Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1000

 

 

 

 

Ц.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О-ын гаргасан давж заалдах гомдлоор 2208000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.О ...... тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд:

- 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолы биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 жил болгож, өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн хасаж, 2 жил 3 сар 9 хоногийн ял болгож, нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх 4 жил 3 сар 9 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосныг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нь Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж суллагдсан, тус зорчих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольсон;

Ц.О- нь:

2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ..... дүүргийн ..... дугаар хороо, Баянголын ..... тоотод байх иргэн Н.Э-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэн нэвтэрч, улаан өнгийн “Sony” брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, цэнэглэгч, улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг бөгжний хослол, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинж, түмэн насан хээ бүхий монетон ээмэг, орос загварын бүдүүн монетон гинж, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж ээмэг, кулон, нарийн гинж, бэлнээр 210.600 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.110.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...... дүүргийн .... дугаар хороо, Хувьсгалчдын ..... тоотод байх иргэн Б.С-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, “Acer” брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 4 шил виски, хайрцагтай болон ууттай чихэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.160.900 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ..... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм класик таур" байрны орцонд байрлуулсан иргэн Ц.О-ны эзэмшлийн "Боарс" брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.О-ыг хулгайлах гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 жил 4 сар 8 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын биечлэн эдлэх 7 /долоо/ жил 5 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас нийт 2.039.500 төгрөг гаргуулж хохирогч Н.Э-д 1.830.600 төгрөг, хохирогч Б.С-д 208.900 төгрөг тус тус олгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Ц.О-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, бичиг үсгийн чадамжгүй оролцсон. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, хийсэн хэргээ үнэн зөв хүлээсэн. Би шалгагдаж байх хугацаандаа бусдад учруулсан хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр төлж байсан. Мөн хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гэрээт ажил хийж хохирлоо төлнө. Миний хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгааг минь харгалзан хорих ялаас хөнгөлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.О- нь 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Прокурорын зүгээс үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалтаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Ц.О-ыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж гэм буруутайд тооцсон бөгөөд ял оногдуулахдаа түүнийг үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.О-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ц.О-ын:

1. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ..... дүүргийн ..... дугаар хороо Хувьсгалчдын ...... тоотод байх иргэн Б.С-ийн байшингийн цонхоор нэвтэрэн орж, “Асеr” брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 4 шил виски, чихэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.160.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 126-129/, хохирогч Б.С-ийн “...гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой, гал тогооны цонх болон шкаф онгорхой байсан. Том өрөөний шүүгээнд байсан 4 шил “Jack club” виски, мөн хар өнгөтэй, “Аcer” брэндийн зөөврийн компьютер, 15.000 төгрөгийн үнэтэй ууттай чихэр, 18.000 төгрөгийн үнэтэй хайрцагтай чихэр зэрэг зүйл байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 132-135/, “...хэргийн газраас бэхжүүлэн авсан 2, 4 дугаартай гарын мөрүүд Ц овогтой О-ын баруун гарын эрхий, дунд хурууны хээний дардастай тохирч байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 154-156/, хулгайлагдсан эд зүйлчийг 1.142.400 төгрөгөөр үнэлсэн Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ/1хх 141-142, 145-147/ зэрэг,

2. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ..... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм класик таур” байрны орцонд байрлуулсан иргэн Ц.О-ны эзэмшлийн “Боарс” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.О-ны “...дугуйгаа коридорт тавьж байсан бөгөөд ...коридорт байсан хүүгийн унадаг дугуйг алга болсныг мэдсэн....”/1хх 86/, гэрч Г.Ш-ын “...машинаа угаагаад зогсож байхад ягаан өнгийн дугуй унасан 16-18 орчим насны, шар цамцтай хүүхэд над руу ирээд хаагуур гардаг юм гэж асуухаар нь “чи хэдэн тоотоос бууж ирсэн юм” гэж асуусан чинь учир битүүлэг нэг тоот хэлэхээр нь тийм дугаартай тоотын айл байхгүй гэсэн чинь би шинээр нүүж ирсэн болохоор тоотоо мэдэхгүй байна гээд учир битүүлэг юм яриад байхаар нь автомашины зогсоолын хаалгыг онгойлгож өгсөн...” /1хх 81/ гэх мэдүүлгүүд, камерын бичлэг/1хх 93-95/, “...“Боарс” брэндийн унадаг дугуй 1 ширхэг, 960.000 төгрөг” -өөр үнэлсэн “Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 102/ зэрэг,

3. 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ..... дүүргийн ..... дугаар хороо, Баянголын ..... тоотод байх иргэн Н.Э-ийн байшингийн цоожийг эвдэн нэвтэрч, улаан өнгийн “Sоnу” брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, цэнэглэгч, улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг, бөгжний хослол, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинж, түмэн насан хээ бүхий монетон ээмэг, орос загварын бүдүүн монетон гинж, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, ээмэг, кулон, нарийн гинж, бэлнээр 210.600 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3.110.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-9/, хохирогч Н.Э-ийн “...Зочны өрөөний цагаан өнгөтэй хананы шкаф дотор байсан охины эзэмшлийн “Sony” брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер, хар өнгийн цүнх болон цэнэглэпийн хамт, унтлагын өрөөнд миний шүүгээнд нэг дор байсан улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг бөгжний хослол, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж болон кулон, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, ээмэг, кулон нарийн гинж, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинж, түмэн насан хээ бүхий монетон ээмэг, орос загварын бүдүүн монетон гинж алдагдсан байсан. ...” /1хх 43-44/ гэх мэдүүлэг, хэргийн газраас бэхжүүлэн авсан 1, 3 дугаартай 2 ширхэг гарын мөр Ц овогтой О гэсэн нэрээр 3 удаа, МN000510026455 гэсэн дугаараар Ц овогтой О гэсэн нэрээр 1 удаа, нийт 4 удаа бүртгэгдсэн нэг хүний гарын хээний дардасны зүүн гарын дунд болон эрхий хуруунуудтай тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 25-33/,  хулгайлагдсан эд зүйлсийг нийт 2.900.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 1845 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 36-37/, хохирогч Н.Э-д эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 51/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.О-ыг 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 5,231,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд ...нэвтэрч үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.О- нь “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Мөн бичиг, үсгийн чадамжгүй байсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Ц.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба шүүх 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, Ц.О-ын удаа дараа энэ төрлийн буюу хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн атлаа засраагүй хувийн байдалд тохирчээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ц.О- нь бичиг үсэг мэддэг болох нь түүний өмнөх шийтгэх тогтоолын биеийн байцаалтад бичигдэж байсан “дунд боловсролтой” гэсэн биеийн байцаалт /1хх 188, 195,197, 218/, энэ шийдвэрлэгдэж буй хэрэгт хувийн баталгаа гаргахдаа өөрийх нь бичсэн “эгч А, ээж Ц, О” гэсэн утасны дугаар бүхий бичиг /1 хх 59/ зэргээр нотлогдож байна. Мөн өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлтийг Ц.О- нь гаргаагүй /2 хх 31-35/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.  

Иймд шүүгдэгч Ц.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.О- нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоос 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 121 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ын цагдан хоригдсон 121 /зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ