Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар  2022/ДШМ/1069                

 

 

 

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,  

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Х.Даваахүү, П.Алтанчимэг,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1077 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чинзориг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн М.Мд холбогдох 2203000550207 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М.М ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23:00 цагийн үед ..... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Тоуоtа Allion” маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Э-ыг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар мөн дүрмийн “...3.5 дахь заалт зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Тээврийн дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 0005 50207 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр, шүүгдэгчийг цагаатгаж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 230 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 2203 0005 50207 хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч М.М нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Мөрдөгч нь хэргийн газрын үзлэг хийхэд тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд хэргийн газрын үзлэгт оролцсон шинжээч нараар тэмдэглэлийн нүүр болгонд гарын үсэг зуруулаагүй гэсэн нь шинжээч нар уг хэргийн газрын үзлэгт оролцоогүй гэж үзэх үндэслэл биш бөгөөд шинжээч нар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлтэй танилцан сүүлийн хуудсанд гарын зурсан байдаг. Дээрх гарын үсгийг тэмдэглэлийн хуудас болгонд зуруулаагүй үйлдлийн талаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

2. Хэрэгт гэрч Г.Г-ийн “...ертөнцийн зүгээр хойноос саарал өнгийн 0000 ААА улсын дугаартай “Тоуоtа Allion” маркийн суудлын автомашин миний машины ард ирээд зогсохоор нь...тэр машин руу очиход 20-25 орчим насны залуу ганцаараа явж байсан. Би түүнд чи яагаад осол гаргачихаад ослын газраас хөдөлсөн юм бэ гэж асуухад би айсандаа хөдлөөд явсан гэж надад хэлэхээр нь чи энэ хүнийг машиныхаа аль хэсгээр мөргөсөн юм бэ гэхэд зүүн талын урд буферын доод хэсгээр мөргөсөн гэж хэлэхээр нь заасан хэсгийг нь харахад урд буферын зүүн урд доод хэсэг дотогшоо хумигдаж эвдэрсэн байсан. Тэгэхээр нь тэр залуугийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг аваад байж байхад удалгүй замын цагдаа ирэхээр нь бичиг баримтыг хүлээлгэн өгч болсон асуудлын талаар товч мэдээллийг хэлээд цааш дараагийн дуудлагадаа явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Т-ын “...би осол гаргасан гэх автомашины жолооч 20 орчим насны залуутай уулзаж ярилцахад би шуудайтай хог гэж бодсон, тэгээд дайрч явчхаад юу байсан юм бол гэж бодоод буцаад ирэхэд хүн байсан байна гэж хэлсэн. Тухайн үед намайг автомашины эргэн тойрон явж шалгахад машины зүүн урд буферын доод хэсэгт хагараад дотогшоо хумигдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг тус тус авагдсан байхад 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1077 дугаартай цагаатгах тогтоолд гэрч нь нотлох баримтын эх сурвалжаа заагаагүй гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;” гэснийг зөрчсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолд заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1077 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэгт “...би машинд мөргүүлсэн...” гэж мэдүүлсэн. Тухайн 2 гэрчийн мэдүүлгээр гэм буруутайд тооцох үндэслэл байсаар атал хэргийг цагаатгасан гэж эсэргүүцэлд дурдсан. Энэ 2 гэрчийн өгсөн мэдүүлэгт М.Мыг хэргийн газраас зугтаагаагүй, яваагүй байсан талаар мэдүүлдэг. М.Маас “...явж байхад зам дээр хар юм хэвтэж байсан. Би юу байсан юм бол гэж бодож цаашаагаа 100 метр яваад эргээд ирсэн. Тэр хүний хажуугаар өнгөрөхөд намайг анх харсан байдалтай хөндлөн хэвтэж байсан...” гэж мэдүүлдэг. Ойрхон эргэх боломжгүй учраас жоохон цаашаагаа явж эргээд хүрээд ирэхэд цагдаа ирсэн байсан гэж хэлдэг. М.Мын хувьд хэргийн газраас санаатай зугтсан үйлдэл байхгүй. Прокурорын зүгээс 2, 3 удаа эргэж явсан гэж тайлбарлаж байна. Хажуугаар нь явж ирээд буцаж эргэсэн л үйлдэл хийсэн тул хэргийн газраас зугтаасан үндэслэл тогтоогдохгүй байна. Автомашины эвдрэлийн тухайд замын хашлага руу хөдлөн гарч зогсоход машинд эвдрэл, гэмтэл үүссэн байх боломжтой. Прокурор яллах дүгнэлтдээ механик тээврийн сургуулийн багш нарын хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан 03/9 тоотын шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн магадлагаагаар цагаатгасан этгээдийг буруутгах үндэслэлээр орж байсан. Хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд хамгийн анх 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 298 тоот мөрдөгчийн магадлагаа гарсан. Бидний зүгээс уг мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй байна гэхэд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтэд зогсоох арга хэмжээ аваагүй талаар заагаагүй атал мөрдөгч шинжээчийн дүгнэл гарсны дараа 4 дүгээр сарын 9-ний өдөр хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн магадлагааг 2 удаа гаргасан. Прокурорын тогтоолоор шинжээчийн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл мөрдөгч хувийн сонирхлоороо шинжээчийн дүгнэлт гарсан байхад дахин өөрийн гаргасан магадлагаанд нийцүүлсэн. Осол хэрэг болсон газар бол явган хүний гарцгүй газар, хохирогч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогчийн мэдүүлэгт “...намайг араас ирж мөргөснөөс болоод би ташаа руугаа мөргүүлсэн...” гэх мэдүүлэг авагдсан. Гэрч Г.Г, Б.Т- нар ослын талаар хараагүй. Гэрчүүдийн мэдүүлгээр цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн оролцсон учраас шүүгч нарын асууж тодруулж байгаа зүйл дээр тодорхой тайлбар хэлэх боломжтой. Шүүхээс хэргийг хэлэлцэх явцад хэргийн нөхцөл байдлуудыг тодруулж байсан. Прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг харвал 3 нотлох баримтыг л зааж “...шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн дээр нэмж шүүх хуралдаанаар гэрч нарыг оролцуулаад ингээд шүүх үнэлэх ёстой байсан...” гэж тайлбарлаж байна. Мөн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх үндэслэлийг харвал тухайн үед нотлох баримт хангалттай бус байсан. Одоо бид нар гүйцээгээд гэрч нараас нэмж асууж тодруулаад бүрэн болгоё гэх агуулгаар прокурорын зүгээс давж зааалдах шүүхээс алдаагаа засах боломжийг хүсэж байгаа мэт ойлгогдож байна. Прокурорын үүрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлоод, шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны дагуу явагдаагүй олон үйл баримтууд шүүх хуралдааны явцад тогтоогдож байсан. Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй, нотолбол зохих нөхцөл байдал нотлогдоогүй учраас шүүх хэргийг цагаатгасан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хуульд заасан шаардлага хангаагүй, М.Мд танилцуулаагүй. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр шинжээч н.С, Г.Г нарын зурсан гарын үсэг өөрсдийнхөн гарын үсэг биш байсан. Хавтаст хэрэгт энэ хүмүүсийн гарын үсгүүд байгаа бөгөөд бичиг үсгийн чадвартай, гоё гарын үсгүүдийг зурсан байдаг. Би тухайлан очиж уулзаж тухайн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр зурсан гарын үсгүүдийг үзүүлэн өөрсдийнх биш болохыг өмнө нь бариад асууж байсан. Энэ талаар мөрдөгчид хэлж хүсэлт гаргаж, мөн шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэгллийн хуудас бүртэй танилцаж, гарын үсэг зурах хууль ёсны шаардлагыг хангаагүй. Уг үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурж оролцсон гэх шинжээч нарын гарын үсэг биш. Уг баримтаар үндсэндээ М.М “...би дайрсан юм гэж ярьсан...” гэдэг л нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөөр М.М дайрсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн гэрч Г.Гийн мэдүүлэгт шүүх тодруулж ажиллагаа хийх ёстой байсан. Гэтэл гэрч Г.Гийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Мэдүүлэгт “...газар хэвтэж байсан хүн дээр хар юм байсан. Би газар хэвтэж байсан хүн дээр очиход ухаангүй байсан учраас шууд дуудлага өгсөн...” гэсэн агуулгатай мэдүүлгийг өгөхдөө тухайн автомашины маркийг хэлж, 92-88 гэх дугаарыг үсгийн мэдэхгүй байсан гэж дурдсан. Гэтэл 102-т дуудлага өгсөн мэдүүлэгт тухайн автомашиныг үсэг дугаартай нь хэлсэн байдаг. Шүүх хуралдаанд М.М “...би тойрч ирээд зогссоход цагдаа ирээд уулзсан, тэгснээ чи мөргөсөн байна гээд миний машиныг харж байгаад 102-д дуудаж ярьсан...” гэж тайлбарладаг. Шүүх өмгөөлөгч миний хүсэлтийн дагуу гэрч Г.Гийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч ирдэггүй учраас би хүсэлтээсээ татгалзсан. Мөн 2 дахь гэрч Б.Т-ын мэдүүлэг өөрөө эх сурвалж, бичгийн болон өөр бусад нотлох баримтаар баталгаажих ёстой гэж үзэж байна. Гэвч гэрч Б.Т-ын мэдүүлэгт насанд хүрээгүй 2 хүүхдийн талаар ярьдаг. Гэтэл М.М “...миний насны 2 залуу байсан. Тэр хоёрыг асуугаад өгөөч...” гэж анхны мэдүүлэг дээрээ мөрдөгчид “...энэ 2 намайг мөргөөгүй гэдгийг мэднэ. Тэр 2 тэнд явж байсан...” гэж хэлдэг. Гэтэл 2 гэрч байхгүй болчихдог. Дээрх нөхцөл байдал нь хангалттай нотлогдоогүй. Мөн хохирогч “...араас мөргөсөн...” гэж мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би мөрдөгчтэй маш олон удаа уулзаж, “...туршилт хийгээд үзээч. Хохирогчийн ярьж байгаа нөхцөл байдал болон М.Мын яриад байгааг би газар дээр очоод үзлээ. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн зургаар очиж үзэхэд таарахгүй байна. Та бүхэн туршилт хийгээд өгөөч...” гэх хүсэлтийг гаргаж байсан. Учир нь, хохирогчийн гэр осол болсон гэх газрын яг буудлын хойшоо, ертөнцийн зүгээр баруун хойд тал руугаа байдаг. Би гэрийнх нь хаягаар очиж үзсэн. Улаан буудал гэж осол гарсных зүүн талын буудлыг хэлдэг ба ертөнцийн зүгээр замынхаа зүүн урд талд байдаг. Хохирогчийн гэр баруун хойд талынхаа 1 буудал дайны орчинд гудам руугаа нэлээд явж байгаад байдаг. Хохирогч “...хотын төвөөс ирсэн...” гэдэг. Тухайн зам дээр такси олон хүнийг буулгаж эргэхгүйгээр чигээрээ явсан байдаг. Энэ нөхцөл байдалтайгаар ертөнцийн зүгээр зам хөндлөн гарч явсан гэх боловч хохирогч “...миний араас мөргөсөн...” гэдэг. Гэтэл М.Мын ирсэн зүг хойноосоо, хохирогч урдаасаа явж байсан. Өөрөөр хэлбэл, 2 өөр урсгал дээр явж байсан. Хохирогчийг шүүгчийн туслах шүүхийн ажиллагаанд олон удаа дуудсан. Миний зүгээс шүүх хуралдаанд оролцуулах гэж туслахын хажууд сууж байгаад та нар сайн дууд гэж шаардлага тавьж байсан боловч хохирогч ирдэггүй. Прокурор хүртэл шүүх хуралдааны явцад хохирогчийг “ирээч ээ” гэж ярьж байсан. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ба гомдол гаргаагүй. Хохирогч өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машины дээд хэсэг дээр байгаа будгийн халцархай бол хуучин гэмтэл болохыг СӨХ-ынхоо зургаар нотолдог. Тухайн Тоуоtа Allion маркийн автомашин нь намхан, хохирогчийн хувьд том биетэй, өндөр хүн. Би мөрдөгчөөс “...яаж дайрсан гэж үзэж байгаа вэ, надад ойлгуулаад тайлбарлаад өгөөч...” гэхэд “...үйл хөдлөлөөрөө ингээд явж байхад нь 4 дугуйгаараа дайрсан...” гэж тайлбарладаг. Миний зүгээс хохирогчийн дээгүүр дайрах боломжгүй. Хэрвээ дээгүүр нь гарч дайрсан бол автомашины доод эд, анги гарна. Энэ талаар би хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэсэн боловч доогуур нь ямар ч эд, анги гэмтсэн эсэх зүйл илэрдэггүй. Мөрдөгчөөс “...дээгүүр нь гарсан гэвэл боломжгүй байна. Та яаж мөргөсөн гэж үзэж байна вэ...” гэхэд “...тэгүүл ингэсэн...” гэх байдлаар тайлбарладаг. Иймд би шинжээчийг дахин асуух хүсэлт гаргасан. Гэмтлийн хувьд хохирогчийн дээгүүр нь гарч дайрсан байж болох ямар ч боломжгүй. Прокурорын зүгээс “...дайрагдсан...” гэж тайлбарладаг бол хохирогч “...мөргөгдсөн...” гэж мэдүүлдэг. Шүүх хуралдааны явцад прокурор өөрийн гаргасан дүгнэлтээ “...логик дүгнэлтээр дайрсан гэж үзэж байна...” гэж тайлбарладаг. Бидний зүгээс нотлох баримтаар үнэлэгдэхгүй байна гэж тайлбар гаргасан. Мөн хохирогчийн гэмтэл 4 хэсэг дээр үүсдэг. Автомашины доод хэсэгт сэтэрхий байдаг боловч үүний харилцан үйлчлэл нотлогддоггүй. 2 гэмтэл хоорондоо нийцдэггүй. М.М “...би ингээд энэ Баянхошуунд тэр хүн хүргэж байгаад цасанд суугаад явж байсан. Цагдаа намайг цаашаа гар гэхэд нь би айгаад сандраад хашлага давахдаа би огцом давснаас болоод миний машины зарим  зүйл эвдрээд дугуйны юм унасан...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн мэдүүлэг тогтвортой байдаг. Прокурорын дүгнэлтээр “хохирогчийг дайрсны дараа буцан эргэсэн” гэдэг. Энэ талаар М.М тайлбарлахдаа “...би 21 настай, би дайраагүй учраас сая зам дээр юу байсан бэ? гэж ертөнцийн зүгээр хойноос ирлээ хажуугаар гарсан, зам дээр эргэх боломж дээр буцаж эргээд очиход 2 залуу энд явж байсан, би буцаж эргээд цагдаагийн машины ард зогссон...” гэж тайлбарладаг. Хэрвээ М.М дайрсан бол 21 настай залуугийн сэтгэхүй, зугтах нөхцөл байдлаар ажиллах байтал “...тэр юу байсан юм байсан бэ...” гэж буцан эргэж явсныг прокурор “...өөрөө дайрчихаад эргэж тойроод байсан:...” гэх логик сэтгэл зүйн нөхцөл байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд мөрдөн байцаагч, прокурорын хийгээгүй дутуу ажиллагаанд нотлох ажиллагаа хийх боломжгүй байсан. Мөн хэрэгт М.Мын “..мөрдөгчийг солиод өгөөч...” гэсэн гомдол, хүсэлт байдаг. Мөрдөгч М.Маас “...би чамайг асуухгүйгээр чамайг нотлоно. Чи харж бай...” гэж хэлсэн байдаг...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

2203000550207 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” болох гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэн үйлдсэн байдлыг нотлох ажиллагааг хэрэгт бүрэн хийгдээгүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасныг хэрэглэж, шүүгдэгч М.Мыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь, анхан шатны шүүх:

- хэрэгт авагдсан прокурорын яллах нотлох баримт болгосон гэрч Г.Гийн “...ертөнцийн зүгээр хойноос саарал өнгийн 0000 ААА улсын дугаартай “Тоуоtа Allion” маркийн суудлын автомашин миний машины ард ирээд зогсохоор нь...тэр машин руу очиход 20-25 орчим насны залуу ганцаараа явж байсан. Би түүнд чи яагаад осол гаргачхаад ослын газраас хөдөлсөн юм бэ гэж асуухад би айсандаа хөдлөөд явсан гэж надад хэлэхээр нь чи энэ хүнийг машиныхаа аль хэсгээр мөргөсөн юм бэ гэхэд зүүн талын урд буферын доод хэсгээр мөргөсөн гэж хэлэхээр нь заасан хэсгийг нь харахад урд буферын зүүн урд доод хэсэг дотогшоо хумигдаж эвдэрсэн байсан. ...” /1 хх 56/, гэрч Б.Т-ын “...би осол гаргасан гэх автомашины жолооч 20 орчим насны залуутай уулзаж ярилцахад би шуудайтай хог гэж бодсон, тэгээд дайрч явчихаад юу байсан юм бол гэж бодоод буцаад ирэхэд хүн байсан байна гэж хэлсэн. Тухайн үед намайг автомашины эргэн тойрон явж шалгахад машины зүүн урд буферын доод хэсэгт хагараад дотогшоо хумигдчихсан байсан...” /1 хх 59/ гэсэн мэдүүлгүүдийг эх сурвалжаа зааж өгөөгүй, хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй гэрч нарын баримт бичгийг хэргийн газрын үзлэг хийхдээ шалгаагүй орхигдуулсан гэж нотлох баримтаар үнэлээгүй байна. Тухайн хэргийн газарт байсан гэрч гэх 2 хүний мэдүүлэг нь гэрч Г.Г, Б.Т- нарын мэдүүлгийн эх сурвалжгүй болсон талаарх  дүгнэлт нь ойлгомжгүй байх ба гэрч нарын өөрийн нүдээр харсан байдлаа мэдүүлсэн Г.Гийн “...Би түүнд чи яагаад осол гаргачхаад ослын газраас хөдөлсөн юм бэ гэж асуухад би айсандаа хөдлөөд явсан гэж надад хэлэхээр нь чи энэ хүнийг машиныхаа аль хэсгээр мөргөсөн юм бэ гэхэд зүүн талын урд буферын доод хэсгээр мөргөсөн гэж хэлэхээр нь заасан хэсгийг нь харахад урд буферын зүүн урд доод хэсэг дотогшоо хумигдаж эвдэрсэн байсан. ...”, гэрч Б.Т-ын “...Тухайн үед намайг автомашины эргэн тойрон явж шалгахад машины зүүн урд буферын доод хэсэгт хагараад дотогшоо хумигдчихсан байсан...” гэсэн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт байхгүй гэрч гэх 2 хүний мэдүүлгийг байхгүй гэж холбон эх сурвалжгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу оролцогчид тэмдэглэлийн нүүр тус бүрт гарын үсэг зураагүй, эмнэлэгт хүргэгдсэн байсан хохирогч Ц.Э-оор гарын үсэг зуруулсан гэсэн үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүй байна. Хэргийн газрын үзлэг нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах ойлгомжтой болгох гол нотлох баримт. Тус хэргийн газарт хийсэн хэргийн газрын үзлэг нь өөрөө ойлгомжгүй, тодорхой бус байх ба үүнийг нөхөн хийлгэхгүйгээр хэргийн нөхцөл байдлыг тодруулах боломжгүй байна. Хэрэгт буй хэргийн газрын үзлэгт явган зорчигч Ц.Э- аль зүгээс аль зүг рүү зам гарч явсан, осолд өртсөн цэг нь аль болох (автомашинд дайруулсан цэг А гэж авсан. Хохирогч Ц.Э- мөргүүлсэн гэдэг /1 хх 38-39/) зэрэг нь тодорхой бус хийгдсэн байна.

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны 999хххххх дугаартай “...урд буфер зүүн доод хэсэгтээ хагарсан эвдрэл нь тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн “...зүүн урд дугуй дотор хуванцар хүрээ ослын газраас хашлага давж байрлуулахдаа эвдэлснийг тэмдэглэлд тусгав...” гэснээр эргэлзээтэй болсон гэж дүгнэжээ. Энэ талаар хэргийн газрын үзлэгт яагаад тэмдэглэсэн, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд бичсэн эвдрэл нь хэргийн газрын үзлэгээс өмнө М.Мын жолоодож явсан машинд учирсан гэмтлийг харсан байж болохоор гэрч Г.Гийн харсан гэх “...зүүн талын урд буферын доод хэсгээр мөргөсөн гэж хэлэхээр нь заасан хэсгийг нь харахад урд буферын зүүн урд доод хэсэг дотогшоо хумигдаж эвдэрсэн байсан. ...” эвдрэл мөн эсэх талаарх асуудлыг эргэлзээгүй болгох шаардлагатай байжээ.

- Тoyota Allion загварын машины өндрийг үйлдвэрлэгчээс 1470 гэж тогтоосон байдаг гээд энэхүү өндрөө Ньютоны 3 дугаар хуультай холбосон, энэ дүгнэлтээ хохирогчид учирсан гэмтэлтэй холбосон дүгнэлтийг хийжээ. Энэхүү физикийн шинжлэх ухааны дүгнэлтийг шүүх хийсэн нь эргэлзээтэй төдийгүй хохирогч М.Мын жолоодож явсан Тoyota Allion загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн эсхүл дайрагдсан эсэх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Түүнчлэн, хохирогч Ц.Э-од учирсан гэмтлүүдийг М.М дайрч учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх “...тээврийн хэрэгслээр хохирогчийн ар хэсэг буюу газраас 60 см, дунджаар өвдөгний дунд хэсэгт мөргөсөн гэж үзвэл...” гэж мөргөсөн гэсэн дүгнэлтийг хийжээ.

Иймд хэрэгт нотолбол зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байхад шүүх шүүгдэгч М.Мыг цагаатгаж, түүнийг тус хэрэгт дахин яллагдагчаар татах боломжгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хэргийг прокурорт буцаасан хэсгийг хэвээр үлдээж, М.Мыг цагаатгасан хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.  

Мөн хохирогч Ц.Э-од учирсан гэмтлүүд хэрхэн ямар байдалд /байрлалд/ үүссэн талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар “...анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1077 дугаар цагаатгах тогтоолын:

тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтыг тус тус бүхэлд хүчингүй болгож,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ