Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01390

 

“Эй Ар И Си моргаж

корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04708 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1592 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК,

Хариуцагч :  Д.Орхон,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 8.141.647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, хариуцагч Д.Орхон, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Орхон, Б.Дунгаамаа нар нь 2014.4.29-ний өдөр ЗГ2014/04 гэрээ байгуулан 20.000 ам.доллар, 2014.7.23-ны өдөр ЗГ2014/07/05 тоот зээлийн гэрээ байгуулан 5.500 ам.долларыг тус тус зээлсэн. Зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 36 дугаар байр, 33 тоот 61.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2015 оны 4 дүгээр сард зээлдүүлэгч нэхэмжлэл гаргаж, талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамжаар батлуулсан. Эвлэрлийн гэрээгээр  Д.Орхон нь 54.260.774 төгрөгийг 2015.7.05-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч уг хугацаанд төлбөр төлөгдөөгүй.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2016.01.19-ний өдөр манай байгууллагын дансанд 51.009.559 төгрөгийн төлбөр орж ирснийг бид зээл, зээлийн хүүд суутгасан боловч үлдэгдэл мөнгө бүрэн төлөгдөөгүй. Тиймээс бид зээлдэгчийг зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүйгээс зээлдүүлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 219.1, 227.3, Зээлийн гэрээний 2.9, 2.18 дахь хэсэгт заасныг  үндэслэн зээлийн өр барагдуулах гэрээний дагуу төлсөн 3.825.717 төгрөг болон сар бүрийн төлбөрт төлсөн 900.000 төгрөг, нийт 4.725.717 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 160.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээний хөлс 3.255.930 төгрөг, нийт 8.141.647 төгрөгийг Д.Орхоноос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүд нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 102/ШШ2015/03159 дүгээр захирамжаар Иргэний хуулийн 240.1.5-д заасан үндэслэлээр дуусгавар болсон тул эдгээр гэрээний заалтууд болон гэрээтэй холбоотой Иргэний хуулийн заалтуудыг барьж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй урьд нь эвлэрлийн гэрээ байгуулж зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгосон. Эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, би эвлэрлийн гэрээгээр тохиролцсон мөнгийг тус байгууллагын дансанд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч эвлэрлийн гэрээний дагуу төлбөрөө барагдуулаагүй гэсэн үндэслэлээр надаас 17.722.859 төгрөг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул би байрны гэрчилгээгээ хууль бус барьцаанаас суллуулах, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй давж заалдах шатны шүүхийн шатанд хянагдаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар мөнгийг төлсөн байгаа. Нэхэмжлэлд дурдсан зардал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 102/ШШ2016/04708 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Орхоноос 3.255.930 төгрөг гаргуулан “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.725.717 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 145.216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67.045 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1592 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 8.141.647 төгрөг гаргуулах тухай “Эй Ар Си И моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “...шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг төлбөр авагч өөрийн хүсэл зоригийг үндэслэн сайн дураар байгуулдаг тул уг гэрээний төлбөрийг хариуцагчийн үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээс учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна...” гэж  дүгнэлт хийсэн нь буруу болсон. Хариуцагч  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандан эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд заасан 2015.7.05-ны өдөр төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгч аргагүйн эрхэнд бусад хуульч хөлслөн авч төлбөр төлүүлэх ажиллагаа хийлгэсэн, эцсийн арга хэмжээ шийдвэрийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргаж байгааг хариуцагчийн буруутай үйлдлээс болоогүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр нь 2016 оны биелэгдэж байгаа шалтгааныг шүүх яагаад хэрэгт авагдсан баримтанд үндэслэн дүгнэхгүй байна вэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.18 дахь заалтад зээлдэгч нь зээлдүүлэгчийн гаргасан бүх зардлыг нөхөн төлнө гэж харилцан тохиролцсон. Энэ заалтын дагуу баримтаар нотлогдож байгаа зардлаа нэхэмжилсэн. Иргэний хуулийн 17 дугаар бүлэгт гэрээний үүргийн талаар, хохирол зардлыг үүрэг гүйцэтгэгч харилцах талаар тодорхой заасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаа хөрөнгөөс хохирол гаргуулах тухай заасан байдаг. Иймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:  

“Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК нь Д.Орхоноос “Өр барагдуулах гэрээ”-ний дагуу төлсөн 3.825.717 төгрөг, сарын төлбөрт төлсөн  900.000 төгрөг, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ”-ний дагуу төлсөн 160.000 төгрөг, “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ”-ний дагуу төлсөн 3.255.930 төгрөг нийт 8.141.647 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахад төлсөн 3.255.930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.  

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, Иргэний хуулийн  219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, Д.Орхонд холбогдох “Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас 3.255.930 төгрөг гаргуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

“Эй Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгч нь Д.Орхоноос нийт 8.141.647 төгрөг шаардсан бөгөөд үүнээс 3.255.930 төгрөг нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахад төлсөн мөнгө гэж тайлбарлаж,   “Эи Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” 15/5667 дугаар гэрээг үндэслэсэн байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  шүүгч 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 102/ШШ2015/03159 дугаартай захирамж гаргаж /хх 91/ Д.Орхон 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор 54.265.489 төгрөгийг “Эи Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталсан, хариуцагч заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан нь тогтоогджээ.    

“...Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг ... урамшуулна... урамшууллыг  ....гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна...” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан, уг заалтыг үндэслэн нэхэмжлэгчээс 3.255.930 төгрөг төлөгдсөн тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1592 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04708 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 67.045  төгрөгийг захирамжаар буцаан олгосугай. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ