Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/842

 

       

 

 

 

 

    2024           07            23                                          2024/ДШМ/842

 

 

    Э.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Э.Л-,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/613 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.Л-т холбогдох эрүүгийн 2408000000275 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л-,

 

Шүүгдэгч Э.Л- нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 21-н уулзварын тэнд “Toyota prius 30” загварын ****** улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Ж-ийг “зам дээр урсгал сөрлөө” гэж хэлсэнд уурлан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, түүний баруун шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан “Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь...“ гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л-ыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Л-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-аас 1.193.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-т олгож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хохирогч Б.Ж- цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн" гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан "эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь..." гэж заасан гэмт хэргийн хандлага болоод сэдэлтийн хувьд давхардаж байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн санаа сэдлийн хувьд хохирогч Б.Ж-ийг зам зохицуулах албан үүрэгтэй нь холбогдуулан буюу шаардлага тавихад нь түүнтэй маргаж, улмаар эрүүл мэндэд нь халдаж хохирогчид хүндэвтэр хохирлыг санаатай учруулахдаа эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хяналтын прокуророос шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол..." шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан "... эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга"-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд заасан хохирогч Б.Ж-ийн: “...албан үүрэг гүйцэтгээд явж байхад 15 цагийн үед *** улсын дугаартай сувдан цагаан өнгийн “Toyota prius 30” загварын тээврийн хэрэгслийн жолооч хойноос урагшаа урсгал сөрж явахаар нь би уулзварын голд зогсож байгаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож “та яагаад урсгал сөрөөд байна,  3 сараар эрх хасдаг та бичиг жолооны баримтаа шалгуулна уу? гэхэд тэр жолооч эхлээд бичиг өгсөн тэгээд машинаасаа бууж ирээд “яагаад байгаа п**** вэ? яарч байхад” гээд хэл амаар доромжлоод байсан. Би “урсгал сөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар эрх хасна” гэхэд миний баруун шанаа, эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Бид хоёр замаас гараад ахмад Сэр-Од дээр очиж болсон асуудлыг хэлсэн. Жолооч намайг хэл амаар доромжилсон. Намайг цохиж хувийн хэрэгцээний “Air pods pro 1” загварын цагаан өнгийн нэг хос чихэвч газар унаж эвдэрсэн...гэх мэдүүлэг /хх 9, 12/, хохирогч Б.Ж- нь цагдаагийн дэслэгч цолтойгоор Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албанд ажилладаг бөгөөд тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан болох албан бичиг /хх 80/, гэрч Г.А-ийн "...Тухайн өдөр миний бие замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргын баталсан хуваарийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Мираж төвийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/, Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн алба хаагчдын амралтын өдрүүдэд ажиллах ажил үүргийн хуваарь /хх 82/ зэрэг нотлох баримтуудыг ямар үндэслэлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглээгүй гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж ойлгомжгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж цагдаагийн алба хаагч албан үүргийн дагуу шаардлага тавихад хүч хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийж чадалгүй шүүгдэгчийн энэ үйлдлийг хөнгөрүүлэн өөрчиллөө гэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ойлгомжгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалттай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тухайн үед цагдааг шууд очиж цохиогүй, 10 минут орчим цагдаатай ярилцаж, зөв аргаар учраа олох гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Л-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Л- нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 21-н замын уулзварт “Toyota prius 30” загварын ***** улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Ж-ийг “зам дээр урсгал сөрлөө” гэж хэлсэнд уурлан маргалдаж, улмаар хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэх явцдаа түүний баруун шанаа хэсэг цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж энэ гэмт хэргийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Ж-ийн “...би албан үүрэг гүйцэтгээд явж байхад “Toyota prius 30” загварын **** улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч хойноос урагшаа урсгал сөрж явахаар нь би уулзварын голд зогсож байгаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож “та яагаад урсгал сөрөөд, 3 сараар эрх хасдаг, та бичиг жолооны баримтаа шалгуулна уу” гэхэд тэр жолооч эхлээд бичиг баримтаа өгөөд машинаасаа бууж ирээд “яагаад байгаа п**** вэ? яарч байхад” гээд хэл амаар доромжлоод байсан. Би “урсгал сөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар эрх хасна” гэхэд миний баруун шанаа, эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Бид хоёр замаас гараад ахмад Сэр-Од дээр очиж болсон асуудлыг хэлсэн. ...Намайг цохиж хувийн хэрэгцээний “Air pods 1” загварын цагаан өнгийн нэг хос чихэвч газар унаж эвдэрсэн. ...” /хх 9, 12/,

гэрч Г.А-ийн “...21-н уулзвар ачаалал ихтэй байсан учир Ж-ийн гарч байсан уулзвар дээр ирж хамтран үүрэг гүйцэтгэж байсан. ...манай зохицуулагч Б.Ж-ийг уулзварын голд урсгал сөрж байсан машины жолооч бууж ирээд цохиод авсан. Би гүйж очоод тэр залууг барьж аваад замаас холдуулсан ба тухайн залуу маш ихээр уурлаж бид нарыг харааж, зүхсэн байдалтай байсан. ...” /хх 26-27/

 

Э.Л-ын яллагдагчаар өгсөн “...3 цаг гаруй түгжирсэн. Би яарч байсан учир Содон хорооллын хойд тал руу эргэх зорилгоор 3 машины хажуугаар урсгал сөрж зөөлөн явсан. ...Уулзвар дээр түр зогсож бай гэж хэлсэн ба зогсож байтал арын машинууд түгжрэл үүсгэлээ гээд хойноос сигнал дарсан. Содонгийн зогсоол дээр машинаа тавьчихаад цагдаа дээр очиж “ах нь яараад явж байна. Төв зам руу орохгүй зүүн эргээд явах гэж байгаа юм, миний бичиг баримтыг өгөөч” гэж гурван удаа гуйсан. Тэгэхэд “бичиг баримтыг чинь өгөхгүй, цагдаагийн хэлтэст очиж аваарай” гээд зандарсан байдлаар хэлсэн. Би яарч байсан учраас бухимдсан ба огцом уурлаад цагдааг нэг удаа цохиж, уурласан учир цагдаагийн алба хаагч нартай өндөр дуугаар маргалдсан. ...” /хх 54-55/,

 

“... Б.Ж-ийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхийн хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2297 дугаар дүгнэлт /хх 30-31/,

 “... Б.Ж-ийн сэтгэцэд дасан зохицохуйн хямралын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа. ..” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 447 дугаар дүгнэлт /хх 114-115/,

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан тоот /хх 80/, Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн албан хаагчийн амралтын өдрүүдэд ажиллах ажил, үүргийн хуваарь /хх 82/, дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 86-87/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Л- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.Л-ын хохирогч Б.Ж-ийг ажил, албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг эсэргүүцэн баруун шанаа хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Прокурор С.Энхням “...шүүгдэгч Э.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүйгээс гадна зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө гэж хуулийг буруу хэрэглэсэн,   ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт эрхэлсэн ажил, хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, ...албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг тус тус ойлгоно.

 

Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь...” гэж заасан гэмт хэргийн хандлага болоод сэдэлтийн хувьд давхардаж байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн санаа сэдлийн хувьд хохирогч Б.Ж-ийг албан үүрэгтэй нь холбогдуулан буюу шаардлага тавихад нь эсэргүүцэн улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан нөхцөл байдал байгаа нь хохирогчид хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн байна. ...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин Э.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/613 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Л-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.МӨНХТУЛГА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН