| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0336/э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | Н.БУЛГАНЧИМЭГ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амгалангийн Хонгорзул, Монгол овогт Эрдэнэбаатарын Батцолмон нарт холбогдох эрүүгийн “1811005910383” дугаартай, 186/2018/0336/э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, Монголын үндэсний их сургуулийн магистрт суралцаж байгаа, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3-22 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Амгалангийн Хонгорзул /РД:ГИ84082501/,
2. Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Далайхүү төвд үсчин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод салхитын 4-66А тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Эрдэнэбаатарын Батцолмон /РД:НЙ84072828/,
Холбогдсон хэргийн талаар;
А.Хонгорзул нь Чингэлтэй дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Э.Батцолмонтой маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь дух, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугалга, сарвуунд цус хуралт,зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Э.Батцолмон нь Чингэлтэй дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч А.Хонгорзултай маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь 1 шүдний булгарал, уруулын дотор салстад язралт, зүүн гуяанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч, хохирогч А.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч, хохирогч Э.Батцолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Батцолмонгийн:..2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Дэнжийн 1000-н хажууд байдаг нэг кафед найз болох Лхамаа, Намдаг, Тогтох, Жамъяндорж нартай уулзсан бөгөөд манай нөхөр Амар-Өлзий надтай цуг явж байсан....Ингээд бид нар Чикаго нэртэй бааранд орцгоосон бөгөөд ширээн дээр архи, пиво аваад сууцгаасан. Би бол бааранд орсноос хойш бол архи уугаагүй, пивоноос нь хэд балагсан байсан. Би тайзан дээр бүжиглээд явж байхад Тайванаа гэж залуу ирээд "чи айлгүй хүүхэн, явдалтай хүүхэн" гээд араас дагаад яваад байсан, би гадаа гарсан чинь араас бас дагаж гарч ирээд "чамайг нөхөрт чинь хэлэх байсан юм, чи явдалтай хүүхэн байна" гээд байхаар нь би "цаашаа яваач" гэсэн чинь Тайванаа нь их уурлаад "чи үг хэлэх ёсгүй, эмэгтэй юм байж" гэсэн. Тэгээд би бүжгийн зааланд ороод ирчихсэн байсан чинь Тайванаа гэж эрэгтэй "чи үхвэл таарна" гэхээр нь би "цаг нь ирвэл хэн ч гэсэн үхнэ" гээд түүнээс хол байх гээд байхад араас дагаад л хүн доромжлоод яваад байсан. Би тухайн үед согтуу хүний үг гэж бодоод 2-3 удаа тоохгүй өнгөрөөсөн. Би нөхөр Амар-Өлзий болон Тайванаа нартай гадаа гарч тамхи татсан чинь Тайванаа бас л намайг доромжилсон утгатай үг хэлсэн манай нөхөр Тайванаад хандаж "чи одоо больчих л доо, манай эхнэр чамайг түрүүнээс хойш зүгээр өнгөрөөж байна" гээд хэлчихээд буцаад дотогшоо орсон. Намайг орж ирэхэд Лхамаа эгч буйдан дээр сууж байсан, Тайванаа энэ үед манай нөхрийг түлхээд хогийн савруу түлхэж унагаасан. Манай нөхөр босож чадахгүй байхаар нь би очоод босгосон чинь гэнэт толгой руу хүн цохиод авахаар нь харсан чинь хонгорзул миний толгой руу цохиод шууд доошоо үснээс зулгааж дарсан. Би өөрөөсөө салгах гээд баруун гараараа сарвалзсан чинь гараараа хий цохиж чадахгүй байсан. Гэтэл Хонгорзулын ам руу миний ядам хуруу орчихсон чинь миний ядам хурууг хазчихсан. Хуруу их өвдсөн тул би гараа татаад авчихсан чинь Хонгорзул "шүд уначихлаа" гэж орилж байсан. Энэ үед Хонгорзулыг хамт явсан Лхамаа болон хамгаалагч нар гарч ирж салгаад цагдаа дуудсан. Хонгорзул миний толгой руу цохиж, үснээс зулгааж, нүүр маажсан. Өөр хүн бол цохиогүй гэх мэдүүлэг. /хх 26-27/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Хонгорзулын:..2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай нөхөр Тайванбаатар надруу 22 цагийн үед яриад "Дэнжийн 1000-д найзынхаа кафед байна" гэсэн бөгөөд би тэр газар нь 23 цагийн үед ганцаараа очсон. Намайг очиход миний танихаас Тайванбаатарын найз болох Намдаг нь эхнэр Лхамаатайгаа байсан. Мөн Лхамаагийн найз нар болох хүүхэн залуу хоёр, бас нэг танихгүй залуу байсан. Кафегаас бид нар бөөндөө гараад Чикаго бааранд орж 1 шил архи хүний тоогоор пиво захиалж авсан. Бааранд байж байхад Батцолмон гэж эмэгтэй манай нөхөртэй зэрэгцээд суучихсан байж байснаа ширээн дээр байсан архи пивог авч цацаад ширээн дээр байсан шилэн хундага, стаканыг авч шидсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө аваад гараад явсан чинь араас Батцолмон гэж эмэгтэй лаазтай ундаа барьчихсан гарч ирснээ "амнаас чинь цусаар бөөлжинө цус садрана" гээд хараагаад эхэлсэн. Манай нөхөр тэр эмэгтэйтэй дахин маргалдаж хэрэлдсэн. Гэтэл лаазтай ундаагаа нөхөр бид хоёрын нүүрлүү цацсан. Тэгэхээр нь би уурласан, найз нар явж байгаа юм чинь гээд буцаад баарлуу орцгоосон. Гэтэл зааланд яваад орсон чинь Батцолмон гэж эмэгтэй "би найз нартайгаа явах байсан юм, та нар ирэх хэрэггүй байсан" гэсэн чинь манай нөхөр уурлаад Батцолмонгийн амруу салаавч гаргаж байсан. Би тэвчинэ гэхэд яаж тэвчих үү дээ очоод Батцолмон гэж эмэгтэйг нөхрөөсөө салгах гээд очиж зуураад салгасан. Гэтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан чинь Батцолмон нь намайг хөлөөрөө жийгээд газар унагаачихаар нь бид хоёр харилцан зууралдаж, үснээсээ зулгаалдацгаасан. Бид хоёр доор үснээсээ зулгаалдчихсан байсан болохоор дээр юу болоод байгааг мэдээгүй. Гэтэл ам руу халуу дүүгээд явчихсан бөгөөд миний 1 шүд унасан байсан гэх мэдүүлэг /хх 33-34/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Намдагийн:..намайг талбай дээр бүжиглэж байсан чинь манай эхнэр Лхам-Эрдэнэ над дээр ирээд "гадаа Батцолмон, Хонгорзул нар маргалдаж зодолдоод байна" гэж хэлээд дуудсан, намайг очих үед Батцолмон, Хонгорзул нар салцгаачихсан, Хонгорзулын шүд нь уначихсан гээд Батцолмон нь болохоор нүүр нь маажигдчихсан гар хазсан гээд нэг хуруунаас нь цус гарчихсан байсан гэх мэдүүлэг/хх 39-40/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Лхам-Эрдэнийн "...Тайванаа Амараа нар гадагшаа тамхилна гээд гарсан, би тэр үед коридорт Батцолмонтой юм яриад буйдан дээр сууж байсан. Амраа, Тайванаа хоёр гаднаас орж ирэхэд Амраа нь "чи миний эхнэрийг янхан гэлээ" гэж хэлээд орж ирсэн бөгөөд Тайванаа нь Амрааг түлхчихсэн чинь Амраа нь хана мөргөөд уначихсан. Амраа, Тайванаа нар зууралдаад авсан чинь Батцолмон болиоч ээ гээд очсон энэ үед Хонгорзул дотор талаас гарч ирэнгүйтээ "та нар манай нөхрийг бүлэглэж зодож байна" гэж хэлээд шууд Батцолмонгийн үснээс зулгаасан. Батцолмон нь "салгах гээд байна шүү дээ" гэсэн чинь Хонгорзул сонсохгүй нүүр амыг нь маажаад тэр хоёр зууралдаад эхлэхээр нь би нөхрийгөө дуудах гээд дотогшоо орсон. Нөхөртэйгээ хамт гарч ирэхэд Хонгорзул сонсохгүй нүүр амыг нь маажаад тэр хоёр зууралдаад эхлэхээр нь би нөхрийгөө дуудах гээд дотогшоо орсон. Нөхөртэйгээ хамт гарч ирэхэд Хонгорзул, Батцолмон нар салчихсан байсан...зодоон болоход хоёр нөхөр нь л байсан гэх мэдүүлэг. /хх 41-42/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2334 тоот актын:
1. А.Хонгорзулын биед 1 шүдний булгарал, уруулын дотор салстад язралт, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5хувь/ алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт. /хх-46/,
2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2340 тоот актын:
1. Э.Батцолмонгийн биед дух, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугалга, сарвуунд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /хх-48/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хавтас хэргээс шүүгдэгч болон хохирогчийн өргөдөл /хх17-23/, хохирогчийн мэдүүлэг /хх 26-27/, 33-34/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 33-34, 39-40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2342, 2340 тоот дүгнэлтүүд /хх 46, 48/, яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 57-60/, ял шалгах хуудас /хх-62, 65/, зарлагын падаан /хх-71/, фото зураг /хх-72/ зэрэг хувийн байдлуудыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
А.Хонгорзул нь Чингэлтэй дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Э.Батцолмонтой маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь дух, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун шанаа, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугалга, сарвуунд цус хуралт,зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, Э.Батцолмон нь Чингэлтэй дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч А.Хонгорзултай маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь 1 шүдний булгарал, уруулын дотор салстад язралт, зүүн гуяанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
- хохирогч Э.Батцолмонгийн:...манай нөхөр босож чадахгүй байхаар нь би очоод босгосон чинь гэнэт толгой руу хүн цохиод авахаар нь харсан чинь хонгорзул миний толгой руу цохиод шууд доошоо үснээс зулгааж дарсан. Би өөрөөсөө салгах гээд баруун гараараа сарвалзсан чинь гараараа хий цохиж чадахгүй байсан. Гэтэл Хонгорзулын ам руу миний ядам хуруу орчихсон чинь миний ядам хурууг хазчихсан. Хуруу их өвдсөн тул би гараа татаад авчихсан чинь Хонгорзул "шүд уначихлаа" гэж орилж байсан. Энэ үед Хонгорзулыг хамт явсан Лхамаа болон хамгаалагч нар гарч ирж салгаад цагдаа дуудсан. Хонгорзул миний толгой руу цохиж, үснээс зулгааж, нүүр маажсан. Өөр хүн бол цохиогүй гэх мэдүүлэг. /хх-26-27/,
- хохирогч А.Хонгорзулын:...би тэвчинэ гэхэд яаж тэвчих үү дээ очоод Батцолмон гэж эмэгтэйг нөхрөөсөө салгах гээд очиж зуураад салгасан. Гэтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан чинь Батцолмон нь намайг хөлөөрөө жийгээд газар унагаачихаар нь бид хоёр харилцан зууралдаж, үснээсээ зулгаалдацгаасан. Бид хоёр доошоо үснээсээ зулгаалдчихсан байсан болохоор дээр юу болоод байгааг мэдээгүй, гэтэл ам руу халуу дүүгээд явчихсан бөгөөд миний 1 шүд унасан байсан гэх мэдүүлэг /хх 33-34/,
- гэрч Э.Намдагийн:..намайг талбай дээр бүжиглэж байсан чинь манай эхнэр Лхам-Эрдэнэ над дээр ирээд "гадаа Батцолмон, Хонгорзул нар маргалдаж зодолдоод байна" гэж хэлээд дуудсан, намайг очих үед Батцолмон, Хонгорзул нар салцгаачихсан, Хонгорзулын шүд нь уначихсан гээд Батцолмон нь болохоор нүүр нь маажигдчихсан гар хазсан гээд нэг хуруунаас нь цус гарчихсан байсан гэх мэдүүлэг/хх 39-40/,
- гэрч Ч.Лхам-Эрдэнийн "...Тайванаа Амараа нар гадагшаа тамхилна гээд гарсан, би тэр үед коридорт Батцолмонтой юм яриад буйдан дээр сууж байсан. Амраа, Тайванаа хоёр гаднаас орж ирэхэд Амраа нь "чи миний эхнэрийг янхан гэлээ" гэж хэлээд орж ирсэн бөгөөд Тайванаа нь Амрааг түлхчихсэн чинь Амраа нь хана мөргөөд уначихсан. Амраа, Тайванаа нар зууралдаад авсан чинь Батцолмон болиоч ээ гээд очсон энэ үед Хонгорзул дотор талаас гарч ирэнгүйтээ "та нар манай нөхрийг бүлэглэж зодож байна" гэж хэлээд шууд Батцолмонгийн үснээс зулгаасан. Батцолмон нь "салгах гээд байна шүү дээ" гэсэн чинь Хонгорзул сонсохгүй нүүр амыг нь маажаад тэр хоёр зууралдаад эхлэхээр нь би нөхрийгөө дуудах гээд дотогшоо орсон. Нөхөртэйгээ хамт гарч ирэхэд Хонгорзул, Батцолмон нар салчихсан байсан...зодоон болоход хоёр нөхөр нь л байсан гэх мэдүүлэг. /хх 41-42/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2342, 2340 дүгнэлтүүд болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч А.Хонгорзул, Э.Батцолмон нар нь шүүхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг? 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Амгалангийн Хонгорзул, Монгол овогт Эрдэнэбаатарын Батцолмон нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хонгорзул, Э.Батцолмон нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ