| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/04562/И |
| Дугаар | 191/ШШ2025/01664 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/01664
2025 02 24 191/ШШ2025/01664
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: Б*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Япон улсын иргэн Такаока Ёшисүкэ /гадаад паспортын дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******,,, тоот хаягт оршин суух Цэдэндамбын /РД: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, Б*******, 16-р хороо, 16-р хороолол, 13321, Да хүрээ гудамж,*******,******* тоот, 64,39 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-22040402452 дугаартай орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Япон улсын иргэн Такаока Ёшисүкэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч: Такаока Ёшисүкэ (нөхөр ). Иргэншил: Япон. Коочи мужаас гаралтай. 20-иод насны үедээ гадаа хээр хонох, бусдын машинд үнэгүй дайгдах байдлаар дэлхийн 83 улс орныг 4 жил 4 сарын хугацаанд тойрсон.
Америкийн их сургуульд 4 жил суралцсан. Шөнө нь таксины жолооч хийдэг байв. Их сургууль төгссөний дараа Токио хот дахь гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагад 15 жил ажилласан.
Тэр хоорондоо Ази тив дэх улс орнуудын бага ангийн сурагчдын хамтын ажиллагаа, туслах дэмжих зорилгоор Төрийн бус байгууллага байгуулав. Энэхүү цалин хөлсгүй, нийгмийн сайн сайхны төлөөх ажил маань 32 жил үргэлжилсэн. Монгол улс дахь сайн дурын үйл ажиллагаа маань 2019 онд дууссан боловч нийт 19 жилийн хугацаанд буяны, сайн дурын үйл ажиллагаа явуулсан байна.
Хариуцагчтай тэр үед танилцаж байв. Хариуцагч *******, (эхнэр). Иргэншил: Монгол. Улиастай хотоос гаралтай. Улиастай хотын Хөгжмийн дээд сургуульд үндэсний хөгжмийн зэмсгээр суралцаж, төгссөнийхөө дараа Баянзүрх дүүргийн 33-р сургуульд хэдэн жил багшаар ажиллаж байсан.
Япон улсад хөгжмийн хамтлагаар ажиллаж байсан туршлага мөн байдаг. Нэхэмжлэгчийн дээр дурдсан хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагааны явцад "Хүүхдэд зориулсан зурагтай номын сан"-д найзтайгаа хамт зочлон ирэх үедээ нэхэмжлэгчтэй танилцсан. Түүнээс хойш, үйл ажиллагааны менежер байдлаар Нэхэмжлэгчтэй хамт ажиллах болсон. Одоогоор Баянзүрх дүүргийн 44-р сургуульд англи хэлний багшаар ажилладаг.
(1). Гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэл:
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2011 оны 05 сарын 10-ны өдөр Япон улсад гэрлэлтээ бүртгүүлсэн. Хариуцагч нь Япон улсын "Иргэний эрүүл мэндийн даатгал"-д зайлшгүй хамрагдах шаардлагатай байсан /Баримт-#1/. 2011 оны 06 сарын 10-ны өдөр Япон улс дахь Монгол Улсын элчин сайдын яаманд гэрлэлтээ бүртгүүлсэн /Баримт-#4, #5/.
Бидний бодитоор хамтран амьдарсан хугацаа бол ердөө 8-хан жил байдаг. Хариуцагч болон түүний охин нар нь өндөр настай, өвчтэй ээжийнхээ гэрт амьдарч байсан боловч, 2022 оны зун хүртэл, Монголд бид хамт гарах, эвтэй найртайгаар эмнэлэг рүү хамт явж байсан хэдий ч, хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрт нэг ч удаа буцаж ирээгүй.
Нэхэмжлэгчийн гэр, хариуцагч болон түүний охины хамт байлгаж байсан ээжийнх нь гэр, хариуцагчийн ажлын газар 3-ын байршил нь гурвалжин хэлбэртэй гурван өөр өөр газар. Шулуун зайгаар бол ердөө 300-хан метр зайтай боловч хариуцагч нь 2019 оны 02-р сард манай гэрээс яваад өнөөдрийг хүртэл өмнө нь хамт амьдарч байсан нэхэмжлэгчийн гэрт нэг ч удаа буцаж ирээгүй.
Ингэж тусдаа амьдраад 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Бодит байдал дээр бидний гэрлэлт дуусгавар болсонтой адил нөхцөл байдалд хүрчээ.
Охин овогтой /2007 оны 06 сарын 14-ны өдөр төрсөн/-ийн тухайд:
Ү. нь хариуцагчийн дагавар хүүхэд билээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрлэснээр 4 настайгаасаа хойш хамт амьдарч эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын салалтын дараа, түүний шинэ эцэг нь хүүхдэд холбогдох бүх үүрэг хариуцлагыг хүлээх болно.
Өөрөөр хэлбэл, охин Ү.гийн асран хамгаалалт, эцэг, эх байх эрхийн тухайд ямар нэгэн маргаан байхгүй болно. Хариуцагчтай гэрлэх буюу шинэ эцэг нь /Ү. нь 2024 оны 06-р сарын 14-ний өдрөөр 17 нас хүрнэ/ түүнийг асран хамгаалах ёстой гэж бодож байна.
Гэрлэлт цуцалсаны дараа нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэгч нь Ү. охиныг бага ангид орох үед 100 хувь мөнгийг нь гаргаж, түүнд зориулж "боловсролын хадгаламж" нээж өгч байв. Охин ирээдүйд их сургуульд орж, оюутан болох үед бараг 20,000,000 төгрөг болох байх.
Мөн нэхэмжлэгч нь охиныг 1-р ангид элсэн орсон үеэс эхлэн 2024 оны 03 сар хүртэл сар бүр хэрэглээний мөнгө, зардлыг төлж ирсэн. Анги дэвшин суралцах шинэ улирал тутамд өгдөг байсан мөнгөний хэмжээг ч нэмэгдүүлж байв. Саяхныг хүртэл сар бүрийн мөнгөний хэмжээ 100,000 төгрөг болсон байсан. 2024 оны 04-р сараас эхлэн ийнхүү зардал мөнгө шилжүүлдэг байснаа зогсоосон.
Учир нь хариуцагч нь охины хамт нэхэмжлэгчийн гэрч буцаж ирэхээ бүр мөсөн больсон юм байна гэж үзсэн болно.
Гэрлэлт цуцлуулах шалтгаан (А), (В), (С)-ны тухайд:
(А) 2019 оны 02 сар дуустал бид аз жаргалтай гэр бүл байв /Баримт-#3/. 2019 оны 01 сарын сүүлээр нэхэмжлэгч, хариуцагч болон түүний охин бид нар Япон улс руу 12 хоногийн аялалд явсан. Энэ хооронд хариуцагчийн төрсөн ах /эзгүй хойгуур ус, цахилгааны осол гарахаас сэргийлж гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн байсан/ нь манай гэрийн хананд өлгөөстэй байсан олон жаазтай зургууд дундаас зөвхөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын авахуулсан гэр бүлийн зургуудыг хариуцагчийн хэлсний дагуу 12 ширхэг зургийг салган авч, нуусан байсан.
Тэдгээр зураг нь Хонконг, Япон, Америк улсад аяласан гэр бүлийн аялалын дурсамж дүүрэн зургууд байсан юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийг дагуулж нийт 5 удаа Япон улс руу явсан байдаг /Түүний дотор 2 удаагийн явалт нь эмчилгээ хийлгэх зорилготой байсан/ Япон улсад байсан бол хэзээ ч болохооргүй, тохиолдохооргүй явдал байсан тул нэхэмжлэгчийн хувьд маш том соёлын шоконд орсон.
Хувь хүний орон зайд халдахгүй, бусдад саад төвөг болохгүй нийгмээрээ хамтран аж төрөх ёс хийгээд нөгөө талд зөвхөн өөрийн болон гэр бүл гэсэн цусан төрлийн холбоо харилцааг бусдаад нэн тэргүүнд тавих хандлагын том ялгаа гарсан юм болов уу.
Дээрх үйл явдалд нэхэмжлэгчийн хувьд асар их бухимдсан бөгөөд "Японд дурсамжтай сайхан аялаж байх хооронд Монгол дахь гэрт нь нэхэмжлэгчийн итгэлийг алдсан, үнэнч бус явдал гаргасан нь үнэхээр хүнлэг бус явдал болсон. Түүнчлэн, ердөө 12- хон өдрийн тус аялалд зориулж 25 сая төгрөг хүртэл зарцуулж сэтгэл гаргаж байхад урам хугалсан явдал болсон".
Ийнхүү хариуцагч болон түүний охин нар хамт амьдарч байсан нэхэмжлэгчийн гэрээс явж, 300 метр зайд байдаг өөрийн ээжийн гэр лүү нүүж, түр амьдрах болсон. Гэхдээ уг явдлын дара дараагаар нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрч, харилцан уучлалт гуйсан.
Хариуцагч болон түүний охин нар нь хариуцагчийн төрсөн 2 эгчийн хамт өөрсдийн ээжийн асаргаа, сувилгааг хийнгээ 2022 оны зун хүртэл нэхэмжлэгчтэй хааяа хамт гарч, гадуур хооллон, дэлгүүр хоршоо орж, цагийг зугаатай өнгөрөөсөн үе байгаа.
2019 оны 02 сард хариуцагч гэрээ орхиж явах яг тухайн үед хариуцагчийн өөрийн ээж хавдар тусч, өндөр настай, өвчтэй болсон тул 24 цагийн туршид асаргаа сувилгаа хийх хэрэгтэй болсон байдаг. Хариуцагчийн 2 төрсөн эгч нь мөн өмнө хүсч байсны дагуу хариуцагч ч ээжийгээ асрах, сувилахаар болсон.
Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрт бүр мөсөн ирэхээ болив. Хариуцагчийн өндөр настай, өвчтэй ээж нь 5 жил шахам өвчинтэй тэмцсэний эцэст 2022 оны 12 сард бурхан болсон.
(В) 2023 оны 07 сар. Нэхэмжлэгч, хариуцагч нар Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв дээр уулзав. Харилцан хамааралтай ТББ-ын үйл ажиллагаа дуусгавар болсон байдаг ч, тус ТББ-ын тайлан баланс гаргах зорилгоор уулзсан.
Нэхэмжлэгч нь Ази тивийн ядуу, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд, ганц бие ээж нарыг дэмжих сайн дурын, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн ба нэхэмжлэгч нь тус зорилго бүхий ТББ-ын тэргүүн байв. Тус ТББ нь Ази тивийн хүүхдүүдийн сайн сайхан, хамтын ажиллагаа, ядуу буурай, хүнд нөхцөлд буй хүүхдүүд болон ганц бие ээж нарыг дэмжих зорилготой байгууллага байсан болно.
2019 оны 12 сард 32 жил сайн дурын үндсэн дээр явуулж ирсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа дуусгасан. Монголд 19 жил энэхүү үйл ажиллагааг явуулсан байна. Энэ хугацааны 10 жилд нь нэхэмжлэгч болон хариуцагч нар хамт ажиллаж байсан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв дээр уулзсан тэр өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар 3 цаг орчим хамт байсан ба тэр үед хариуцагч нь дараах үгийг нэхэмжлэгчид хэлсэн "Би найз залуутай болсон. Охинтойгоо хамт найз залуугийнхаа гэрт нүүж очсон. Танай гэрт буцаж очихгүй. Би чиний тухай найз залуудаа хэлээгүй, нууцалж байгаа. Найз залуу маань 25 жилийн өмне надтай хамт Баянзүрх дүүргийн 33-р сургуульд ажиллаж байсан бааш хүн. Тэр саяхан эхнэрээсээ салсан ба 3 охинтой. Найз залуу маань үнэхээр сайхан сэтгэлтэй, хоол сайн хийдэг, надтай маш сайхан харьцдаг. Би одоо маш аз жаргалтай байгаа. Гэрийн хаягаа ч гэсэн саяхан найз залуугийнхаа хаяг руу шилжүүлсэн."
Хариуцагч нь тэр өдрийн дараагаас дээрх хэлсэн үгээ үгүйсгэж эхэлсэн. Учир нь нэхэмжлэгч "танай найз залууг гэр бүл үймүүлсэн хэргээр шүүхэд гомдол гаргана" гэж хэлсэнтэй холбоотой юм. Тэр өдөр хариуцагч нь нэхэмжлэгчийг дагуулж 100 айл дахь Улсын бүртгэлийн еренхийг газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүх, Баянзүрх дүүргийн иргэний шүүх гэсэн 3 газраар явсан ба тэдгээр газруудад хэн нэгэнтэй уулзсан, ярилцсан зүйл огт байгаагүй.
Хариуцагч тэр өдөр салах хүртлээ байнга "би найз залуутайгаа хамт амьдрах учир надаас салж, гэрлэлтээ цуцалж өгөөч" гэж хэлж байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь сэтгэл санааны хувьд маш ихээр тогтворгүй болж, уналтад орж, унтаж чадахгүй шөнүүд үргэлжилж эхэлсэн.
(С) Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 22-ны өдөр гэртээ цусны даралт хэт өндөр болсоны улмаас ухаан алдаж унасан. Амь нас эрсдэхэд ойрхон байв. Ганцаараа амьдарч байгаа тул бусдын тусламж үнэхээр хэрэгтэй байсан. Ухаан алдаж унахаас өмнө утсаар болон мессежээр хариуцагч руу холбогдох гэж оролдсон боловч хариуцагч хариу өгөөгүй.
Эмнэлгийн түргэн тусламж дуудаж өгөхийг хүсэх гэж байсан юм. Хариуцагчаас өнөөдрийг хүртэл ямар ч холбоо харилцаа байхгүй байсаар байна. Хариуцагч өөрөө өвчтэй зовлонтой, хүнд хэцүү цаг үед өөрийнх нь амь насыг аварч өгсөн ачтай хүн болох нэхэмжлэгчээс урваж, итгэлийг алдсан.
Үнэхээр хүнлэг бус, хүн ёсны, ёс суртахууны хувьд уучилшгүй билээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг дагуулаад 2 удаа Япон улсын эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэхээр авч явж байсан. Үүнтэй холбоотой зардлыг бүгдийг нь нэхэмжлэгч төлж байсан боловч, нэхэмжлэгч ухаан алдаж унах үед туслаагүй, хариу өгөөгүй явдлыг үнэхээр ойлгож чадаагүй.
Эмнэлгийн түргэж тусламж дуудах өгөх төдий үйлдэл нь тийм төвөгтэй хэцүү зүйл гэж үү. Хариуцагчийн ажилладаг дунд сургууль нь тухайн үед зуны амралттай, хариуцагч өөрөө амарч байсан буюу надад тусламж дуудаад өгөх бүрэн л боломжтой байсан баймаар юм.
Хариуцагч бол энэ хорвоод амьдарч буй бүлээн цус биеэр нь урсдаг тийм хүн лав бишээ. Өөрийнх нь амь насыг аварч өгсөн ачтанд хариу барьж буй энэ байдал нь энгийн хүний төвшинд ч ойлгож чадахааргүй юм.
Нэхэмжлэгч хэрхэн хариуцагчийн амь насыг аварсан ачтан болохыг дараах С-1, С-2- т бичсэнээс уншина уу.
(С-1) Хариуцагч нь 2010 оны зуны өглөө Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн хажуу талд байрлаж байсан ТББ-ээс ажиллуулдаг "Хүүхдийн номын сан"-руу явж байгаад осолд оров. Хариуцагч нь тус ТББ-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг байсан. Гэвч ажилдаа явж байх замдаа Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн урдуур өнгөрч байсан ачааны машин зам тээврийн осол гаргаж, тээврийн машинаас ачаатай хайрцаг хариуцагчийн толгой дээр унасан.
Хариуцагч 2 цаг ухаангүй хэвтсэн байдаг. Толгойноос нь цус урсаж, амь насаа алдахад тун ойрхон байв. Энэ үед нэхэмжлэгч Японд байсан бөгөөд тус ослын талаар утсаар мэдсэн. Нэхэмжлэгч "Монгол дахь хамгийн сайн эмчилгээ, тусламж үйлчилгээ"-ийг үзүүлэх болно гэж амалсан. Ийнхүү эмчилгээний зардал цуглуулах үйл ажиллагааг Япон улсад явуулж эхэлсэн.
Хариуцагчийн эмчилгээнд нэн шаардлагатай хамгийн сайн эм нь эхний 2 долоо хоногт өдөрт /сард биш/ 175,000 төгрөг байв. Тухайн үед багшийн нэг сарын цалин 300,000 төгрөг байсан санагдаж байна. Нэхэмжлэгч нь муугаар бодоход гавлын ясыг нээж хийх мэс засал байх болов уу гэж төсөөлж байлаа. Тухайн үед энэ мэс засал нь хийгдэх боломжгүй байв.
Монголд тухайн үед MRI ч хийх боломжгүй байсан. Нэхэмжлэгч хариуцагчийг дагуулаад Япон улс руу эмчилгээ хийлгэхээр авч явсан. Нэхэмжлэгч нь тухайн эмчилгээнд зарцуулах зардал мөнгийг тооцож үзээд, түүнийг шийдвэрлэх зорилгоор, хариуцагчтай гэрлэлтээ бүртгүүлэн, гэр бүлийн хүн гэдгээр Японы "Иргэний эрүүл мэндийн даатгал"-д оруулсан билээ.
Японд MRI-ийн үзлэг оношилгоо ч мөн хийлгэв. Түүний дараа хариуцагч бүрэн эдгэсэн. Япон улсын эрүүл мэндийн тогтолцоо дэлхийд хамгийн сайнаар үнэлэгдэх бөгөөд баян, ядуугийн ялгаа байхгүйгээр, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагч бол гавлын ясыг нээж хийх мэс засал ч байсан өвчтнөөс гарах зардал нь багахан хэмжээнд байдаг /Баримт #1, #2/.
(С-1) Япон улсад 1 жилийн хугацаанд хийсэн элэгний хорт хавдарын эмчилгээ. 2014 оны 03 сарын 27-ны өдөр Монголд хийсэн хариуцагчийн цусны шинжилгээний хариу маш муугаар гарсан. Тухайн үед дэлхийд элэгний хорт хавдрыг эмчлэх тусгайлсан эм байдаггүй байв. Монгол гэлтгүй олон улс оронд энэхүү өвчнөөр хүмүүс амь насаа алдаж байсан.
Нэхэмжлэгч хариуцагчид интерферон /Interferons/ rэх эмийг /сард 300,000 төгрөгийн өртөг бүхий, багшийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний зардлаар худалдан авч өгч, эмчилгээ хийж байв. Хариуцагч тухайн үед ажил хийдэггүй байсан. Улаанбаатар хотод интерферон /Interferons/ rэх эмийг зарж борлуулдаг эмийн сан ч цөөхөн байлаа. Дэлхийн хэмжээнд хамгийн сүүлийн үед гарсан эм байсан ч, хариуцагчийн хувьд үнэхээр тус эм нь таарахгүй, маш хэцүү байв.
Бөөлжих, толгой өвдөх, үс унах гэх зэрэг тааламжгүй сөрөг нөлөө ихээр илрэх болсон. Интерферон /Interferons/ гэх эм нь элэгний хорт хавдрыг бүрэн эмчлэх бус, өвчтөний амьдрах насыг л уртасгах зорилготой эм байв. Ийнхүү Монголд элэгний хорт хавдарыг даван туулах боломжгүй хүрээд байсан.
Харин 2014 оны намар нэхэмжлэгч АНУ-аас маш том мэдээг Монголд олж мэдсэн. АНУ-ын эмийн компани шинээр, эмчилгээний хувьсал хийх хэмжээний эм үйлдвэрлэж эхэлсэн байсан. Гэвч, тэр эм нь маш үнэтэй. АНУ-даа нэг өдрийн эмчилгээний эм нь 1,500 ам доллар /нэг сар биш, нэг өдөр нь ийм үнэтэй. Нийт 6 сарын турш өдөр бүр уух шаардлагатай/. Европт нэг өдрийн 1,200 ам.доллар.
Тэр үед Монголд хувь хүн импортлон оруулж ирвэл нэг өдрийн эм нь 900 ам доллар болж байсан. Монгол Улсын Засгийн газраас импортоор оруулж ирэх нь маш үнэтэй байгаа тул импортоор худалдан авах боломжгүй гэж зарласан. Ийнхүү элэгний хавдар туссан хариуцагч, түүнтэй адил Монголчуудын хувьд амь насаа алдах эрсдэлтэй хэвээр л байв.
Тэр үед Японы засгийн газраас нэн яаралтай тэр эмийг импортоор худалдан авах талаар мэдэгдэв. Ердөө ганцхан төрлийн эмийг импортоор авахын тулд Японы засгийн газар тухайн үеийн Монгол Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний төлбөрийг зарцуулсан байдаг.
Тухайн үед хариуцагч орон дээр эмний гаж нөлөөг үл тэсвэрлэн, уйлангаа нэхэмжлэгчид хандан ингэж гуйсан. "Би ийм байдлаараа удахгүй үхэх нь байна. Япон руу дагуулаад яваач". Хариуцагч нь Япон улсад 2015 оны хавраас АНУ-д үйлдвэрлэсэн шинэ тусгай эмийн эмчилгээ хийлгэж эхэлсэн. Хариуцагч нь лавтайяа тэр эмийн нөлөөгөөр эдгэсэн анхны Монгол хүн байх гэж бодож байна.
Түүнчлэн, хариуцагч нь нэг ч удаа Япон улсын иргэний эрүүл мэндийн даатгалын хураамж төлж үзээгүй билээ. Тэрээр нэхэмжлэгчийн эхнэр гэдэг статустай байсан тул эмчилгээ хийлгэж, амь нас нь аврагдсан гэж бодож байна. Хариуцагчийн 6 сарын туршид хийлгэсэн эмийн эмчилгээний төлбөр нь ойролцоогоор 2,500,000 иен /одоогийн Монгол төгрөгийн ханшаар бол ойролцоогоор 62,500,000 төгрөг/ болсон. Уг төлбөр нь Японд даатгалд орсон юм.
Хариуцагч нь Япон улсын эрүүл мэндийн тогтолцооны ач буяныг авсан юм. Түүнээс гадна, Япон улс руу ирж очих онгоцны билетийн зардал, Япон улсад байрласан байрны зардал, хоол хүнсний зардал, бусад амьжиргааны зардал зэргийг бүгдийг нь нэхэмжлэгч төлсөн.
Хариуцагч нэмэлт явцын шинжилгээний 6 сарын хугацааг оруулаад, Японд бүтэн нэг жилийн эмчилгээ хийлгэж, бүрэн эдгэсэн. Тухайн үед олон Монгол хүмүүс энэхүү өвчнөөр харамсалтайгаар амь насаа алдаж байхад, хариуцагч нь тэр өвчнийг ийнхүү даван туулсан. Ингэж эрүүл болсныхоо дараа миний ач тусыг мартсан билээ. /Баримт#1, #2/
Хариуцагч 2019 оны 02 сард хариуцагч гэрээсээ явсан боловч хариуцагч, охин бид гурав 2022 оны зун хүртэл хааяадаа гадуур хоол идэх, дэлгүүр хэсэж, худалдан авалт хийх зэргээр жаргалтай мөчийг өнгөрөөсөн. Бид гэрлээд, 3-лаа Япон, Америк, Хонгонк зэрэг нийт 5 удаа /үүний дотор 2 удаа эмчилгээнд/ гадаадад дурсамжтай аялалд явж байсан. Үнэхээр жаргалтай сайхан байв.
Эмчилгээнд явахад ч тэр, аялалд явахад ч тэр бүх зардлыг нэхэмжлэгч бүрэн хариуцдаг байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай танилцсанаас хойш 2023 оны зун хүртэл хариуцагч болон түүний гэр бүлийнхэнд заримдаа санхүүгийн тусламж өгдөг байсан билээ. /Баримт #2/
(2) Орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох шаардлагын үндэслэл:
А) Талуудын гэрлэлтийг цуцалснаар эд хөрөнгө хуваах зүйл байхгүй. Одоо Монгол амьдарч буй орон сууц (Нийслэлийн Б*******, 16-р хороо, 16-р хороолол/13321/, Да хүрээ гудамж,*******,******* тоот, орон сууцны зориулалттай, 64.39 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040245 дугаартай) нь нэхэмжлэгч 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө юм.
Нэхэмжлэгч нь 1991 оноос хойш Япон улсад өмчилж байсан байшингаа 2011 оны 11 сарын 27-ны өдөр 6,800,000 иенээр худалдан борлуулж, тус мөнгөөрөө Монгол дахь одоогийн орон сууцаа худалдан авсан. Энэ орон сууц хариуцагчтай гэрлэсний дараа түүнтэй хамт бий болгосон хөрөнгөөр авсан зүйл биш юм.
В) Нэхэмжлэгч нь одоогийн амьдарч буй орон сууцаа зарж, Монгол дахь Японы Элчин сайдын яам болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэг зэрэг яаралтай түргэн тусламж авах боломжтой байршил руу нүүх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч нь цусны өндөр даралт, зүрхний шигдээстэй бөгөөд ганцаараа амьдарч байгаа тул яаралтай уед бусдын тусламж нэн шаардлагатай. Элчин сайдын яамны ажилтнууд надад тусламж үзүүлэх боломжтой тул эмнэлгийн түргэний машин дуудсанаас илүү хурдан амь аврагдах боломжтой.
Одоогийн орон сууцны өмчлөх эрхийг хувааж, зарж борлуулсан тохиолдолд. Нэхэмжлэгч нь Японы Элчин сайдын яам болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн ойролцоо байр худалдан авах тийм санхүүгийн боломж байхгүй.
(3) Хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл:
Дээр бичсэн, нэхэмжлэлийн шаардлага (1)-ийн А, В, С (С-1, С-2)-д тус тус тусгагдсан учир шалтгаан, нөхцөл байдал буюу хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчид сэтгэл санааны маш том хохирол учирсан.
Тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас Монгол улсын Иргэний хуулийн 228-р зүйл, 230-р зүйл, 497-р зүйл, 511-р зүйл, мөн Гэр бүлийн тухай хуулийн 10-р зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэл болгон, өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ийнхүү шүүхэд дээрх (1), (2), (3)-т тус тус тусгасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу шударга шийдвэрийг хүлээж байна гэжээ.
Нэхэмжлэгч Япон улсын иргэн Такаока Ёшисүкэ шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч /нөхөр/ Такаока Ёшисүкэ // миний бие хариуцагч /эхнэр/ Цэдэндамбаагийн т холбогдуулан дараах 1, 2, 3-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:
1. Нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ болон хариуцагч ******* нарын хоорондын гэрлэлтийг цуцлуулах,
2. Нэхэмжлэгчийн одоо амьдарч буй Нийслэлийн Б*******, 16-р хороо, 16-р хороолол, 13321, Да хүрээ гудамж,*******,******* тоот, орон сууцны зориулалттай, 64,39 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-22040402452 дугаартай орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгөөр тогтоолгох,
3. Хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах.
Нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ миний бие Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь заалт /нэхэмжлэлээс татгалзах эрхтэй/-ыг үндэслэл болгон, дээрх 1, 2, 3-т заасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна.
Нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ миний бие Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4 дэх заалт /нэхэмжлэлээс татгалзсан тохиолдолд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй/-ыг бүрэн уншиж ойлгосон бөгөөд түүний үндсэн дээр нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, Б*******, 16-р хороо, 16-р хороолол, 13321, Да хүрээ гудамж,*******,******* тоот, 64,39 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-22040402452 дугаартай орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, Б*******, 16-р хороо, 16-р хороолол, 13321, Да хүрээ гудамж,*******,******* тоот, 64,39 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-22040402452 дугаартай орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзан, энэ талаарх тайлбараа ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Такаока Ёшисүкэгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******т холбогдох гэрлэлт цуцлуулах, Б*******, 16-р хороо, 16-р хороолол, 13321, Да хүрээ гудамж,*******,******* тоот, 64,39 м.кв, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-22040402452 дугаартай орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ //-гийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Такаока Ёшисүкэ //-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН