Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1001

 

 

 

 

О.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлоор О.Нд холбогдох 2205002140087 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Н .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

О.Н нь:

- 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...... дүүргийн .....-р хороо, ....-р байрны .... давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан хохирогч Д.Э-ыг “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, орц руу дагуулан орж, улмаар Д.Э-ын цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалж, түүний биед цээжний хөндийд 4 тооны, хэвлийн хөндийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

- 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ..... дүүргийн .....-р хороо, Дэнжийн .... тоотод хохирогч Д.Э-ыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа өшиглөж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон, 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн төвөөс 50 километрийн зайд хөдөө хээр, хүнгүй газар хохирогч Д.Э-ыг аваачиж өшиглөж үсдэн чирч зодсон, 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.Э-ын түрээсэлж байсан ..... дүүргийн .....-р хороо, .....-р байрны орцонд даган орж, гэдсэнд нь хутга тулгаад “машинд орж суу” гэж хэлж машинд суулгасны дараа хохирогч Д.Э-ын хамар хэсэгт цохиж, үсдэж даран нуруунд нь цохиж зодсон үйлдлүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Ныг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр алахыг завдсан”, мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 228 хоног /хоёр зуун хорин найман/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “the nort face” гэсэн бичигтэй эмэгтэй хүний 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Н бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Х.Наранзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн хохирогч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүтэй тайлбар, О.Нын тайлбар зэрэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулж, О.Нын төрсөн эх Б.Д-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг О.Нын гэм бурууг нотлох баримтаар үнэлж дүгнэсэн. Мөн шүүхээс гэрч Б.У, Д.Б, С.С, Ц.Б, насанд хүрээгүй гэрч Э.А нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэдэг. Эдгээр гэрчүүд О.Ныг хохирогч Д.Э-ыг хутгалсан гэх дамжмал мэдүүлгүүдийг өгдөг ба энэ нь О.Ныг Д.Э-ыг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэдгийг нотлох баримт биш юм. Тодруулбал, гэрч Б.Д болон С.С нарын мэдүүлэгт О.Ныг хүн алахыг завдсан үйлдлийг тогтоохтой холбоотой хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал байхгүй. Өөрөөр хэлбэл С.Сгийн мэдүүлэгт авагдсанаар “... тухайн гэмтлүүдийг нь хараагүй, биед нь ч хүрээгүй. Манай гэрт орж ирээд эгчээ би хүнд хутгалуулчихлаа ... би ямар хүнд хутгалуулсан талаар мэдэхгүй...” гэсэн байдаг. Гэрч С.Сгийн мэдүүлэгт Д.Э-ад эмнэлэг дуудаж тусламж үзүүлсэнтэй холбоотой мэдүүлэг байдаг болохоос биш О.Н, Д.Э- нарын хооронд ямар асуудал үүссэн, тухайн асуудал болох цаг хугацаанд Д.Э-ыг ямар байдлаар яаж гэмтсэнийг гэрчлэх хүн биш гэдэг нь дээрх нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Мөн шүүхээс О.Ныг гэр бүлийн хүчирхийллийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар байнга үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 1 удаа арга хэмжээ авагдаж байсан нь харагддаг. Өөр бусад байдлаар байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнга зодсон гэдгийг нотолсон хөдөлбөргүй тогтоогдсон зүйл, нотлох баримт байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис, хэрцгийгээр” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний 564 дүгээр тогтоол байдаг. Гэтэл О.Н нь Э-ын биед шарх сорви үүсгэсэн боловч анхнаасаа түүнийг алахыг, шаналгаж, зовоон тарчлааж, үхэлд хүргэх сэдэл, санаа зорилго огт байгаагүй. Энэ талаар ч мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж тогтоосон зүйл байхгүй. Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 болон мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүд тус тусдаа зүйл анги мөн бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдэг нь аль ч зүйлчлэлд нь багтах тул давхар зүйлчилж эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь үргэлж ямар нэгэн шалтгаан нөхцлөөр уялддаг. Д.Э-ын хууль бус үйлдэл /Н-ын ар гэрт олон тооны үл таних эрэгтэй хүмүүсийг дагуулан очиж түүний настай эх, бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, орилж хашгирч дарамтлан “Н- хаана байна, танай хүүхдийг байгаа газраас нь олж шоронд хатаана, танайхныг цусаар уйлуулна, муу сайн гуйлгачингууд” гэж удаа дараа танхайрсан, О.Нтай хамт амьдарсан хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болгосон бүхий л эд хөрөнгийг дангаар захиран зарцуулсан. Н-ыг байнга дорд үзэж элдвээр доромжилж, гүтгэх, загнаж зандрах зэргээр гэр бүлийн хүчирхийллийг 4 жилийн турш үйлдсээр ирснийг шалган тогтоосон эсэх, хувийн зан байдал, харилцааны доголдол, өөрөө санхүүгээ барих нэрээр эрхшээлдээ оруулах, хамтран амьдрахаас өмнө үүссэн бүхий л өр төлбөрөө хөдөлмөрийн мөлжлөг хийх замаар ажиллуулж өр ширнээсээ салсан зэрэг О.Нын мэдүүлэгт дурдсан Д.Э-ын хууль бус, ёс зүйгүй үйлдлүүдийг дурдсан мэдүүлэг болон О.Нын гэрчээр өгсөн тайлбарт дүгнэлт өгөлгүй орхигдуулж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Анхан шатны шүүхээс Д.Э-ын хохирогчоор өгсөн “... чи яах гэж ирсэн юм бэ” гэж би асуутал Н- “ярилцах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинд бол оруулмааргүй байна. Орцонд ороод ярилцъя гэсэн мэдүүлэг хэрэгт байдаг. Гэтэл Д.Э- нь өөрөө машинд биш орцонд орж ярилцъя гэдэг саналыг гаргасан байхад О.Ныг Д.Э-ыг алахыг завдаж өөрөө орц руу дагуулж орсон мэтээр дүгнэж шийдвэр гаргасан. Дээрх нөхцөлөөс харахад анхнаасаа О.Нд Д.Э-ыг алахыг завдсан гэх сэдэл, санаа зорилго огт байгаагүй бөгөөд хувийн харилцаа болон дундын эд хөрөнгийнхөө талаар ярилцахаар Д.Э-тай уулзах үед бий болсон таарамжгүй харилцаанаас үүссэн үйл баримт болох нь тодорхой харагдана. Мөн шүүх О.Нын гэм бурууг тогтоохдоо онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 785 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмтлийн зэргийг тогтоох” зорилгоор шинжээчийн дүгнэлтийг гаргуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнд учирсан гэмтлийн зэргийг тогтоож байгаа болохоос ямар аргаар, яаж, ямар санаа зорилгоор гэдгийг тогтоох хүчин зүйл биш юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсоныг эс хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал, өмгөөлөгч бидний зүгээс зүйлчлэл тохироогүй гэж үзэж байгаа бөгөөд О.Н нь хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан буюу түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдлийг шалган тогтоох ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй. Хохирогч Д.Э-ын мэдүүлэгт дурдсан зүйлсийг нотлох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй. Хохирогчийн мэдүүлэгт үндэслэн О.Нын гэм буруутай үйлдэл бүхэлдээ нотлогдсон мэтээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй...” гэв.

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Н нь хохирогч Д.Э-тай маргалдаж цээж болон хэвлийн тус газар нь 7 удаа хутгалж хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирч болзошгүйг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргээр зүйчлэх нь үндэслэлгүй. Түүний үйлдэл Хүний эрхийн конвенц болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амь явах эрхийг ноцтой зөрчсөн учир хүнийг алах гэмт хэргээр зүйлчилсэн. Хэрэг үйлдэгдэж байх үед хохирогчийн “амь авраарай” гэсэн дуудлагын дагуу гэрч С хаалга онгойлгосноор шүүгдэгчийн хохирогчийг алах гэсэн санаа зорилго туйлдаа хүрээгүй, шүүгдэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хохирогчийн амь нас хохироогүй. Улсын дээд шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 39 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэдэг ойлголтыг тайлбарласан. Үүнд “...хохирогчийг алахын өмнө болон дараа нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэх байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргыг харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, уг үйлдэлдээ сэтгэхүйн харилцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгах зорилго, хүсэл зоригийн үндсэн дээр үйлдэгддэг...” гэж заасан. Шүүгдэгч О.Н нь хохирогчийг нийт 7 удаа хутгалснаас нэвтэрсэн 5, нэвтрээгүй 2 шарх байгаа. Мөн бага насны хүүхэд буюу 12 настай хохирогч Д.Э-ын охин Э.Аын дэргэд үйлдэж гэр бүлийн хүний хажууд шаналгаж, тарчлааж үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт заасны дагуу О.Н, Д.Э- нар нь 2019 оноос 2021 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсвэл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч О.Н нь хохирогчийг байнга зоддог байсан бөгөөд хутгалсан үйлдэл нь 4 дэх үйлдэл учир байнга үйлдсэн шинж тогтоогдсон гэж үзэж байна. Мөн гэрч Д-гээс мэдүүлэг авахдаа Үндсэн хууль сануулсан учир нотлох баримтаар тооцохгүй байх, шинжлэн судлахгүй үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хохирогчийг санаатай алахыг завдсан үйлдэл нь хохирогчийн болон хажууд нь байсан насанд хүрээгүй охин А-ын мэдүүлгээр тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан хохирогч Д.Э-тай түүний амьдарч байсан ...... дүүргийн .....-р хороо, ....-р байрны .... давхарт орц руу нь орж явахдаа “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж, улмаар тус орцны 2 давхарт Д.Э-ын цээжний хөндийд 4 тооны, хэвлийн хөндийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх бүхий нийт цээж, хэвлий хэсэгт нь 7 удаа хутгалж, Д.Э-ыг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан болох нь:

хохирогч Д.Э-ын “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23:00 цагийн үед байрны гадаа охины хамт машинаа байрлуулчхаад машинаа түгжих гэж байтал арын боржуур дээрээс Н- үсэрч гарч ирснээ “яасан гоё машинтай болчихсон юм, машинд чинь сууж үзье” гэхээр нь би “чи яах гэж ирсэн юм” гэж би асуутал Н- “ярилцах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “машинд бол суумааргүй байна, орцонд ороод ярилцъя” гэхэд машиндаа суулгасангүй гээд гадаа уурлаж байгаад орц руу орохоор болсон. Тэгээд орцонд орох гээд алхаж явахдаа өмнө нь надад тулгаж байсан хутгаа үзүүлээд “чи эвтэйхэн ярихгүй бол би чамайг ална шүү дээ” гэж хэлсэн. Хутга нь эвхэгддэг никел, өнгө нь харлаж, бор болчихсон, хуучин хутга байсан. Н- “чи машин тэрэг аваад ажил чинь сайн байгаа юм байна, өөрөө ингэж явж байхаар надад нэг машин аваад өгч болохгүй байна уу? аль эсхүл чи надад 2-3 сая төгрөг өгч чадсангүй юу” гээд тамхи татаад зогсоод байсан. Тэгснээ татаж байсан тамхиа газар хаяад, миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисноо хэвлий хэсэг рүү эхлээд 2 удаа цохиод, дараа нь миний нуруу хэсэг рүү 5 удаа цохих шиг болсон. Тэгэхэд нуруу дагаад цус урсахаар нь би “авраарай, туслаарай” гэж орилоход, 2 давхарт амьдардаг эгч хаалга онгойлгохоор нь би охинтойгоо гэр рүү нь гүйгээд ортол Н- зугтаачихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед миний охин А хажууд байсан ба “болиоч ээ” гээд орилоод байсан. ...”/1хх 16-17/,

гэрч Б.Дгийн “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э- над руу утсаар яриад “Н-д хутгалуулсан” талаар хэлсэн. ...Би ямар хутгатай байсныг мэдэхгүй байна. Өөрөөс нь асуухад халаасанд хумсны хутга шиг хутга байсан гэж надад хэлж байсан. ...” /1хх 32-33/,

гэрч С.Сгийн “...2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнө гэртээ унтаж байхад орцонд эмэгтэй хүн “амь авраарай, авраарай” гээд орилоод байсан. Би шууд орноосоо босоод нүцгэн чигээрээ хаалгаа онгойлгосон чинь 1 эмэгтэй охиноо дагуулаад “би хутгалуулчихлаа” гээд дайраад ороод ирсэн. Би тухайн үед сандраад шоконд орсон байсан ба охин нь “манай ээжийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Манайд орж ирээд “эгчээ би хүнд хутгалуулчихлаа, би амьсгаа авч чадахгүй үхэх нь” гэж хэлсэн. Тэгээд би түргэн болон цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 38/,

гэрч Ц.Бын “...манай ээж С надад хэлэхдээ “урьд шөнө дүүг чинь дэлгүүр гаргаад байж байхад орцонд 1 хүн орилсон. Тэгэхээр дүүг чинь гэж бодоод хаалгаа онгойлготол 1 эмэгтэй зөрж орж ирээд үүдэнд суугаад “намайг хүн хутгалчихлаа авраарай” гэж хэлсэн” гэж ярьсан...” /1хх 35-36/,

насанд хүрээгүй гэрч Э.Аын “...Орцонд орсны дараа Н- ах “дээд давхарт гаръя, энд хүмүүс их яваад байна” гэж хэлэхээр нь ээж бид 2 бас л “яах юм бэ” гэж хэлээд тухайн давхартаа ярилцаж эхэлсэн. Тухайн үед яг юу гэж ярьж байсныг санахгүй байна, их л юм ярьж байсан. Тэгж байснаа ээжийн нүүр рүү гараараа цохисноо гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэхэд ээж газар унасан ба би Н- ахыг болиоч гээд түлхсэн чинь халааснаасаа эвхэгддэг юм шиг хутга гаргаж ирснээ ээжийг хутгалаад байсан. Би маш их айгаад болиулах гээд түлхэхэд дийлэхгүй байсан. Тэр үед ээж “амь авраарай” гээд орилсон чинь хажуу талын айлын эмэгтэй хаалга онгойлготол Н- ах зугтаад яваад өгсөн. Тэгээд би ээжийн хамт нөгөө айл руу орсон ба ээж айлд ороод үүдэнд сөхрөөд суучихсан, тухайн айлын хүмүүс түргэн дуудаад, түргэний эмч цагдаа нар хамт ирсэн. Тухайн үед ээж “амьсгалж чадахгүй байна” гээд юм ярьж чадахгүй гацаад байсан. Н- ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба ээж бид хоёр дээр ирэхдээ “их удаан хүлээлээ, даарч байна, машин дотор чинь ороод ярилцъя” гэж хэлээд байсан. Тэгснээ орц руу явахдаа “өнөөдөр яг ингээд эцэслээд дуусгана” гэсэн утгатай юм яриад орц руу орсон. Н- ахад эвхэгддэг хутга байсан, би өнгийг нь одоо санахгүй байна. Халааснаасаа гаргаж ирээд хутгаа дэлгэсэн, тийм болохоор нь эвхэгддэг байна гэж харсан. ...” /1хх 50-51/,

гэрч Б.Уийн “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай охины хүүхэд болох зээ хүү маань даахиа үргээсэн юм. Тэгэхэд Э- ирж хүүхдийн үсэнд хүрчихээд явсан ба шөнө над руу “Н- Э-ыг хутгалчихлаа” гэж Э-ын охин над руу уйлаад ярьсан. ...” /1хх 149-150/,

гэрч Д.Бгийн “...2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад миний утсанд дуудлага ирэхээр нь аваад ярихад Э-ын охин А “ээжийг Н- ах хутгалаад зугтчихлаа, бид хоёр 13-р байрны 2 давхарт айлд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн байранд ирэхэд 103 машин яг ирж таарсан ба би эмчтэй нь хамт Гэмтлийн эмнэлэгт очсон. Намайг түргэний эмчтэй хамт машин дотор байж байхад цамцыг нь нуруу хэсгээс хайчилж тайлаад, шархыг нь үзээд шууд Гэмтлийн эмнэлэг рүү явахаар болоод хамт явсан. Тэгэхэд нэлээд хэдэн тооны шарх байсан ба би яг нэг бүрчлэн тоолж, бас харж чадаагүй. Цус гоожоод улаан, эрээн биетэй байсан. ...” /1хх 152/ гэх мэдүүлгүүд,

“...Д.Э-ын биед цээжний хөндий 4 тооны, хэвлийн хөндий 1 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн баруун талд цус хуралдалт, цээжинд 1 тооны, хэвлийд 1 тооны цээж хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №785 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 53-54/,

“...хэвлийдээ хутгалуулсан цус алдаад...” гэсэн хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/,

“...дээш 2 давхар буюу хэрэг болсон гэх газарт ирэхэд ...шалан дээр цус мэт жижиг толбо байсныг криминалистикийн шинжээч төмөр гадаргуутай зүйлээр хусан авч бэхжүүлэв. ...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг цус мэт зүйлээр бохирлогдсон шалны хэсгийг харуулж буй гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-8/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Нын хохирогч Д.Э-ыг 7 удаа хутгалж, цээжний хөндий болон хэвлийн хөндий рүү тус тус нэвтэрсэн хүнд гэмтэл учруулсан, хохирогч Д.Э-ын бусдаас тусламж гуйсан дуудлагаар айлын хаалга онгойсноор О.Н нь Д.Э-ыг хутгалж буй үйлдлээ зогсоож, хэргийн газраасаа зайлан зугтаасан болох нь:

хохирогч Д.Э-ын хэрэгт анх удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн “...нуруу дагаад цус урсахаар нь би авраарай, туслаарай гэж орилсон. Тэгсэн 2 давхрын эгч шалдан хаалга онгойлгохоор нь би охинтойгоо гэр рүү нь гүйгээд ортол Н- зугтаачихсан. ...” /1хх 17/,

хохирогч Д.Э-тай хамт хэргийн газарт байсан гэрч Э.А-ын “...ээж амь авраарай гээд орилсон чинь хажуу талын айлын эмэгтэй хаалгаа онгойлгосон чинь Н- ах зугтаад яваад өгсөн. ...” /хх 50/,

гэрч С.Сгийн “...орцонд эмэгтэй хүн “амь авраарай, авраарай” гээд орилоод байсан. Би шууд орноосоо босоод нүцгэн чигээрээ онгойлгосон чинь нэг  эмэгтэй охиноо дагуулаад дайраад ороод ирсэн ба би хутгалуулчихлаа гээд охины хамт орилоод байсан. ...” /хх 38 гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд О.Нын орц руу орж явахдаа хохирогч Д.Э-ад “чи эвтэйхэн ярихгүй бол чамайг ална шүү” гэж хэлсэн, улмаар орцонд Д.Э-ын биеийн цээж, хэвлий хэсэгт нийт 7 удаа хутгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт  хэрэг үйлдэхийг завдах...” зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.1-д заалтад заасан “...онц харгис хэрцгийгээр...” үйлдсэн гэж зүйлчилсэн анхан шатны шүүхийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч О.Нын үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, “...хүний эрүүл мэндэд цээжний хөндий нэвтэрсэн, хэвлийн хөндий нэвтэрсэн гэсэн тус тус хүнд гэмтэлд тооцогдох гэмтлийг шууд, санаатай үйлдсэн...” хэр хэмжээ зэрэгт анхан шатны шүүхийн оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял нь тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан гомдлын “...О.Н нь хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан буюу түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх...” талаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.  

Харин шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан гомдлын “...О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, хохирогч Д.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч О.Нд хутгалуулсан үйлдлийн дараагаар “...2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь 2-3 удаа өшиглөж, хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон, 2021 оны 8 дугаар сард Сүхбаатар аймгийн төвөөс 50 километрийн зайд хөдөө хээр, хүнгүй газар аваачиж өшиглөж үсдэн чирч зодсон, 2021 оны 10 дугаар сард “гэдсэнд нь хутга тулгаад, машинд орж суу” гэж хэлж машинд суулгасны дараа хохирогч Д.Э-ын хамар хэсэгт цохиж, үсдэж даран нуруунд нь цохиж зодсон...” үйлдлүүдийн талаар нөхөн мэдүүлсэн бөгөөд хохирогч Д.Э-, шүүгдэгч О.Н нар 2021 оны 8 дугаар сараас хамтран амьдрахаа больсон талаар хохирогч Д.Э- “...Би 2019 оны 9 сараас эхлээд 2021 оны 8 дугаар сар хүртэл хоёр жил шахуу хамтран амьдарч байсан...” /1хх 23/ гэж мэдүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг  хуульчлан заасан ба хамтран амьдраагүй цаг хугацаанд болсон 2021 оны 10 дугаар сард машинд нь зодсон үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон” гэж үзэхэд эргэлзээтэй төдийгүй, тэдний хооронд хамтран амьдарч байх хугацааны явцад олсон гэх эд хөрөнгийн талаар маргаан хамтын амьдралынх нь дараа бий болсон болох нь:

хохирогч Д.Э-ын “...картанд мөнгө байгаа эсэхийг шалгаад байсан, ...”чи машин тэрэг аваад ажил чинь сайн байгаа юм байна, ...чи надад 2-3 сая төгрөг өгч чадсангүй юу...” гээд байсан. ...” /1хх 16-17 тал/, “...Н- өмссөн хувцаснаас өөр зүйлгүй ирж байсан, бид хоёр хамт амьдарч байхдаа номын биезнесс хийж байсан. ...аавыг нас барахад оршуулгын ажлыг нь хийж өгч байсан, ...ээжид нь монетан ээмэг, бөгж авч өгч байсан, ...бүх эд зүйлсээ өгөөд явсан, ...лизинтэй ч гэсэн Альфард машин орхиод явсан...” /1 хх 23/, “...надтай санхүү булаацалдаж эхэлсэн. Мөнгө төгрөгөө надад гаргалаа гэдэг болж эхэлсэн. ... газар миний нэр дээр байсан, хийсэн үйлдлээс нь илүү мөнгө үлдээсэн гэж бодож байна. ...О.Н надаас мөнгө нэхэж байсан. ...мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон. ...” /2хх 79-80/ гэх мэдүүлгүүд,

О.Нын хэрэгт анх өгсөн “...түрээсийн байруудаар амьдарч байсан, ...2021 оны 8 сард Сүхбаатар аймагт номоо зараад явж байгаад хэл амаар доромжлоод гуйлгачингаар дуудаад байхаар нь, ...хамтдаа 30-40 сая төгрөгийн өрийг чинь даралцаж өгсөн, машин, газар авсан боловч намайг нэг ч төгрөггүй үлдээсэн. ...Тэр асуудлаас болж маргаад...” /1 хх 42/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.   

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ. ...” гэж хуульчилжээ.

            Иймд О.Нд холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Нын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоос 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.10 дугаар зүйлийн 3 дахь заалт, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолын:

А. тогтоох хэсэгт “...Шүүгдэгч О.Нд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Б. тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...мөн “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг, 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус...” гэснийг тогтоох хэсгийн 4 дэх заалтын хамт тус тус хүчингүй болгож,

В. тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...О.Нын хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж зүйлчлэх...” гэсэн агуулга бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч О.Нын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ