Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/1047

 

 

 

Ч.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2737 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Ч.Ө-д холбогдох эрүүгийн 2206000001257 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Ч.Ө ............ тоотод түр оршин суух хаягтай,  

          2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,   

          2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 127 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2 дугаар зүйлд зааснаар үлдэх 3 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 2022/ХМШЗ/51 дугаартай шүүгчийн захирамжаар түүний тус зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 7 сар, 28 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн;

Шүүгдэгч Ч.Ө- нь 2021 оны 3 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө, ...... дүүргийн .... дугаар хороо, Жанжингийн ...... тоотод байрлах нийтийн байранд иргэн Б.О-тай үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, хавирга цээж орчимд нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Яллах дүгнэлт 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэгдэж, 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ч.Ө-д гардуулсан байх бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 2022/ХМШЗ/51 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 7 сар, 28 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Шүүхэд хэрэг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжиж ирсэн байх бөгөөд прокуророос 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 272 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол үйлдэж, эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар саналаа үйлдэхдээ яллагдагчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж түүнийг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Өөрөөр хэлбэл прокурорын эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар гаргасан санал үйлдэгдсэний дараа Ч.Ө- нь 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 2022/ХМШЗ/51 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн захирамжаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулсан байх бөгөөд уг хорих ялыг хэрхэх талаар прокурорын саналд тусгагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана: 4.3 прокурорын сонгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заасан.

2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 2022/ХМШЗ/51 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар солигдсон хорих ялыг хэрхэх талаар прокурор санал гаргаагүй, хэрхэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдсан эсэхэд эргэлзээ үүсч байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд прокурорын саналд дурьдагдаагүй асуудлаар шүүх шийдвэр гаргах тохиолдолд дээрх хуулийн заалт зөрчигдөхөд хүрнэ.

Иймд шүүгдэгч Ч.Ө-д холбогдох эрүүгийн 2206000001257 дугаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Оюун-Эрдэнэ бичсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн энэ хэрэгт яллагдагчаас гаргасан хүсэлтийг хангаж, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол, яллах дүгнэлтийг үйлдэж, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулахад зөвшөөрсөн тул 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Ө-д прокурорын яллах дүгнэлтийг гардуулан өгч, 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд очихыг мэдэгдсэн байсан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ХМШЗ/51 дугаартай шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 435 дугаартай тогтоолоор оногдуулсан 3 жил, 5 сар, 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 7 сар, 28 хоногийн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсний улмаас яллагдагч шүүхэд хүрэлцэн очоогүй байсан. Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу ялтныг хорих ангиас шилжүүлэн авах үед яллагдагч өмнөх хүсэлтээсээ татгалзаагүй хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрөөгүй тул прокуророос ялын санал танилцуулж, яллах дүгнэлтийг гардуулсны дараа болсон үйл явдлын улмаас үүссэн үр дагавраас шалтгаалж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, цаг хугацааны хувьд нэгэнт танилцуулсан ялын санал, яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнө хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын ялын биелэлттэй холбоотойгоор ял солигдсон асуудалд нэмж нэгтгэлгүй хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж хэргийг шүүхээр хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Гэвч шүүх шүүгчийн захирамжаар солигдсон ялыг хэрхэх талаар прокурорын саналд тусгагдаагүй, хэрхэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан нөхцөл хангагдаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь:

Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял солигдоогүй байсан бол прокурорын саналын хүрээнд буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэх саналыг улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл ялын төрөл хэмжээний саналыг тохиролцох үед үүсээгүй байсан урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлын улмаас бий болсон хэд хэдэн төрлийн ялыг хэрхэх талаар саналдаа тусгасангүй гэж шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэсэн нь өрөөсгөл ойлголт юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж зайлшгүй үүссэн нөхцөл байдалд үндэслэн, улсын яллагчаас хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан, хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх талаар гаргасан саналыг хэрэглэх боломжгүй талаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаж өгөөгүй зэргээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.

               2. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн ба энэ нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ үндэслэл болгосон нотлох баримтуудын жагсаалтад хэрэгт байхгүй “насанд хүрээгүй хохирогч Д.Т-ын” гэх мэдүүлгийн агуулгыг тусгасан,

            3. Улсын яллагчийн саналын үндэслэл болгосон баримт болох яллах дүгнэлт гардуулж өгсөн, эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар гаргасан саналын талаар няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Ч.Ө-ы нэрийг Ч.Ө- гэж нэр буруу, зөрүүтэй тусгасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-д зааснаар Ч.Ө-д холбогдох эрүүгийн 2206000001257 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2737 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

          Ч.Ө- нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн 8 жилийн хорих ялыг эдэлж байхад 2021 онд Өршөөл үзүүлэх тухай хууль гарч, тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 7.1, 7.2 дугаар зүйлд зааснаар үлдэх 3 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

          Ч.Ө- нь тус зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, прокурор 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол, яллах дүгнэлтийг үйлджээ.

          Тус яллах дүгнэлтийг үйлдсэний дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ХМШЗ/51 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 435 дугаартай тогтоолоор оногдуулсан 3 жил, 5 сар, 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 7 сар, 28 хоногийн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

          Шүүх прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Ч.Ө-д холбогдох эрүүгийн 2206000001257 дугаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасанд нийцэхгүй шийдвэрийг гаргах тул энэ үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

          Түүнчлэн, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй нь “...зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн...” үндэслэлээр хорих ял солиулах прокурорын дүгнэлттэй ялтан Ч.Ө-ы холбогдсон эрүүгийн 2206000001257 дугаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг хангах шийдвэрийг прокурор гаргахад хүргэжээ.

          Иймд прокурорын бичсэн “...ялын төрөл хэмжээний саналыг тохиролцох үед үүсээгүй байсан урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлын улмаас бий болсон хэд хэдэн төрлийн ялыг хэрхэх талаар саналдаа тусгасангүй гэж шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэсэн...” талаарх эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдэхээр шийдвэрлэлээ.

          Харин шүүгчийн захирамжид хэрэгт байхгүй насанд хүрээгүй хохирогч Д.Т-ын мэдүүлгийг бичсэн /хх 146/, шүүгдэгч Ч.Ө- нэрийг “Ч.Ө-” гэж буруу бичсэн /хх 147/ алдаа гаргасан байх тул прокурорын эсэргүүцлийн “...хэрэгт байхгүй “насанд хүрээгүй хохирогч Д.Т-ын” гэх мэдүүлгийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгасан, ...шүүгдэгч Ч.Ө-ы нэрийг Ч.Ө- гэж нэр буруу бичсэн...” талаарх 2 хэсэг нь үндэслэлтэй байна. Гэхдээ энэхүү шүүгчийн захирамжид гаргасан алдаа нь “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг өөрчлөхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2737 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэрэг прокурорт очтол Ч.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ