| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/06701/И |
| Дугаар | 191/ШШ2025/03385 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03385
2025 04 22 191/ШШ2025/03385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..................... тоот хаягт оршин суух, М овогт М.А /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Б овогт Х.Э /РД:00000000/-эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 0000-00-00-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,
Хариуцагч Х.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Х.Э-эд холбогдуулан 0000-00-00-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Нэхэмжлэгч М.А нь дэлгүүр ажиллуулах зорилгоор өөрийн үеэл Х.Э-ээс 2017.02.09-ний өдөр 30,000,000 төгрөгийг 1 жил 3 сарын хугацаатайгаар 2,5 хувийн хүү төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр хийсэн.
Тухайн үед Х.Э нь зээлээ төлж дуусгах хүртлээ .................................. тоот 0000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд өгчих, зээлээ төлөөд дуусгахаар буцаагаад нэр дээр чинь шилжүүлж өгье гэсэн учраас 0000-00-00-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байгаа нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм.
М.А нь Х.Э-ээс зээлсэн 30,000,000 төгрөгийн эргэн төлөлтийг хүүгийн хамт 2017.03.31-нээс эхлэн 2019.02.25-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн гүйлгээгээр 37,000,000 төгрөгөөр бүрэн төлсөн учраас ............................... тоот 0000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн нэрийг шилжүүлж өгөхийг хариуцагчид удаа дараа хэлж байсан.
Хариуцагч нь удахгүй шилжүүлж өгнө, завгүй байна гэх зэрэг шалтгаануудыг хэлдэг байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн аавынх нь бие муудаж, аавыгаа асрах, эмнэлэгт эмчлүүлэх гэх зэрэг маш их завгүй байсан бөгөөд хамаатан садан, үеэл гэдэг утгаараа буцаагаад шилжүүлээд өгчих байх гэж маш удаан хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй...
Зээлийн гэрээнд зээл авахдаа өөрийн байрыг Х.Э-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлээ төлж дуусмагц байраа эргүүлэн авахаар бичгээр тохирсон. М.А, Х.Э нарын хооронд байгуулсан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа тул ............................... тоот 0000 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.А өмнө нь надаас мөнгө зээлдэг байсан. Дахин 35,000,000 төгрөг надаас зээлье гэхээр нь өмнөх мөнгөө өгөөгүй учраас мөнгө зээлж чадахгүй гэж би хэлсэн.
Гэтэл нэхэмжлэгч М.А нь дэлгүүр яаралтай авах шаардлагатай байна, би байраа таны нэр дээр шилжүүлж өгье. Та 35,000,000 төгрөг зээлчих гэж надад хэлсэн. Тэгээд л худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байраа миний нэр дээр шилжүүлж өгсөн. Энэ байр миний нэр дээр шилжиж ирснээс хойш одоог хүртэл уг байран дээр би очоогүй. Байрны үнийг 5,000,000 төгрөгөөр гэж бичсэн нь М.А татварт бага мөнгө төлөх зорилгоор тэгж бичсэн.
Бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууц миний нэр дээр шилжсэн. Зээлийн гэрээ бидний дунд байгуулагдаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт наймаа хийгдсэн учраас надруу шилжүүлсэн мөнгийг буцаан өгөхөд бэлэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.04-ний өдөр 165,150 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3, 4 х/
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5 х/
-2024.10.17-ны өдрийн 1441 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-ийн 6 х/
-0000-00-00-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 7 х/
-0000-00-00-ны өдрийн Зээл эргэн төлөлтийн жагсаалт /хх-ийн 8 х/
-Мөнгөн шилжүүлэг, Орлогын ордер, Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, төлөлтийн тооцоолол /хх-ийн 9-18 х/
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.25-ны өдрийн 101/ШЗ2024/26631 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 19-20 х/
-Эмнэлэгийн баримтууд /хх-ийн 48-61 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
4. Хариуцагч Х.Э нь хариу тайлбар болон татгалзалтайгаа холбоотой баримт өгөөгүй.
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2025.01.22-ны өдрийн 191/ШЗ2025/04291 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлжээ. /хх-ийн 38 х/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Х.Э-эд холбогдуулан талуудын 0000-00-00-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Талуудын 0000-00-00-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож, Х.Э-ийн нэр дээр шилжүүлсэн.
2.2. Х.Э-ээс 2017.02.09-ний өдөр зээлсэн 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт 37,000,000 төгрөг болгон бүрэн төлж дуусгасан боловч хариуцагч нь орон сууцыг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Х.Э нь 0000-00-00-ны өдөр нэхэмжлэгч М.А-т 30,000,000 төгрөгийг бэлнээр төлж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан.
4.Хариуцагч Х.Э нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргахгүй гэж тайлбарласан тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
5. Харин талуудын маргааны зүйл нь 0000-00-00-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, мөн Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр эсэх тухай байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.
5.1.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 0000-00-00-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 7 х/, 0000-00-00-ны өдрийн Зээл эргэн төлөлтийн жагсаалт /хх-ийн 8 х/, Мөнгөн шилжүүлэг, Орлогын ордер, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а. Зохигчийн хооронд 0000-00-00-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдахаар Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагджээ.
Хариуцагч Х.Э нь 0000-00-00-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.01.30-ны өдрийн 54/1669 тоот албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
б. Талуудын маргаан нь 0000-00-00-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс үүдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч М.А дэлгүүр худалдан авах зорилгоор хариуцагч Х.Э-ээс 30,000,000 төгрөгийг 1 жил 3 сарын хугацаатай, 2,5 хувийн хүү төлөхөөр тохирч зээлж, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцыг зээл төлөх баталгаа болгон хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байгааг зохигчийн хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд бүрмөсөн шилжүүлж, худалдан авагч нь тохирсон үнэ үнийг төлөх үүрэгтэй. Гэвч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэр өөрчлөгдснөөс өөрөөр эд хөрөнгө худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...нэхэмжлэгч М.А нь дэлгүүр яаралтай авах шаардлагатай байна, би байраа таны нэр дээр шилжүүлж өгье. Та 35,000,000 төгрөг зээлчих гэж надад хэлсэн. Тэгээд л худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байраа миний нэр дээр шилжүүлж өгсөн. Энэ байр миний нэр дээр шилжиж ирснээс хойш одоог хүртэл уг байран дээр би очоогүй... гэх тайлбар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч 37,000,000 төгрөгийг хариуцагчид зээл төлөв гэх утгаар шилжүүлсэн байгаагаас үзэхэд хариуцагч Х.Эийн ...0000-00-00-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр төлж, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан энэхүү гэрээ хүчин төгөлдөр... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
в. Дээрх бүхнээс дүгнэхэд талуудын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг, тохиролцоо байсан гэж үзэх үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна.
5.2. Учир нь Иргэний хуулийн 40, 41 дүгээр зүйлд тус тус зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор зохицуулсан.
а. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хэрэгт авагдсан 2017.02.09-ний өдрийн Зээлийн дүн 30,000,000 төгрөг, зээлийн хүү /сарын 2.5 хувь/ Зээлийн эргэн төлөлтийн жагсаалт гэх баримтын ар талд М овогтой А миний бие нь Х.Э-ээс ............... хорооны нутаг дэвсгэрт байрлах, .............. тоот байрыг барьцаалан 30,000,000 төгрөгийг 1 жил 3 сарын хугацаатайгаар, 2.5 хувийн хүү төлөхөөр тохирч зээлэв. Тухайн зээлийг төлж чадахгүй болсон тохиолдолд өөрийн байрыг Х.Э-эд өгөх болно. Зээлээ авахдаа өөрийн байрыг Х.Э-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлээ төлж дуусмагц байраа эргүүлэн авахаар тохиролцсон болно. Мөн зээлийг тохирсон хугацаанаас өмнө төлж дуусгавал дууссан өдрөөр тасалбар болгон хүүгийн төлөлт хамт дуусна. Зээлийн хүүг зээлийн үлдэгдлээс тооцож гаргасан болно гээд талууд гарын үсгээ зурсан байна.
Хариуцагч нь дээрх баримтын Зөвшөөрсөн болон Зээлийн эргэн төлөлтийн жагсаалт-ын зээл олгосон гэсэн хэсгүүдэд зурагдсан гарын үсэг өөрийн нь гарын үсэг, Хаан банк дахь 0000000000, Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот данснууд нь тус тус өөрийнх нь данс мөн гэж хүлээн зөвшөөрсөн.
5.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
а. Нэхэмжлэгч М.А нь 30,000,000 төгрөгийг 2017.02.17-ны өдөр хариуцагч Х.Э-ээс 1 жил 3 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэй зээлж түүний Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2017.03.31-нд 2,800,000 төгрөг, 2017.05.03-нд 2,100,000 төгрөг, 2017.06.05-нд 2,300,000 төгрөг, 2017.08.10-нд 2,000,000 төгрөг, 2017.09.29-нд 4,000,000 төгрөг, 2017.07.03-нд 2,200,000 төгрөг, 2017.09.05-нд 500,000 төгрөг 2017.11.08-нд 2,000,000 төгрөг2017.11.28-нд 100,000 төгрөг, 2017.09.05-нд 1,000,000 төгрөг, 2019.02.25-нд Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд нь 18,000,000 төгрөг буюу нийт 37,000,000 төгрөгийг зээл төлөв гэсэн утгатайгаар тус тус шилжүүлэн төлсөн байна. /хх-ийн 9-16 х/
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан ба зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурсан, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх тул хариуцагчийн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
5.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар дүр үзүүлэн буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор тус тус хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг.
а. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.
Нөгөөтэйгүүр, хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхийн тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл аль аль нь хүчин төгөлдөр бус учир хэлцэлд заасан үүргийг биелүүлэхгүй, эсвэл нөгөө тал үүргийг шаардах эрх үүсэхгүй буюу эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд эсвэл нэгэнт үр дагавар үүссэн бол эрх ашиг нь хөндөгдсөн этгээд түүнийг арилгуулахаар шаардах эрхтэй байдаг.
б. Талуудын байгуулсан 0000-00-00-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч М.А-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Х.Э-эд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.04-ний өдөр төлсөн 165,150 төгрөг /94,950+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д заасныг баримтлан талуудын 0000-00-00-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .......................... тоот хаягт байршилтай, 0000 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч М.А-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Х.Э-эд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.04-ний өдөр төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА