2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03387

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22 191/ШШ2025/03387

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух, Г овогт С.А /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт байрлах, З ХХК /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 251,732,273.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.А нь З ХХК-тай 2021.07.11-ний өдөр орон сууц захиалгын МН-000 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээгээр .............. дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэгчийн барьж буй ...................... хотхоны Мульти хаус орон сууцны ........... загварын ............. барилгын .......... тоот хаалганы дугаартай 0000 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 3 дугаар улиралд захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гэрээний зүйл болох орон сууцны нэгж метр квадратын үнийг 2,950,000 төгрөгөөр тохиролцож нийт 222,282,500 төгрөгийг 2021.07.19-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэрээний 3 дах хэсэгт талууд төлбөрийн нөхцөлийг тохиролцсон. Гэрээний үнийн 75,000,000 төгрөгийн төлбөрт иргэн Г.Э-ын нэр дээрх 00-00 ААА улсын дугаартай .......... маркийн, ...................... тоот арлын дугаартай, сувдан цагаан өнгийн автомашиныг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг 2021.07.19-ний өдөр хариуцагчийн Голомт банк дах дансанд нэг ам.долларыг 2,848 төгрөгөөр тооцож, 51,714.36 ам.доллар шилжүүлснээр талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөрийг 100 хувь бүрэн төлж барагдуулсан.

Гэтэл гүйцэтгэгч хуулийн этгээд нь захиалгын орон сууцыг барьж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлж, өнөөдрийн байдлаар тухайн барилгын суурь л хагас дутуу цутгасан байдалтай байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэгчид буюу хариуцагчид өгсөн төлбөрөө буцаан шаардах эрх зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл З ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой үүрэг хүлээнэ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө, мөн зүйлийн 218.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасан байна. З ХХК-д төлсөн үлдэгдэл төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу буцаан авахаар шаардлага гаргасан үеийн ханшаар нэхэх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Монголбанкнаас зарласан 2024.12.20-ны өдрийн ам.долларын ханш 3,417.47 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн 51,714.36 ам.долларыг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлэн 176,732,273.87 төгрөгийн шаардлага гаргах үндэслэлтэй.

Иймд хариуцагч З ХХК-иас орон сууц захиалгын төлбөрт шилжүүлсэн 75,000,000 төгрөг, 51,714.36 ам.доллар буюу 176,732,273.87 төгрөг, нийт 251,732,273.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч С.А нь төлбөрт ам.доллар өгсөн тул төлбөрийн буцаалтыг ам.долларын өнөөгийн ханшаар буюу 2024.12.20-ны ханшаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч "З ХХК нь орон сууцны захиалгын үнэ, төлбөр тооцоог хуулийн дагуу үндэсний мөнгөн тэмдэгтээр тогтоож, хүлээн авдаг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх, ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасны дагуу гэрээний оролцогч талууд төлбөр тооцоогоо үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний төлбөрт төлсөн 222,282,500 төгрөгийг 2025.06.22-ны дотор эргүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй ба нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэх боломжтой... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч үндсэн төлбөр болох 222,282,500 төгрөгийг 2025.06.22-ны дотор төлөхийг нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 29,449,773 төгрөгөөс татгалзаж, хугацаа олгож эвлэрэхэд татгалзах зүйл байхгүй... гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэг талаас С.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нөгөө талаас З ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б бид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2025.06.22-ны өдрийн дотор 222,282,500 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 29,449,773.87 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байгаа болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч З ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 251,732,273.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 29,449,773.87 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 222,282,500 төгрөгийг 2025.06.22-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчээс 2024.12.18-ны өдөр Б.Б-д 3 жилийн хугацаатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 0759 дугаартай итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч З ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.23-ны өдөр төлсөн 1,416,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас 222,282,500 төгрөгт холбогдох тэмдэгтийн хураамжид 1,269,362 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч З ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 251,732,273.87 төгрөг гаргуулах тухай С.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 29,449,773.87 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 22,282,500 төгрөгийг 2025.06.22-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч З ХХК-иас 222,282,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжд 1,269,362 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.23-ны өдөр төлсөн 1,416,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА