Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01709

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01709

 

 

Л.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02932 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.З-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжжлэгч Л.Э, хариуцагч Б.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т ресторанд туслах тогоочоор ажиллаж байхад 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ахлах Б.Золбоо миний нүүрэн тус газарт мөргөж биед минь тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/739 дугаар шийтгэх тогтоолоор Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн. Тэрээр надад эмчилгээний зардал 360 000 төгрөг өгсөн. Би ажил олгогч байгууллагатай хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулан, цалин 855 000 төгрөгөөс 1 300 000 төгрөгийн хооронд авч байсан. Миний бие гэмтлийн улмаас ажлай хийж чадахгүй болсон тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан, цалин хөлс түүнтэй адилтгах орлого буюу 1 сарын цалин хөлсний дундаж хэмжээг 900 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Иймд Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Би гэм буруугаа хүлээж тухайн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч Л.Э хэрэг гарсны маргааш ажил дээрээ ирж ажилласан ба хамт ажилладаг хүмүүс биеийн байдлыг асуухад зүгээр гэж хэлж байсан. Л.Э нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хаяж явсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийг мөргөж гэмтээсэн болох нь эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн байна. Учир нь нэхэмжлэгч гэмтэл авснаас хойших 1 сарын хугацаанд ажил хийгээгүй үеийн орлогын мөнгөн дүнг шаардах нь зөв гэж үзэж байх тул хариуцагчаас 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.З 900 000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б.З нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөгийг гаргуулж улсын орлого оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар гэм хорын хохирол болох 900 000 төгрөгийг баримтыг нотолж чадаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчээс эмч болон эмнэлгийн байгууллагын баримтгүй зөвхөн биеийн байдал муу байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Л.Э нь хэрэг болсон явдлын маргааш ажилдаа ирсэн. Түүнээс хойш тэрээр дахиж ажилдаа ирээгүй ба байгууллагад ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэлгүй алга болсон. Нэхэмжлэгч нь баримтгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан, цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Б.З-д холбогдуулан гэм хорын хохиролд 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 739 дугаар шийтгэх тогтоолоор Б.З нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Э-н нүүр рүү мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. /хх-5-7/ Уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагч Б.З-д нэхэмжлэгч Л.Э-н эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Б.Золбоогийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Л.Э-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэдгийг тогтоосон, харин хөнгөн гэмтлийн улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан гэх үйл баримтыг тогтоогоогүй байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон шинжээч ...Л.Э-н биед тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварыг алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт гаргасан талаар шийтгэх тогтоолд тусгажээ. /хх-6/

Нэхэмжлэгч Л.Э-н хувьд эрүүл мэндэд гэм хор учируулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэх үйл баримтаа өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Хэрэгт энэ талаар нотолсон баримт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын нотолгооны үүргийг буруу хуваарилан, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн заасныг буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Э-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/02932 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Б.З-д холбогдох гэм хорын хохирол 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Э-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Золбоогийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД