Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/1128

 

                                      

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч  Л.Б-,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/844 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ын гаргасан гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2209004380481 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Л.Б ..... тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 652 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1751-2, 1721-1-т зааснаар нийт 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн;

          Шүүгдэгч Л.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч М.Г-од “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж .... дүүргийн ... дүгээр хороо, К зочид буудлын орчимд 3.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-оос 3.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Г-од олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан ба надад оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь, ам бүл 3, өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг ба миний эрхэлж буй ажил ганцхан Сүхбаатар дүүргээр хязгаарлагдахгүй үйл ажиллагаа явагдаж байдаг юм. Миний бие тогтсон оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан тухай баримтыг гомдлын хамт гарган өгч байна…” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч Л.Б- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийг харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- нь гэм буруу дээрээ маргасан бөгөөд хохирол, төлбөрийг төлөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 2209004380481 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Л.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон М.Г-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Континентал зочид буудлын орчимд 3,500,000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

хохирогч М.Г-ын “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б Х эгч рүү залгаад “танай дүүгийн ажил бүтнэ гэж байна, хүүхэд нь 4 дүгээр анги гэж байна” гэж хэлсэн. Х эгч надад “хүүхэд нь 4 дүгээр анги гэдэг нь 4.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгнө” гэсэн үг гэж тайлбарласан. Дараа нь уг өдрөө Б олон удаа “уулзах хэрэгтэй байна” гэж залгасны дагуу би өөрийн Тоёота приус 30 загварын хөх өнгийн машинтайгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Континентал зочид буудал дээр очиход Б нь надтай уулзаж “чиний ажил болно гэж байна, чиний ажил бүтсэн гол нь чи одоо мөнгөө өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би “та надад дансаа өгчих, би шилжүүлчихье” гэж хэлсэн боловч “үгүй, ийм юмыг бэлнээр авдаг” гэхээр нь “ахаа надад машинаа барьцаанд тавьсан 3.500.000 төгрөг байна” гэж хэлтэл за яахав үлдсэн 500.000 төгрөгийг нэг, хоёр хоноод өгчих” гэж хэлсэн. Би өөрийн данснаас 3.500.000 төгрөгийг Континентал зочид буудлын хажууд байх АТМ-аас бэлнээр авч Бт өгсөн. Надаас мөнгө авахдаа “7-14 хоног хүлээнэ” гэж хэлээд явсан. Мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа утсаар нь залгахад болно гэж хэлсэн. ...Дараа нь сар арай хүрээгүй байхад би “мөнгөө авъя” гэж хэлтэл “чи баахан ажил удчихаад яаж байгаа юм, хүлээж бай” гэж хэлсэн учир хүлээж байтал 2021 оны 12 дугаар сарын 01-нээс Х эгч ажлаасаа гарчихсан бөгөөд ажлаас гарсан шалтгаанаа хэлээгүй. Ингээд би барьцгүй болчихоод би Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар дээр очиж уулзтал ямар нэгэн яриа хөөрөө болсон зүйл байгаагүй...” /хх 14-15/,

гэрч Н.Хы: “...Г “...ДХИС-ийг төгссөн, мэргэжлээрээ ажиллахгүй бол цол хураагдах гээд байна, танд таньдаг, намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт оруулж өгөх хүн байна уу...” гэж асууж тухайн яриа дууссан. Үүнээс хэд хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сард миний эчнээ танил Б гэх хүн над руу залгаж “юу байна дүү” гэж мэнд мэдэж залгасан бөгөөд өөрийгөө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу орж явна” гэхээр нь би “манай дүү байгаа юм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилд ормоор байна гэсэн, танд туслах боломж байна уу” гэж асуутал Б тодорхой хариу өгөөгүй тэгээд өнгөрсөн. Уг яриа болох үед Г надтай явж таарсан бөгөөд надаас Г “би өөрөө Бтой очоод уулзъя, та утасных нь дугаарыг өгчих” гэхээр нь би Бын утсыг өгсөн. Энэ явдлаас хэд хоногийн дараа Г надад “би Бтой уулзаад мөнгө өгчихсөн” гэж хэлсэн. Би “чи яагаад ажилдаа оролгүй мөнгө өгчихөж байгаа юм бэ” гэж хэлтэл юм ярихгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Г надад “Та Боос асуугаад өгөөч” гэж хэлсний дагуу би Бтой ярьж асуухад “би мөнгө аваагүй” гэж хэлсэн бөгөөд “уулзая” гэхээр “гадуур явж байна” гэдэг болсон...” /хх 20-21/ гэх мэдүүлгүүд,

М.Г- өөрийн данснаас “...10/27/2021 20:39- 20:44 цагийн хугацаанд 3,500,000 төгрөгийг 5021 дугаартай АТМ-ээс авсан...” болохыг нотолж буй Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10/,

хохирогч М.Г-оос шүүгдэгч Л.Б-т бичсэн “..Wed,Dec1 мөнгөө буцаагаад авчихъя ...Sat,Dec18 энэ долоо хоногт ямар нэг шийд хэлэхгүй бол мөнгөө буцаж авна шүү ...Sat, Dec25 3,5 сая хүнээс авчихаад хариу ч байхгүй утсаач авахгүй луйвар залилан гэж үзэх үү энэ үйлдлийг чинь!!! ...Wed,Dec29 миний мөнгийг өгөөдөх харин ...10.27-ны өдөр авсан. 3.5 саяыг минь өгөөдөх …Mon8 Jan3 дөнгөж сургууль төгссөн хүүхэд шигээ хүнээс 3.5 сая аваад луйвардаад таг болчдог!!!...” гэсэн Л.Б-ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийж бэхжүүлж авсан мэссэжний тэмдэглэл, гэрэл зургууд /хх 28-47/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 07-1/591 дугаар “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирсэн бичгийг үүдний жижүүр хүлээн авч бичиг хэргийн эрхлэгчид хүлээлгэн өгдөг бөгөөд төв байрны үүдэнд ирсэн бичиг хүлээн авах тусгай хайрцаг байдаггүй. Тус газарт 2021 оны 10 дугаар сараас хойш ирсэн бичгийг шүүхэд Мөнхсуурийн Г нэртэй хүний анкет болон түүнтэй холбоотой бусад мэдээлэл агуулагдсан материал байхгүй байна. ...” гэх албан бичиг /хх 93/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Л.Б-ын “...хохирогч М.Г-од “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч, төөрөгдөлд оруулан М.Г-оос 3,500,000 төгрөгийг бэлнээр авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө ...-ийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Л.Б-ын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн гэмт хэргийн улмаас М.Г-од учирсан хохирол 3,500,000 төгрөгийг Л.Б-оос гаргуулж хохирогч М.Г-од олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Л.Б- нь хохиролд 3,500,000 төгрөгийг М.Г-од төлсөн гэж гаргаж өгсөн /хх 176 тал/ баримтыг шүүх үнэлэх боломжгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэг ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.”, 3 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж заасанд нийцэхгүй эх хувь биш, албан ёсны гэж үзэх боломжгүй хуулбар баримт байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас Л.Б-т зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, хоёр жилийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн арга, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт болон үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдалд тохирсон төдийгүй шүүхээс Л.Б-т оногдуулсан ял шийтгэлийн төрөл хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч Л.Б-ын “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/844 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ