Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 126/ШШ2025/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х*******  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С,

Хариуцагч: Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* ,

Гуравдагч этгээд: Б.С******* ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч М.Б******* , хариуцагчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, хариуцагчид намайг ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулахдаа Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.С*******-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байна

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлын байрны сул орон тоо нь зарлагдан шилжүүлэн томилгоо хийгдсэн гэсэн үндэслэлээр У******* сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.

2.2. Улмаар Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар гуравдагч этгээдийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс, Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаал болон 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаалаар гуравдагч этгээдийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилсон байна.

2.3. Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/1475 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн байна.

2.4. Нэхэмжлэгчээс дээрх тушаалуудыг хүчингүй болгуулахаар 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд ирүүлсэн байна.

2.5. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор У******* сумын Засаг даргад гомдол гаргаж, У******* сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02/19 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

2.6. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дээрх тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Н.Н*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Х*******  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн хариуцагч бол Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*******  юм. Миний ажиллаж байсан сул орон тоо болох Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж аж ахуйн тасгийн мал аж ахуй үйлдвэрийн төлөвлөлт, менежмент малын бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр мал зүйч Б.Н*******  2023 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд эзэмшсэн мэргэжил минь ажлын байрны шаардлага хангаж байсан тул миний бие тухайн сул орон тоон дээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр томилогдсон юм. Энэ нь тухайн албан тушаалын сул орон тоо гарч, Б.Н*******-ийн эрхэлж байсан ажлыг тасралтгүй явуулах шаардлагаас үүдэн түүнийг надад хариуцуулсан гэж ойлгодог. Ажилд томилогдох үед миний бие дөнгөж их сургуулиа төгсөөд ирсэн тул төрийн албаны шалгалт өгөөгүй байсан ба мөн оны 11 сард аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалт зарлагдахад шалгалт өгч тэнцсэн. Ингээд үүрэгт ажлаа хийн уг албан тушаал зарлагдах сонгон шалгаруулалтыг хүлээж байтал /сонгон шалгаруулалт зарлуулах үүрэг нь томилох эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* од хадгалагддаг/ 2024 оны 07 дугаар сараас хойш хариуцагч Засаг даргын тамгын газрын дарга М.Б*******  миний эрхэлж байсан албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй байсаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч нь ажлаас чөлөөлөхдөө энэ тухай надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй тул түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлийг миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан гэж үзэж байна.

Хоёр. Хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*******  намайг ажлаас чөлөөлсөн өдрөө буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин Б/09 дүгээр дугаартай тушаал гаргаж өөрийн төрсөн хүүгийн эхнэр болох Б.С*******-ийг миний оронд ажилд томилсон. Б.С******* нь Р***********  сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлгийн тасагт мэргэжлийн дагуу тархвар зүйчээр ажиллаж байсан бөгөөд малын эмч мэргэжилтэй хүн юм. Миний зүгээс тухайн томилгоог миний эрхэнд халдсан хууль зөрчсөн томилгоо гэж үздэг. Тэрээр албаны байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий хүнийг өөрийн удирдлагад томилсноос гадна эрхлэх үйл ажиллагаандаа дагаж мөрдөн биелэлтийг хангах ёстой Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй юм. Үүнээс гадна хариуцагч М.Б*******  нь өөрийн бэр Б.С*******-ийг миний ажиллаж байсан албан тушаалд сэлгэн, шилжүүлэн ажиллуулсан гэдэг боловч малын эмч мэргэжилтэй Б.С******* томилгоо нь уг журмын шаардлагыг хангаагүй байсан. Түүний хийсэн дээрх хууль, тогтоомж зөрчсөн үйлдлүүдээс шалтгаалан миний хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдлөө.

Гурав. Нэхэмжлэгч миний бие хариуцагч У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* ыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзсэн учраас хуульд заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд намайг ажлаас чөлөөлсөн 2025 оны 02-р сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эргүүл эн томилж миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Мөн гомдлоо аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ч өгсөн. Гаргасан гомдлын шийдвэрлэлтийн талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс асуухаар манайх шийдэхгүй учраас дээш нь явуулсан гэдэг. Төрийн албаны зөвлөлийн Ц******* гэдэг хүнээс асуухаар шийдвэрлэнэ гэж хэлдэг байсан. Тухайн гомдол шийдэгдэхгүй байсаар Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариу өгсөн бөгөөд гарсан хариуг 06 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар хүлээж авсан /хариуг хавсаргав/

Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс хойш сумын хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газарт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, мөн сумын Засаг даргатай удаа дараа уулзаж учир байдлыг тайлбарлаж байсан боловч миний асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөөгүй учраас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр уг тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа буцаж орох талаар гомдлыг У******* сумын Засаг даргад гаргасан ба хариуг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн. Нэгэнт У******* сумын Засаг дарга, түүний тамгын газраас хууль бус томилгооноос үүссэн миний зөрчигдсөн эрхтэй холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөөгүй учраас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эрхээ хамгаалуулахаар Х*******  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Харин Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газар хийгдсэн төрийн албаны томилгоо нь хууль, тогтоомжид нийцсэн эсэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой Төрийн албаны зөвлөл миний эрхээ хамгаалуулахаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөлгүй маш их удаан чирэгдүүлж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүйд маш их гомдож байна.

Дөрөв. Хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*******  нь миний түр томилогдон ажиллаж байсан өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Н*******-ийн сул орон тоог төрийн албаны холбогдох байгууллагад мэдэгдэн сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх ёстой байтал 2024 оны 07 дугаар сараас хойш хуульд заасан тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эс үйлдэхүй гарган зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сард сул орон тоог зарласан гэдэг боловч би энэ талаар огт мэдээгүй. Дээрх эс үйлдэхүйг хариуцагч М.Б*******  хувийн ашиг сонирхлын дагуу миний эрхэлж байсан албан тушаалд өөрийн бэр болох Б.С*******-ийг хууль зөрчин томилох хүсэлтэй байсантай шууд холбоотой гэж ойлгож байна.

Иймд хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* ын хууль зөрчиж гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хариуцагч М.Б******* од намайг ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, У******* сумын хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу зарлуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч Н.Н*********** нь хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* од холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажлын байрны сул орон тоог хуульд заасан үндэслэл, журмын дагуу зарлуулахыг даалгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл нэхэмжлэлд дээрх Б/09 тушаалаас гадна гуравдагч этгээд Б.С*******-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөн өдрөөс эхлэн болон 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсон тушаал авагдсан байна. Тэр бүү хэл гуравдагч этгээд Б.С*********** нь түүнийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаар сарын 14-ний өдөр ажилд томилсон тушаалаараа Х*******  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шалны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хангагдсан ч дээрх нөхөж гаргасан зөрүүтэй тушаалуудаас шалтгаалан өөрийн эзэмшсэн мал зүйч мэргэжлийн дагуу хөдөлмөрлөх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, түүний эрх бүхэлдээ сэргэх боломжгүй болох тул тэдгээрийг илт хууль бусд тооцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Б*******  нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаараа Б.С*******-ийг шилжүүлэн томилсон гэж үзэж байгаа боловч түүний мэргэжил нь тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаагүй, эрүүгийн хэргийн улмаас гэрч, хохирогчийн хамгаалалтад ороогүй байх тул хуулийн дагуу шилжүүлэн томилох боломжгүй байна.

Түүнчлэн уг томилгоо нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан малын үржил бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч М.Б******* од тухайн тушаалуудыг гаргах Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Н***********-ын хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн эрх нь түүний гуравдагч этгээд Б.С*******-ийг томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалууд илт хууль бусад тооцогдсон тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ хуулийн дагуу төрийн албанд ажиллах эрх нь бүрэн сэргэх боломжтой. Тэрээр тухайн тушаалыг илт хууль бусад тооцуулахаар Засаг даргад хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй байна.

Иймд хариуцагч М.Б******* ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.С*******-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Н***********-ын зүгээс хариуцагч М.Б******* од холбогдуулан түүний гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хариуцагч М.Б******* од намайг ажилд эргүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Х*******  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан билээ. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Б.С******* мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, мал үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бусад тооцуулах гэж нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага хариуцагч М.Б******* , гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбартай холбоотойгоор дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, мал үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тэтгэвэрт гарсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн Б.Н*******-ийн оронд нэхэмжлэгч Н.Н*********** нь уг албан тушаалыг хуульд заасны дагуу болон эзэмшсэн мэргэжлийн дагуу төрийн албаны нөөцөөс ажиллаж байсан тул хариуцагч М.Б******* ын зүгээс түүний хөдөлмөрлөх эрхэнд халдаж 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн Б/08 дугаартай тушаалыг гаргасан байна. Хавтаст хэрэгт цугларсан баримт, хариуцагч М.Б******* ын шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээс үзвэл тэрээр нэхэмжлэгч Н.Н***********-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Х*******  аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нотлох баримт гаргуулах 3/181 дугаартай албан тоотоор 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудад мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн талаарх баримтыг авах гэсэн боловч ирүүлээгүй нь хуульд заасан ажиллагаа явагдаагүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч М.Б*******  нь өөрийн бэр болох Б.С*******-ийг ажилтай болгохын тулд нэхэмжлэгч Н.Н***********-ыг мэргэжлийн дагуу эрхэлж байсан, ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хариуцагч М.Б*******  захиргааны акт гаргахдаа оролцогчийн эрхийг хангаагүй мэдэгдэл хүргүүлээгүй тайлбар, санал гаргах боломж олгох ёстой атал эдгээрийг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй учраас маргаан бүхий У******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцагч М.Б******* ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тушаалыг хүчингүйд тооцох ёстой. Хариуцагч М.Б******* ын хууль зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмаас гадна Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэж заасан суурь зарчмуудыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй шууд холбоотой гэж үзэж байна.

Хариуцагч М.Б*******  нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: мал зүйч Б.Н*******-ийн сул орон тоог тасралтгүй зарлуулж байсан гэж байгаа боловч 2024 оны 05 дугаар сараас хойш сул орон тоог зарлуулаагүй, харин өөрийн бэр Б.С*******-ийг тухайн албан тушаалын сул орон тоон дээр томилохын тулд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сул орон тоог зарлуулсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч Н.Н***********-ыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу чөлөөлөөгүй гэж үзсэн тул түүний нэхэмжлэлийг няцаасан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь түүнийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тушаал үндэслэлгүй болохыг харуулж байна.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Н***********-ын өмнө нь мал зүйчээр ажиллаж байсан Б.Н*******-ийн сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчаар хаасан гэж байгаа боловч тухайн ажиллагаа нь хууль тогтоомжид нийцүүлэн явагдаагүй байгаа тул гуравдагч этгээд Б.С*******-ийг хуулийн дагуу сул орон тоон дээр томилогдсон гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч М.Б******* ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах талаар маргаан бүхий Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б******* ын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн Б/09 тушаал нь хууль зүйн үндэслэл буруу буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дахь хавсралтад заасан ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, тухайн хууль бус актын улмаас үүссэн үр дагаврыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, нэхэмжлэгч Н.Н***********-ын зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн гуравдагч этгээд Б.С*******-ийг шилжүүлэн ажиллуулсан гэж үзэж байгаа боловч энэ талаар мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалт, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн нь уг тушаалыг үндэслэлгүй гэдгийг давхар нотолж байна. Хариуцагч М.Б******* ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг гаргахдаа удиртгал болгосон Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалт засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн албаны зөвлөлийн 2029 оны 3431 дугаартай хамтарсан тушаалын 2.1 дэх заалт Х*******  аймгийн Мал эмнэлгийн газрын Б/08 тушаал нь бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй байгаа тул үндэслэлгүй байсан болохыг харуулж байна. Хариуцагч М.Б******* ын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь хууль бус байх эрх зүйн зарчимтай тул тэрээр өөрийн гаргасан захиргааны актын үр дагавар аливаа нөлөөллийг арилгах нь шударга ёсонд нийцэх ёстой.

Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*******  2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бусад тооцуулах талаар: Хариуцагч М.Б*******  нь дээрх тушаалуудыг гаргахдаа гуравдагч этгээд Б.С*******-ийг шилжүүлэн ажилласан гэх үндэслэлээр гаргасан байна. Төрийн албан хаагчийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зохицуулжээ. Мөн дээрх зохицуулалтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3431 дугаартай хамтарсан тушаал, төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж гарч уг харьцааг нарийвчлан зохицуулсан байна. Төрийн албаны тухай хууль болон журамд албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар гэрч, хохирогчийн хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн албаны 1 байгууллагаас нөгөө байгууллагад, тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлж ажиллуулж болохоор байна.

Гуравдагч этгээд Б.С*********** нь мал эмнэл зүй буюу малын эмч мэргэжилтэй байгаа нь хууль тогтоомжид заасан ажлын зайлшгүй шаардлагын дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй. Р***********  сумын Мал эмнэлгийн тасагт 6 сар ажиллаж, эрүүгийн хэргийн улмаас гэрч, хохирогчийн хамгаалалтад ороогүй байгаа нь төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах талаар Төрийн албаны тухай хууль, түүнтэй уялдуулан гаргасан журамд нийцээгүй байхад хариуцагч М.Б*******  түүнийг шилжүүлэн томилсон тухайн томилгоог хийх хуульд заасан үндэслэл байгаа болохыг нотолж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 1 дэх хэсэгт Төрийн алба албаны тухай хууль, албан тушаалын тусгай шаардлагыг бүрэн хангасан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн томилж, албан ажлын сул орон тоог нөхөж болно, 4 дэх хэсэгт төрийн албан хаагчийг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд адил төрлийн албан тушаалын ангилалд шилжүүлэн ажиллуулж болно гэж тусгасан нь хариуцагч М.Б*******  нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг харуулж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.С*********** нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэй орон тоонд шилжин ажиллах зар нийтэлсний дагуу хүсэлтээ өгч, холбогдох болзол шаардлага хангаж байсан учраас Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар дээрх орон тоонд томилогдон ажиллаж эхэлсэн гэж илт худал үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Гуравдагч этгээд Б.С*******-ийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр томилсон тушаал байхад түүнийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тушаалаар ажиллаж эхэлсэн гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхээс У******* сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа баримтад үзлэг хийхэд тус газрын тогтоол, захирамж, тушаалын 2025 оны бүртгэлд Б.С*******-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон. Мөн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс томилсон Б/09 дугаартай тушаалууд байгаагүй. 2025 оны 05, 06 саруудад лавлагаагаар авч хууль хяналтын байгууллагад нотлох баримтаар өгч байсан. Гуравдагч этгээд Б.С*******-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон тушаалыг устгажээ.

Нэхэмжлэгч Н.Н***********-ыг ажилд томилсон тушаал нь 2 өөр. 2023 оны бүртгэлд тушаалын он, сар, өдрийг зассан байгаа нь хариуцагч М.Б*******  албаны байдлаа ашиглаж дуртай цагтаа өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гарган төрийн байгууллагуудад зөрүүтэй нотлох баримт гарган өгч төөрөгдүүлэн өөрийн хууль бус үйлдлийг хаацайлж, өөртөө ашигтай байдал бий болгодог болохыг харуулж байна.

Иймд М.Б******* ын гаргасан гуравдагч Б.С*******-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус тооцож, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгон 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Н***********-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа Н.Н***********-ын нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: У******* сумын Тамгын газарт мал аж ахуй үйлдвэрийн төлөвлөлт, менежмент малын бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр Н.Н***********-ыг манай дөнгөж сургууль төгсөөд ирэнгүүт нь түр томилон ажиллуулж байсан бөгөөд тухайн албан тушаал дээрээ төрийн албаны шалгалт өгөх ёстой шүү төрийн албаны шалгалт өгөөрэй гэж хэлж л байсан. У******* сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрийн төлөвлөлт менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг олон удаа зарлуулсан боловч шалгалтад орсон хүмүүс нь тэнцэхгүй байсан тул би 2025 оны 01 дүгээр сард Х*******  аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уг ажлын байрыг зарлуулах захиалга өгсөн. Ингэснээр Төрийн албаны салбар зөвлөлд уг захиалгыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд тавьсан байсан. Тухайн зард ... Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн, төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна гээд бүрдүүлэх материалыг зааж, материалаа 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 00 минут хүртэл ирүүлэх гэсэн зар тавьсан байсан

Учир нь Төрийн албаны зөвлөлд дээрх сул ажлын байрны захиалгаа өгч, Төрийн албаны зөвлөлөөс сул ажлын байрыг зарлахаас өмнө заавал сэлгэн болон шилжүүлэн ажиллах зарыг төрийн албан хаагчдад зориулан гаргадаг бөгөөд эндээс хүн гарч ирэхгүй бол нийтэд зарладаг хуультай.

Ингээд энэ зард заасан хугацаанд Р***********  сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Б.С*********** нь У******* суманд шилжин ажиллах хүсэлтээ манайд ирүүлсэн, би хүсэлтийг нь Мал эмнэлгийн газарт цахимаар хүргүүлсэн, ингээд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Х*******  аймгийн Мал эмнэлгийн газраас Б.С*******-ийг шилжүүлэх тухай" гэсэн Б/08 тоот тушаал ирсэн тул захиалгаа цуцлуулж, Б.С*******-ийг ажилд томилох тухай 2025 оны 02 сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаал гаргасан. Ингэхдээ Б.С*******-ийг тус сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс томилсон. Учир нь тус албан тушаалд ажиллаж байсан Н.Н*********** нь би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлаа цэгцэлье гээд мөн Б.С*********** ч гэсэн Р***********  орж ажлаа хүлээлгэн өгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллах хүсэлтээ гаргацгааж байсан Н.Н***********-ын хувьд төрийн албаны шалгалтад орсон боловч тэнцээгүй учраас би Тамгын даргын хувьд Х*******  аймгийн салбар зөвлөлд захиалга өгсөн. Төрийн алба ингэж л явах учиртай, уг албан тушаалд Н.Н***********-ыг түр томилон ажиллуулсан, энэ хугацаандаа уг ажлын байран дээрээ төрийн албаны шалгалтдаа тэнцсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан боловч Н.Н*********** нь шалгалтдаа тэнцээгүй, тэгээд ч Н.Н***********-ыг хэзээ шалгалтад тэнцэх юм тэр хүртэл уг албан тушаалыг зарлуулахгүй хадгалж байх боломжгүй, байн байн төрийн албанаас шалгалт хийж түр хүн ажиллуулж байгаа албан тушаал байвал захиалгаа өг сэлгэн болон шилжүүлэн ажиллах захиалгаа өг шилжин болон сэлгэн ажиллах хүн гарч ирэхгүй бол нийтэд зарлуулахыг шахаж шаардаж байдаг.

Ийм учраас Н.Н***********-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2 Хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*******  нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа М.Б******* ын гаргасан 2025 оны 02 дугаар сарыг 14-ний өдрийн Б/08, 09 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх Сарангэрэлийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бусад тооцуулах гэжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагаас харахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тамгын газрын даргын Б/08 Б/09 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах гээд байна уу, эсхүл илт хууль бусад тооцуулах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүйгээс гадна тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа, хэрхэн сэргээлгэх нь ойлгомжгүйгээс гадна Б.С*******-ийг томилсон Б/09 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцуулах гэснээс үзэхэд У******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарыг 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцох, Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож дараах тайлбарыг гаргаж байна.

1.Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарыг 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагын хувьд; Хэрвээ уг Б/08 тоот захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар маргаан бүхий актынхаа талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад урьдчилан шийдвэрлүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцох шаардлагын тухайд, Тус сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн-ий албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Н***********-ын ажлын байрыг Төрийн албаны зөвлөлийн Х*******  аймаг дахь салбар зөвлөлөөс зарласны дагуу Р***********  суманд тархвар зүйчээр ажиллаж байсан Б.С*********** хууль журмын дагуу шилжин ажиллах хүсэлтээ ирүүлж томилогдсон болно. Миний гаргасан Б/09 тушаал нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсугай гэж гарсан нь хэн нэгний хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй, уг томилж чөлөөлөх ажиллагаа нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн мал эмнэлгийн газрын даргын шилжүүлсэн тушаал ирсэн өдрөөс эхэлж нэхэмжлэгч Н.Н***********-ын бичиг баримтаа цэгцлэх хугацаа өг гэсэн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр биш, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажил хүлээлцэхээр шийдвэрлэж уг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Н***********-ыг чөлөөлж, Б.С*******-ийг томилж ажил хүлээлцэх ажлын хэсэг ажлыг нь хүлээлцсэнээр бүрэн албажиж дууссан болно. Б.С******* мэргэжил нь тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангаагүй гэж маргаж байна тэгвэл тухайн ажлын байрны. тодорхойлолт, Төрийн албаны зөвлөлөөс тавьсан зар дээр байгаа малын эмнэл зүй мэргэжил нь таарч байгаа болно.

Мөн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаагүй эрүүгийн хэргийн улмаас гэрч хохирогчийн хамгаалалтад ороогүй байх гэсэн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 44-р зүйлийн 44.1-д тухайн ажилтан зөвшөөрөөгүй байхад зөвхөн удирдлагын санаачилгаар удирдлагын хооронд тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох зохицуулалт нь Б.С******* томилгоонд хамаарахгүй заалт юм.

Тухайн ажлын байр нь 2019 онд Б.Н*******  гэдэг мэргэжилтэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 6-н жилийн хугацаанд нөхөгдөөгүй. аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 10 гаруй удаа шилжүүлэх, сэлгэн ажиллуулах болон тусгай шалгалтыг зарласан боловч нөхөгдөөгүй өдийг хүрсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын тайлбар хэсэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх гэсэн нь албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг хангаж байгаа гэж үзсэн болно.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Сум дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэсэн заалт нь тухайн томилгоонд хамааралгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн нөхөр улсын байцаагч Ц.Э***********-ээр яг энэ хуулийн зүйл заалтаар намайг буруутгаж байсныг шүүх мэдэж байгаа байх тэгээд ч Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байхад Төрийн албаны зөвлөлийн Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах зар нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн цахим сайтад тавигдсан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70-р тогтоолын 3-р хавсралтад заасан ажлын байрны тодорхойлолт нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс албажиж мөрдөж эхэлж байгаа зэргээс харахад дээрх тогтоолыг гарахаас өмнө зар тавигдсан аливаа хууль журам эргэж үйлчлэхгүй дээрх томилгоонд хамааралгүй болно Мөн Төрийн албаны тухай хууль, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалын хавсралт Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ыг үндэслэл болгон уг томилгоо хийгдсэн юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгчийг хэдний хугацааны хэдэн төгрөгийн цалин хэдэн төгрөг гэж нэхэж байгаа нь ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаагаас гадна Л.С гэх хүн нь У******* суманд ирж сумын Засаг даргыг улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй хүндээ арга хэмжээ ав эрх бүхий улсын байцаагчийн шаардлага гараад байхад биелүүлсэнгүй. Одоо Б.С*********** декрит авсан юм чинь Н.Н***********-ыг томил гэж үүрэг өглөө гэж шахалт үзүүлснээр би Засаг даргын ажлын албаны даргын хувьд 2025 оны 7 дугаар сард Б.С******* оронд Н.Н***********-ыг түр томилсон байгаа болно.

Ажлын байрны сул орон тоог зарлуулах гэсэн шаардлагын хувьд: Төрийн байгууллагууд сул орон тоог хэрхэн яаж нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 26,27 зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолд заасныг үндэслэн томилгоо хийгдсэн. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.3. Хариуцагч Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Н.Н*********** сул орон тоон дээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэгээд энэ эрх бүхий байгууллагаас сул орон тоог Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлаж нөхөж томилгоо хийдэг. Төрийн захиргааны албан тушаалууд ерөнхийдөө 2 зүйлээр нөхөгддөг. Адил шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагчдаас шилжин болон сэлгэн ажиллуулж болно. Энийг төрийн албаны салбар зөвлөлөөс тавигдсан зарын дагуу явагдана. Ингэж нөхөгдөөгүй бол төрийн тусгай шалгалт зарлагдана. Энэ ажлын байр олон жил сул байсан. Ингээд Н.Н*********** өөрөө ч түр гэдгээ мэдэж байгаа. Өөрөө тусгай шалгалтад нэг удаа орох гэж оролдоод чадаагүй. Нэг удаа нь орсон боловч босго оноогоо давж чадаагүй. Ингээд ээлжит зар 01 дүгээр сарын 22-ны өдөр тавигдсаны дагуу анх удаа яг хуулийн хүрээнд Р***********  сумд тархвар зүйчээр ажиллаж байсан Б.С******* хүсэлт ирсэн. Энэ хугацаанд ирсэн материал шаардлагыг хянаж үзэхэд бүрэн байсан. Шаардлага хангасан байсан. Тэгээд 27-ны өдөр Мал эмнэлгийн газарт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ манайх явуулсан. Ингээд энэ процесс явагдаж эхэлсний дагуу 02 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор шилжүүлсэн тушаал нь ирсэн. Энэ тушаал ирсэн учраас нөхөх томилгоо хийж байгаа тул Н.Н***********-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тийм учраас Б/08 дугаар тушаал гарсан. Энэ нь Н.Н***********-т өртсөн зүйл байхгүй. Сонсох ажиллагаа байхгүй. Яагаад гэвэл энэ хүн угаасаа мэдэж байгаа. Бүх нийтэд зарлагдаж байгаа орон тоон дээр шаардлага хангасан хэн ч шилжиж ирэх боломжтой. Шилжиж ирээгүй нөхцөлд дахиад тусгай шалгалтын зар тавигдана. Тэгэхээр ийм хүнийг энд томилж нөхөх томилгоо хийсэн тул манайх тусгай шалгалт зарлуулахгүй гэж Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдэнэ. Төрийн албаны зөвлөл энийг бас хянадаг. Ингээд хууль дүрмийн хүрээнд явагдсан гээд манайх тусгай шалгалтын зарыг цуцалсан. Ийм учраас Н.Н***********-ыг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энд ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа. Ингээд алдаа хүлээлцсэн.

Б/09 тоот тушаалыг түрүүн манай өмгөөлөгч хэлсэн. Энэ нь яг л хууль дүрмийн хүрээнд хийгдээд томилогдоод 14-ний өдрөөс халагдаж байгаад 14-нд ажлаа хүлээлцээд, энэ ажиллагаа дууссан. Ийм л зүйл.

Шилжүүлэн томилохдоо хууль зөрчиж хийсэн, журам зөрчсөн гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Энэ журам зөрчигдөөгүй, хуулийн хүрээнд явагдсан. 44.1-д төрийн жинхэнэ албан хаагч шилжин ажиллах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд явагдсан. Тийм учраас энэ томилгоог 10-аас дээшгүй жил ажилласан бол өөрөөс нь асуухгүйгээр шилжин томилгоо хийгддэг заалт Б.Сарангэрэлд хамаарахгүй. Б.С******* томилгоонд хамаарахгүй заалтаар гомдол гаргаж байгаа. Тийм учраас Б/09 дүгээр тушаал хууль зүйн үндэстэй.

Цалин, нөхөн олговрыг зөвшөөрөхгүй байгаа. Нэгэнт хуулийн хүрээнд томилогдож, төрийн жинхэнэ албан хаагч болоогүй, түр томилгоотой, түр ажиллаж байгаад эрх бүхий байгууллагын тавигдсан зар шийдвэрийн хүрээнд нөхөх томилгоо хийгдээд чөлөөлөгдсөн үед ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөр олгоно гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Б.С*********** амаржсан учраас түр орон тоонд Н.Н***********-ыг ажиллуулаад ажилтай байлгаж байгаа. Малын генетик нөөцийн тухай хуулийн 16.6 дахь заалтыг зөрчсөн гээд байгаа. Энэ болбол тийм биш ээ. Тамгын газар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан Засгийн газраас тогтоосон бүтэц орон тоон дээр л томилгоо хийдэг. Малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн гэдэг мал аж ахуйн мэргэшсэн орон тоон дээр томилгоо хийсэн. Ажлын байрны тодорхойлолт бас л тийм байсан. Мэргэжлийн хүрээнд шаардлага хангасан хүн томилсон. 70 дугаар тогтоол тухайн үед гараагүй байсан. Албажаагүй байсан. Хэрвээ 70 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн бол Төрийн албаны зөвлөл нөхөн томилгоог хүчингүйд тооцох бүрэн эрх нь байгаа. Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт дээр зөрчсөн гэдэг үндэслэл байхгүй. Бид нарт яриагүй, ирээгүй зүйлийг би зөрчих боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй оролцож байна гэв.

4.4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдуулаад хэлэхэд хариуцагчийг У******* сумын Засаг даргын Тамгын газар гэж хэлэхгүй байна л даа. М.Б******* , М.Б******* ын тушаал гэж яриад байгаа. Тэгэхээр М.Б*******  гэдэг хүн иргэний хувиар тушаал гаргаагүй. Тамгын газрын даргын эрх хэмжээний хүрээнд тушаалаа гаргасан. М.Б*******  хариуцагч нь юм уу, Тамгын газрын дарга нь хариуцагч нь юм уу? Ойлгомжгүй байдалд хүрч байна.

Хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд ярихад 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тэгэхээр Б/08 тоот Н.Н***********-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий актыг урьдчилж шийдвэрлүүлэх ёстой. Тийм учраас 30 хоногийн хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэх байгууллагад нь хандаагүй. Нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан гэж байна. Хамгийн наад хугацаа нь 07 сард нэхэмжлэл өгсөн гээд тооцоход 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш бүтэн 4, 5 сар өнгөрч байхад 30 хоногийн дотор урьдчилж шийдвэрлүүлэх шаардлагаа биелүүлээгүй. Дээд шатны хянан шийдвэрлэх ёстой байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд бөгөөд өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байгаа бол Төрийн албаны зөвлөлд хандах ёстой. Энэ урьдчилж шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ гэж үзэж байна. Илт хууль бусад тооцуулах 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09, нөгөөдөх нь 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/09 тоот томилсон тушаалыг яг ямар үндэслэлээр илт хууль бусад тооцуулах гээд байгаа юм бэ? Энэ үндэслэлээ тайлбарласангүй. Тийм учраас энэ үндэслэлүүдийг нь ойлгохгүй байна. Яагаад илт хууль бусад тооцуулах гээд байгаа юм. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон Б/09, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хариуцагч зөвшөөрөөд байгаа. 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон чинь Н.Н*********** ажлаа 5 дахь өдөр хүлээлгэж өгье, хүлээж бай, ажлаа цэгцэлье гэхэд Б.С*********** нь мөн Р***********  сум явж ажлаа хүлээлцээд ирье гэсэн учраас 02 дугаар сарын 14-ний өдрөөс гээд гараараа засаж өгөөд энэхүү тушаалыг устгаарай гэсэн чинь устгаагүй байгаа учраас хууль бус гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Тиймээс 02 дугаар сарын 14-ний өдрийн томилсон тушаал хүчинтэй, хууль ёсны гэдгийг тайлбарлаад байгаа. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Б/08 тушаал гаргахдаа Б/09 тушаалыг дахиад Б/08 тоот тушаалтайгаа оруулаад гарын үсэг зуруулахад анзааралгүй зурсан байна аа. Энэ бол миний хариуцлагагүй, бичиг хэргийн хариуцлагагүй үйлдэл учраас энийг хууль бус гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас энэ тушаалуудыг хууль бусад тооцох боломжтой гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаа гэв.

Тав. Гуравдагч этгээдийн тайлбар.

5.1 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Х******* нь гуравдагч этгээд Б.С******* хүсэлтийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Гуравдагч этгээд Б.С*********** нь Х*******  аймгийн Р***********  сумын мал эмнэлэгт ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн Х*******  аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х*******  аймгийн У******* сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжин ажиллах зал нийтлэгдсэний дагуу хүсэлтээ өгч, холбогдох болзол шаардлагыг хангаж байсан учраас Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаалаар дээрх орон тоонд томилогдон ажиллаж эхэлсэн.

Б.С******* эрхэлж буй ажлын байр нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэхийн тулд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгсөн байхыг хуулиар шаарддаг. Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны ерөнхий шалгалтыг өгсөн хэдий ч тусгай шалгалт өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын Б.С*******-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргаж, үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тодорхойлжээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсвэл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно.

Гуравдагч этгээд Б.С******* томилогдсон албан тушаалд ажиллаж байсан албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул 2020.05.28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. (1-р хх-ийн 206-р тал) Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно гэж тодорхойлсон байна. Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарснаас тухайн албан тушаалын орон тоо суларсан учраас уг албан тушаалыг хуульд заасан болзол журмын дагуу нөхөх шаардлага үүссэн байна.

Тодруулбал тухайн сул орон тоог зохих журмын дагуу нөхөх шаардлага үүссэн тул тухайн тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл байсан гэж ойлгохоор байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5.3 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний Б/08 дугаартай Н.Н***********-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбараа хэлье ээ.

Н.Н***********-ыг Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуй, үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар томилж, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Н.Н***********-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ ажил олгогч нь ажлын байрны сул орон тоо нь зарлагдан шилжүүлэн томилгоо хийгдсэн буюу сул орон тоо нь нөхөгдсөн гэдэг үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалыг 4 ангилсан байдаг. Мөн хуулийн 10.3-д энэ хуулийн 10.1.2, 10.1.3-д заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж тодорхойлсон байна. Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байх тул төрийн жинхэнэ албан тушаал юм аа. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг, 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг тус тус зохицуулж өгсөн байдаг. 42.1-д хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчдад тохиролцсоны дагуу албан үүргийнхээ зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасан.

43 дугаар зүйлийн 43.3.3-д албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх, 43.3.4-д жирэмсний болон амаржсаны амралттай хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх гэж тус тус заасан байгаа. Гэтэл Н.Н*********** нь уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаагүй. Мөн төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй байдаг. Үүнээс харах юм Н.Н***********-ыг анх томилсон томилгоо маань Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн маань зорилго байгаа. 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдэд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж байгаа. 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдэд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно оо гэж тус тус заасан. Үүнээс харахад нэхэмжлэл гаргаж буй хүний буюу нэхэмжлэгчийн хамгаалуулахаар шаардаж буй эрх нь гагцхүү түүнд өөрт нь хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдэл буюу боломж байдаг. Гэтэл дээрх албан тушаал нь зөвхөн Н.Н***********-т олгогдсон эрх мэдэл, боломж биш юм. Тодруулбал, түүний субьектив эрх Б/08 гээд ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаснаар зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. Иймээс төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тооны ажил, үүргийг түр орлон гүйцэтгэх боломж нь зөвхөн Н.Н***********-т үүсээгүй. Ажил олгогч буюу Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн түр орлон гүйцэтгэгчийг томилох, өөрчлөх сул орон тоо нөхөгдсөн тохиолдолд түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх эрхтэй байна. Тодруулах юм бол Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрөө өөрийнхөө Н.Н***********-ыг хууль бусаар томилсон томилгоогоо залруулан зөвтгөх эрхтэй гэсэн үг. Иймд нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаартай Н.Н***********-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

2 дугаарт нэхэмжлэгч Н.Н*********** тухайн албан тушаал дээр хууль ёсны дагуу ажиллаагүй. Түүнийг ажлаас чөлөөлсөн эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэлтэй байгаа учраас Б.С*******-ийг ажилд томилж байгаа тушаал нь түүний эрх ашгийг хөндөж байна гэж үзэх боломжгүй байна. Гуравдагч этгээд Б.С*********** нь Төрийн албаны зөвлөлийн цахим хаягт 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байршуулсан шилжүүлэн ажиллах ажлын байрны зард материалаа өгч холбогдох хууль журмын дагуу Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар шилжүүлэн томилогдон ажилласан. Б.С******* тухайд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрийн албаны тусгай шалгалтыг тус тус өгч тэнцсэн байдаг. Тэнцсэнээрээ төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах болзол шаардлагыг хангасан.

Харин шилжүүлэн томилогдох процессын тухайд тайлбар хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас тухайн орон тоог нөхөхөөр заасан байдагтай нийцэж байна. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс сул орон тоог зарлахгүйгээр шууд шилжүүлэх ажлын байр зарласан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна аа гэж тайлбарлаад байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т энэ эрхийг нь хуульчлаад өгчихсөн учраас тэрийг зөрчиж байна гэж үзэх боломжгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Б.С*******-ийг томилсон тушаалыг илт хууль бус болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаартай зөвшөөрөл олгох тухай тогтоол батлагдсаны дараа Б.С*******-ийг ажилд томилсон нь буруу байна гэж маргадаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг Төрийн албаны төв байгууллага батална, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 3.1-д албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянаж зөвшөөрөл олгох, батлах гэсэн 3 үе шаттайгаар боловсруулна гэж заасан. Мөн 5.1-д албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж албан тушаал тус бүрээр батална гэж тус тус заасан. Хэдийгээр зөвшөөрөл олгох үе шат нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэрэгжсэн хэдий ч батлах үе шат нь Б.С*******-ийг томилох үед хэрэгжээгүй байсан учраас дээрх тогтоолоор зөвшөөрөл олгосон албан тушаалын тодорхойлолтоо боловсруулсан гэж үзэхгүй. Тодруулбал, хэрэгт дээрх зөвшөөрөл олгох тухай 70 дугаар тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас аймгийн Засаг даргад 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр, Х*******  аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/87 дугаартай тушаалаар албан тушаалын тодорхойлолтыг баталсан байдаг. Үүнээс харахад Б.С*******-ийг ажилд томилогдох үед буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний 70 дугаартай тогтоолоор зөвшөөрөл олгосон албан тушаалын тодорхойлолт хэрэгжүүлж эхлээгүй байсан гэж үзэж байна. Мөн дээрх 70 дугаар тогтоолын 4 дэх заалтад энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх арга хэмжээ авахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зөвлөсүгэй гэсэн байх ба үүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль ёсны эрх ашгийг хөндөж, эрх зүйн байдлыг нь дордуулах нөхцөл байдал болно. Ийм учраас Б.С*******-ийг томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхлэхээр томилсон тушаал нь илт хууль бус байх боломжгүй, хуульд нийцсэн тушаал байна гэсэн тайлбарыг өгч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс ... 2024 оны 07 дугаар сараас хойш хариуцагч нь миний эрхэлж байсан албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй байсаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлөхдөө энэ тухай надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй ... гуравдагч этгээдийн томилгоо нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн ... гэж,

            хариуцагчаас ... маргаан бүхий мэргэжилтний ажлын байрыг олон удаа зарлуулсан боловч шалгалтад орсон хүмүүс нь тэнцэхгүй байсан тул би 2025 оны 01 дүгээр сард Х*******  аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уг ажлын байрыг зарлуулах захиалга өгч, уг захиалгыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд тавьсан байсан. Тухайн зард Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн, төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна гэсэн Зард заасан хугацаанд Р***********  сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Б.С*********** нь У******* суманд шилжин ажиллах хүсэлтээ манайд ирүүлсэн, би хүсэлтийг нь Х*******  аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлж, тус газраас шилжүүлэх тушаал ирсэн тул захиалгаа цуцлуулж, Б.С*******-ийг ажилд томилсон гэж тус тус маргажээ.

3.  Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Маргаан бүхий акт болох Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх заалт болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дугаар тушаалын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ.

3.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар тушаалын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-аар тус тус зохицуулсан байна.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлээр 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно, 44.3-д Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, 44.7-д Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна гэж тус тус заажээ.

3.4. Дээрх хуулийн зохицуулалт нь хоёр урьдчилсан нөхцөлийг агуулж байх бөгөөд уг зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, албан ажлын зайлшгүй шаардлага тогтоогдоогүй, мөн нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

3.5. Тодруулбал, гуравдагч этгээдийн тухайд Х*******  аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал) аймгийн Мал эмнэлгийн газрын Ренчинлхүмбэ сумын мал эмнэлгийн тасгийн тархварзүйчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тусгай шалгалт өгч 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар томилж, тус газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/31 тоот тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал) дээрх албан тушаалд жинхлэн томилсон байх бөгөөд үүнээс хугацааг тооцож үзвэл томилогдоод 10-аас дээш жил болоогүй байна.

3.6. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын тайлбар хэсэгт Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж заасан байх бөгөөд уг нөхцөл бүрдсэн талаар хариуцагчаас тайлбарлаагүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй болно.

3.7. Нэгэнт хуулийн урьдчилсан нөхцлүүд бүрдээгүй байхад гуравдагч этгээдийг шилжүүлэн томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гуравдагч этгээд зөвшөөрсөн эсэх, гуравдагч этгээд нь тус албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсон эсэх нь маргааны үйл баримтад шууд ач холбогдолгүй.

4.  Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Хариуцагч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр энэ хүнийг томилсон гэж байна. Тэгэхээр тухайн захиргааны акт анхнаасаа гарах хууль зүйн шаардлага байгаагүй гэж тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн маргажээ.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан.

4.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмын агуулга нь хууль тогтоох үйл ажиллагаа Үндсэн хуулийн зохицуулалтад, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа Үндсэн хууль болон хуулийн хүрээнд байхыг илэрхийлэх бөгөөд үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болгон хуульчилсан. Захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх, тэрхүү үндэслэл нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг ойлгодог бөгөөд хэрэв уг зарчим зөрчигдвөл мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусд тооцогддог.

4.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь заалтуудыг үндэслэсэн буюу төрийн албан хаагчийг шилжүүлэн томилох зохицуулалтын дагуу гуравдагч этгээдийг шилжүүлэн томилсон байх тул уг тушаалууд нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

4.5. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн маргаж буй Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тоот 2 тушаал болон мөн газрын даргын 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаалууд нь утга агуулга болон хуулийн зүйл заалтууд нь ижил бөгөөд хэзээнээс эхлэн томилж байгаагаараа ялгаатай буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс болон 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс гуравдагч этгээдийг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилж байгаагаараа ялгаатай байна.

4.6. Түүнчлэн шүүхээс У******* сумын Засаг даргын тамгын газарт бичиг баримтын үзлэг хийхэд нэхэмжлэгчийн маргаж буй Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаалууд архивт байхгүй, тушаалын бүртгэлд бүртгэгдээгүй (2 дугаар хавтаст хэргийн 31-33 дугаар тал) бөгөөд хариуцагчаас энэ талаар тайлбарлахдаа: ... 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсон чинь Н.Н*********** ажлаа 5 дахь өдөр хүлээлгэж өгье, хүлээж бай, ажлаа цэгцэлье гэхэд Б.С*********** нь мөн Р***********  сум явж ажлаа хүлээлцээд ирье гэсэн учраас 02 дугаар сарын 14-ний өдрөөс гээд гараараа засаж өгөөд энэхүү тушаалыг устгаарай гэсэн чинь устгаагүй гэсэн болно.

4.7. Өөрөөр хэлбэл, дээрх тушаалууд нь хэдийгээр архивын хадгаламжийн нэгжид хадгалагдаагүй, тушаалын бүртгэлд бүртгэгдээгүй ч нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 тоот тушаал хүчингүй болсон нөхцөлд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дээрх тушаалууд хүчин төгөлдөр үлдэх боломжтой гэсэн, мөн хариуцагчаас уг тушаалуудыг хүчингүй болгохтой холбоотой аливаа шийдвэр гаргаагүй байх тул шүүх уг тушаалуудыг захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэн дүгнэсэн.

5.  Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1. Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 тоот тушаалаар (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал) нэхэмжлэгчийг Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байна.

5.2. Улмаар Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас) нэхэмжлэгчийг ажлын байрны сул орон тоо нь зарлагдан шилжүүлэн томилгоо хийгдсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

5.3. Тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг тус тус үндэслэсэн байна.

5.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах талаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д тус тус заажээ.

5.5. Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

6.  Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7 дахь заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийг албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалт, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх зохицуулалт-уудыг тус тус үндэслэжээ.

7.  Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно, 42.1.7-д Албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, 43.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ, 43.3.4-д Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх гэж тус тус заажээ.

8.  Нэхэмжлэгчийн хувьд дээрх албан тушаалд томилогдсний дараа төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан Дөнгөж сургууль төгссөн хүүхдэд шалгалт өгөх боломж бүрдээгүй байсан. 2024 оны 11 сард шалгалт өгч тэнцээд зөрчил нь арилсан гэх тайлбар болон Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/1475 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар тал)-ээр тус тус тогтоогдож байна.

9.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд анх томилогдохдоо төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөөгүй буюу төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцөд бүртгэгдээгүй байхад уг албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4-д нийцээгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж томилогдоогүй болох Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/1475 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

10.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан.

11.   Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй бөгөөд тухайн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх нь хууль ёсоор үүссэн байх учиртай.

12.   Гэтэл нэхэмжлэгчийг анх тус албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг зөрчсөн байна.

13.   Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тайлбарлаж буй хөдөлмөрлөх эрх нь хууль ёсоор үүсээгүй байх тул шүүх уг эрхийг хамгаалахгүй, маргаан бүхий тушаалуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

14.   Мөн нэхэмжлэгч нь одоо маргаж буй албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа болох нь Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 тоот тушаалаар (2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар тал) тогтоогдож байна.

15.   Түүнчлэн хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн Х*******  аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 13/72 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 205-250 дугаар тал) болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 2023 онд нэг зарлагдахад цэргийн алба хаагаагүй гээд орж чадаагүй. 2024 онд зарлагдахад ороод тэнцээгүй гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч нь тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан, нэхэмжлэгч нь тус албан тушаалд түр томилогдсноос хойш 2 удаагийн төрийн албаны тусгай шалгалтанд оролцохоор бүртгүүлж тэнцээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

16.   Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд

16.1. Шүүх нэгэнт нэхэмжлэгчийн маргаж буй тушаалууд болох Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалууд болон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаал нь тус тус нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй гэж дүгнэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

17.   Дүгнэвэл, хэдийгээр гуравдагч этгээдийг У******* сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажилд шилжүүлэн томилсон тушаал нь хууль зөрчсөн байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хөндөөгүй буюу нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж томилогдсон, түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн бөгөөд энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.3.4, 43.6, 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-д заасныг баримтлан Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Х*******  аймгийн У******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б******* ын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.С*******-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч Н.Н***********-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР