Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/06884

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 197/ШШ2025/06884

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** тоотод оршин суух, Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С /РД:*****/-т холбогдох,

Үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, өмгөөлөгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...төлбөрт хураагдсан газрыг зах зээлийн ханшаас доогуур үнэлж, үнэлгээний тайланг танилцуулаагүй тул тайлан болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэснийг хариуцагч татгалзлын үндэслэлээ...төлбөр төлөгч үнэлгээний тайлантай танилцаж гарын үсэг зурсан, үнэлгээг зах зээлийн ханшаар үнэлсэн бөгөөд энэ ажиллагаа нь хуульд нийцсэн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.09-ний 181/ШШ2022/02552 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Т-аас 195,666,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д, 70,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож шийдвэрлэсэн, тус шүүхийн шүүгчийн 2023.06.19-ний 181/ШЗ2023/11069 дугаартай албадан гүйцэтгүүлэх захирамж, 2023.06.19-ны 181/ГХ2023/00691 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад илэрсэн хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй этгээд байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч үнийн санал гаргаагүй мөн талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2024.12.16-ны өдрийн 12/351 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор мэргэшсэн үнэлгээчин Г.О-ыг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Д.Т-ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203001 дугаарт бүртгэгдсэн, 0000340 тоот гэрчилгээтэй, С гэх газар хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 700 мкв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газрыг,

эрхийн улсын бүртгэлийн Э-2203018 дугаарт бүртгэгдсэн, 0000206 тоот гэрчилгээтэй, С гэх газар хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 700 мкв талбайтай 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газрыг тус тус үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талуудын саналыг хуульд заасан хугацаанд авч, харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилсон байна.

3. Шинжээч нь 2025.01.03-ны өдрийн үнэлгээний тайлангаар төлбөрийн төлөгчийн өөрийн эзэмшилд бүртгэгдсэн дээрх хашаагүй, зуслангийн зориулалтай, газрыг тус бүрийг 24,075,149 төгрөгөөр нийт 48,150,298 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсон бөгөөд хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулсан буюу тухайн бүс нутагт байршилтай гурван төрлийн газартай харьцуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2025.01.07-ны өдрийн 04-97/476 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нь дээрх үнэлгээний тайлантай 2025.01.08-ны өдөр уншиж танилцаад, мэдэгдлийг хүлээн авсан болох нь бичгийн баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох гэж шаардлага мэтээр бичсэн боловч энэ нь үнэлгээний тайлантай холбоотой нэхэмжлэлийн үндэслэл гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН