Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/1067                 

 

 

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,  

хохирогч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/967 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2208000000778 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.А  ..... тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/343 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр .... дүүргийн ..... дүгээр хороо, 23в байрны 21 тоот 3 өрөө орон сууцыг түрээслэн сууж байхдаа тухайн байрыг өөрийн өмчлөлийн байр гэж Б.Бийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 60,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцон, улмаар урьдчилгаа болгож бэлнээр 3,000,000 төгрөг, дансаар 5,120,000 төгрөг буюу нийт 8,120,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-г залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үйлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гаас 4,120,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч Б.Бт хохирлыг бүрэн төлж барагдуулна. Миний хувьд одоо 8 сартай жирэмсэн бөгөөд хот, хөдөөгийн хооронд ажлаар их явдаг, өсвөр насны охиноо Улаанбаатар хотод сургуульд оруулсан учир зорчих эрхийг хязгаарлах ял нь миний хувийн байдлыг хүнд байдалд оруулах тул торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ. 

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.А-гаас 4,000,000 төгрөгийг өгсөн. Одоо 4,150,000 төгрөгийн хохирлыг төлөх дутуу байгаа...” гэв.  

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-г гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах болсон шалтгаанаа шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байдаг. Шүүгдэгч Д.А- нь тухайн үед жирэмсэн байсан. Торгох ялаар сольж өгнө үү гэж байна. Д.А- нь тодорхой эрхэлсэн ажилгүй, цайны газар ажилладаг гэх боловч энэ талаарх баримтаа гаргаж өгдөггүй. Ямар орлоготой болох нь тогтоогдоогүй тул торгох ял оногдуулах боломжгүй юм. Иймд шүүгдэгч Д.А-гаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2208000000778 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, .... байрны ... тоот .... өрөө орон сууцыг түрээслэн сууж байхдаа тухайн байрыг “60 сая төгрөгөөр зарна” гэж Б.Бийг хуурч, “...өөрийн өмчлөлийн байр...” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа гэж бэлнээр 3,000,000 төгрөг, дансаар 5,120,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 8,120,000 төгрөгийг залилж авсан болох нь:

хохирогч Бийн: “...Д.А- гэх хүн нөхөр бид хоёрт хандаж, уг байрыг миний эзэмшлийн байр, байрны гэрчилгээ Өвөрхангай аймагт байгаа удахгүй очоод аваарай, байрны гэрчилгээг та хоёрт өгье гэж хэлсэн. ...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Д.А- гэдэг хүн байрны урьдчилгаа мөнгөө өгөхгүй бол хүнд өглөө шүү гээд байдаг байсан. Анх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Д.А- гэх хүнтэй уулзахдаа бэлэн 3.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2019 оны 7 дугаар сард Д.А-гийн эзэмшлийн 55ххххххххх тоот дансанд 2.000.000 төгрөгийг би шилжүүлсний дараа Д.А- эгчийнхээ дансыг өгөөд 300.000 төгрөг авсан ба 2019 оны 10 дугаар сард манай нөхөр 1.500.000 төгрөгийг 55ххххххххх тоот дансанд шилжүүлсэн. Дээрх Д.А-д өгсөн мөнгөнүүд бол байр авахаар өгсөн мөнгө бөгөөд 8.120.000 төгрөг залилуулсан...” /хх 16, 86/,

гэрч Ё.Ж-гийн: “...манай хажуу айлын эмэгтэй буюу Д.А- манайхтай хөрш айл болоод 5, 6 жил болж байна. Би хажуу айлын эмэгтэй буюу Анхтуяаг хөрш болоход танилцаж байсан бөгөөд гайгүй зан харилцаатай эмэгтэй болохоор нь түүний гэрээр орж, гараад харилцаатай байсан юм. Д.А- надад хэлэхдээ ... дүүрэг ... дүгээр хороо, Драгон төвийн хойно 3 өрөө байртай тэр байраа зарна, та юу ч гэсэн хүүхдүүдээ хэлээд үзэхгүй юу хямд, 60.000.000 төгрөгөөр зарна. Урьдчилгаа барагдуулж болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийн төрсөн хүү Самдандоржид бэрийн ажилтай ойрхон байр хямд зарах гээд байна гэж хэлсэн. Тэгээд манай охин хүү хоёр миний ярьсан зүйлийг сонирхоод тэр хүнтэй чинь уулзья гээд Д.А-тай уузахаар болсон...” /хх 20-21/,

гэрч Ө.Г-ийн “... Би ...... дүүргийн .... дүгээр хороо, Драгон төвийн хойно байдаг ..... байрны .... тоотод байрыг 2013 онд худалдаж аваад өөрийн нэр дээр эзэмшиж байсан. Уг байрыг хүмүүст түрээсэлдэг юм. ...2020 оны 01 дүгээр сард өөрийн түрээслэж байсан байранд очиход миний танихгүй хүн байхаар нь асуухад Б гэх эмэгтэй надад хандаж Д.А- гэх хүнээс худалдаж авсан урьдчилгаа 10.000.000 төгрөгөөс 8.700.000 төгрөгийг нь өгсөн гэж хэлсэн. Би уг байрыг өөрийн байр гэдгийг нотлох зорилгоор бичиг баримт болон Д.А- гэх хүнд түрээслэсэн гэрээ үзүүлсэн. Д.А-тай 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулснаас хойш биеэр огт уулзаж чадаагүй...” /хх 25-26/,

шүүгдэгч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “..Тухайн үед би хажуу айлын эгч Ё.Ж-тай ярилцаж байхдаа .... дүүргийн ..... дүгээр хороо, Драгоны хойно өөрийн эзэмшлийн байртай тэр байраа зарна гэж хэлсэн. Би энэ байрыг түрээсэлдэг байсан. Тухайн үед би уг байрыг 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь урьдчилгаа 10.000.000 төгрөг өгье гэхээр зөвшөөрсөн. ...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ё.Ж- эгчийн хоёр хүүхдээс байрны урьдчилгаа гэж Драгон төвийн АТМ дээрээс 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан... 2019 оны 7 дугаар сард Бын нөхөр 2.000.000 төгрөг, мөн дараа нь Б 2.000.000 төгрөгийг шилжүүлж бас эгчийнхээ данс руу 300.000 төгрөг шилжүүлж авсан ба 2019 оны 9 дүгээр сард 820.000 төгрөг шилжүүлж авсан. Би Б гэх хүнээс нийт 8.120.000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж авсан...” /хх 82-83/ гэх мэдүүлгүүд,  

.... дүүргийн .... дугаар хороо, .... байрны ... тоот .... өрөө орон сууцыг Д.А-д хөлслүүлсэн .... дүүргийн .... дугаар хороо, .... байрны ... тоот .... өрөө орон сууцны өмчлөгч Ө.Г, Ш.Т болон Д.А- нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан хөлслөх гэрээ /хх 2-4/,

..... дүүргийн .... дугаар хороо, ... байрны .... тоот орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 5/,

Д.А-, Б.Б нарын Хаан банкны дансны хуулга /хх 39,44-45, 47-48/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.А-гийн өөрийн хөлсөлсөн байраа 60,000,000 төгрөгөөр зарна гэж хуурч, “өөрийн өмчлөлийн орон сууц” гэсэн зохиомол байдлыг бий болгон хохирогч Б.Бийг залилж, түүнээс 8,120,000 төгрөгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө залилсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Д.А-гийн үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг зөв дүгнэж, шүүгдэгч Д.А-гаас төлөөгүй үлдэгдэл 4,120,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгож шийдвэрлэсэн нь зөв байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас Д.А-гийн жирэмсэн гэсэн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, зургаан сарын оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

Д.А-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч Д.А-гийн “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/967 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ