Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/1127

 

 

М.Б, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч М.Б,түүний өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Х.Санжидмаа, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б, Э.Б нарт холбогдох 2206035112539 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э.Б .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

2. М.Б ... тоотод оршин суух хаягтай, урд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 793 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1271 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан;

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, Гүнгэх газарт иргэн М.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгарал, дух, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Гүн гэх газарт иргэн Э.Бой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлий хөндий дэх цус хуралдалт /500мл/, зүүн чихний шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Баатарцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Монхорын Б ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Э.Быг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Быг тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-од оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч М.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “…Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байхад хохирогч Э.Б нь удаа дараа цохиж баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгаралт, дух баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан. Тухайн үед би гэнэт санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байх боломжтой гэж үзэж байна. Миний бие нь бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Галхүү гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд М.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байхад нь хохирогч Э.Б нь олон удаагийн үйлдлээр баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгаралт, дух баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна. Энэ нь хохирогчийн зүгээс олон удаагийн үйлдлээр М.Бт хүч хэрэглэсэн нь М.Бын санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заадтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тогтоосон болно. Харин шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдэх үеийн гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй болно. Энэ нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, хэргийн зүйлчлэл зэрэгт нөлөөлөх чухал ач холбогдолтой байна. М.Б нь бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна. Харин М.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх үндэслэлтэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж М.Бт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Быг Э.Бын хэвлийн хэсэгт хутгалж хүнд гэмтэл учруулсанд зэвсэг хэрэглэсэн буюу хүндрүүлэх нөхцөлөөр түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн хэлсэнчлэн сэтгэл санаа цочрон давчидсан гэдэг нь гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч түр зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдлаар санаатай гэмт хэрэг үйлдэхээс ялгагдана. Цаг хугацааны хувьд М.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг болох хавтаст хэргийн 21, 22 дугаар хуудаст “...Намайг унтаж байхад миний дээр Э.Б нүүр рүү алгадаад байхаар нь би сэрсэн. Гэтэл толгой, нүүр, хэвлий рүү өшиглөөд байхаар нь миний уур хүрээд майханд байсан ногоон өнгийн иштэй хутгаар гэдэс хэсэгт нь хутгалсан...” гэсэн. Хохирогч Э.Бын мэдүүлэгт “...М.Б ахыг сэрээх гээд нүүр рүү нь алгадтал сэрэхгүй байсан. Тэгээд М.Б ах сэрээд чи муу яах гээд хүн унтуулахгүй байгаа юм бэ гээд уурлаад баруун гараараа миний зүүн чихний орчим хатуу зүйлээр цохих шиг болсон. Миний чихнээс цус гараад майханы үүдэнд зогсож байхад М.Б ах гараад ирэхээр нь би гараараа М.Б ахын нүүрэнд нэг удаа, мөр, дал хэсэгт нь цохиж, өшиглөсөн. Тэгээд нэг мэдсэн чинь миний цээж хүнд оргиод амьсгаа авч чадахгүй байсан...” гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа майхан дотор тухайн хүнийг алгадаж байхад нь цохих үйлдэлтэй сэрээж байгаа юм. Хэвлий хэсэгт хутгалсан үйл явдал нь майхнаас гарч ирсний дараа болсон үйл явдал байдаг. Мөн гэрч А-ын мэдүүлэг болох хавтаст хэргийн 31-32 дугаар хуудаст “...М.Б ахын нүүрнээс нь цус гарсан байдалтай Э.Б намайг сэрээх гээд зодоод байхаар нь миний уур хүрээд хутгалчихлаа...” гэсэн. Тухайн цаг хугацаанд болсон үйл явдал нь өмгөөлөгчийн дурдсан цаг хугацаагаар авч үзэхэд түр зуур болон, гэнэт цочрон давчидсан ийм нөхцөл байдал байх боломжгүй юм. Иймд санаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна гэж үзсэн. Шүүгдэгчийн хувьд 2017 онд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр, 2021 онд 11.4 дүгээр зүйлээр 550 нэгжээр тус тус торгуулийн ял эдэлж байсан. Прокурор шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэхдээ хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөрийг барагдуулсан гэмт этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан. Тухайн зүйлчлэлд 5-аас 12 жилийн хорих ялтай. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогчийн гомдол, саналгүй болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 М.Б, Э.Б нарт холбогдох 2206035112539 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, Гүнгэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ:

Э.Б нь М.Б-ыг унтаж байхад нь сэрээч гэж цохиж, улмаар маргалдан түүний эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгарал, дух, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Б нь “сэрээч гэж цохиж зодлоо...” гэж Э.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгаар “...хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлий хөндий дэх цус хуралдалт /500мл/, зүүн чихний шарх гэмтэл...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Бын: “...архи хувааж уугаад Б  ах согтоод унтаад өгсөн. Тухайн үед тэнд байсан А ах хажуу талын майханд тасраад унтсан. Б, Х нар морины ажлаа хийхээр ойр зуур явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б, Х хоёр “...Б  ахыг сэрээхгүй бол морь мал нь хэцүүдлээ, урьд шөнө уяад хоносон болохоо байлаа...” гэхээр нь би Б  ахыг сэрээхээр майхан руу орсон. Би Б  ахыг сэрээх гээд нүүр рүү нь алгадаад сэрэхгүй байсан. Тэгээд Б  ах сэрээд “чи муу яах гээд хүн унтуулахгүй байгаа юм” гээд уурлаад баруун гараараа миний зүүн чихний орчимд хатуу зүйлээр цохих шиг болсон. Миний чихнээс цус гараад би майхны үүдэнд зогсож байхад Б  ах гараад ирэхээр нь би гараараа Б  ахын нүүрэнд нэг удаа цохиод мөр дал хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Б  ах над руу дайраад байсан. Нэг мэдсэн миний цээжээр хөндүүр оргиод амьсгаа авч чадахгүй байсан. Тэгтэл миний цээжний гол хэсэгт Б  хутгалсан байхаар нь би дахин хутгалуулчихаж магадгүй гэж айгаад шууд доошоо гүйсэн. ...” /хх 14-15/,

хохирогч М.Бын: “...архи хувааж ...ууж байгаад би тасраад майхандаа унтсан байсан. Намайг унтаж байхад миний дээрээс Б сэрээх гээд нүүр лүү алгадаад байхаар нь би сэрсэн. Тэгтэл миний толгой, нүүр, хэвлий хэсэгт Б өшиглөөд унтуулахгүй байхаар нь миний уур хүрээд манай майханд байсан ногоон өнгийн иштэй хутгаар гэдэс хэсэгт нь нэг удаа хатгасан. Тэгтэл Б гараад явсан.  ...” /хх 14-15/,

гэрч Ц.А-ын: “...үргэлжлүүлэн архи уусан. Тухайн үед А ах их муудсан хажуу талын майханд орж унтсан. Удалгүй Б  ах бас муудаад унтсан. Тухайн үед Г  бид 2 морьдоо услаад, цэвэрлэгээ хийгээд байж байхад Б ах бид 2 дээр ирж, морио уяад хоносон тул хэдэн морь нь хэцүүдлээ гэсэн юм ярьж байхад Б буцаж очоод орилолдоод байсан. Тэр үед Г  бид 2 морьдоо доод булаг дээр услачихаад ирсэн. Тэгэхэд Б  ахын нүүрнээс нь цус гарсан байдалтай “Б намайг сэрээх гээд зодоод байхаар нь уур хүрээд хутгалчихлаа” гэсэн яриа өгүүлэлтэй сууж байсан. ...” /хх 31-32/,

гэрч Б.Г ийн: “...Тэр хэд нийлээд бас архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн, согтоцгоосон байсан. Тэгээд тэр хэд дахин архи аваад Б  ахын майхан дээр ирээд архиа ууж байгаад Б  болон А ах нар тасраад унасан. Тэр үед Б бид хоёр уяан дээрээ морь малаа цэвэрлээд байж байсан. Сунгаанаас хойш Б  ах морьдоо уяж хоносон болохоор Б уяан дээр ирж байж байгаад Б  ахыг сэрээхээр явсан. Тэр үед Б бид хоёр морьдоо услахаар булаг руу явсан. Буцаад 20-30 минутын дараа ирэхэд Б Б  ахад хутгалуулчихсан гээд байж байхаар нь Б бид 2 Баатарцогтыг машинд суулгаад Гачуурт руу явсан. Замдаа түргэн тусламжийн автомашинтай таараад хүлээлгэн өгсөн. Буцаад майхан дээрээ ирэхэд Б  ах унтаж байсан. Б бид 2 сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан.  ...” /хх 35-36/ гэх мэдүүлгүүд,

шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай: “...Э.Бын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлий хөндий дэх цус хуралт /500мл/, зүүн чихний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9638 дугаартай: “...М.Бын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгаралт, дух баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун нүдний зовхинд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх 45-46/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урттай, ногоон өнгийн хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх 9,10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Э.Бын хувийн сэдэлттэйгээр санаатайгаар М.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан..” гэсэн шинжийг, М.Бын хохирогч Э.Бын хэвлийн тус газар нь хутгаар хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэсэн;” гэсэн шинжийг тус тус агуулсан байна. 

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн тэдний үйлдлийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” шийтгэхээс шүүгдэгч Э.Бод торгох ялыг сонгож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр оногдуулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээс 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус  шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан болон хувийн байдалд нь тохирчээ.

Хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч М.Б сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан байдал хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримт тогтоогдоогүй байх тул шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хэргийн зүйлчлэл тохироогүй талаархи давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                             

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ