| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0531/Э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч К.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн К.Дт холбогдох 1806 00532 0607 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зэвсгийн инженер мэргэжилтэй, “Өгөөж Саран” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 14 дүгээр гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, К.Д /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
К.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 14 дүгээр гудамжны тоотод хамтран амьдрагч Т.Цолмонтуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Дын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Цолмонтуяагийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өглөө 10 цагийн үед ажилдаа явахаар Давхарбаярын гэр лүү ортол Давхарбаяр намайг кофе хийгээд өг гэхээр нь байж бай одоохон гэсэн чинь уурлаад сонин сонин зан авир гаргаад бухимдаад эхэлсэн. Тэгэхээр нь би чи юундаа уурлаад байгаа юм бэ гэсэн чинь миний үснээс зулгааж аваад ташаа руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь тавиулж зугтаад гэртээ ороод байж байтал араас орж ирээд над руу заазуур барьж дайраад ална шүү гэхэд ээж дундуур нь орж болиулсан ба Давхарбаяр над руу нэг юм авч шидээд миний амыг оносон. Яг юу шидсэнийг нь би мэдэхгүй байна. Энэ үөд ээж маань хараад байж байсан. Ингээд цагдаагийн байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл гаргаж өгсөн... Давхарбаяр миний толгой руу цохиогүй. Гэхдээ үснээс зулгааж татсан, заазуураар миний биед учруулсан ямар нэг гэмтэл шарх байхгүй... Би сэтгэл санааны хохиролтой байна. Айдас түгшүүртэй байдаг. Би зүгээр л салаад ээж охиноо аваад явчихмаар байна. Тэрнээс биш ямар нэг эмчилгээний зардалын баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
“... Хэрэг гаргасан газар нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1603 тоотод байдаг гэртээ зодуулсан... Надад гомдол санал болон нэхэмжилж байгаа зүйл байхгүй, энэ хугацаанд бид хоёр тусдаа амьдарч байсан. К.Д надаас уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.64/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жавсангийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Т.Цолмонтуяа уйлчихсан гэрт орж ирээд К.Д намайг ажил төрөл хийхгүй байна, удаан хөдөлгөөнтэй, миний ажлыг дампууруулж байна гэж зодлоо гэж орж ирсэн. Тэгээд тухайн үедээ цагдаа сэргийлэхэд мэдэгдэлгүй өнгөрсөн ба 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед К.Д орж ирээд миний охин луу дайраад хэл амаар доромжлоод ална гээд гал тогооны шүүгээнээс заазуур барьж дайрахаар нь би охиныхоо урдуур орж К.Дыг чи наад заазуураа тавь эсвэл намайг алчих гэсэн чинь заазуураа тавиад гараад явахаар нь би охиноо дагуулаад цагдаа дээр ирж өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.24/;
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1064 дугаартай дүгнэлтэд:
“1. Т.Цолмонтуяагийн биед тархи доргилт, доод уруул дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27/;
Мөрдөн шалгах ажиллагаанд К.Дын яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 14 дүгээр гудамжны 1603 тоотод өөрийн хамтран амьдрагч Т.Цолмонтуяатай гэр бүлийн маргаанаас болж маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан хэрэг дээр ял сонсож байцаагдаж байгаа. Тухайн хэрэг гардаг өдөр би Т.Цолмонтуяа руу таавчиг шидэж, үснээс нь зулгааж зодсон нь үнэн. Энэ гэмтлийг би учруулсан, өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх.60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
К.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 14 дүгээр гудамжны 1603 тоотод хамтран амьдрагч Т.Цолмонтуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Цолмонтуяагийн өгсөн: “... Тэгэхээр нь би чи юундаа уурлаад байгаа юм бэ гэсэн чинь миний үснээс зулгааж аваад ташаа руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь тавиулж зугтаад гэртээ ороод байж байтал араас орж ирээд над руу заазуур барьж дайраад ална шүү гэхэд ээж дундуур нь орж болиулсан ба Давхарбаяр над руу нэг юм авч шидээд миний амыг оносон. Яг юу шидсэнийг нь би мэдэхгүй байна... Давхарбаяр миний толгой руу цохиогүй. Гэхдээ үснээс зулгааж татсан, заазуураар миний биед учруулсан ямар нэг гэмтэл шарх байхгүй... Би сэтгэл санааны хохиролтой байна. Айдас түгшүүртэй байдаг. Би зүгээр л салаад ээж охиноо аваад явчихмаар байна. Тэрнээс биш ямар нэг эмчилгээний зардалын баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.15-16/, “... К.Д надаас уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.64/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жавсангийн өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Т.Цолмонтуяа уйлчихсан гэрт орж ирээд К.Д намайг ажил төрөл хийхгүй байна, удаан хөдөлгөөнтэй, миний ажлыг дампууруулж байна гэж зодлоо гэж орж ирсэн. Тэгээд тухайн үедээ цагдаа сэргийлэхэд мэдэгдэлгүй өнгөрсөн ба 2018 оны 01 дүгээр сарын 03- ны өглөө 10 цагийн үед К.Д орж ирээд миний охин луу дайраад хэл амаар доромжлоод ална гээд гал тогооны шүүгээнээс заазуур барьж дайрахаар нь би охиныхоо урдуур орж К.Дыг чи наад заазуураа тавь эсвэл намайг алчих гэсэн чинь заазуураа тавиад гараад явахаар нь би охиноо дагуулаад цагдаа дээр ирж өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.24/;
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1064 дугаартай дүгнэлт /хх.27/;
Мөрдөн шалгах ажиллагаанд К.Дын яллагдагчаар өгсөн: “... Тухайн хэрэг гардаг өдөр би Т.Цолмонтуяа руу таавчиг шидэж, үснээс нь зулгааж зодсон нь үнэн. Энэ гэмтлийг би учруулсан, өөрийн хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх.60/;
Шүүгдэгч К.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
К.Дын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт К.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар К.Дын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд К.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Т.Цолмонтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн, К.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
К.Дын “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ К.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
К.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч К.Дт оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
К.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. К.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Дт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар К.Дт оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, К.Дт оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. К.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Цолмонтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, К.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР