2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00367

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... хороо, ....хороолол, .... байр .... тоот хаягт оршин суух, ... овогт ... Л/РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Л шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Л нь 1969 оны 07 сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн. 1988 оны 01 сард Дарханд үсчний дагалдангаар сурч ажиллан 1988 оны 05 сарын 13-нд эрэгтэй үсчний 3-р зэргийн үнэмлэхтэй болсон. Улмаар Дархан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний харьяа үсний газарт 1988 оны 1 сарын 01-ээс 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үсчнээр ажилласан. Тэр үед ажиллаж байснаа Дархан хотын архиваас шүүлгэхэд ямар ч ажиллаж байсан архивын баримт олдоогүй. Зөвхөн үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах дээрх татвар төлсөн дэвтэр байгаа юм. Мөн Улаанбаатар хотод шилжин ирж 1989 оны 03 сарын 01-нээс Сүхбаатар дүүргийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний үсчний 5-р салбарт үсчнээр 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. Манай байгууллага дуудлага худалдаагаар орж хувьчлагдаад нэрээ сольж .. нэртэй болж үйл ажиллагаагаа явуулснаас миний хувьд үргэлжлүүлэн ажиллаж 1991 оны 09 сарын 26-наас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан юм. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа ба Ажиллаж байснаа тогтоолгохоор Архивын ерөнхий газраас шүүлгэхэд .. - байгууллагын баримт шилжиж ирээгүй гэх шалтгаанаар лавлагаа гарч ирэхгүй байгаа юм. Одоогоор надад байгаа баримт гэвэл Сүхбаатар дүүргийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний үсчний 5-р салбарт ажиллаж байх хугацаа буюу 1990 онд үсчин гоо сайханчдын тэмцээнд орж 1-р байр эзэлсэн тул 1990 оны 07 сарын 26-ны өдрийн 192-р тушаалаар эрэгтэй, эмэгтэй үсчний 2-р зэрэгтэй болж зэргээ ахиулж байсан. Одоогоор нас 55 хүрч ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэртээ гарах гэхээр тухайн үөд ажиллаж байсан маань архивын лавлагаагаар гарч ирэхгүй байгаа тул зайлшгүй шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд Дархан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үсчнээр 1988.01.01-нээс 1989 оны 02 сарын 01-нийг хүртэл, мөн ..-д үсчнээр 1989.03.01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна: Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, архивын газрын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, мэргэжлийн комиссын үнэмлэх, үйлдвэрчний эвлэлийн үнэмлэх, тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, зэрэг баримтууд авагдсан байна.

Шүүгчийн захирамжаар: Үндэсний төв архивын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн архивын тасгын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт зэрэг баримтууд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4. Д.Л нь Дархан хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл үсчнээр, мөн Сүхбаатар дүүргийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, ..-д 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл үсчнээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг гаргажээ.

 

5. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.

 

6. Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газрын 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №168 дугаар тушаалаар Д.Лд эрэгтэй үсчний гуравдугаар зэрэг олгожээ.

 

7. Д.Л нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үсчнээр ажилласан гэх тайлбар гаргасан, хавтаст хэрэгт авагдсан Дархан хотын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1969.07.30-ны өдөр төрсөн Д.Лд олгогдсон Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхээр 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд түүний сарын цалингаас тооцогдож, үйлдвэрчний эвлэлийн татвар төлөгдсөн үйл баримт тогтоогдсон тул 1988 оны 01 дүгээр сараас хойш ажил, хөдөлмөр эрхэлж байсан гэх үндэслэлтэй байна.

 

8. Түүнчлэн, иргэн Борхүүгийн Соёлмаа нь Дархан хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982-1989 оны хооронд үсчнээр ажиллаж байсан, ажиллаж байх хугацаанд нь нэхэмжлэгч Д.Л нь тус газарт 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 2 дугаар сар хүртэл хамт ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин явсныг тодорхойлсон байна.

 

9. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 304 шийдвэрээр Д.Лгийн талаар шүүхэд тодорхойлолт гаргагч Б.Соёлмааг Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1982.07.09-ний өдрөөс 1989.01.25-ний өдрийг хүртэл үсчнээр ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийн нэхэмжлэгч Б.Соёлмаа нь хүсэлт гаргагч Д.Лтэй Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 2 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсныг тодорхойлсон байх тул тухайн тодорхойлолт нь Дархан хотын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт Д.Лгийн ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.

 

10. Мөн Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс үсчнээр ажилласан Цагааны Энхтуул нь өөрийгөө тус байгууллагад ажиллаж байх хугацаанд Д.Л нь ажиллаж байсныг мөн тодорхойлж, №379373 дугаартай өөрийн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар хавсаргажээ. Ц.Энхтуулын хөдөлмөрийн дэвтэрт Дархан хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт үсчнээр 1988.01.16-ны өдрөөс ажиллаж эхэлсэн болохыг нь тэмдэглэжээ.

 

11. Улмаар Д.Л нь Улаанбаатар хот руу шилжин ажиллах болсонтой холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үсчнээр ажиллах болсон, ажиллаж байх хугацаанд нь Сүхбаатар дүүргийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь өмч хувьчлалаар хувьчлагдаж, .. болсон, 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл тус байгууллагад ажиллаж байсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан, мөн энэ хугацаанд нэхэмжлэгчтэй тус байгууллагад хамт ажиллаж байсан Т.Оюунбилэг, Д.Дэлгэрмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр ажиллаж байсан байдал нь нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

12. Д.Лгийн хүсэлттэй хэрэгт гэрч Д.Дэлгэрмаа, Т.Оюунбилэг нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн, Сүхбаатар дүүргийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь өмч хувьчлалаар хувьчлагдаж, .. болсон хоршоонд үсчнээр Д.Лтэй хамт ажиллаж байсан талаар мэдүүлжээ. Мөн тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрээр тухайн байгууллагад ажиллаж байсан болох нь нотлогдсон, Сүхбаатар дүүргийн ахуй үйлчилгээний комбинатын 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №192 тушаалаар Д.Л нь үсчний хос мэргэжлээр/эмэгтэй, эрэгтэй/ Хоёрдугаар зэрэг олгосон болох нь баримтаар тус тус тогтоогджээ.

 

13. Шүүхээс онцгой ажиллагааны журмаар, өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулж, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын газар зэрэг байгууллагуудаас нэхэмжлэгч Д.Л нь Дархан хотын нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газар, Сүхбаатарын районы Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын үсчний 5 дугаар салбар, .., Дархан хотын нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол тэдгээрт хамаарах тушаал, шийдвэр, цалингийн баримт, холбогдох бусад баримтыг /ажилд орсон, гарсан тушаал, ээлжийн амралт авч байсан, цалин авч байсан, шагнал, зэмлэл шийтгэл хүлээж байсан эсэх, урлаг уран сайхны арга хэмжээнд оролцож байсан эсэх тушаал шийдвэр гэх мэт ажиллаж байсан бол түүнд хамаарах холбогдох бүх баримт/ зэргийг гаргуулахаар шаардсан боловч холбогдох баримт хадгалагдаагүй гэсэн хариуг ирүүлжээ.

 

14. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.Лгийн ХААТР-1-баримтад түүний 1988 онд үсчин болсон талаарх үйл баримт бүртгэгдсэн, мөн 1988 оны байдлаар Дархан хотод үсчинээр ажиллаж байсан нь бүртгэгдсэн нь нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил, ажиллаж эхэлсэн цаг хугацаа зэрэг нь тохирч байгаа, мөн бусад гэрч нарын мэдүүлэг, тодорхойлолтоор нотлогдсон тул нэхэмжлэгчийн ажилласан байдал нь бодитой гэж дүгнэгдэх үндэслэл болсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв.

 

15. Иймд Д.Лгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэж, Д.Л нь Дархан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл үсчнээр, мөн Сүхбаатар дүүргийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, ..-д 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл үсчнээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан :... овогт .... Л    /РД:.../ нь  1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үсчнээр, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, ..-д үсчнээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД