Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01819

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01819

 

 

КП ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/01802 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч КП нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Д.Б, Д.Н, АБХХК нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 112 617 685.83 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээнээс татгалзаж байгааг баталгаажуулж, 8 728 709 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч Д.Б, Д.Ннарын өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч АБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б, Д.Н нар нь КПХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 14/23 дугаар зээлийн гэрээг байгуулж, 80 500 000 төгрөгийн зээлийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай авсан. Банк тус зээлийн гэрээний 3.12 дах хэсэгт заасны дагуу Д.Б КПХХК дахь ******** тоот харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 24 050 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 24 150 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 24 150 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8 150 000 төгрөгийг тус тус шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Зээлдэгч Д.Б, Д.Н нар гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1 900 003 төгрөг, зээлийн хүү 6 525 465 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62 031 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 78 599 996 төгрөг, үндсэн хүү 28 469 413 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 541 776 төгрөгийн тус тус үлдэгдэл нийт 112 612 185 төгрөг, нотариатын зардал 5 500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байх тул тэднээс зээлийн гэрээний үүрэгт нийт 112 617 685 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр АБХХК, КПХХК,  яам нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг үндэслэн бид АБХХК-аас 60.13 м.кв талбай бүхий орон сууцыг авахаар тохиролцсон. КПХХК нь дээрх гэрээний дагуу санхүүжилтийг шийдвэрлэж, уг орон сууцны үнэ болох 80 500 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бидэнд зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу гурван удаагийн гүйлгээгээр Д.Баасансүрэнгийн дансанд 80 500 000 төгрөг орсон боловч мөнгө дансанд орж ирмэгц КПХХК шууд татан авч байсан. Бид зээлийн гэрээний дагуу дансанд орсон мөнгийг авч ашиглаагүй учраас 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгжсэн нь эргэлзээтэй. Барилга 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон боловч АБXXX нь тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг бидний нэр дээр гаргаж өгөөгүй тул зээл төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ншүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хамтарсан гэрээг үндэслээд ажилтан Д.Б АБХХК-аас 60.13 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр КПХХК-тай 80 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

КПХХК нь уг зээлийн мөнгийг Д.Б дансанд шилжүүлсэн өдрөө хамтарсан гэрээний 5.2.1, 5.2.2-т заасны дагуу АБХХК-ийн барилгын ажлыг санхүүжүүлэхээр шилжүүлсэн. Тус банк гэрээний дагуу санхүүжилт хийж, гэрээний 5.2.4, 5.1.2, 5.1.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гүйцэтгэгч буюу АБХХК нь үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдсан.

КПХХК нь 60.13 м.кв орон сууцыг АБХХК-аас шилжүүлэн авч улмаар бидэнд өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн ба анх 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул бид тус орон сууцанд орох боломжгүй болсон. Бид АБХХК-тай гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй учир тус компаниас ямар нэг эд зүйл шаардах эрхгүй болно. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр АБХХК, КПХХК дахь Банкны эрх хүлээн авагч нартай уулзаж зээлийн төлбөрийг АБХХК хариуцан төлж биднийг хохиролгүй болгох тухайн хэлцэл хийсэн. Уг хэлцэл ёсоор Д.Б бид хоёр зээлийн гэрээнээс татгалзаж, КПХХК-аас авсан зээлийн төлбөрийг АБХХК хариуцан төлж, биднийг хохиролгүй болгох ёстой байсан. Гэвч АБХХК өнөөдрийг хүртэл хэлцэлд заасан үүргээ биелүүлээгүй. Бид зээлийн гэрээний үүрэгт 8 728 709 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгчтэй 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс татгалзаж байгааг баталгаажуулж, зээлийн хүүд төлсөн 8 728 709 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу тэд тодорхой хэмжээний төлөлт хийж байсан тул гэрээ хүчин төгөлдөр юм. Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу зээл, зээлийн хүүд төлсөн мөнгийг буцаан авах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас бүгд 112 617 685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх АБХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нарын нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 8 728 709 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, хамтран хариуцагч Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 721 038 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн 141 дүгээр хуудсанд авагдсан АБХХК-ийн төлөөлөгчийн хариу тайлбарт санхүүжилт болгож КПХХК-аас 80 338 500 төгрөгийг хүлээж авснаа тодорхой бичсэн. Үүнийг анхан шатны шүүх дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Баасансүрэнгийн дансанд 80 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар 80 500 000 төгрөгийн зээлийг олгосонд тооцно гэсэн байна.

Хариуцагч Д.Б дансанд 80 500 000 төгрөгийг 3 хувааж Капитрон банк ХХК шилжүүлсэн даруйдаа буцаагаад АБХХК-ийн данс руу Д.Б зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн. Энэхүү шилжүүлэг нь хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан хамтарсан гэрээний дагуу хийгдэж байгаа КПХХК-ийн санхүүжилт юм. Иймд зээлийг Д.Б захиран зарцуулах ямар ч эрхгүй байсан.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.Б, Д.Н нар нь зээлийн төлбөрийг АБХХК хариуцан төлж дуусгах ёстой байсан гэж маргах боловч хариуцагч нарын тайлбарт дурдагдсан хэлцэл гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн 64 дугаар хуудсанд КПХХК, АБХХК-ийг төлөөлж Ц.О болон Д.Н нарын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гурвалсан уулзалтын тэмдэглэл авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус баримтын эх хувийг КПХХК-аас гаргуулсан. Энэхүү зээлийн харилцаанаас АБХХК ашиг олж, үл хөдлөх эд хөрөнгөө өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дээрх алдааг залруулан дүгнэлээ.

Нэхэмжлэгч КПХХК дах нь хариуцагч Д.Б, Д.Н АБХХК нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112 617 685 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б, Д.Н нар нь зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл заан маргаж, улмаар гэрээнээс татгалзан гэрээгээр шилжүүлсэн 8 728 709 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь АБХХК-ийн захирал Ц.Ог хариуцагчаар тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж АБХХК-ийг хариуцагчаар татан оролцуулжээ. Хариуцагч Ц.Онон нь нэхэмжлэлийг гардан аваад ...9 856 500 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэхэд бэлэн байна гэх тайлбар гаргасан ба АБХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. /1-хх 50-51, 74/

КПХХК, АБХХК болон Ххооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилчдын орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь тус салбарын ажилчдын 60 айлын орон сууц барих ажилд хяналт тавих, хүлээн авах, санхүүжүүлэгч КПХХК нь орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр албан хаагчтай зээлийн гэрээ байгуулан зээл олгох, гүйцэтгэгч АБХХК нь батлагдсан зургийн дагуу барилга угсралтын иж бүрэн ажлыг холбогдох тусгай зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх, холбогдох байгууллагуудаас ажил эхлүүлэх зөвшөөрөл авах, буцаан хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-хх-52-58/

Уг гэрээний 1.3-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа дүүргүүдийн нийгмийн даатгал, халамжийн хэлтсүүд нь энэхүү 60 айлын орон сууцны зээлд хамрагдсан тус тусын албан хаагчидтайгаа байгуулсан гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заажээ.

Хан-Уул дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Б нь хамтран зээлдэгч Д.Н хамт орон сууц худалдаж авах зорилгоор КПХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 14/23 дугаар зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч КПХХК нь 80 500 000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Б, Д.Ннар нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1-хх10-14/

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс 4 удаагийн үйлдлээр буюу 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 24 050 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 24 150 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 24 150 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8 150 000 төгрөг, нийт 80 500 000 төгрөгийг зээлдэгч Д.Б КПХХК дахь *******, ****** тоот данс руу тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 19-28 дугаар талд авагдсан дансны хуулга, 50-51 дүгээр талд авагдсан хариуцагч Д.Н тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ.

Хариуцагч Д.Б нь түүний дансаар мөнгө орж ирсэн үйл баримтад маргаагүй, харин зээлийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгийг орж ирсэн цаг минутад буцаан татан авсан гэж марган улмаар гэрээнээс татгалзан, түүний үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн КПХХК, хариуцагч Д.Б, Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэг заасанд нийцэхгүй.

Тодруулбал, КПХХК-аас Д.Б данс руу дээрх байдлаар 80 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч уг мөнгөн хөрөнгийг тухайн өдрөө АБХХК-ийн данс руу буцаан зарлагадсан байна. Ингэхдээ Д.Б зөвшөөрснөөр АБХХК-ийн данс руу шилжүүлсэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул КПХХК-ийг Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан журмын дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн, Д.Б, Д.Н нь зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг орон сууцны зээлийн зориулалтын дагуу ашигласан, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хамтарсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу АБХХК нь санхүүжилтыг авч 60 айлын орон сууцны барилгыг барьсан байна.

Хэрэгт нэг талаас худалдагч буюу АБХХК, нөгөө талаас худалдан авагч Д.Б нарын Орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй баримт авагдсан. /хх93-94/ Уг гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй, харин хариуцагч Д.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол тоотод байрлах 60.13 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан гэдэгтэй талуудын хэн аль нь маргаагүй.

Уг орон сууцыг худалдан авах зорилгоор хариуцагч Д.Б, Д.Н нар нь нэхэмжлэгч КПХХК-тай зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь 80 500 000 төгрөгийг хариуцагч АБХХК-д шилжүүлж, тус компани уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар ****** ББСБ ХХК-ийн барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8/2141 дугаар албан бичиг /хх151/, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээ /хх156-158/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Мөн тус орон сууцанд АБХХК-ийн ажилтан М.А гэх хүн гэр бүлийн хамт амьдарч байгаа тухай хэргийн 195-197 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл дэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарт тусгагдсан байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Д.Б, Д.Н нар нь зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу бодитоор ашигласан буюу орон сууц худалдан аваад ашиглаж байгаа гэж үзэх боломжгүй тул тэдгээрээс зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй.

Харин хариуцагч Д.Б, Д.Н нарын гэрээнээс татгалзаж, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүрэгт төлсөн 8 728 709 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Иймээс хариуцагч Д.Б, Д.Н нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчээс 8 728 709 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч АБХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 80 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч КПХХК-д олгов.

КПХХК нь хамтарсан гэрээ болон Д.Б, Д.Н нартай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 80 500 000 төгрөгийг АБХХК-д шилжүүлсэн. АБХХК нь орон сууцыг Д.Б-д хүлээлгэн өгөөгүй, өөрийн компанийн өмчлөлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд КПХХК, АБХХК-уудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, АБХХК нь гэрээний үүрэг үүсээгүй байхад шилжүүлсэн авсан дээрх хөрөнгөөр мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд АБХХК-аас 80 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 32 117 685 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Д.Б, Д.Н нарын өмгөөлөгч ...АБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд оролцуулах тухай нэхэмжлэгч болон хариуцагч Д.Нямжаргал нар амаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэснээр процессын алдаа гаргасан гэх тайлбар гаргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 67 дугаар зүйлийн 67.1.2, 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу хариуцагч АБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг гардуулж, хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн байна. /хх98, 143, 220/ Тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйн улмаас шүүх мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэх тул хариуцагч Д.Б, Д.Ннарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Б, Д.Н нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч АБХХК-аас 80 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 117 685 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Д.Б, Д.Н нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 8 728 709 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Б, Д.Н нарт олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг тус тус оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/01802 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч АБХХК-аас 80 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 32 117 685 төгрөг холбогдох хэсгийг, хариуцагч Д.Б, Д.Ннарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дах заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 8 728 709 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Б, Д.Ннарт олгосугай. гэж,

 

3 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч АБХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 560 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Б, Д.Ннарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 154 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч КПХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 154 610 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б, Д.Ннарт буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагч Д.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 875 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД