Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

Улсын яллагч О.Багшбаяр,

Шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.П холбогдох 1706 04058 0615 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 19  оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хорооллын 4 дүгээр байрны     тоотод оршин суух, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 64 дүгээр байрны 7 тоотод түр оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, М.П

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.П нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр КТМС-ийн автобусны буудалд иргэн Д.Батчулуун, Р.Отгонбаяр нартай маргалдаж тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пгийн өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батчулууны өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 10 жилийн ангийн уулзалт тараад КТМС-ийн автобусны буудал дээр найз Отгонбаярын хамтаар зогсож байтал цуг явж байсан 10 жилийн ангийн охин Энхнарангийн найз залуу гэх зүс таних залуу бид хоёрыг дуудахаар нь урдаас нь очтол би гартаа хутга барьсан байна гэхэд Отгонбаяр араас нь барьж автал Отгонбаярын гарыг хайчаар зүсээд нөгөө гартаа дамжуулж бариад Отгонбаярын чих рүү 2 удаа хатгасан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл миний хамар луу хайчаараа нэг удаа хатгаж сэтэлсэн. Тэгээд Отгонбаяр бид хоёр зайгаа бариад холдтол гүйж ирээд миний толгойн дагз хэсэг рүү дахин хатгаж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Отгонбаярын өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж дуусаад Энхнарангийн найз залуу утсаар яриад КТМС-ийн урд талын автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь найз Д.Батчулууны хамтаар очиход манай найз Батчулууны урдаас хайч бариад ардаа нуусан залуу ирэхээр нь би хараад наадах чинь хутга барьсан байна гэж хэлээд тэр залуугийн араас барьж аваад гарыг нь өчих гэтэл хайчаараа гар зүсээд нөгөө гартаа хайчаа шилжүүлээд миний зүүн чих болон чамархайн яс руу хатгасан. Тэгтэл хажуу талаас найз Батчулуун салгах гэж орж иртэл тэр залуу хайчаараа хамрыг нь сэтэлж, тархи руу нь хатгаад машинд суугаад хорооллын Модны хоёрт ирж уулзаарай, та нарыг ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхнарангийн өгсөн: “... Би хэрэг болсон өдөр 10 жилийн найз нартайгаа уулзахаар тохирсон байсан. Тэгээд Ууганбат, Батчулуун, Ганболт, Эрдэнэбилэг нартай Сансарын автобусны буудал дээр уулзаад хамт нэг газар сууя гээд тэгээд Сансарын “Венус” нэртэй газарт орж нэг цаг дуу дуулсан. Тэгээд гарч ирж жаахан бөөнөөрөө байж байгаад дээшээгээ КТМС-ийн автобусны буудал дээр гарч ирээд манай ангийн банди Ууганбат таксинд суулгаж өгсөн. Тэгээд гэртээ иртэл манай найз залуу уурласан байсан ба манай найз залуу бид хоёр манай ангийнхантай уулзахаар хамтдаа гарч такси бариад буцаад наашаагаа Сансар луу ирсэн. Тэгээд би тэндээ такси дотроо суугаад үлдсэн. Харин манай найз залуу машинаас буугаад Ууганбаттай уулзахаар явсан. Угаасаа Ууганбаттай утсаар ярьсан юм билээ. Намайг харж байхад ямар ч байсан Пүүжээ очиж байсан, нөгөө хэд нь бөөнөөрөө гарч ирээд хоорондоо юм ярьж байгаа харагдсан. Тэгээд л гэнэт оволзоод ноцолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай дүгнэлтэд:

“1. Д.Батчулууны биед хамрын баруун, зүүн самсаа, дагзны шарх, хүзүүний зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай дүгнэлтэд:

“1. Р.Отгонбаярын биед зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгийн зүсэгдсэн шарх, тархины доргилт, баруун гарын эрхий хурууны зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Пгийн яллагдагчаар өгсөн: “... Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Сансарын шатахуун түгээх станц дээр очиж нөгөө залуугийн утас руу ярьсан. Гэтэл тэр залуу хүлээж бай гэж хэлээд намайг хүлээлгэж байгаад 2 залуу гарч ирж надтай уулзсан. Тэр үед би куртикнийхээ халаасанд өөрийнхөө үс засдаг улаан иштэй төмөр хайч хийсэн байсан. Гэтэл араас энэ хэргийн хохирогч гэх Батчулуун, Отгонбаяр хоёр гарч ирээд наад залуугийн халаасанд хайч байна бариад ав гэж хэлээд Отгонбаяр нь гар мушгиад барьж авсан. Тэгэхээр нь би тэр залуучуудыг айлгах санаатай халаасандаа байсан улаан иштэй хайчийг гаргаж ирээд хэд хэд далайн цохиж байгаад хохирогч Батчулуун, Отгонбаяр 2-ыг хайчаараа хатгаж бага зэрэг гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.51-52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.П нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр КТМС-ийн автобусны буудалд иргэн Д.Батчулуун, Р.Отгонбаяр нартай хувийн таарамжгүй харьцаа буюу эр эмийн хардалтын улмаас маргалдаж тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батчулууны өгсөн: “... 10 жилийн ангийн охин Энхнарангийн найз залуу гэх зүс таних залуу бид хоёрыг дуудахаар нь урдаас нь очтол би гартаа хутга барьсан байна гэхэд Отгонбаяр араас нь барьж автал Отгонбаярын гарыг хайчаар зүсээд нөгөө гартаа дамжуулж бариад Отгонбаярын чих рүү 2 удаа хатгасан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл миний хамар луу хайчаараа нэг удаа хатгаж сэтэлсэн. Тэгээд Отгонбаяр бид хоёр зайгаа бариад холдтол гүйж ирээд миний толгойн дагз хэсэг рүү дахин хатгаж толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Отгонбаярын өгсөн: “... Энхнарангийн найз залуу утсаар яриад КТМС-ийн урд талын автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь найз Д.Батчулууны хамтаар очиход манай найз Батчулууны урдаас хайч бариад ардаа нуусан залуу ирэхээр нь би хараад наадах чинь хутга барьсан байна гэж хэлээд тэр залуугийн араас барьж аваад гарыг нь өчих гэтэл хайчаараа гар зүсээд нөгөө гартаа хайчаа шилжүүлээд миний зүүн чих болон чамархайн яс руу хатгасан. Тэгтэл хажуу талаас найз Батчулуун салгах гэж орж иртэл тэр залуу хайчаараа хамрыг нь сэтэлж, тархи руу нь хатгаад машинд суугаад хорооллын Модны хоёрт ирж уулзаарай, та нарыг ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхнарангийн өгсөн: “... Намайг харж байхад ямар ч байсан Пүүжээ очиж байсан, нөгөө хэд нь бөөнөөрөө гарч ирээд хоорондоо юм ярьж байгаа харагдсан. Тэгээд л гэнэт оволзоод ноцолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 72, 73 дугаартай дүгнэлтүүд /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Пгийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би тэр залуучуудыг айлгах санаатай халаасандаа байсан улаан иштэй хайчийг гаргаж ирээд хэд хэд далайн цохиж байгаад хохирогч Батчулуун, Отгонбаяр 2-ыг хайчаараа хатгаж бага зэрэг гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх.51-52/,

Шүүгдэгч М.Пгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

М.Пгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Пг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул М.Пгийн нэг орон зайнд, нэг цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Энэ хэргийг хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Д.Батчулуун, Р.Отгонбаяр нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн, М.П нь бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Пгийн “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Пгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.П эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.П оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.П нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлвэл зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.П оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, М.П оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. М.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Батчулуун, Р.Отгонбаяр нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР