Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01779

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01779

 

 

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02581 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-н хариуцагч Б.С-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /цаашид Вьетнам Улс гэх/-ын иргэнЛСКтай гэрлэлтээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдрах хугацаанд дундаасаа нэг хүүхэдтэй болсон. ЛСКнь гэрээний үндсэн дээр Сод сос ХХК-д буюу хариуцагч Б.С автомашин засварын газарт ажиллаж байсан. Тухайн үед ЛСКнь биднийг гэр бүлтэйгээ танилцуулахаар Вьетнам Улс руу авч явах зорилготой. Хариуцагч Б.С-д нь виз гаргаж өгнө, мөн визний хугацааг сунгаж өгнө гэсэн тул би Б.С-дтэй аман хэлцэл байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 12 440 000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн. Хариуцагч Б.С-д нь олон жил Вьетнамаас ажилчин оруулж ирж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг, холбогдох газруудад ямар баримт бүрдүүлэх талаар туршлагатай тул түүнд итгэсэн. Гэтэл хариуцагч виз гаргаж өгөөгүй, худлаа ярьж мөнгө авсан учир мөнгөө буцаан авах хүсэлтэй байна.

Б.С-д ЛСК түүнд 25 000 000 төгрөгийн зээлтэй гэж тайлбарладаг боловч холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөнЛСКгийн гэрчийн мэдүүлэгт Б.С-д 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр надаас 10 000 000 төгрөг нэхээгүй, өмнө нь визний мөнгө гэж 10 000 000 төгрөг нэхэхэд нь би өгөхгүй гэсэн, машин засварын мөнгийг авч, виз сунгаж өгнө гэхэд нь би урьд өмнө мөнгө өгөөд та виз сунгаагүй, тийм учир мөнгө өгч чадахгүй гэсэн байдаг. Сод сос ХХК-д авто засварын газарт орж ирсэн тус тусын автомашинуудыг өөрсдөө засаж, харин гараашийн төлбөрийг ЛСКтөлөхөөр тохиролцсон. Засварын орлогыг дансаар авахаар болвол хариуцагч Б.С данс руу, бэлэн мөнгийг гарааш хариуцсан монгол ажилтан хариуцаж авдаг байсан.

Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр виз сунгагдах ёстой байсан боловч виз сунгагдаагүй. Нэг сарын гаруй хугацаанд Г.Б-н данснаас 12 000 000 гаруй төгрөгийг Б.С-д рүү шилжүүлсэн болох нь визний мөнгө гэдгийг хангалттай нотолж байна. Иймд хариуцагч Б.С-дэс 12 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С-д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Г.Бтой гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй. Түүний данснаас шилжүүлсэн мөнгө Сод сос ХХК-д засварчнаар ажиллаж байсан Вьетнам Улсын иргэнЛСгийн үйл ажиллагааны орлого бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Г.Б-оор дамжуулан шилжүүлж байсан. ЛСК манай компанид ажилд орохдоо бусдад 25 000 000 төгрөгийн өртэй байсан. Тэрээр надад 25 000 000 төгрөг зээлээч, засварын газраа танай компанийн нэр дээр явуулъя, үйл ажиллагааны орлогоос зээлийн төлбөр болон бусад зардлыг төлнө гэх санал тавьсан. Тухайн үед надад зээлэх 25 000 000 төгрөг байгаагүй тул хүнээс хүүтэй мөнгө авч өгсөн.

ЛСКзасварын газар ажиллуулан олсон орлогоосоо дээрх зээлийн төлбөр, визний хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр зэргийг өөрөө хариуцахаар тохирсон боловч 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын байраа шалтгаангүйгээр орхиж явсан. Мөн ажлаа хаяж явахдаа засварын газрын тоног төхөөрөмжийг авч явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн.

Би нэхэмжлэгчээс шилжүүлж буй мөнгийг ЛСК-гийн нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүү, засварын үйл ажиллагаанаас үүдэлтэй зардал зэрэгт шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Сод сос ХХК нь дуудлагаар авто завсар эрхэлдэг байгууллага.

Нэхэмжлэгч Г.Б-н дансны орлогыг харвал ЛСК-гийн зээл гэж бичсэн байна. Мөнгө шилжсэн үйл баримтаас нэхэмжлэгч Г.Б-н дансаар ЛСК нь өөрөө мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд шилжүүлэг бүрийг 88666655 дугаартай утсаар хийсэн.ЛСКгийн утасны дугаар хххх бол Г.Б-нутасны дугаар хххх юм. Мөнгө шилжүүлсэн хугацааны хувьд ЛСК нь  ХХК-д ажиллаж байх үетэй таардаг ба засварын газраас явах хүртэлх хугацаа байна. Дээрх мөнгийг нэхэмжлэгч Г.Б бидний дундын өмч гэдэг боловч үүнийг нотолсон баримт байхгүй.

 Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ЛСК гэрчээр оролцсон. Түүний мэдүүлэгт би Б.С-д өртэй 10 000 000 төгрөг төлсөн, үлдсэн 5 000 000 төгрөгийг үйл ажиллагаагаараа төлсөн гэдэг. Нэхэмжлэгч Г.Б-норлогын үндэслэл нь тодорхойгүй, шилжүүлж байгаа зүйл нь зээл, зардал, машин зассаны төлбөрийг хуваарилсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд нийцэхгүй, нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.С-дэс 10 790 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 650 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Б болон Б.С-д нар бие биенийгээ огт танихгүй хүмүүс. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хүчин төгөлдөр бус гэрээний харилцаа үүссэн мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч Г.Б нь визний хугацаа сунгуулахаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсонЛСКгийн мэдүүлэгээс үзэхэд Г.Б-ннэр дээрх данснаас Б.Сод-Эрдэнийн дансанд мөнгө шилжсэн боловч тус мөнгөн хөрөнгийг Вьетнам Улсын иргэн ЛСКшилжүүлсэн нь түүний мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.ЛСКгийн шилжүүлсэн тус мөнгөн хөрөнгийг Б.С-д ньЛСКгийн ажиллуулж буй засварын газрын цахилгаан, ус зэрэг урсгал зардал болон түүний нийгмийн даатгал болон гадаадын иргэн харьяатын газар төлөх ёстой визний хураамж зэрэгт төлж байсан талаарх баримтыг өгсөн. Гэвч шүүхээс дээрх нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлж, тогтооно гэсэн зарчмыг зөрчсөн.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дах хэсэгт зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд авах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон байхад хариуцагч Б.С-д тогтоосон хэмжээнээс хэд дахин өндөр мөнгийг нэхэмжлэгч Г.Боос авсан байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасныг зөрчжээ.

2. Г.Б нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж хохирсон этгээд биш. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Боос Б.Сод-Эрдэнийн дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь Вьетнам Улсын иргэнЛСКгийн авто засварын газрын үйл ажиллагаанаас олсон орлого бөгөөд нэхэмжлэгчийн мөнгө биш болох нь тогтоогдсон. Тиймээс Г.Б, Б.С-д нарын хооронд аливаа харилцаа үүсээгүй болохыг нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заагдсан нэхэмжлэгчийг солих ажиллагааг хийх эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаанд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдаагүй үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг залруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.С-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12 440 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр үндэслэлээ .... хамтран амьдрагч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /цаашид Вьетнам Улс гэх/-ын иргэнЛСКгийн Монгол Улсад ажиллаж, амьдрах визний хугацааг сунгуулах, мөн хүү бид хоёрт виз гаргуулах зорилгоор Б.С-дтэй аман хэлцэл байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 12 440 000 төгрөг шилжүүлсэн... гэж тайлбарлан, ХААН банк ХХК дах өөрийн депозит дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна. /хх-3-7/

Уг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Б өөрийн эзэмшлийн ХААН банк ХХК да хххххх дугаартай харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хариуцагч ххххххх хххххх дугаартай данс руу 10 790 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ. Харин Б.С-д 1 650 000 төгрөг бэлнээр өгсөн гэх тайлбараа өөр баримтаар нотлоогүй байна. /хх-155/

Хариуцагч Б.С-д нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч Г.Бтой гэрээ, хэлцэл байгуулаагүй, хамтран амьдрагч Вьетнам Улсын иргэн ЛСКнь 25 000 000 төгрөг зээлсэн, уг төлбөрөө авто засварын үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцсон, үүний дагуу зээлийн төлбөр, нийгмийн даатгал, зээлийн хүү, засварын үйл ажиллагааны орлого зэргийг шилжүүлж байсан, нэхэмжлэгч Г.Б шаардах эрхгүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ. Энэ тохиолдолд хариуцагч тал өөрийн гаргасан тайлбараа нотлох үүргийг хүлээнэ. Хэрэгт хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотолсон баримт авагдаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б.Сод-Эрдэнийг 10 790 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцсэн байна. Харин талуудын маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхдээ Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1,5.1.2, 5.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3 болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3 дах хэсгийн заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрх дүгнэлтийг залруулан дүгнэх боломжтой байна.

Учир нь энэ хэргийн хувьд гэрч ЛСКнь Вьетнам Улсын иргэн буюу гадаадын иргэн, тэрээр Монгол Улсад хувийн хэргээр ирсэн, С ХХК-ийн авто засварын газарт ажиллаж байсан үйл баримтад талууд маргаангүй. Мөн С ХХК нь гадаадын иргэний уригч байгууллага эсэх, гадаадын иргэнд Монгол Улсад байх зөвшөөрлийг олгох эрхтэй этгээд мөн эсэх нь маргааны зүйл биш тул Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтуудыг шүүхийн шийдвэрт тайлбарлан хэрэглэх шаардлагагүй юм.

Хариуцагч Б.С-д нь Сод сос ХХК-ийн захирал, тус компани нь автомашины засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, нэхэмжлэгч Г.Б болон хамтран амьдрагч Вьетнам Улсын иргэн ЛСКнар С ХХК-ийн автомашины засварын газарт ажиллаж байсан гэдэг нь зохигч талуудын тайлбар, гэрч ЛСКгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаангүй.

Нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эзэмшлийн, ХААН банк ХХК дах данснаас хариуцагч Б.Сод-Эрдэнийн данс руу нийт 10 790 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт ххххх гэсэн утасны дугаар, Qui гэж гэрчийн нэрийг бичсэн байна. /хх-3-7/ Юнител ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04/320 дугаартай албан бичгээр хххххх утасны дугаарыг нэхэмжлэгч Г.Б эзэмшдэг гэсэн тодорхойлолтыг анхан шатны шүүхэд ирүүлжээ. /хх-55/

Иймд виз сунгах, гаргах нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүх, хариуцагч Б.С-д виз сунгах, виз гаргах эрх хэмжээ байхгүй, түүний С ХХК-ийн хувьд төрийн захиргааны байгууллагад гэрчЛСКийг тус компанид хөдөлмөр эрхлэгчээр Монгол Улсад оршин суухад татгалзахгүй байгаа тухай хүсэлтийг өгч болно гэж зөв дүгнэсэн. Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дах хэсгийг тайлбарлан хэрэглэж, хариуцагч Б.С уг хуулиар тогтоосон хэмжээнээс хэд дахин өндөр мөнгийг нэхэмжлэгчээс авсан гэх дүгнэлт буруу. Учир нь хариуцагч Б.С-д нь визний үйлчилгээ үзүүлэх эрхгүй этгээд тул дээрх хуулиар тогтоосон хэмжээ нь хэд байх нь хэрэгт хамааралгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагч тал маргаж буй мөнгийг нэхэмжлэгчийн хөрөнгө мөн эсэх, шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

Хэргийн баримтаас үзэхэд, гэрч ЛСКнь нэхэмжлэгч Г.Б-той хамтын амьдралтай, түүний дансанд орсон, зарлагадсан мөнгөн хөрөнгийг ... манай эхнэрийн хүнээс цуглуулж байсан мөнгө ...., ... машины мөнгө, миний хийсэн таньдаг хүмүүсийн мөнгө ..., ... эхнэр нөхөр учир өөрийнхөө мөнгийг Г.Б-н дансаар авч байсан гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн мөнгийг бидний мөнгө гэж тодорхойлж байна. /хх-152/ Иймээс нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн 10 790 000 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар гэрч ЛСКболон нэхэмжлэгч Г.Б нарын дундын хөрөнгө гэж үзнэ.

Дундын өмчлөлийн хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид болох тул тэдгээлийн аль нэг нь мөн зүйлийн 242.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б.С-дэс шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн ... хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Мөн хариуцагч тал, нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг ... ЛСКзээлээ төлж байсан, ... засварын газрын цахилгаан, ус зэрэг урсгал зардал болон түүний нийгмийн даатгал болон гадаадын иргэн харьяатын газар төлөх ёстой визний хураамжид төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс дээрх хүсэлтийг гаргаагүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД