай ажилдаа өглөө 08 цагт яваад, 13 цагт тараад гэртээ ирээд дүүгээ хардаг. ...Цэрэгт цуг байсан залуутай найзалж байсан. Намайг хөдөө явах гэж байхад Сосорбарам бид хоёр ажил хийх гэж байна гэж хэлээд гэрээс ирж авсан. Цаашид би хүүгээ дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж 100 хувь итгэж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг    

 

хавтаст хэргээс,

мөрдөн байцаалтад хохирогч С.Цэвэгжавын: ...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын үед би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадаа буюу гэрийнхээ гадаа зам дээр өөрийн эзэмшлийн Сүзүки Свитч нэртэй мөнгөлөг саарал өнгийн 17-80 УНЭ улсын дугаартай автомашинаа байрлуулж тавьсан. ...2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 40 минутын үед би гэрээсээ гараад очиход миний машин байсан газраа байхгүй алга болсон байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Охины: ...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны үүдэнд Сүзүки Свитч машинаа нөхөр Цэвэгжавын хамт байрлуулж тавиад гэртээ орсон. ...Маргааш өглөө нь 09 цагийн орчим гэрээсээ гарч машин дээрээ ирэхэд машин тавьсан газраас алдагдсан байсан. Тэгээд бид хоёр байрны СӨХ-ны камерыг шүүж үзэхэд урд өдөр бид хоёр машинаа тавиад гэр рүүгээ ороход 18-20 орчим насны өндөр бор залуу машин 2-3 удаа тойрч яваад байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,

мөрдөн байцаалтад гэрчээр М.Сын: ...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр... ...намайг явах замд 11 дүгээр хорооллын байрны голд онгорхой Сүзүки Свитч нэртэй саарал өнгийн машин байсан. Би хажуугаар нь өнгөрөхдөө уг машиныг харахад түгжээ нь дээшээ болчихсон байсан. Би тус цахим тоглоомын газар сууж байгаад орой 21 цагийн орчим байрны голд нөгөө машин дээр ирэхэд асаалттай түлхүүрийг нь зоолттой орхисон байсан. ...би автомашиныг хулгайлаад таксинд өнөөдрийг хүртэл явж байгаад 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр үйлчилгээний төвийн автобусны буудлын орчмоос замын цагдаад баригдсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,

 

Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл аман зургаар эрэн сурвалжлах /хх-12-16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-17/, оргодол эрэн сурвалжилсан тухай баримт /хх-40-42/, эд зүйлийн үнэлгээ /хх-43/-гээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-31/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-32/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-33/, ЦЕГ-ын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-34/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-35/, мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хх-36-37/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-38/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-39/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилсэн болно.

 

Шүүгдэгч М.Сыг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгний үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч” машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Сыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж тус тус ял шийтгэжээ.           

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн үндсэн ялыг нэмж нэгтгэн нийтэд эдлэх ялын хэмжээг тогтооно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилсан байна.                

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, …бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж тус тус заажээ.                                    

Шүүгдэгч М.С Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсэн хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд уг шийдвэрийг  хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоов.                    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар М.Сд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.                

Шүүгдэгч М.С гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгасан, гэм буруугаа хүлээж байгаа, хохирогч гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.