| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07609/И |
| Дугаар | 191/ШШ2025/04646 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/04646
| 2025 05 23 | 191/ШШ2025/04646 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай тоот хаягт оршин байрлах Х******* асар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын улсын төрийн байгууллага Баянзүрх дүүрэг, Засгийн газрын дүгээр байранд оршин байрлах Жижиг дунд үйлдвэрийн газар-т холбогдох,
Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Ховд аймгийн Жаргалант суманд хөдөө аж ахуй, газар тариалан, барилга угсралт чиглэлээр 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус компани нь 2019 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас "Мах, сүүний чиглэлийн үхэр" хөгжүүлж ферм байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор 250,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлж SME-01082 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Зээлийн барьцааны гэрээг байгуулж дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьсан. 1/Ү-******* улсын бүртгэлийн дугаартай тоотод байрлах 41.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 45,136,000 /дөчин таван сая нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгөөр; 2/ Ү-******* улсын бүртгэлийн дугаартай тоотод байрлах 53.97 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 71,780,100 /далан нэгэн сая долоон зуун наян мянга нэг зуу/ төгрөгөөр; 3/Y-******* улсын бүртгэлийн дугаартай тоотод байрлах 94,96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 126,296,800 /нэг зуун хорин зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөгөөр; 4/ Ү-******* улсын бүртгэлийн дугаартай тоотод байрлах 36 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 41,230,000 / дөчин нэгэн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгөөр Манай компани 2024.06.01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлөлтөд 142.189.860.92 /нэг зуун дөчин хоёр сая нэг зуун наян есөн мянга найман зуун жаран төгрөг өрэн хоёр мөнгө/ төгрөгийг, хүүгийн төлөлтөд 20,744,090.44 /хорин сая долоон зуун дөчин дөрвөн мянга ерэн төгрөг дөчин дөрвөн менге/-ийг төлсөн байдаг. Бидний зүгээс Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 8 тоотод байрлах 41.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтийг ЖДҮГ-т 2024 оны 6 сард гаргасан. Гэвч тус газраас 2024.07.03-ны өдрийн 1/571 дүгээр албан бичгээр 2019-2023 оны хооронд нийт 54.129.387 (тавин дөрвөн сая нэг зуун хорин есен мянга гурван зуун наян долоо) төгрөгийн алданги тооцож, нэхэмжлэгчийг төлөхийг үндэслэлгүйгээр шаардаж зээлийн барьцаа хөрөнгийг нийт төлөгдсөн дүнд нийцүүлэн чөлөөлөхөөс татгалзсан байна. Дээрх зээлийг 2019 онд авахын тулд бид зах зээлийн ханшаар 400,0 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг зээлдэгч талд санал болгосноос зээлдэгч 70% бууруулж 280,0 сая төгрөгөөр барьцаалж энэ зээлийг олгосон. Үл хөдлөх тус бүрийг тусад нь үнэлсэн талаарх үнэлгээ талуудын хооронд байгуулсан SME-01082 тоот Барьцааны гэрээн дээр байгаа. Гэтэл авсан зээлийнхээ 60 шахам хувийг төлчихөөд байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний 1.5, 9.1 дэх хэсэгт Зээлдэгч нь энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцно" гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхээр тусгасан боловч тус гэрээний дагуу үүсэх үүрэг нь хуульд заасан журмын дагуу хэрэгжих ёстой. Иргэний хуулийн 222-224 дүгээр зүйлд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар, ямар тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэх талаар нарийн тусгасан байдаг бөгөөд хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан. Зээлдүүлэгчээс шаардаж байгаа 54,129,387 төгрөгийн алданги нь гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг 2019-2023 онд хугацаа хэтрүүлж төлсөнтэй холбоотойгоор үүссэн. Цаг хугацааны цаглабарын хувьд авч үзвэл: SME-01082 дугаар Зээлийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан; Коронавируст (Covid-19) цар тахал Бүгд Найрамдах Хятад Ард улсад 2019 оны 11 сарын эхээр дэлгэрч, Монгол Улсад 2019 оны 12 сараас эхлэн бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн шилжсэн; Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан; Монгол Улс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хилээ нээсэн. Иймд зээлдэгчээс үл шалтгаалан 2019.12.13-ны өдрөөс 2023.01.07-ны өдөр хүртэлх хугацаанд "Мах, сүүний чиглэлийн үхэр" хөгжүүлж ферм байгуулах төслийг хэрэгжүүлэх болон зээлийн эргэн төлөлтийг тогтмол хийх боломжгүйд хүрсэн. Монгол Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, өрийн дарамтад оруулахгүй байх зорилгоор зээл болон зээлийн хүүгээс тодорхой хугацаагаар чөлөөлсөн боловч Зээлдүүлэгч нь тус хүндрэлтэй цаг хугацаанд алданги тооцож, шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. 11 дүгээр зүйлийн 11.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь "жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх" зорилго, чиглэлтэй байгуулагдсан болно. Түүнчлэн "Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилт 3.3-д "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ" гэж тодорхойлсон бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн газар нь өөрийн байгууллагын алсын хараагаа "... бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, хоршоодыг дэмжих замаар бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болгох явдал мен", мөн байгууллагын эрхэм зорилгоо"... төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм" гэж тус тус тодорхойлсон байдаг. Гэтэл улс орон байтугай дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэгч ЖДҮГазар нь зээлдэгчдээсээ алданги бодож ашгийн төлөө байгууллага мэт авирлаж байгаатай санал нийлэхгүй байна. ЖДҮГазар нь манай компаниас 2019 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож авсан бол 2020- 2023 он буюу ковид цар тахал эдийн засгийн хүндрэлийн үед 54,129,387 төгрөгийн алданги тооцсон байна. Цар тахал нь бидний хүсэл зоригоос үл шалтгаалах бөгөөд, нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм үйлчилж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласнаас бидний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэдгийг энэ хүнд цаг үеийг туулсан хүн бүхэн мэдэх нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл ашгийн төлөө байгууллага ч энэ цаг үеүдэд харилцагч, зээлдэгчдээ дэмжин ажилласан. Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэгч энэ газар цар тахлын хүнд хэцүү жилүүдэд манлайлалтай ажиллан, жижиг, дунд эрхлэгчдийг дэмжих бодлогыг улс орны хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах ёстой байсан гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээр барахгүй, өрийн дарамт үүсгэж жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нухчин дарж, үүд хаалгаа барихад хүргэж байна. Мөн 2023 оны дунд үеэс эхлэн цар тахлын нөлөө буурч хил гааль нээлттэй болж эхэлсэн боловч барилгын бараа материалын үнэ, ажиллах хүч болон холбогдох бусад материалын үнэ өмнөх 2019 оноос хойш 2-5 дахин өндөр үнэтэй болсон. 2 жил үүд хаалгаа бариулж, үйл ажиллагаа нь зогссон бизнес эрхлэгчид сэргэх, үйл ажиллагаагаа жигдрүүлэх зэрэгт тодорхой цаг хугацаа орж, 2023 оноос тогтворжиж ирсэн. Үүний дагуу бид үндсэн зээл, хүүгийн зөрчлийг бүрэн дүнгээр төлж барагдуулсан. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар ч бичгээр илэрхийлж, алдангиас чөлөөлж өгөхийг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөлгүй, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Дээрх байдлаар үндэслэлгүйгээр алданги тооцож, тус алдангийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөхөөс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул SME-01082 дугаар Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан Ү-******* улсын бүртгэлийн дугаартай тоотод байрлах 41.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Эвлэрэх саналтай байна. Хариуцагч тал 2 барьцаа хөрөнгө чөлөөлсөн баримтыг шүүхэд авч ирсэн байна. Энэхүү баримттай танилцсан. 4 барьцаа хөрөнгө байгаа, 71,000,000 төгрөг, 45,000,000 төгрөгийн үнэлгээтэй барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн байгаа. 126,000,000 төгрөг, 41,000,000 төгрөгийг 2 барьцаа хөрөнгө чөлөөлөгдөөгүй байгаа. Төлсөн төлбөрөөс хэд нь үндсэн зээл, хэд нь хүүгийн төлбөрт төлсөн гэдэг нь мэдэгдэхгүй байна. Миний бодлоор 40,000,000 гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Үүн дээр нэмэгдэж хариуцагч тал 50,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлүүлэх шаардлага байгаа. Хариуцагч тал 2 барьцаа хөрөнгийг чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн гэж тайлбарлаж байна. Үлдсэн 2 барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтэй байна. Хүсэлтээ бичиж ирээгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х******* асар ХХК нь хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газар-т холбогдуулан зээлийн барьцааны гэрээнээс Ү-******* улсын бүртгэлийн дугаартай тоотод байрлах 41.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 8 тоотод байрлах 41.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Иймд хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х******* асар ХХК-ийн зээлийн барьцааны гэрээнээс эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай тоотод байрлах 41.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газар-т даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч биелүүлсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газар-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* асар ХХК-нд олгосугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ