Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/1126

 

 

 

 

 Д.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин,

хохирогч Д.П, М.З, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа,  

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Т.Алтантуяа, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин, хохирогчийн өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Ж-д холбогдох эрүүгийн 1910028980502 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Ж ..... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй.  

   Шүүгдэгч Д.Ж- нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр .... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа:

- Ж.Р-гээс 2019 оны 9 дүгээр сард 13.500.000 төгрөгийг,

- Ч.Д-гаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг,

- Н.Б-эс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16.100.000 төгрөгийг,

- Ж.Т-аас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4.166.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2.200.000 төгрөг, нийт 6.316.000 төгрөгийг,

- Б.О-аас 2019 оны 10 дугаар сарын дундуур 2.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг,

- Б.О-хүүгээс 2019 оны 12 дугаар сард нийт 35.200.000 төгрөгийг,

- С.Б-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дансаар 1.500.000 төгрөг, мөн бэлнээр 1.500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг,

- Ц.О-аас “Баяжих” бүлээс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэрээр 2.800.000 төгрөг, хадам дүү М.С-гийн нэрээр 3.850.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М-ын нэрээр 2.140.000 төгрөг, нийт 8.790.000 төгрөгийг,

- Д.Э-ээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 1.200.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 10-ны үед 5.000.000 төгрөг, нийт 12.200.000 төгрөгийг,

- Ж.Э-аас 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг,

- Д.Д-гаас 2019 оны 9 дүгээр сард 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг,

- Х.Э-ээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг,

- Ч.Б-гаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг,

- Б.Ө-гаас 2019 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөгийг тус тус зээлж, “дэлгүүрийнхээ барааг нэмэгдүүлнэ” гэж хүүтэй зээл авах нэрийдлээр, зээлийг буцаан төлөх бодит баталгаагүй байж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 114.906.000 төгрөгийн,

мөн М.З-гийн өмчлөлийн 00014хххххх32 тоот гэрчилгээтэй, Ү-2206010ХХХХХ тоот Улсын бүртгэлийн дугаартай, ..... дүүргийн ... дугаар хороо, Туул тосгоны ... дүгээр хэсэг, ... дүгээр байрны .... тоот 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “нэг жилийн хугацаатайгаар 15.000.000 төгрөг зээлж авна” гэж хуурч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж, мөн өдөр Хаан банканд барьцаалан зээл авч хохирогч М.Зд 37,145,000 төгрөгийн, Д.Пгийн өмчлөлийн ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгоны гудамж, .... дугаар байрны ... тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 3.000.000 төгрөгийг төлж захиран зарцуулах эрх нээгдээгүй байхад Хаан банканд барьцаалан зээл авч, хохирогч Д.Пд 39,733,750 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Ж-ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д.Ж-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ж-д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Д.Ж-ын өмчлөлд бүртгэлтэй ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгон гудамж, .... дугаар байрны ... тоот орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ж-ын эзэмшилд бүртгэлтэй 0000 ААА улсын дугаартай Тоуоta crown маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрөл олгосон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-оос 168,794,750 төгрөгийг гаргуулж,

хохирогч Ж.Р-д 9.520.000 төгрөг, хохирогч Ч.Д-д 1.800.000 төгрөг, хохирогч Н.Б-д 16.100.000 төгрөг, хохирогч Ж.Т-т 5.816.000 төгрөг, хохирогч Б.О-д 3.130.000 төгрөг, хохирогч Б.О-хүүд 29.320.000  төгрөг, хохирогч Л.Баянзулд 3.000.000 төгрөг, хохирогч Ц.О-т 3.720.000 төгрөг, хохирогч Х.Э-т 3.760.000 төгрөг, хохирогч Ж.Э-д 1.200.000 төгрөг, хохирогч Д.Д-д 2.450.000 төгрөг, хохирогч Д.Э-т 10.500.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 500.000  төгрөг, хохирогч Б.Ө-д 4.100.000 төгрөг, хохирогч М.Зд 37,145,000  төгрөг, хохирогч Д.Пд 39,733,750 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Д.Ж-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин давж заалдах гомдолдоо: “...1. Хууль зүйн зүйлчлэлийн маргааны тухайд: Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн дотоод сэдэл буюу субъектив талыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэргийн объектив талыг үндэслэн материаллаг асуудлыг анхаарч шийдвэрлэсэн байх учир буруу зүйлчилсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Шийтгэх тогтоолын /34 дэх тал/ Хууль зүйн дүгнэлт хэсэгт дурдсан нь:

- Хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх бодит боломжгүй нөхцөлд байхдаа дэлгүүртээ бараа татна, өргөжүүлнэ, мөн эхийгээ өвдсөн өндөр төлбөртэй хагалгаанд орох гээд мөнгө хэрэг боллоо гэх зэргээр бусдыг төөрөгдөлд оруулан, хуурах арга замаар эд хөрөнгийг нь өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нууж гэжээ. Буцаан төлөх бодит боломжгүй гэж ямар үндэслэлээр ямар хүний мэдүүлэг нотлох баримтаар дүгнэх болсон нь тодорхойгүй. Үнэн байдал нь энэ хохирол гээд байгаа зээлүүдийг авах болсон үндсэн шалтгаан нь дэлгүүрийн бараагаа татаж өргөжүүлэх байсан. Тухайн зээлүүд ч дэлгүүрийн бараа болж их бараатай байсан, энэ талаар хохирогч гэх Ж.Р-, дэлгүүрийн эзэн С.А, Ж.Т-, З, П гэх мэт хүмүүсийн удаа дараагийн мэдүүлэг болон бусад хүмүүсийн тодорхойлсноор бараа ихтэй шувууны хамгийн том дэлгүүр байсан, үйл ажиллагаагаа өргөжүүлж караоке паб ажиллуулж байсан нь үнэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоно. Үүнээс үзвэл, тэр том дэлгүүрийн барааны эргэлт, караоке пабын ашгаас дээрх зээлээ буцаан төлж байсан, төлөх боломжтой байсан гэдэг нь бодит үнэн байсныг шүүх буруу дүгнэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Харин дэлгүүр хаасан хэрнээ авсан бол энэ буцаан төлөх эх үүсвэргүй үедээ зээл авчээ гэж дүгнэж болно.

Нэг нарийн ялгааг хэлэх зайлшгүй шаардлагатай. Үүнд: Яг тухайн зээлийг авахдаа буцаан төлөх ямар нэгэн үүсвэргүй буюу үнэхээр буцаан өгөх эдийн засгийн үүсвэргүй атал би дэлгүүр ажиллуулдаг бараа авч дэлгүүрээ өргөжүүлэх гэсэн юм гэж худал хэлэх, өөрийн ажиллуулдаг дэлгүүр мэтээр бодит байдлыг гуйвуулж нуух байдлаар хүмүүст ойлгуулж төөрөгдүүлэх мөнгө зээлэх сэдлийг төрүүлэх, өндөр хүү амлаж мөнгийг зээл нэрээр аваад хохирогч гэх хүмүүст нэг ч төгрөг буцаан өгөөгүй бол энэ нь харин жинхэнээсээ залилангийн хэргийн субъектив болон объектив тал нь төгс болох ба хамгийн гол нь буцаан төлбөр хийгээгүй бол төгс залилан болно. Д.Ж-ын бодит байдал нь түрээсийн гэрээ байгуулан дэлгүүрийг ажиллуулж байсан тухай 1-р хавтаст хэргийн 205-208 дугаар тал дээр авагдсан нотлох баримт хөдөлшгүйгээр баталж байна. Энэ түрээсийн гэрээтэй холбоотой халаалт, цахилгааны мөнгө өгөөгүй хохироосон гээд байгаа зүйл бол иргэний шугамаар шийдвэрлэх хэрэг байдаг. Үнэндээ Т  өөрөө хохирогч биш гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан дээрх түрээсийн гэрээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр батлагддаг угтаа түрээсийн эзэн С.А гэдэг хүн байхад өөр хүнийг хохирогчоор тогтоосон зэрэг эргэлзээтэй дутуу шалгасан зүйлүүд байгаа.

Дараагийн асуудал нь Д.Ж-ын ээж нь хүндээр өвдсөн үү гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байна. Үүнд: Түүний эх Л.Э-гаас 2022 оны 3 дугаар сарын 11-ний мэдүүлэг “3-р хавтаст хэргийг 5 дугаар тал”-д гэрчээр мэдүүлэхдээ тархины судас тэлэх хагалгаанд орсон гэдгээ мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар том охин нь асардаг нь үнэн байдаг. Энэ талаар нарийн мэдээлэл хавтаст хэрэгт дутуу авагдсанаас болж шүүгч нар буруу дүгнэлт хийхэд хүргэсэн. Угтаа хэрэвзээ ээжийг нь хүндээр өвдсөн хагалгаанд орсон гэдгийг үгүйсгэж дүгнэх гэж байгаа бол энэ талаар материал бүрдээгүй байна, ээж нь хүндээр өвдсөн үү, хагалгаанд орсон нь үнэн эсэх, яагаад энэ материал дутуу байгааг улсын яллагчаас асууж тодруулах энэ талаар бүрдүүлэх ажиллагааг хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж энэ талаар нотлох баримт бүрдүүлсний үндсэн дээр ийм дүгнэлт хийх нөхцөл бүрдэх байлаа. Энэ тал дээр шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хөнгөн хийсвэр хандсан нь тун хариуцлагагүй үйлдэл болсон.

- Буцааж мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор хохирогчдын мөнгийг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлджээ гэсэн дүгнэлт хийсэн. Дээрх буцааж мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор: Энэ ойлголтыг задлаж нотлох баримтад үнэлэлт хийж үзвэл уг ойлголт нь үнэнд нийцэхгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэх Б.О-хүүгээс 2022.3.15-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 239/ 2,560,000 төгрөг, Б.Ө-гаас 2022.3.15-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 241/ 900,000 төгрөг, Х.Э-ээс 2022.3.17-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 242/ хүү нэрээр 240,000 төгрөг, Ж.Т-аас 2022.3.21-ний өдөр мэдүүлсэн /2-р хх 243/ 500,000 төгрөг, Ж.Э-аас 2022.3.25-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 244/ 300,000 төгрөг, Н.Б-эс 2022.3.30-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 246/ 4,000,000 төгрөг нэхэмжлэхгүй учир зүйн олдсон, Б.О-аас 2022.4.5-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 247/ 1,370,000 төгрөгийг хүү нэрээр авсан гэх, Д.Э-ээс 2022.4.5-ны өдөр мэдүүлсэн /2-р хх 249/ 1,700,000 төгрөгийг хүү нэрээр авсан гэх, Ц.О-аас 2022.4.6-ны өдөр /2-р хх 250/ 5,070,000 төгрөгийг буцаан авсан гэх, Д.Д-гаас 2022.4.6-ны өдөр мэдүүлсэн /3-р хх 2/ 50,000 төгрөгийг буцаан авсан гэх, Ж.Р-гээс 2022.4.11-ний өдөр мэдүүлсэн /3-р хх 3/ 3,980,000 төгрөгийг буцаан авсан гэх мэдүүлгүүдээс үзвэл хохирогч гэх хүмүүс бүгд их бага хэмжээгээр тухай цаг хугацаанд хүү нэрээр буцаан мөнгө хүлээн авсан гэдгээ мэдүүлсэн байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл буцаан мөнгө өгөхгүй байх санаа зорилготой байсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа юм.

- Шүүгдэгч өөрийн дээрх үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлтээр үйлдсэн байна. Шүүгдэгчийн хувьд өгч байгаа мэдүүлгийн агуулга, өөрийнх нь тайлбарлан ярьж байгааг нэгтгэн товч дурдвал: Би дэлгүүрийг С.А гэдэг эгчтэй түрээсийн гэрээ хийж ... дүүргийн ....-р хороонд дэлгүүр ажиллуулж эхэндээ ашигтай байсан, би үүндээ урамшаад дэлгүүрээ сайн ажиллуулах гээд бараа, материалын дүүргэлтэд анхаардаг байсан үүнийг хийхийн тулд зарим нэг бүлээс мөнгө зээлж байсан үнэн. Хүмүүсээс зээл авахдаа дэлгүүрийн бараа татах зорилгоор гэж хэлж байсан энэ нь үнэн манай дэлгүүр маш их бараатай болж үйл ажиллагаа сайжирч, хүмүүс олноор орж үйлчлүүлдэг, үйл ажиллагааг нь өргөжин сайжруулж чадаж байсан. Гэхдээ зарим тохиолдолд гэнэт барааны мөнгө нэхэгдэх үед би сандрахдаа хүмүүсээс зээл авч барааны мөнгийг төлдөг байсан юм. Би энэ хэрэгт холбогдож цагдаад дуудагдаж эхэлснээр шоконд орж хүнд байталтай болж эхэлсэн, сүүлд нь бодохнээ намайг ийм өрөнд оруулсан шалтгаанаа бодоод байсан чинь өдрийн зээлийн хүүнд хамаг мөнгөө өгсөн гэдгээ ойлгосон. Ойролцоогоор 200,000,000.00 сая шахуу төгрөг болж байгаа юм.

Хаан банкны 5006хххххх тоот дансаар голдуу зээл авч, буцаан төлдөг байсан гэх өгүүлэмжүүдээс: Бодит байдал дээр 2-р хавтаст хэргийн 01-137 талд авагдсан Д.Ж-ын Хаан банк дахь 5006хххххх зөвхөн нэг дансан дахь гүйлгээнүүдийг шүүж харвал зарим хугацаанд тогтмол гүйлгээ хийсэн дансууд болох 5751хххххх  дансанд зарлага 138,190,200.00, 5007хххххх тоот дансанд зарлага 36,985,000.00, 50252ххххх тоот дансанд зарлага 30,710,000.00, 50753хххххх тоот дансанд зарлага 10,577,000.00, 512ххххххх тоот дансанд зарлага 77,787,000.00, 5074ххххххх тоот дансанд зарлага 55,633,500.00, 5074хххххх тоот дансанд зарлага 41,298,000.00 гэх мэтээр утга нь өдрийн зээл төлөлт, зээл төлөв гэх мэтээр нийт 391,180,700.00 төгрөгийн зарлагыг 7 дансанд шилжүүлсэн байна. Зээл авсан, зээлийн эргэн төлөлт хэлбэрээр ийм өндөр дүнтэй гүйлгээ ямар учраас хийгдсэн гэх мэт асуудал мөрдөн байцаалтын шатанд тодорхой шалгаж тогтоогоогүй байна. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл буцаан өгнө гэж хүү нэрээр төлсөн мөнгөний хэмжээ төлсөн байдлыг дүгнээд үзвэл, сэтгэл зүйн дотоод субъектив сэдлийг авч үзвэл энэ зээл өгсөн хүмүүсийг анхнаасаа хуурах сэдэлгүй, дэлгүүрийн барааны борлуулалтын орлогоос төлнө гэж бодон зээл авсан байна гэж үзнэ. Хүмүүс бид мэдээж аливаа санаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусдаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүмүүс итгэлцлийн болон бичгийн хэлбэрээр эрх зүйн баримт үйлдэж хүүтэй хүүгүй мөнгө зээлж л байдаг, буцаан төлж л байдаг харилцаа юм. Өнөөгийн монголын нийгмийг аваад үзвэл өргүй хүн бараг л байхгүй байх гэж бодож байна. Дээрх үйлдэл анхнаасаа иргэд хоорондын итгэлцэл дээр суурилсан эргэн төлөлтийн сэтгэл зүйгээр хандаж авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдож байна. Энд хууль бусаар зохиомол байдал үүсгэх, хуурах гэсэн хууль бус сэдэлтээр хандаж хүмүүсийн хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан зүйл алга, хууль бусаар аваагүй бол хор уршиг яригдахгүй байх. Амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Миний бодлоор аргагүй нэг зүйл нь тодорхой энэ зээлсэн мөнгийг өдрийн зээлийн хүүнд өгсөн, өдрийн зээлтэй ноцолдож явсаар нэг мэдэхэд их өрөнд орсон байж болох талтай гэж үзэж байна. Үүнээс үзвэл шунахайн сэдэлт гэдэг бол энд байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл энэ хүн хэсэг бүлэг хүнээс зээл аваад хүмүүст өртэй юм шиг харагдаж байгаа боловч энэ хүн магадгүй өөрөө хохирогч болж хэн нэгэн шуналтай зээлдэгчийг баяжуулаад өөрөө эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод ийм хүнд зүйл ангиар шийтгүүлэн хүнд ял авчээ гэж дүгнэж болно. Өөрийнх нь хэлж байгаагаар бараг 200,000,000 төгрөгийн хүү төлсөн юм бол энэ хүмүүст учруулаад байгаа хор уршиг нь зээлийн хүүнд явсан байна гэж харахаар байна. Үүнийг шалгаж нарийн тогтоох нь зайлшгүй шаардлага зүй ёсоор үүсэж байна.

  1. Хохирогч болон хор хохирлын хэмжээнд маргах асуудал байна.

Анхаарал татаж байгаа хохирогч: - М.З түүний хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг баримтаар бол ...... дүүргийн ... дугаар хороо, Туул тосгон, .... дүгээр хэсэг, .... дүгээр байр 3 тоот хаягт байрлах 32 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкны барьцаанд бариулахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2019.5.24-ний өдөр хийж өгсөн асуудал нь энэ эрүүгийн хэрэгт хамаагүй иргэний маргаан гэдгийг хууль зүйн үүднээс шүүх зөв дүгнэсэн боловч хохирол хор уршигт тооцоод байгаа нь өөрөө ойлгомжгүй. Угтаа энэ итгэмжлэлийн асуудал эрүүгийн хэрэг биш бол М.З энэ хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй үр дагавар нь 37,145,000 төгрөг хохирлын хэмжээнд тооцогдохгүй эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй юм. Д.Пгийн өмчлөлийн орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгон, ... дугаар байр .... тоотод байрлах 34 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн маргааныг иргэний хэргийн маргаан гэж шүүх зөв дүгнэсэн боловч хохирол хор уршигт тооцоод байгаа нь бас ойлгомжгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний асуудал эрүүгийн хэрэг биш бол Д.П энэ хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй үр дагавар нь 39,733,750 /гучин есөн сая долоон зуун гучин гурван мянга долоон зуун тавин/ төгрөг хохирлын хэмжээнд тооцогдохгүй эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй юм. Ж.Т- гэдэг хохирогч бол хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал энэ хүн түрээсийн гэрээний тал биш энэ хүнтэй холбоотой хохирлын баримт нэг ч байхгүй өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ, дэлгүүрийн бичиг баримт нь Суйдааны А гэж хүн байсан, энэ хүнийг хохирогчоор тогтоох байсан хэдий ч энэ хүмүүстэй холбоотой үйлдэл нь эрүүгийн журмаар биш иргэний хэрэг маргаанаар шийдвэрлэх боломжтой байхад миний үйлчлүүлэгч Д.Ж-ийн эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн журмаар шалгасан нь үндэслэлгүй юм. /Угтаа түрээсийн гэрээний маргаан/ үр дагавар нь 5,816,000 төгрөг хохирол хор уршгаас хасагдах ёстой байсан.

Дээрхээс үзвэл иргэний шугамаар шийдэгдэх хэргийг эрүүгийн хэргийн хохиролд оруулан тооцсоноор нийт 82,064,750.00 төгрөг нэмэгдсэн хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн.

Анхаарал татсан зээлдэгч нар: Н.Б- 16,100,00.00 зээлийн үлдэгдэлтэй гэдэг ч энэ хүний данс руу өдрийн зээлийн төлөлт нэртэй 200,000.00, 800,000.00 мянга гэсэн мөнгөн дүнгүүдээр өдөр өдөрт тогтмол хийгдсэн хэсгүүд байдаг энэ хүн зээлсэн мөнгөө бүрэн авч дуусгасан байх боломжтой бөгөөд мэдүүлгүүд дээр 5-10 сая төгрөг зээлсэн гэдэг. Хүүнд нь хэдэн төгрөг авсан бэ гэдгийг нарийн шалгаж тогтоогоогүй. Б.О-хүү энэ хүн бол бүлийн зээл гаргадаг хүн гэж үзэхээр хохирлын хэмжээ нь тодорхойгүй зөрүүтэй 3-р хавтаст хэргийг 19 дүгээр талд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хохирлын тооцоогоор 41.850.000.00 төгрөгөөс 2,260,000.00 төгрөг төлсөн, үлдэгдэл 39,590,00.00 үлдэгдэлтэй гэх боловч Д.Ж-ын “дээрх хохирлын тооцоотой танилцлаа Б.О-хүү эгчийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй” /3-р хх 200/ мэдүүлэг дээрээ тайлбар хийнэ гэх боловч шүүхийн шийтгэх тогтоол гарах үед тогтоол дээр 29,320,000.00 төгрөгтэй холбоотой зээлүүдийг нарийн шалгаж бодит төлөлтийг гаргаж ирвэл хохирлын хэмжээ өөрчлөгдөх боломжтой байна.

Нийт 16 зээлдэгчээс М.З 37,145,000.00 төгрөг, Д.П 39,733,750.00 төгрөг, Ж.Т- 5,816,000.00 төгрөг, Н.Б- 16,100,00.00 төгрөг, Б.О-хүү 29,320,000.00 төгрөг, нийт 128,114,750.00 төгрөг болох бөгөөд үүнээс нийт хохирлын мөнгө дүн болох 168,794,750.00 төгрөгөөс 128,114,750.00 хасаж тооцвол 40,000,000 сая төгрөг болж бууран хохирлын хэмжээ онц их хэмжээ биш болж ялын бодлогод нөлөөлөх байсан.

Бусад зээлдэгчийн хувьд зээлийг авахдаа хууль зөрчсөн зүйл байхгүй авах шаардлага хэрэглээ нь зориулалтаар хэрэглэгдсэн хэдий ч орж ирсэн мөнгийг буцаан зээлд гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.

3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Д.Ж-ын талаар хохирогч гэх нэр бүхий хүмүүсийн дүгнэсэн дүгнэлтүүдээс товч дурдвал:

- Ж.Р-гийн “...Д.Ж- нь миний хувьд хүнийг залилахаар хүн биш өөрөө нэлээд ажилсаг, хэрхэн яаж ажилладгийг сайн мэддэг, байнга холбоотой байдаг миний мөнгийг бага багаар цувуулж өгнө гэдэгт би итгэдэг...” /1-р хх 72 гэх мэдүүлэг.

- Б.О-ы “...урьд хэд хэдэн удаа 5 хувийн хүүтэй зээлүүд аваад цаг хугацаанд нь өгдөг байсан...” /1-р хх 75/ гэх мэдүүлэг.

- М.Згаас “...бараагаа сайн татдаг, бараа ихтэй дэлгүүр байсан. Би өөрийнхөө хуучин бөгжийг зараад Д.Ж-оос 500,000.00 мянган төгрөг авч шинэ бөгж авч зүүсэн...” /1-р хх 88/ гэх мэт мэдүүлгээс дүгнээд үзвэл Д.Ж- нь ажилсаг хөдөлмөрч хүн юм. Мөн өрх толгойлсон 4 хүүхэдтэй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдох үед бусдад 220,000,000.00 сая орчим байснаас 2 жилийн дотор 50,000,000.00 сая орчим төгрөгийг төлж барагдуулсан гэдэг нь түүний яриа, хавтаст хэрэгт авагдсан гомдолгүй мөнгө авсан гэх хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдоно. Үүнээс үзвэл энэ хүн тухайн зээлүүдийг төлөх хүсэл эрмэлзэл байна гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд иргэний журмаар дээрх хэргүүдийг шийдвэрлэх боломж байх ба хохирогч гэх хүмүүс богино хугацаанд зээлээ төлж дуусгах найдвар байна. Мөн дээрх анхаарал татсан зээлүүдийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад буцаан анх хэдэн төгрөг зээлсэн, яаж зээл төлсөн зэргийг сайн хянаж шалгах хэрэгтэй хэрэв зээлсэн мөнгөн дүнгээс илүү дүнгээр хүү нэрээр хохироосон бол үүнийг тодруулах шаардлагатай энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд шууд нөлөөтэй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж дээрх эргэлзээ бүхий байдлыг дахин шалгуулах зайлшгүй шаардлага байгаа учир хэргийг бүх талаас үнэлж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.П, М.З нарын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...1. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад: Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтад “...шүүгдэгч Д.Ж-ын өмчлөлд бүртгэлтэй ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгон гудамж, .... дугаар байрны ... тоот орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.5.13-ны өдрийн 04 дугаартай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг хүчингүй болгосугай.” гэж тусгасныг хохирогч Д.П, М.З нар огт зөвшөөрөхгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хуульд нийцсэн шийдвэр гаргасан атлаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, улмаар уг хөрөнгийг удаа дараа банкинд барьцаалан зээл авч уг зээлсэн мөнгөө өөртөө завшаад байгаа гэмт үйлдлийн улмаас хохироод байгаа хохирогч нарын эд хөрөнгө, түүний захиран зарцуулах, өмчлөх эрхийг хэрхэх талаар шийдвэрлээгүй, хуульд нийцсэн тайлбар хийгээгүй орхигдуулсан. Шүүгдэгч Д.Ж- нь дээрх гэмт хэрэг үйлдэж, хохирогч М.З, Д.П нарт хохирол учруулахдаа удаа дараа Хаан банкинд хандаж, уг банкаар дамжуулан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Хаан банк нь хүчин төгөлдөр бус, хугацаа нь дууссан итгэмжлэлд үндэслэн шүүгдэгчид удаа дараа зээл гарган өгч, одоо зээлээ төлж чадахгүйд хүрэнгүүт хууль ёсны жинхэнэ өмчлөгч болох М.З, Д.П нарын эд хөрөнгийг, Д.Ж-ын өр зээлэнд суутган авах гэж буй нь хууль бус бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн бус, хуурамч бичиг баримтад үндэслэн зээл гаргасан Хаан банк нь хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн мөрдөн байцаалтын үед болон прокурорын хяналтын хугацаа, шүүх хурлаас өмнө аль ч үед хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол төлбөрт хохирогч нарын шударга өмчлөлийг давхар шийдвэрлүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно, мөн хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно гэсэн заалтыг хэрэгсээгүй. Хохирогч нарын зүгээс орон сууцыг буцаан олгуулахаар тусгуулах гэсэн байр сууринаас хандсан боловч хангахгүй байсаар тогтоолдоо эдгээр хохирогчдыг эд хөрөнгийн эрхээр бус эд хөрөнгөөр буюу мөнгөн хохирлоор хохирсон гэж дүгнэсэн нь буруу байна.  Энэ нь анхан шатны шүүх нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан шийдвэрлэж энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь заалтад хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдэх талаар тодорхой тусгасан байхад энэ тогтоолд шүүх хуулийн заалтад нийцүүлэлгүй, уг заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоол хуульд нийцсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт: Хохирогч нарын эд хөрөнгийн эрхийг Улсын дээд шүүхийн 2009.5.22-ны өдрийн 15 тоот тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолд тусгахдаа анхаарах асуудлыг тайлбарласан. Тийм учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно, мөн хэсэгт заасан “эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ” гэсэн тайлбарт нийцүүлэн Хаан банкийг иргэний хариуцагчаар татан хэргийн оролцогчоор тогтоон шийдвэрлэсэн бол нэг мөр шийдвэрлэх байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Тухайн хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх заалтууд нь энэ тохиолдолд хэрэглэх боломжтой гэж хохирогч нар маргадаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим хэсэг болох 5, 7 дахь заалтад хохирогч Д.П, М.З нарын эд хөрөнгийг буцаан олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв. 

Хохирогч М.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна, анх худлаа ярьж залилж авсан.” гэв.   

Хохирогч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсныг би мэдээгүй. Би дөрвөн хүүхэдтэй, дөчин жил ажиллаж цуглуулсан эд хөрөнгөө орон сууц болгосон. Тухайн үед Ж банкинд орон сууцаа тавих гэтэл банк Орон сууц таны нэр дээр байхгүй учраас зээл гарах боломжгүй байна” гэж хэлсэн. 2020 оны ханшаар орон сууцыг 35,000,000 төгрөгөөр үнэлж тохиролцсон. Зээл гарахаар 5,000,000 төгрөгийг өгнө, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 1 сарын 15-нд өгнө гэсэн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгөө дэлгүүрийн орлогоосоо өгнө гэсэн. Энэ хэрэг 3 жил болж байна. Би нас ахиж байгаа хүн, нойр хүрэхгүй хэцүү байна. Надад хүндэтгэлгүй хандсан. Орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна...” гэв.    

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ж-ын үйдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаад хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн гомдлуудад тайлбар хэлье. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Ж.Т- гэдэг хүн нь Ганга мөрөн гэх хүнсний дэлгүүрийн түрээслэгч биш юм. Түрээслэгч биш байсаар байтал энэ хүнийг хохирогчоор тогтоогоод гэрэл, цахилгааны мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж ярьсан. Ж.Т-ын нэхэмжилсэн 6,116,000 төгрөгийг Д.Ж-д 2 удаагийн үйлдлээр зээлж авсан байдаг. Энэ мөнгөн дүн бэлнээр авсан мөнгө юм. М.Згийн өмчлөлийн гэрчилгээтэй улсын бүртгэлийн орон сууцыг өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан гэж яллах дүгнэлтээр хууль зүйн дүгнэлт хийсэн. М.З, Д.Пгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан Д.Ж- нь Би таны орон сууцыг худалдаж авъя, эхлээд 5,000,000 төгрөг өгөөд тодорхой хугацааны дараа үлдэгдэл болох мөнгийг бага багаар мөнгөн хуримтлал үүсгээд өгье. гэж итгэл үнэмшил төрүүлдэг. Ингээд гэрээ хийсний дараа Таны мөнгийг банкнаас зээл аваад өгье, банкнаас зээл авах гэхээр миний нэр дээр биш учраас зээл өгөхгүй байна гэж банкнаас 37,000,000 төгрөгийн зээл авдаг. Банкнаас зээл авсан хэрнээ энэ зээл авсан мөнгөнөөсөө хохирогчид байрны төлбөр болгож өгөөгүй. Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдэж байгаа арга нь хохирогчийн эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг хуурч мэхлэн авсан гэж үзсэн. М.Згийн хувьд Би банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Тийм учраас миний орон сууцад магадлан итгэмжлэл хийгээд өгөөчээ. гэж итгүүлээд итгэмжлэл хийлгэсэн. Итгэмжлэлээрээ банкнаас зээл авсан байдаг. Мөн итгэмжлэлийн хугацаа дуусахын өмнө банкнаас дахин зээлээ шинэчилж нэмж зээл авсан. Энэ зээл авснаа М.Зд хэлээгүй. Тэгэхээр М.Згийн өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг шилжүүлж авсан гэж үзсэн. М.Згийн хувьд орон сууц нь өөрийнх нь нэр дээр байгаа гэсэн хэдий ч банкны барьцаанд байгаа учраас энэ хүн өөрийнхөө эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн. Д.Пгийн хувьд анхнаасаа өөрийн орон сууцны өмчлөх эрхийг шүүгдэгчид итгэн шилжүүлсэн нь залилах гэмт хэргийн хохирогч гэж үзэж байна. Д.Ж-ын өмгөөлөгчийн зүгээс ярьсан асуудлуудыг анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт маш сайн хийсэн үндэслэлтэй тайлбарласан гэж үзэж байна. Тухайн хүмүүсээс зээлсэн мөнгийг төлөх бодит боломж байхгүй. Бодит боломж байхгүй нь өөрийн эрхэлж байгаа бизнес болон амьжиргаагаар өндөр хүүтэй мөнгийг эргүүлээд төлөх ямар нэгэн бодит боломж байж тэр хүмүүсээс мөнгийг авна. Гэтэл ямар ч боломжгүй байж их хэмжээний мөнгө аваад дараагийн хүмүүсийг залилж мөнгө аваад урьд зээлсэн хүмүүстэй зээлээ төлж байна. Энэ үйлдэл нь өөрөө залилах гэмт хэргийн шинж юм. 300,000,000 төгрөг дансаар нь орсон гэж байна. Дансанд нь би нэг бүрчлэн үзлэг хийхэд өдрийн хүүний зээлд 300,000,000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогддоггүй. Нийт 16 хохирогчдод 191,754,000 төгрөгийн хохирол учруулсан. Бодит мөнгөн дүн нь 114,906,000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Тэгэхээр бодит мөнгөнөөс 22,990,000 төгрөгийг буцаан өгсөн. Буцааж өгсөн хохирлыг төлсөн гэж тооцсон. Одоо үлдэгдэл 168,794,050 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Үүнээс 76,850,000 төгрөг нь М.З, Д.Пгийн орон сууцыг үнэлсэн үнэлгээ байгаа юм. Залилж мэхэлсэн аргыг дэлгүүртээ бараа авч, өргөжүүлнэ гэж авсан. Хэрэв тэр их мөнгөөр бараа аваад өргөжүүлсэн бол түүнээс олсон ашгаа мэдээж буцаагаад энэ хүмүүсийн мөнгийг төлнө гэсэн боломжтой байх ёстой. Д.Ж- нь барааны дэлгүүр ажиллуулдаг, хүмүүс надад итгэж байна гэдгийг мэдэрсэн учраас гэмт хэргийг үйлдсэн арга нь гэж үзэж байна...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Д.Ж-д холбогдох эрүүгийн 1910028980502 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Д.Ж- нь:

1. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр .... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт “Г” нэртэй дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа “...бараа татна, нэр төрлийг өргөжүүлнэ, ээжийн эмчилгээнд өндөр төлбөртэй эм тариа хэрэглэж байна, зээлээ төлөөд дахин зээл аваад өгнө, хүүтэй зээлье...” гэх зэргээр буцаан төлөх бодит баталгаагүй байж, бодит байдлыг нуух замаар Ж.Р-, Ч.Д-, Н.Б-, Ж.Т-, Б.О-, Б.О-хүү, С.Б-, Ц.О-, Д.Э-, Ж.Э-, Д.Д-, Х.Э-, Ч.Б-, Б.Ө- нарыг тус тус төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ж.Р-гээс 2019 оны 9 дүгээр сард 13,500,000 төгрөгийг; Ч.Д-гаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000 төгрөгийг; Н.Б-эс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16,100,000 төгрөгийг; Ж.Т-аас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4,166,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,200,000 төгрөг, нийт 6,316,000 төгрөгийг; Б.О-аас 2019 оны 10 дугаар сарын дундуур 2,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг; Б.О-хүүгээс 2019 оны 12 дугаар сард нийт 35,200,000 төгрөгийг; С.Б-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дансаар 1,500,000 төгрөг, мөн бэлнээр 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг; Ц.О-аас /“Баяжих” бүлээс/ 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэрээр 2,800,000 төгрөг, хадам дүү М.С-гийн нэрээр 3,850,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М-ын нэрээр 2,140,000 төгрөг нийт 8,790,000 төгрөгийг; Д.Э-ээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 1,200,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 10-ны үед 5,000,000 төгрөг, нийт 12,200,000 төгрөгийг; Ж.Э-аас 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөгийг; Д.Д-гаас 2019 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг; Х.Э-ээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг; Ч.Б-гаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг; Б.Ө-гаас 2019 оны 11 дүгээр сард 5,000,000 төгрөгийг, нийт 114,906,000 төгрөгийг авсан болох нь:

хохирогч Ж.Р-гийн: “...Ж гээд нэг хүүхэн манай гэрийн ойролцоо дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 9 сарын эхээр байх, Жтанд мөнгө байгаа гэнээ, дүүдээ зээлүүлчих гээд над руу мессеж бичсэн. Тэгэхээр нь би манай гэрт ирээд уулз гээд утсаар ярьж хэлсэн. Тэр орой Жманай гэрт ирээд уулзсан. Танд хэд байгаа юм бэ, дүү нь дэлгүүртээ юм авах гэсэн юм гэхээр нь би надад хүүхдийн эмчилгээний зардал 13,000,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн та тэрийгээ бүгдийг нь өгчих, би танаас 15 хувийн хүүтэй авъя гэхээр нь би чамайг юм хийх гэж байхад яаж 15 хувийн хүү гэх вэ чи ерөөсөө 10 хувийн хүүтэй л ав гэсэн. Би Ж-д 12 сарын сүүлээр авна гэж хэлэхэд, өө асуудал байхгүй, дүү нь өгнөө л гэсэн. Ж надад 10 сард зээлсэн мөнгөний хүү гэж 1,300,000 төгрөг, 11 сард 940,000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь хэд хонуулж байгаад өгье гэсэн. ...Мөн 11 сарын сүүлээр Жнадаас бараа авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, танд мөнгө байна уу гэхээр нь надад 600,000 төгрөг байсны 500,000 төгрөгийг нь өгчихсөн юм. Надаас мөнгө авахдаа маргааш өгнө гэж авсан юм. Маргааш нь чимээгүй байхаар нь би 3 хоног хүлээгээд фейсбүүк чатаар мөнгөө авъя гэж бичсэн чинь “манай ээж зүрхний хагалгаанд орж байгаа, хадам ээж хөдөө нас барчихлаа” гэж хэлсэн. ...” /1 хх 69-70, 72/,

хохирогч Б.О-ы: “...Ж гэдэг хүн ноднингоос Шувуунд дэлгүүр караоке ажиллуулж байсан. Тэр цагаас таньдаг болсон. Жөмнө нь надаас 1,000,000-1,500,000 төгрөгийн хооронд зээлээд хэлсэн, хугацаандаа буцаагаад өгчихдөг байсан. 2019 оны 10 сарын дундуур байхаа надаас дэлгүүртээ бараа авмаар, бас хадам ээж хөдөө очоод нас барчхаж, ажил явдал гарчихаад байна гэж хэлээд 2,500,000 төгрөг авсан. Надад 10 хувийн хүүтэй өгнө гэж авсан. 10 сарын сүүлээр 45,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Түүний дараа 2019 оны 11 сарын эхээр манай ээж зүрхний хагалгаанд орох гээд байна, хадам ээж өнгөрчихсөн, би ээжтэйгээ үлдмээр байна гээд байхаар нь би 2,000,000 төгрөг өгчихсөн. Надад хэлэхдээ мөнгө л байвал хэрэг байна, хэд ч байсан хамаагүй гээд байсан. Тухайн үедээ 12 сард өгчихнө гэж байсан. ...Би 4,500,000 төгрөг өгсөн, тэрийгээ л авах ёстой. ...” /1 хх 74, 75, 2 хх 247/,

хохирогч Л.Баянзулын: “...Би .... дүүргийн ..... дугаар хороо, Шувуун фабрикт амьдардаг. Манай тэнд АТМ-тэй нэг дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийг түрээсэлдэг байсан Жгэдэг эмэгтэй намайг сүйд болоод эгчээ эгчээ гээд байдаг. 10 дугаар сарын 25-ны үед Жодоо сарын сүүл болж байна, та надад 1,800,000 төгрөг зээлчих 2 сарын хугацаатай л авъя гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан боломжоо харъя гэсэн. Тэгсэн өдөр болгон залгадаг, мессеж бичихээрээ эгчээ би итгэлийг чинь алдахгүй ээ гээд байдаг байсан. Тэгээд би 11 дүгээр сарын 01-ний өдөр би нисэх оръё, дансаар мөнгө шилжүүлье гээд би нисэх ороод данснаасаа байсан 1,500,000 төгрөг Жруу шилжүүлсэн. Би тэр өдрөө 1,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш надад нэг төгрөг ч өгөөгүй. ...мөнгөө өгөөрэй гэсэн чинь би гарц гаргалгаа хайж байна гэж хэлсэн. Эсвэл та цагдаад өг гэхээр нь би чи бид 2 шүүх цагдаагаар явах гэж би чамд мөнгө өгөөгүй шүү дээ гэсэн чинь харин тиймээ гээд утсаа тасалсан....” /1хх 77/, “...Жнад руу өдөр болгон тасралтгүй залгаад мөнгөө асуугаад байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эгч Халиунзулаас 1,500,000 төгрөгийг шилжүүлж аваад Ж-ын данс руу шилжүүлээд өөрт байсан 1,500,000 төгрөгийг бэлнээр нийт 3,000,000 төгрөгийг Ж-д хүү, ашиг харалгүй зээлсэн. 2 сарын хугацаа нь болох үед 2019 оны 12 дугаар сард Ж дэлгүүрээ цоожлоод алга болсон. ...Ж 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр над дээр ирээд “...хэрэг шинэ байцаагч дээр очсон, надад баталгаа гаргаад өгөөч, би 4 дүгээр сараас эхлээд сар бүр 500,000 төгрөг төлөөд дуусгана...” гэж хэлсэн. Тэгээд баталгаа бичүүлж аваад явснаас хойш сураггүй болсон. ...” /1 хх 145-146, 2 хх 237/,

хохирогч Ч.Д-гийн: “... “Г” дэлгүүрийн АТМ-ээс охиныхоо шилжүүлсэн мөнгийг авсан. Манай шувуунд ганц тэр дэлгүүрт л АТМ байдаг. Мөнгөө авч байтал тэр дэлгүүрийг ажиллуулдаг Ж гэдэг хүүхэн “эгчээ та наад мөнгөө надад өгчих, би маргааш өгчихье” гээд гуйгаад байхаар нь би итгээд өгчихсөн. Тэгээд маргааш нь ...Ж руу утсаар яриад мөнгөө яасан бэ гэсэн чинь өгнөө өгнө эгчээ айлтгүй гэхээр нь би санаанд ороогүй тэгээд л орхисон. Дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би таараад мөнгөө яасан бэ гэсэн чинь одоохон эгчээ би хот ороод мөнгө бүтээгээд аваад ирье гэхээр нь би бас л итгээд үлдсэн. Тэрнээс хойш би мөнгөө нэхээгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр таараад мөнгөө нэхсэн чинь өгнөө хадам ээж нас барчихлаа ажил явдалтай байна, 3 дахь өдөр очоод уулзъя гэсэн. ...Би 1,800,000 төгрөг өгсөн, тэрийгээ л авах ёстой. ...” /1 хх 79-80/,

хохирогч Б.О-хүүгийн: “...Жнамайг эгчээ та надад мөнгө байвал зээлээч манай дэлгүүрт архи жаахан багадаад байна нэмж архи авах гэсэн юм гэхээр нь би хүүхдэдээ байр авч өгөх гээд цуглуулж байгаа мөнгө байгаа, 4,500,000 төгрөг байгаа гэж хэлсэн. Тэгсэн эгчээ надад өгчих би байр авахаар чинь өгнөө гэсэн. ...Дараа нь манай найз Одонгэрэл надад хүүдээ байр авахад нь өгөөрэй гээд 2,000,000 төгрөг өгсөн. Тэрийг Ж бас авсан. Би дараа нь бүлээсээ удаа дараа мөнгө авч зээлсэн. Би бүлээсээ нийт 22,350,000 төгрөг авч өгсөн байна лээ. ...миний алтан бөгжийг авч яваад нөхөртэйгөө хамт яваад ломбардад тавьсан. Хэдэн төгрөгт тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд байж байтал 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн төрсөн эгч Баасанхүүгээс 1,000,000 төгрөг зээлж авч өгсөн. Хэнтий явлаа гэж Ж-ын ээж нь тэгж хэлсэн. Тэрнээс хойш би дахиж мөнгө өгөөгүй. ...” /1 хх 82-83/, 84/,

хохирогч Ж.Т-ын: “...манай эхнэр А-гаас 4,000,000 төгрөг бараа авна гэж хэлээд бэлнээр зээлсэн байсан. ...” /1хх 86/, “...А надад хэлэлгүйгээр хуримтлалын бүлээс өөрийн нэр дээр 4,000,000 төгрөг аваад өгсөн байсан. ...” /1 хх 149-150/, “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхнэрээс мөнгө зээлээч, дэлгүүрийн бараа авах гэсэн гэж хэлсэн байсан. Мөнгийг би 4,116,000 төгрөгийг эхнэрт бэлнээр өгөөд чи очоод өгчих гэж хэлсэн. Эхнэр дэлгүүрт оруулж өгсөн. ...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дэлгүүрийн бараа авах гэсэн гэхээр нь бэлнээр дэлгүүртээ 2,200,000 төгрөг өгсөн. Тэгэхээр би нийт 9,495,600 төгрөг болж байгаа. ...зээлээч гэж худал хэлж авсан 6,316,000 төгрөгийг одоо нэхэмжилж байна. ...” /2 хх 243/,

хохирогч Ж.Э-ын: “...1,500,000 төгрөгийг Ж-д өгсөн. Би танаас авсан мөнгөөр бараа авч эргэлдүүлнэ, 3 сарын дараа сарын 10 хувийн хүү бодож өгнө, хүүг сар бүр өгнө” гэж хэлээд мөнгө авсан талаар баримт бичиж өгсөн. Түүнээс хойш 2 удаа сарын хүү гэж нийт 300,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш зээлсэн мөнгөө, үлдсэн 1 сарын хүүгээ өгөхгүй, надтай холбогдохоо байсан. Дэлгүүрт нь очихоор ах, эгч нар нь гээд хүмүүс байдаг, өвдсөн, эмнэлгээр явж байгаа гэдэг байсан.  ...Жөмнө нь надаас бага багаар мөнгө зээлээд буцааж өгч байсан. Тийм болохоор би итгээд мөнгө зээлсэн. Миний итгэлийг олсны дараа их хэмжээний мөнгө зээлээд буцааж өгөлгүй залилсан болохоор гомдолтой байна. ...” /1хх 105-106, 2хх 244/,

хохирогч Н.Б-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын үед манай эхнэр Б тохиолдлоор Ж гэх эмэгтэйтэй танилцсан байсан. ...Жнь дотно байх хугацаандаа бид хоёрыг мөнгө төгрөгтэй гэдгийг мэдсэн болохоор 3,000,000-10,000,000 төгрөгийг хүүтэй зээлдэг байсан. Буцааж өгөөд дахиж нэмж аваад яваад байдаг байсан. Ж дэлгүүр ажиллуулдаг, барааны эргэлт гэж авдаг байсан. Би мөнгө авч байх үед нь өөрөө .... дүүргийн ..... дугаар хороо, Шувуун фабрикт байх дэлгүүрт нь очиж үзэхэд бараа элбэг байсан. Тийм болохоор би итгэсэн. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэхэд Жөмнөх өр дээрээ мөнгө нэмж аваад 16,100,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй төлж барагдуулахаар авснаас хойш холбоогүй алга болсон. ...” /1 хх 110-111, 2 хх 246/,

хохирогч Д.Э-ийн: “...Ж миний итгэлийг олоод дотно найз нөхөд болоод миний амьдралын талаар бүх зүйлийг мэдэх болсон. Ж болохоор өөрийгөө 4 хүүхэдтэй, ээжийн бие тааруу, эгчийнхээ хүүхдүүдтэй олуулаа амьдардаг гэх мэт хэцүү талуудаа ярьдаг байсан. Манай Шувуун фабрикт иргэд нийлээд хуримтлалын бүл гэж үүсгэдэг юм. Хуримтлалын бүл гэдэг нь гишүүд сар бүр 100,000 төгрөг  бүлийн дансанд мөнгө хийж хуримтлал үүсгээд гишүүн хэрэгцээтэй үедээ 5 хувийн хүүтэй зээлдэг ажиллагаатай юм. ...Би өөрийн нэр дээр 2,000,000 төгрөг зээлж аваад Ж-д өгсөн. Түүнээс хойш 200,000 орчим төгрөгийг Жөгөөд түүнээс хойш өгөөгүй. Би “2019 онд бүл задраад гишүүддээ хувьцаа гэж өгөх болоход ээж, бид хоёрт өгөөгүй, асуухад Жнийт 4,000,000 төгрөг авсныг өгөөгүй байсан. Ж-д хэлэхэд орлогоосоо бага багаар төлөөд өгчихнө гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ж өөрөө найзуудын бүл байгуулсан, би гишүүнээр ороод сар бүр 100,000 төгрөг буюу нийт 1,200,000 төгрөг өгсөн. ...мөнгө зээлээд өгөөд байсан болохоор итгээд аав, ээждээ хэлээд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авхуулаад Ж-д бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн. Нэг жилийн дотор улирал бүр төлж дуусгана гэж хэлээд авсан. ...Сүүлд 2021 оны 1 дүгээр сард надтай уулзаад "банкны зээлийг чинь хамгийн түрүүнд төлж дуусгана, чи цагдаад битгий гомдол гаргаарай, хүмүүсээс баталгаа аваад яваад байгаа, хэргээ хаалгавал иргэний журмаар яваад ажлаа хийгээд хохирол барагдуулах боломжтой” гэж хэлсэн. ...” /1 хх 115-117/, “...Ж нь надаас хүүтэй мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. ...Урд нь бас мөнгө зээлээд өгч байсан болохоор зээлүүлсэн. Миний итгэлийг олж аваад их мөнгө зээлээд одоо болтол өгөхгүй байгаа. Малчны зээл болно, бусад зээлийг би өөрөө төлж хаасан. ...” /2 хх 249/,

хохирогч Ч.Б-гийн: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр тэтгэвэр буусан үед дэлгүүрт нь ороход Жболон ээж нь байсан. Би сайн санаа гаргаж Ж-д “та хэд мөнгө хэрэгтэй гэж байсан, одоо хэрэгтэй юу” гэж асуухад Ж “хэрэгтэй байгаа, 1 сарын дараа буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд би АТМ-ээс 500,000 төгрөг аваад Ж-д бэлнээр өгсөн. Мөнгө өгсний дараа дэлгүүрт нь ороход бараатай бараагүй, хүнтэй хүнгүй байдаг байсан. Хааяа ах, дүү нар нь сууж байдаг. Ж-той утсаар ярихад “удахгүй өгнө” гэж хэлдэг байсан. ...Ж“та надад тохиролцсон гэсэн бичиг бичээд өгчих, би цагдаа дээр очих ёстой, 2-3 хуваагаад өгчихье” гэж хэлсэн. ..." /1 хх 121-122/,

хохирогч Д.Д-гийн: “...Би хааяа үйлчлүүлж байгаад танилын харилцаатай болсон. Хүнсний дэлгүүр түрээсэлж байхдаа надаас “бараа авах гэсэн юм” гээд 2 удаа 1,000,000 төгрөг буюу 2,000,000 төгрөг зээлээд хүүгийн хамт буцааж өгч байсан. ...2019 оны 10 дугаар сарын үед Ж“дэлгүүртээ бараа авах гэсэн юм, 3 сарын дараа өгчихнө” гэхээр нь би 500,000 төгрөг бүлээс аваад өгсөн. Дараа нь 2019 оны 12 дугаар сард “ээжийн зүрх өвдөөд эмнэлэгт хэвтсэн, хагалгаанд ороход мөнгө хэрэгтэй байна” гэж зовлон ярьж мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь би мөн бүлээс 1,000,000 төгрөг аваад өгсөн. ...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр “найздаа бололцоогоороо мөнгө зээлээч, дэлгүүртээ бараа авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж бүлээс 1,000,000 төгрөг аваад өгсөн. Түүнээс хойш 2020 оны 3 дугаар сард дэлгүүр нь хаагдаад Жөөрөө алга болсон. ...Жнадаас 2,500,000 төгрөг авснаа хүлээж баталгаа бичүүлж авсан. ...” /1 хх 126-127/,

хохирогч Ц.О-ын: “...би 2017 онд “Баяжих" нэртэй бүл нээж ажиллуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай бүлийн З гэдэг хүн өөрийн найз Жгэдэг эмэгтэйг авчирч бүлд оруулсан. Жнь 2018 онд бүлд байхдаа сар бүр өгөх ёстой 100,000 төгрөгөө өгөөд, бүлээс зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Тэгж миний итгэлийг олсон. 2019 онд бүлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд Жөөрөө ороод мөн нөхөр М-, дүү С- нарыг бүртгүүлсэн. ...2019 оны 7, 8 дугаар сарын үед санагдаж байна, Ж“ээжийн бие муу байна, хамар амнаас нь цус гараад байна, хагалгаанд орох гэхэд 15,000,000 төгрөг хэрэгтэй байна, би бүлээс зээлэх хэрэгтэй байна” гэж хэлж эхэлсэн. ...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ж өөрийн нэр дээр 2.800.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүү С-гийн нэрээр 3,850,000 төгрөг, нөхөр М-ын нэрээр 2,140,000 төгрөг, нийт 8,790,000 төгрөг зээлсэн. ...Мөн манай бүлд байдаг Згаар 1,000,000 төгрөг, Згийн нөхөр Э-гаар 2,090,000 төгрөг, Э-ээр 1,000,000 төгрөг, Э-ийн ээж Б-гээр 2,000,000 төгрөг зээлүүлж авсныг мэдсэн. ...Бүлийн ахлагч учраас би энэ мөнгөөр хохирсон гэж үзэж байна. Гишүүд надаас нэхэж байгаа...” /1 хх 131-132/,

хохирогч Х.Э-ийн: “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Жминий ажил дээр ирээд 1,500,000 төгрөг авсан, би өгөхдөө “би хүнээс хүүтэй зээлсэн байгаа шүү, чи сар бүрийн хүүг нь өгөөд яваарай” гэж хэлээд өгсөн. Ж эхний сарын хүүгийн мөнгө өгсний дараа надаас дахиж “дэлгүүртээ бараа авах хэрэгтэй байна” гээд баахан зовлон тоочоод гуйгаад байсан. Би эхний мөнгөнийхөө хүүг өгсөн болохоор итгээд өөрийн гишүүнээр элссэн “Дэвжих” хуримтлалын бүлээс 2,500,000 төгрөгийг өөрийн нэр дээр зээлээд Ж-д бэлнээр өгсөн. 2019 оны 12 дугаар сард Жэхний 1,500,000 төгрөг, сүүлийн 2,500,000 төгрөгийн хүүг нь өгсөн. 2020 оны 1 дүгээр сар болоход Ж алга болсон. Дэлгүүрт нь очиход хамаатан садны хүмүүс байдаг байсан ба “Ж бараандаа явсан утас руу нь залга” гэж хэлэхээр нь утас руу нь залгахаар утсаа авдаггүй байсан. Сүүлдээ дэлгүүрээ хаагаад алга болсон. ...” /1 хх 136-137/,

хохирогч Б.Ө-гийн: “...Ж надтай уулзаад “чи хувиасаа компанийн зарчмын дагуу мөнгө зээлээч, сая төлөлт хийх гэхэд банкнаас мөнгө татаад удсан, мөн хүн мөнгө өгөх ёстой байсан боловч өгөөгүй удаасан” гэж санал тавьсан. Би өмнө нь мөнгө зээлээд өгөөд байсан болохоор Ж-д итгээд 2020 оны 11 дүгээр сард хувиасаа 5,000,000 төгрөг зээлсэн. ...Ж-той утсаар ярихад "би мөнгийг чинь сар сарын цалингаасаа өгөөд явна, хохиролгүй болгоно, санаа зоволтгүй” гэж хэлсэн Дэлгүүртээ бараа нэмж авна, мөн хүнд өрөө өгнө гэж надад хэлж байсан.  ...” /1 хх 141-142/,

гэрч А.О-ын: “...Шувууны тэнд таван толгойн гүүрний ойролцоо явж байсан чинь Д.Ж- машинтайгаа зөрсөн. Би харахдаа машин барьж яваа нь нөхөр нь байна гэж бодсон. Тэгээд залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Энхээ рүү залгаад та хоёр хот руу явж байгаа юм уу гэж асуухад үгүй би гэртээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Ж- руу дахиад залгатал утсаа авахгүй байсан. Тэгэнгүүт нь би З руу залгаад хүүе нөгөөдөх чинь Энхээг орхиод хот руу явж байна надтай сая зөрлөө гэж хэлэхэд за тэгвэл би залгаадахъя гэж хэлээд салгасан. З Д.Ж- руу чат бичсэн байсан. Тэгсэн би биш манай хадмын талынхан ирээд машин тэрэг хүүхдүүдийг аваад явчихлаа, би араас нь Б-тэй явж байна гэж хэлсэн байсан. Б  гэдэг нь Шувуу нисэх хоёрын хооронд 1000 төгрөгөөр хүн зөөдөг таксины хүн юм. Би тэр хүний машиныг сайн мэднэ. Тухайн үед надтай Б  зөрөөгүй. Тэгсэн Д.Ж- над руу яриад хүүе чи надтай хаана зөрсөн юм бэ гэхээр нь би таван толгойн гүүрний тэнд зөрсөн гэсэн. ...Тэрнээс хойш надтай ерөөсөө холбоо бариагүй....” /1 хх 151/,

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хохирогч Ж.Э-аас Д.Ж-д өгч байсан мөнгөний тухай баримтыг хохирогчоос хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 96-198/,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч М.Згаас гаргаж өгсөн Д.Ж-той харилцаж байсан захидал харилцааны баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 199-201/,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Н.Б-эс гаргаж өгсөн Д.Ж-д мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 202-203/,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Ж-, Ж.Т- нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг хохирогч Ж.Т-аас хүлээн авсан тэмдэглэл, түрээсийн гэрээ, “Г” худалдааны газрын гэрчилгээ /1 хх 204-207/,

2022 оны 3 дугаар сарын 28-ний өдөр хохирогч Л.Баянзулаас гаргаж Д.Ж-ын хийж өгсөн баталгаа гэх баримт, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /3 хх 10-11/,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Ж-оос зээл төлж байсан тухай гар бичмэл баримтыг хүлээн авсан тэмдэглэл, уг баримт /1 хх 208-250/,

Д.Ж-ын Хаан банкинд эзэмшдэг 5006хххххх дугаартай дансны хуулга /2 хх 1-137/, мөн дансны 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дэлгэрэнгүй хуулга /2 хх 186-192/,

Д.Ж-ын “Хаан банкинд эзэмшдэг 50742340958, 5700ххххххх дугаартай дансны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дансны хуулга /3 хх 25- 29, 30-147/ зэргээр,

2.  Бодит байдал дээр орон сууц худалдан авах боломжгүй байж Д.Пгийн өмчлөлийн ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгоны гудамж, .... дугаар байрны ... тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай 39.733.750 төгрөгөөр үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг “...35,000,000 төгрөгөөр худалдаж авна. Төлбөрийн урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг эхэнд нь өгөөд, 30,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлнө....” гэж Д.Пг төөрөгдөлд оруулан хуурч, Д.Пгийн ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгоны гудамж, .... дугаар байрны ... тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Д.Пгийн: “...Би .... дүүргийн ..... дугаар хороонд өөрийн эзэмшлийн 1987 онд барьсан 6 дугаар байрны 09 тоот 2 өрөө 34 м.кв байртай юм. Би 2019 онд уг байраа зарах талаар хүмүүст ярьж байсан. Гэтэл 2019 оны 8 сард тухайн шувуунд Хаан банкны АТМ-тай, ганц том “Г” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг Ж гэх охин надаас байрыг чинь авъя, урьдчилгаанд 5 сая төгрөг өгөөд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны дотор төлж дуусгана гэж тохирсон. Учир нь Жнь Шувуун фабрикт байдаг ганц том дэлгүүрийг түрээслэн ажиллуулж, өөрөө бараагаа нэмж дэлгүүрээ өргөжүүлнэ, шувууныхаа хүмүүсийг сайн хүнсээр хангана гэж яриад байсан. Тэгэхдээ миний энэ байрыг худалдан аваад нэр дээрээ шилжүүлээд банкны барьцаанд тавьчихаад тэр мөнгөөрөө дэлгүүрийнхээ барааг нэмж өргөжүүлээд ашгаараа надад мөнгөө төлнө гэж гуйгаад байхаар нь итгээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Уг гэрээн дээрээ бол 15,000,000 төгрөгөөр худалдана. Мөнгөө бэлнээр өгсөн, төлбөр тооцоо дууссан гэж бичүүлсэн. Яагаад гэхээр орон сууц худалдахаар төлөх татвар нь өндөр учраас түүнийг багасгах гэж ингэж багаар гэрээ байгуулсан юм. Тэгээд Жнь анх урьдчилгаа 5 сая төгрөг өгнө гэснээ өгөхгүй 2 сая төгрөг бэлнээр, 1 сая төгрөгийг 2019 оны 9 сарын сүүлээр өгсөн. Тэгээд би түүнээс гэрээгээ эхнээсээ зөрчлөө шүү дээ гэж хэлэхэд банкны ажилтан надаас зээлчихсэн удахгүй өгнө гэж хэлж байсан. ...” /1 хх 100-101, 2 хх 245/,

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Д.Ж-, Д.П нарын хооронд орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ /2 хх 139-142/,

.... дүүргийн ..... дугаар хорооны, Туул тосгон, гудамж, .... дугаар байрны ...  тоот хаягт байршилтай 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц Д.Пгийн буюу нэг хүний өмчлөлд Ү-2206042899 дугаарт бүртгэлтэй байсан болох нь Улсын бүртгэлийн 000648633 дугаартай гэрчилгээ /2 хх 141/,

 .... дүүргийн ..... дугаар хорооны, Туул тосгон, гудамж, .... дугаар байрны ...  тоот хаягт байршилтай 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Ж- өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн 000752125 дугаартай гэрчилгээ /2 хх 141, 142/,

Хаан банк, Д.Ж- нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг БГҮ/201944497583 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн БГҮ/201944497583-1 дугаартай барьцааны гэрээ (2 хх 199-209, 213-214),

“Дамно ХХК”-ны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №ХУ2-22-466 дугаартай “....... дүүргийн ..... дугаар хороо, Туул тосгон 6 дугаар байрны 9 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39.733.750 төгрөг...”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 232-245/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ж- нь бусдад их хэмжээний өр төлбөртэй, хүүтэй зээл авсан, төлбөр төлөх бодит боломж байхгүй атлаа дэлгүүр ажиллуулж байгаагаа ашиглан:

- “...дэлгүүрийн бараагаа нэмэгдүүлнэ, өргөжүүлнэ,  эмчилгээнд мөнгө хэрэгтэй боллоо...” гэх зэргээр иргэн Ж.Р-, Ч.Д-, Н.Б-, Ж.Т-, Б.О-, Б.О-хүү, С.Б-, Ц.О-, Д.Э-, Ж.Э-, Д.Д-, Х.Э-, Ч.Б-, Б.Ө- нарыг тус тус төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 114,906,000 төгрөгийг нь авсан, 

- Д.П-гийн өмчлөлийн ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгоны гудамж, .... дугаар байрны ... тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай 39,733,750 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг “...35,000,000 төгрөгөөр худалдаж авна. Төлбөрийн урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг эхэнд нь өгөөд, 30,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлнө....” гэж  Д.Пг төөрөгдөлд оруулан хуурч, тус үл хөдлөх хөрөнгө /орон сууц/-ийн өмчлөгчийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-ын бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Пг төөрөгдөлд оруулан хуурч, түүний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийг “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилсан гэж үзэх боломжгүй...” гэж дүгнээд мөнгөн дүнгээр хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Учир нь, шүүгдэгч Д.Ж- нь анхнаасаа уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санаа зорилготой байсан байдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг нь өөрийн нэр дээр авч, банкнаас авах зээлийн барьцаанд тавих зорилго бүхий байсан болох нь хохирогч Д.Пгийн “...миний энэ байрыг худалдан аваад нэр дээрээ шилжүүлээд банкны барьцаанд тавьчихаад тэр мөнгөөрөө дэлгүүрийнхээ барааг нэмж өргөжүүлээд ашгаараа надад мөнгөө төлнө гэж гуйгаад байхаар нь итгээд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. ...” гэсэн мэдүүлэг, уг байрыг худалдан авч байгаа гэсэн атлаа Д.Пг үргэлжлүүлэн амьдруулаад байгаа, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн/2 хх 141, 142/ гэрчилгээгээ мөн өдрөө буюу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөө зээлийн барьцаалбар болгох хүсэлтийг ХААН банкинд гаргасан /2 хх 210/ зэргээр нотлогдож байна.

Иймд давж заадлах шатны шүүх “...Шүүгдэгч Д.Ж- нь иргэн Д.Пгийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг залилсан байна...” гэсэн дүгнэлт хийсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, өмчлөгч Д.Пгийн үл хөдлөх хөрөнгө болох 39,733,750 төгрөгийн үнэлгээ бүхий ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгоны гудамж, .... дугаар байрны ... тоот 34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчийн эрхийг нь сэргээхээр шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх шүүгдэгч Д.Ж-ын хохирогч Д.Пг залилсан үйлдлийн талаар хийж буй дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчихгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хийгдсэн болно.

Харин шүүгдэгч Д.Ж-д холбогдуулан ирүүлсэн эрүүгийн 1910028980502 дугаартай хэргээс “...иргэн М.Згийн өмчлөлийн 00014хххххх32 тоот гэрчилгээтэй, Ү-2206010ХХХХХ тоот Улсын бүртгэлийн дугаартай, ..... дүүргийн ... дугаар хороо, Туул тосгоны ... дүгээр хэсэг, ... дүгээр байрны .... тоот 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “нэг жилийн хугацаатайгаар 15.000.000 төгрөг зээлж авна” гэж хуурч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж, мөн өдөр Хаан банканд барьцаалан зээл авч, 37,145,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, иргэн М.З нь ..... дүүргийн ... дугаар хороо, Туул тосгоны ... дүгээр хэсэг, ... дүгээр байрны .... тоот 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өнөөдрийг хүртэл хэвээр байгаа болох нь:

Ү-2206010ХХХХХ тоот Улсын бүртгэлийн дугаартай, 00014хххххх32 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх 179/,

хохирогч М.Згийн мөрдөн байцаалтад анх мэдүүлсэн “...дахин гуйгаад байхаар нь одоогийн амьдарч байгаа байр болох .... дүүргийн ..... дугаар хороо, 4-3 тоот, 32 м.кв 2 өрөө байраа 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нисэхийн Буянт-Ухаа зах дотор байдаг нотариатын газарт ороод байраа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг Д.Ж-д хийж өгсөн. Үүнээс хойш Ж-оос байраа хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан бэ гэхэд 15.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж хэлсэн. Хэдэн сарын дараа банкнаас хүмүүс ирээд зээл төлөгдөхгүй байгаа гэж хэлээд 3 сарын хугацаа олгосон. Би сандраад Д.Ж-оос энэ талаар асуух гэхэд хэлэхгүй байсан. Би дахин, дахин банк дээр очиж уулзаж 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн. Одоо хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Би ...зөвхөн байрныхаа гэрчилгээг зээлээс чөлөөлүүлээд авмаар байна. ...” /1-р хх 88-89/ гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн “...байраа алдчих байх гэж айгаад байгаа...” гэсэн мэдүүлэг,

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн уг орон сууцыг “..“Хаан” банкны барьцаанд байршуулахыг зөвшөөрсөн тухай...” итгэмжлэлийн хуулбар /1хх 40-41/,

Хаан банк, Д.Ж- нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг БГҮ/201944497583 дугаартай барьцааны гэрээ /3 хх 161-163/ зэргээр нотлогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Згийн өмчлөх эрхийг нь шилжүүлэн аваагүй, хохирол учруулаагүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн ...эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өмчлөгч иргэн М.Згийн “...Хаан банк, Д.Ж- нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг БГҮ/201944497583 дугаартай барьцааны гэрээ хэрхэн өөрчлөлт орсон, энэ нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн уг орон сууцыг банкны барьцаанд байршуулахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг зөрчсөн эсэх  /1хх 40-41/...” талаарх асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Шүүх Д.Ж-ын хохирогч Ж.Р-, Ч.Д-, Н.Б-, Ж.Т-, Б.О-, Б.О-хүү, С.Б-, Ц.О-, Д.Э-, Ж.Э-, Д.Д-, Х.Э-, Ч.Б-, Б.Ө- нарт төлөх хохирлын тооцоог үндэслэлтэй шийдвэрлэсэн байх ба хохирлыг төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Ж-ын эзэмшлийн 5,162,900 төгрөгөөр үнэлэгдсэн “Тоуоtа сrown” маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрөл олгосон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай тогтоол /3 хх 17, 20-21, 229-231, 4 хх 23-24/-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна. Харин “Залилах” гэмт хэргийн шинжгүй үйлдлийн хохирогч М.Зд 37,145,000 төгрөгийг, өмчлөх эрхээ залилуулсан хохирогч Д.Пд 39,733,750 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирлын заалтаас М.З, Д.П нарт хохирол гаргуулах хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ж-ын 4 хүүхдийн төрсөн эцэг Д.М- нь Гэр бүлийн тухай хуульд заасан эцгийн үүрэг бүхий этгээд мөн тул асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шүүхээс шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй ба зохих хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрх нь эрх бүхий этгээдэд нээлттэй болно.  

Шүүх Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас түүнд 8 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь түүний 15 нэр бүхий хохирогчийг хохироож үйлдсэн “Залилах” гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруу зэрэгт тохирсон байна.   

Түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй.    

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Иймд дээр дурдсан зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжингийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаалгах...”, хохирогч М.З, Д.П нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн “...М.Згийн эд хөрөнгийг буцаан олгох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогч М.З, Д.П нарын  өмгөөлөгч Н.Нарантуяагийн “...Д.Пгийн эд хөрөнгийг буцаан олгох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах...”  хүсэлтийг хангахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ж-ын шийтгэх тогтоол гарсан 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсэгт “...Д-ын Ж-д холбогдуулсан “...иргэн М.Згийн өмчлөлийн 00014хххххх32 тоот гэрчилгээтэй, Ү-2206010ХХХХХ тоот Улсын бүртгэлийн дугаартай, ..... дүүргийн ... дугаар хороо, Туул тосгоны ... дүгээр хэсэг, ... дүгээр байрны .... тоот 32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “нэг жилийн хугацаатайгаар 15.000.000 төгрөг зээлж авна” гэж хуурч, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж, мөн өдөр Хаан банканд барьцаалан зээл авч, 37,145,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

- тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Шүүгдэгч Д.Ж-ын өмчлөлд бүртгэлтэй ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгон гудамж, .... дугаар байрны ... тоот орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг хүчингүй болгосугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Д.Ж-ын өмчлөлд бүртгэгдсэн ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгон гудамж, .... дугаар байрны ... тоот орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг Д.Пгийн өмчлөлд бүртгэтэл хэвээр үлдээж, ..... дүүргийн .... дугаар хороо, Туул тосгоны гудамж, .... дугаар байрны ... тоот 34 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалтай  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-ын П /УВ67032007/-г улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. ...” гэж өөрчилж,

- тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-оос 168,794,750 (нэг зуун жаран найман сая долоон ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж...” гэснийг “...“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж-оос 131,649,750 (нэг зуун гучин нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж,

- тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...хохирогч М.З-д 37,145,000 (гучин долоон сая нэг зуун дөчин таван мянга) төгрөг, хохирогч Д.П-д 39,733,750 (гучин есөн сая долоон зуун гучин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг...” гэснийг  хүчингүй болгож,

 тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжингийн давж заалдах гомдлыг бүхэлд нь, хохирогч М.З, Д.П нарын өмгөөлөгч Н.Нарантуяагийн давж заалдах гомдлын “хохирогч М.З-гийн эд хөрөнгийг буцаан олгох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах...” давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-ын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ