| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04461/И |
| Дугаар | 191/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/00366
2025 01 20 191/ШШ2025/00366
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ....хороо, ....Хороолол, ... байр, ... тоотод оршин суух, ...овогтой .... ../РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн зүүн талд, өөрийн байр, Н дугаар сургуульд холбогдох,
Н дугаар сургуулийн захирлын 2024 оны 05 сарын 22-ны №Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, гэрч Б, С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О... нь Н дугаар сургууль-д 2004 оны 9 сард Бага ангийн багшийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан өдийг хүртэл ажиллаж байгаа болно. Н дугаар сургуулийн захирлын 2024 оны 05 сарын 22-ны Б/36 тоот тушаалаар надад Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан болно.1. Тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл, Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2022 оны А/545 тушаалын 1 дүгээр хавсралт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны ёс зүйн дүрэм, Байгууллагын дотоод журам, Удирдлагын багийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн тушаах нь гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Надад оногдуулсан сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг оногдуулсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчилд тооцогдох Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл хийж байгаагүй болно.
Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах тодорхойгүй, ямар зөрчил үйлдсэн болохыг тушаалд тодорхой заагаагүй тул хууль зөрчин сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд Н дугаар сургуулийн захирлын 2024 оны 05 сарын 22-ны №Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О... нь хариуцагч Н дугаар сургуульд холбогдуулан, Сахилгын шийтгэл ногдуулах тухай тус сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны №Б/36 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О... нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н дугаар сургуульд холбогдуулан, Сахилгын шийтгэл ногдуулах тухай тус сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 22-ны №Б/36 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч О... татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Н дугаар сургуулиас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД