Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/1046      

 

 

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох 2203002350280 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б .... тоотод оршин суух,

2006 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;

Шүүгдэгч Б.Б- нь:

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 19:00 цагийн үед ..... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамж .... тоотод оршин суух Б.Е-ийн хашаанд байсан TR маркийн Мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгч П.О-ын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан,

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 20 цаг 30 минут үед .... дүүргийн .... дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун замд TR маркийн 0000 АА улсын дугаартай Мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн   заалтуудыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.Т-ыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 01 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дах хэсгүүдэд зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагчаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалын яллагдагчаар татсан тогтоолоор татагдсан байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан хэрэг тул Б.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд ижил төрлийн хэргийг нэгтгэж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан байгаа. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах хуулийн зохицуулалт байсан бол өөр байж болох байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэргийг нэгтгэх болон тусгаарлах асуудал нь зайлшгүй прокурорын шатанд хийгдэх ажиллагаа юм. Нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байхад энэ шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл байхгүй. Мөн тус тусдаа үйлдэлтэй, хор уршигтай хэргүүдийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ял оногдуулах бүрэн боломжтой. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 4-ний 19:00 цагийн үед ..... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамж .... тоотод оршин суух Б.Е-ийн хашаанд байсан TR маркийн 0000 АА улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгч П.О-ын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан, улмаар тус мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Т-ын: “...Би 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр найзын хамт автомашинд нь 1 шил архи хувааж уугаад гэртээ харихаар зам хөндлөн гарч урд талаас нь такси барих гээд явган хүний зохицуулдаггүй гарцын зүүн талаар яваад гарцан дээр ирээд байх үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд мотоцикл давхиж ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд гэмтэл дээр байсан...” /хх 18/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч П.О-ын: “...унаж явсан мотоцикл нь миний эзэмшлийнх бөгөөд нэрээ шилжүүлж аваагүй боловч 2022 оны 4 дүгээр сард худалдан авч гэрээ хийсэн юм. ...Манай найз Б-ын төрсөн дүү нь болох С нь надаас гуйгаад унаж байсан, 5 дугаар сарын 01-ний өдөр түр уная гээд авсан юм. “А” үнэмлэхтэй бөгөөд манай компанид ажилладаг учир би өгсөн байсан юм. ...” /хх 39-42/,

гэрч Б.Е-ийн: “...Тухайн өдөр манай найз Б.Б- манайд ирээд манай найз Б бид 3 нийлээд нэг шил 0.75 литрийн архийг хувааж уугаад, Б- гэртээ харилаа гээд ...гадаа мотоцикл дуугарах шиг болохоор нь гартал хашаанаас гараад явчихсан байсан. Мотоциклийг Б.Б-ын төрсөн дүү нь болох С унаж ирээд өглөө эрт хашаанд оруулж тавиад түлхүүрийг нь оруулж ирээд хөргөгч дээр ил тавиад өөрөө портер унаад явсан байсан...” /хх 57/,

гэрч Б.Сгийн: “...Энэ мотоцикл нь манай ах Б.Б-ын найз О-ын мотоцикл бөгөөд би TR маркийн 4452 УБ дугаарын мотоциклийг унах зорилгоор О-аас гуйж унаж байсан, Би А ангилалтай юм. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр анх гуйж аваад унаж явж байгаад Есөн-Эрдэнийн хашаанд үлдээсэн байсан. ...би мотоциклийн түлхүүрийг үлдээсэн бөгөөд үлдээхдээ өөр хүнд битгий өгөөрэй гэж огт захиагүй. Гал тогооны тавилга дээр нь үлдээгээд явсан. ...” /хх 60/,

гэрч Х.М-ын: “...нөхрийн найз Б.Б- нь манайд ирээд манай нөхөр болон найз Б 3 нийлээд нэг шил 0.75 литрийн архийг хувааж ууж байсан. ...мотоциклийн түлхүүр манай хөргөгч дээр ил байсан бөгөөд аваад гарсан эсэхийг нь анзаараагүй. Гадаа мотоцикл дуугарах шиг болохоор нь гартал хашаанаас гараад явчихсан байсан. ...” /хх 54/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-11/,

хяналтын камерын бичлэг түүнд үзлэг хийсэн “...Бичлэг эхлэхэд уулзвар хойноосоо бүх чигт тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. ...58:57 цагт явган зорчигч ертөнцийн зүгээр баруун урагш чиглэлд явган хүний гарц руу чиглэлд алхаад зам руу орж байна. 59:07 цагт явган хүний гарц руу орж байх үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд мотоцикл орж ирээд явган хүнийг мөргөж, явган зорчигч шидэгдэн газар унаж, мотоцикл мөн унаж байна. ...” гэсэн тэмдэглэл /хх 15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6675 дугаартай: “...1. С.Т-ийн биед дух ясны баруун талаас баруун нүдний ухархайн гадна хана хүрсэн шугаман хугарал, тархины баруун духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 67-69/,

2022 оны 5 дугаар сарын 25-ны 555 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “1.Жолооч нь Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй , согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” болон “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Хохирогч Ш.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” /хх 82/,

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2/1014 дугаартай албан бичиг: “...Б-ийн Б- /РД: ........../ мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /ТРЭ/-д хянахад жолоочийн бүртгэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй...” /хх 100/,

“...Баттуяагийн Б-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,82% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” гэсэн 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 19 минутад хийсэн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Б.Б-ыг шалгахад драйгер багажид 1,82 гэсэн үзүүлэлт гарсан болох гэрэл зураг /хх 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Шүүгдэгч Б.Б-ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ:

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 19 цагийн үед ..... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамж .... тоотод оршин суух Б.Е-ийн хашаанд байсан TR маркийн 0000 АА улсын дугаартай мотоциклийг өмчлөгч П.О-ын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.7 дүгээр зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн 1 дэх хэсэг “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй...” гэсэн гэмт хэргийн шинжийг,

улмаар тус мотоциклийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэснийг зөрчин жолоодож явахдаа 20 цаг 30 минутын үед .... дүүргийн .... дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун замд мөн Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ш.Т-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд “...дух ясны баруун талаас баруун нүдний ухархайн гадна хана хүрсэн шугаман хугарал, тархины баруун духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл...” гэсэн хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ;”, 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;”, 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг тус тус агуулсан байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Б.Б-ын үйлдлүүдийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүх шүүгдэгч Б.Б-т:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэсэн ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож нэг сарын хугацаагаар оногдуулсан нь,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялуудаас хорих ялыг сонгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна.

 Түүнчлэн оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “...Б.Б- 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татагдсан байгаа ба Б.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд ижил төрлийн хэргийг нэгтгэж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасан.

Ингэж Б.Б-ын өөр цаг хугацаанд үйлдсэн, тусдаа гэмт хэргийг энэхүү 2203002350280 дугаартай эрүүгийн хэргээс тусад нь шийдвэрлэснээр түүний эрх зүйн байдал дордохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн зарчмыг зөрчихгүй юм.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...” гэж тусгай ангийн гэж буруу бичсэн байгаа боловч Эрүүгийн хуульд “6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэсэн нэг л заалт байгаа тул шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, үндэслэлгүй нөхцөл байдал үүсэхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б- нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН

                ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

                ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ