2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01675

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24 191/ШШ2025/01675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Чимэддоржийн *******ын /РД: *******, утасны дугаар , өмгөөлөгч ийн утасны дугаар нэхэмжлэлтэй

ХХК-ийг болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2022 оны 05 сарын 28-ны өдөр ХХК-тай худалдаа үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын 21Y/0798 дугаар гэрээг байгуулж гүйцэтгэгчийн барьж буй Севен стар цогцолборын 2-р блокын 1-р давхарт 1.115 тоот 23,23 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг захиалж нэхэмжлэгч нь дээрх гэрээний төлбөрт нийт 132,290,000 төгрөгийг төлсөн байдаг.

Тус гэрээний 3.1-т заасны дагуу барилгын ажил дуусах хугацааг 2022 оны 04-р улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч ХХК нь барилгыг гэрээгээр тохиролцсон хугацаанд ашиглалтанд оруулаагүй.

Улмаар барилгын ажил удааширч гүйцэтгэгчийн зүгээс барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтанд орж байгаа талаар 2024 оны 01 сард мэдэгдсэн. Ингээд гэрээгээр захиалсан үйлчилгээний зориулалттай талбайгаа хүлээн авахаар очих үед гэрээгээ шинэчилж хийнэ, манай зүгээс 3 сарын алданги төлнө гэх шаардлага тавьсан бөгөөд алдангийг гэрээнд заасан журмын дагуу гаргуулна гэхэд гэрээгээр захиалсан талбайг хүлээлгэн өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл уг шаардлагыг тавьж үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөөгүй байгаа болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 сарын 28-ны өдрийн худалдаа үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын 21Y/0798 дугаар гэрээний 5.3-т Гүйцэтгэгч нь үйлчилгээний зориулалттай талбайг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдсөн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцсон болно.

Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4-т Учруулсан хохирлыг арилгуулах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна.

ХХК нь 2022 оны 05 сарын 28-ны өдрийн худалдаа үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Севен стар цогцолборын 2-р блокын 1-р давхарт, 1.115 тоот 23,23 м.кв худалдаа үйлчилгээний талбайг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч нь тус талбайд үйлчилгээ эрхлэх, эсхүл бусдад түрээслэж орлого олох бүрэн боломжтой байсан бөгөөд ХХК нь барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй, нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө тус хугацаанд ямар ч эргэлтэнд орох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Миний бие нь 2023 оны 01 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн Төрийн банкинд байрших хадгаламжийн дансанд байршуулан хүүгийн орлого олох боломжтой байсан.

Иймээс Севен стар цогцолборын 2-р блокын 1-р давхарт 1.115 тоот 23,23 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний талбайг нэхэмжлэгч *******од хүлээлгэн өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж, гэрээгээр тохирсон алданги 5,888,476 төгрөг, хохирол 20,263,688 төгрөг, нийт 26,152,164 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/14566 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9-д Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж тус тус зохицуулсан байна.

Иймд хариуцагчийн байнга оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар болон лавлагаа, 2022 оны 05 сарын 28-ны өдрийн худалдаа, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/14566 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 28768 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа, хуулийн этгээдийн хаяг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 01 сарын 09-ний өдөр ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ХХК-ийг болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 14566 дугаар захирамжаар ... ХХК-д холбогдох Севен стар цогцолборын 2-р блокын 1-р давхарт, 1.115 тоот 23,23 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай *******ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч тал Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, Голден будда цогцолбор байр, 3 давхар, Севен стар резиденс, шоппинг центр хаягт байрладаг эсэх нь буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 28768 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа, хуулийн этгээдийн хаяг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 6 давхар гэх хаягаар ХХК-д мэдэгдэх хуудас хүргүүлэхэд харьяалах хорооны засаг дарга нь дээрх хаяг тус хороонд байхгүй гэх тодорхойлолтыг ирүүлсэн байна.

 

Мөн тус компанийн гүйцэтгэх удирдлага Цэдэнбалын Жигжиддоржийн оршин суудаг гэх Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 15б байр, 19 тоот хаягаар 2025 оны 02 сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн дотор шүүхэд ирэхийг мэдэгдэхэд Намуна гэх хүн хүлээн авсан ба 2025 оны 02 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй.

/ХХ-ийн 11-26 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ХХК-ийг /РД: 2729326/ болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Цэдэнбалын Жигжигдоржийг /РД: ЧР80053119/ тус тус эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ХХК-ийг /РД: 2729326/ болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Цэдэнбалын Жигжигдоржийг /РД: ЧР80053119/ тус тус эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ХХК-ийг /РД: 2729326/ болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Цэдэнбалын Жигжигдорж /РД: ЧР80053119/ нарыг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүрэг дэх болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН