Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 575

 

Ц.Эт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, Ц.Эт холбогдох 1931000040029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Ц.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч, түүний өмгөөлөгч нарын нэхэмжилсэн 5.335.536 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас имплант тулгуур 1 шүдэлбэр хийлгэх зардалд 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Уд олгон, 2.835.536 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь эмчилгээний зардалд шүүх хуралдаан дээр 137.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т заасан “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн заалт, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т заасан “давж заалдах шатны шүүх нь тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчиж хохирлын мөнгөн дүнг гаргах нотлох баримтын эх сурвалж бүрэн бүрдээгүй байхад шүүгдэгч Ц.Эаас 2.5 сая төгрөгийн хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна...

Шүүгдэгч Ц.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ намайг гэр орондоо эхнэр хүүхэдтэйгээ амарч байхад шөнийн цагаар хохирогч нар хууль бусаар гэрт нэвтрэн орж ирж танхайрсны улмаас миний сэтгэл санаа цочирдон давчдаж, аргагүй байдлын улмаас би хохирогч нарыг цохисон гэж мэдүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдлыг дүгнэн үзэж Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 54 дүгээр магадлалын тогтоох хэсэгт заасан шүүгдэгч Ц.Эаас 2.5 сая төгрөг гаргуулан хохирогч С.Уд олгох гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа: “...Хяналтын журмаар гаргасан гомдолд хохирогч нарыг буруутгасан зүйл бичигдсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. н.Баттулгын эхнэрийг хайж тухайн айлд ороход Ц.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир шууд н.Ц, н.Б нарыг зодсон, яаж байгаа юм, хүн алах нь байна гэж хэлсний төлөө зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон ба хохирогч нарын буруутай үйл ажиллагаа байхгүй гэдгийг илэрхийлсэн. Хохирогч нар нь шүүхэд 5.723.876 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлж өгснөөс анхан шатны шүүх 136.940 төгрөгийг гаргуулж, бусдыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хохирогч нарын зүгээс давж заалдах гомдол гаргасан бөгөөд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэг шүдний үнийг 2.500.000 төгрөгөөр гаргуулж шийдвэрлэсэн. Эмэгтэй хүний хувьд гоо сайхнаа алдсан, хиймэл шүд хийлгэсэн боловч орон нутгаар явж байгаа явуулын хүмүүсийн хийсэн шүд ач холбогдолгүй, хэл ярианд өөрчлөлт орсон, шүлсний булчирхайн цочрол өгсөн. Анагаахын шинжлэх ухааны сургуулийн дэргэдэх эрүү, нүүрний эмнэлэгт үзүүлж, нэг шүд хийлгэхэд 2.500.000 төгрөг шаардлагатай гэдгийг баталгаажуулж, нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Хавтаст хэрэгт хоёр шүд хийлгэхэд 5.040.000 төгрөг болно гэдгийг нотолсон нотлох баримтууд авагдсан. Давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулсан. Хохирогчийн хоёр шүдийг унагаасан, хиймэл шүд хийсэн боловч хугарсан байгаа. Хохирогч нар тухайн айлд хэрүүл, зодоон үүсгээгүй. Ц.Эын хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрэнгүй байдал гаргадаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ц.Э нь хохирогч С.У, Г.Ц нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 11 дугаар дүгнэлтээр С.Угийн биед 1 шүд хугарч унасан, 1 шүд бага зэрэг хөдөлгөөн орсон, уруулд цус хуралт, хуруунд зулгаралт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба уг гэмтлийг Ц.Э учруулсан болох нь хохирогч, гэрч Н.Б нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Шүүхээс Ц.Эын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн магадлалын заалтыг хүчингүй болгох тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдаад байгаа хохирогч нар хууль бусаар нэвтрэн орж танхайрсны улмаас хохирогч нарыг цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Эт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед өөрийн оршин суух Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Бүргэдэй 1 дүгээр баг, Булгийн 3-14 тоот гэртээ хохирогч С.У, Г.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 2 сараар тогтоосон нь буруу байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Эаас имплант тулгуур 1 шүдэлбэр хийлгэх зардалд 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч С.Уд олгуулж, 2.835.536 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гаргасан “...шүүгдэгч Ц.Эаас 2.5 сая төгрөг гаргуулан хохирогч С.Уд олгох гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН