| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2025/00184/И |
| Дугаар | 191/ШШ2025/02274 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/02274
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** давхарт байрлах,************** ХХК /рд:***/-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээг цуцалж, 56,975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Авес Гранд ХХК-тай 2022 оны 10 сарын 11-нд орон сууц захиалгын 22/079 дугаартай гэрээг хийсэн байдаг бөгөөд Эй Жи Апартмент-2 хорооллын 1-р орцны 5 давхрын Б хаалганд 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1,250,000 төгрөгөөр тохирч, нийт төлбөр болох 53,750,000 төгрөгийг төлсөн. Улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулж, захиалагчдад хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ,...хэмээн гэрээндээ заасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууц нь баригдаагүй зөвхөн 3 давхар хүртэл баригдаад зогсонги байдалтай олон сар боллоо. Орон сууцанд захиалга өгсөн иргэд эхлээд************** ХХК-ийн захирал Л.Чадраабалтай удаа дараа уулзаж яагаад хугацаандаа барилга баригдахгүй талаар лавлахад санаа зоволтгүй эдийн засгийн жаахан асуудалтай байна, удахгүй гэрээнд зааснаар орон сууцаа ашиглалтанд оруулна гэж хэлж яриж байсан боловч сүүлийн үед биднээс зугтаж утсаа ч авахгүй байдалд хүрсэн. Орон сууцны захиалагчид хийгдсэн гэрээнийхээ хэрэгжилтийг хүлээж, их хүлээцтэй хандсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Б.Алтанзул миний бие Авес Гранд ХХК-тай байгуулсан 2022 оны 10 сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын 22/079 дугаартай гэрээг цуцалж, орон сууц захиалгын үнэ болох 53,750,000 төгрөг болон гэрээний алданги болох 3,225,000 төгрөг нийт 56,975,000 төгрөгийг Авес Гранд ХХК-иас нэхэмжилж байна.... гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алтанзул, хариуцагчийн төлөөлөгч Л.Чадраабал нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Талууд хэлэлцэн тохиролцоод нэхэмжлэгч тал гэрээний алданги 3,225,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч үлдэх 53,750,000 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанзул хариуцагч АВЕС******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцалж, үндсэн төлбөрт 53,750,000 төгрөг, алдангид 3,225,000 төгрөг, нийт 56,975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Алтанзул, хариуцагчийн төлөөлөгч Л.Чадраабал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар эвлэрэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч тал алданги 3,225,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 53,750,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Б.Алтанзул, хариуцагчийн төлөөлөгч Л.Чадраабал нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч АВЕС******* ХХК 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 53,750,000 /тавин гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Алтанзулд төлөхөөр тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,825 төгрөгөөс 221,412 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанзулд буцаан олгож, үлдэх 221,413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 213,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ