Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

                                                       Б-д холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга

Яллагдагч Б-ы өмгөөлөгч Ц.Баасанжаргал /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07 тоот эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн 213400300495 дугаар бүхий 2 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...... тоотод оршин суух хаягтай, урьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, Ш овогт Ц. Б,

Б нь 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын сумт 1 дүгээр багийн нутагт байх “Х” ХХК-ийн хашаанд байсан улаан өнгийн 40 тонны контейнерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглан авч нийт 30.877.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б*д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Намхайдагвын өгсөн “...би контейнер ачсан шалаанз болон өргөсөн краны улсын дугаарыг нь харж чадаагүй. Харин би “Тэх” зах дээр зогсдог хүмүүстэй холбогдож дуудаж авчирсан. Тухайн үед би зар харж байгаад утсаар дуудсан. Уг дугаарыг одоо санахгүй байна. Тэр хоёр машины жолоочид бэлнээр дунд нь 1.000.000 төгрөг өгсөн...” гэж /хх-ийн 1-р хавтас 51-53-р тал/,

Гэрч Э.Намхайдагвын дахин өгсөн “...Б хамт байгаагүй, ачиж дуусаад хөдөлж байхад ирсэн. Би тэгээд шалаанзны жолооч болон краны жолооч хоёртой бид гурав байсан..., ...улаан өнгийн контейнер байсан, том шалаанз машин дээр ачихад яг таарч байсан, ямар хэмжээтэй болохыг нь сайн мэдэхгүй байна...” гэж /1-р хавтас 64-65-р тал/,

Гэрч М.Баясгалангийн “...бид нарыг ирээд удалгүй араас өнгө дугаарыг нь санахгүй байна, урт чиргүүлтэй шалаанз, Ш өнгийн кран ирсэн. Намхай, Саруул хоёр шалаанзд суугаад тухайн газраас хойшоо чиглээд контейнер руу явсан...” /1-р хавтас 55-56-р тал/ гэж тус тус мэдүүлжээ.

            Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

            Мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байх тул яллагдагч Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шалаанз болон краны эзэмшигчийг нь тогтоож, тухайн тээврийн хэрэгслүүд нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа нь тогтоогдвол тухайн тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэлгээг гаргуулах нь зүйтэй байх ба гэм буруутай этгээдээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах болон түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

            Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал гаргасан саналдаа “...хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөгч болон прокурорт хүсэлт гаргасан. Нотолбол зохих асуудлыг гүйцэд тогтоож өгнө үү..” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус зааснаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй.

Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Нөгсөн “...агуулахаар ашиглаж байсан 40 тонны контейнер, вакум цонх 8 ширхэг, оспо хавтан 20 ширхэг, хөнжил 40 ширхэг, сэндвичин барилгын карказан төмөр 1 сэт, блокон байшинд байсан биеийн тамирын төхөөрөмжүүд, мөн 20 ширхэг хөнжил, гал тогооны аяга, таваг хэрэгслүүд зэрэг эд зүйл алдсан...” гэж /1-р хавтаст хэргийн 37-38-р тал/,

1-р хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Н дахин өгсөн “...дулаан тусгаарлагч 10 ширхэг, дулаан насос 5 ширхэг, оспо хавтан 30 ширхэг, хашааны шон 200 ширхэг, цонхны хүрээ 14 ширхэг, цахилгааны утас 24 боодол, гадна бүргэд хаалга 3 ширхэг, SH6000 генератор 1 ширхэг, генератор 1 ширхэг, баттерей дрилл 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, контейнерын бүргэд хаалга 4 ширхэг, вакум цонх 4 ширхэг, 4 салаа гэрэл 4 ширхэг, цахилгааны утас 32 метр, гүйдэг хаалганы шон 1 ширхэг, байшингийн оспо хавтан 73 ширхэг, дотор модон хаалга 3 ширхэг, ажлын хөлс /оспо хавтан, модон хаалга/ гэх зэрэг эд зүйлсээс улаан өнгөтэй 40 тонны контейнер 1 ширхэг, сэндвичин барилгын төмөр карказ буюу сэт гэх эд зүйлийг буцаан авсан...” гэж тус тус мэдүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Нхоёр удаагийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, тухайн алдагдсан эд зүйлс нь хулгайд алдагдсан улаан өнгөтэй 40 тонны контейнерт байсан уу, эсхүл блокон байшингаас алдагдсан уу гэдэг нь эргэлзээтэй байх тул хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгаж, хохирлыг дахин тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь гэм буруутай этгээдээс хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Б-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бичсэн 07 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх шалаанз, кран зэрэг машин техник хэрэгслийг олж тогтоох ажиллагааг хийсэн боловч үнэлгээ гаргахад шаардлагатай буюу контейнерыг зөөвөрлөсөн гэх тээврийн хэрэгслүүдийг биет байдлаар олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь мөрдөгчийн “...Улаанбаатар хотод байрлах “Гурвалжин” гэх хөлсний тээврийн хэрэгсэл байрладаг газар, “Нисэх”-д зам дагуу хөлсний тээврийн хэрэгслийн жолооч нартай уулзаж ярилцлага хийсэн талаарх” илтгэх хуудас, гэрч нарын “...түрээсэлсэн гэх тээврийн хэрэгслийн жолоочийг танихгүй, ногоон толгойтой шалаанз маркийн тээврийн хэрэгсэл байсан..., ...жолоочийн утасны дугаарыг олохгүй байна..., ...бэлнээр тээвэрлэлтийн хөлсийг өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Учир нь: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд Шинжилгээний объектод тавих нийтлэг шаардлагыг хуульчилсан байна. 12 дугаар зүйлийн 12.3.2-т “...биет байдлаар...” байхыг шаардсан байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 дугаар тушаалаар батлагдсан “Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам”-ын 2.1-т Хөрөнгийн үнэлгээний шинжилгээний объект нь Шүүх шинжилгээний хуулийн 12.3-т заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. 2.1.2-т “шинжилгээний объект тэдгээртэй холбогдсон баримт материал, хөрөнгийн байршлыг тодорхойлсон, үзэгдэх байдалтай холбоотой гэрэл зэрэг, хөрөнгийн эзэмшил, өмчлөлийг нотолсон баримт бичиг” зэргийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.

Гэтэл тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох ажиллагааг хийсэн боловч олж чадаагүй нь тухайн тээврийн хэрэгслийг биет байдлаар үнэлүүлэх хуулийн шаардлагыг хангаж чадахааргүй нөхцөл байдал үүссэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн онцлог шинж, үйлдвэрлэгдсэн огноо, эвдрэл гэмтэл, түүний зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй байдалд хүргэсэн байна. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн болохыг шүүх дүгнэж үзээгүй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэснийг шүүх анхаарч үзээгүй.

 

2. Хавтас хэрэгт авагдсан хохирогч Н2 удаагийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, тухайн алдагдсан эд зүйлс нь хулгайд алдагдсан улаан өнгөтэй контейнерт байсан уу эсхүл блокон байшингаас алдагдсан уу гэдэг нь эргэлзээтэй байх тул хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгаж, хохирлыг дахин тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь гэм буруутай этгээдээс хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэхэд ач холбогдолтой гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан бөгөөд хохирогчийг шүүх хуралдаанд оруулж мэдүүлгийн зөрүүг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой ажиллагаа юм.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Яллагдагч Б өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг гэмт хэрэг 2022 онд үйлдэгдсэн, одоо тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг олж тогтоох боломжгүй, хүндрэлтэй асуудал. Харин миний үйлчлүүлэгч хохирлын асуудал дээр контейнерт байсан эд зүйлүүдийг аваагүй гэж маргадаг. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.

Хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог ба аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг хангаж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах нь шүүхийн хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг учиртай.

3. Дээрхийг удирдлага болгон яллагдагч Б-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсний эцэст түүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Тодруулбал: 4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн заасан ба мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээд нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмыг удирдлага болгох үүрэгтэй.

Хэдийгээр хавтаст хэргийн 1-р хавтасны 250, 2 дугаар хавтасны 1, 2 дугаар талуудад Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Бадралтын “...тээврийн хэрэгслийг олж тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шувуун фабрик, Био комбинат, Яармаг, Гурвалжны гүүр, Буянт-Ухаа, Нисэх буудал” зэрэгт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хайсан боловч тухайн тээврийн хэрэгсэл олдоогүй болохыг илтгэн танилцуулж байна...” гэх агуулга бүхий илтгэх хуудаснууд авагдсан ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ” гэж заасанд нийцээгүй байна.

4.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар зайлшгүй нотолбол зохих байдалд хамааруулан үздэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н хоёр удаагийн мэдүүлэг өгч нэр бүхий эд зүйлүүд алдсан талаар тодорхой мэдүүлсээр байхад мөрдөгч болон прокурорын зүгээс эдгээр хулгайд алдагдсан гэх эд зүйлүүд нь бүгд Б хулгайлсан гэх 40 тонны контейнерт байсан уу, эсхүл түүний мэдүүлэгт дурдагдсан блокон байшингаас алдагдсан уу гэдгийг нарийвчлан шалган тогтоолгүй орхигдуулсан нь буруу болжээ.  

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасан эрхийн дагуу прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад дор дурдсан асуудлуудыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

Үүнд: 5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох”-ыг хуульчилсан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлон заасан.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь гэмт этгээдүүд үүргээ хуваарилах болон хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны нэгдэл гэж үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд ингэх нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчээр үүргээ хуваарилан хүрэх зорилготой байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг ба энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог учир уг нөхцөл байдлыг мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар зайлшгүй нотлох ёстой.

5.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд Бы гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим Э.Намхайдагва, М.Баясгалан бид гурав Төв аймгийн Алтанбулаг сумын хойд талд голын урд байсан улаан өнгийн 40 тонны контейнерыг очиж үзэн авахаар тохиролцсон, Э.Намхайдагва ирээд аччихна гэж хэлсэн, ...над руу Э.Намхайдагва залгаад хямдхан контейнер байна, мөнгийг нь шийдээд өгчих би ачаад аваад ирнэ гэсэн..., ...контейнер байгаа газрыг Э.Намхайдагвын найз зааж өгсөн...,  Э.Намхайдагва Өлзийт хороололд таньдаг хүнийхээ хашаанд буулгасан..., М.Баясгалан, н.Саруул, Э.Намхайдагва бид дөрөв Нисэхийн Янгир дэлгүүрийн гадаа тухайн контейнерыг ачна гэж ярьсан, зараад мөнгөө хувааж авах талаар ярьсан...” гэх агуулга бүхий мэдүүлгүүд авагдсан байдаг.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Б дээрх мэдүүлгүүдийн талаар огт ажиллагаа хийлгүй орхигдуулсан, хэрэгт авагдсан ямар, ямар нотлох баримтад үндэслэн тухайн хэргийг Б ганцаараа үйлдсэн хэмээн үзэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдэг нь тодорхой бус болсон байх ба тухайн хэрэг учрал болж өнгөрсөн гэх бодит байдалтай нийцээгүй байна.

5.3. Мөрдөн байцаалтын шатанд тухайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох зорилгоор “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтийн 25 дугаар талд /хх-ийн 1-р хавтас 113-р тал/ 4.661.300 /дөрвөн сая зургаан зуун жаран нэгэн мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн эд зүйлийг үнэлсэн атлаа уг эд зүйлүүд болон үнийн дүнг “Дүгнэлт” хэсэгт дурдагдан эд зүйл болон нийт үнийн дүнд оруулан тооцолгүй орхигдуулсан нь эргэлзээтэй,

Мөн хохирогч Н.Н 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ уг гэмт хэргийн улмаас нэр бүхий 7 эд зүйлийг хулгайд алдсан талаар тодорхой мэдүүлсэн /хх-ийн 1-р хавтас 37-38-р тал/ байхад эдгээр эд зүйлсийн талаар холбогдох ажиллагаа хийж тус бүрийн шинж чанар, үнэ, цэнийг тогтоолгүй орхигдуулсан зэрэг нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

5.4. Прокурорын яллах дүгнэлт нь хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжихээр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ёстой. Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 тоот “Яллах дүгнэлт”-ийн “тэмдэглэх нь болон тогтоох нь” хэсгүүдээс үзвэл “Б нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд “Х” ХХК-ийн хашаанаас улаан өнгийн 40 тонны контейнерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглан авч” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийг үйлдсэн,

тухайн контейнер нь шинжээчийн дүгнэлтээр 6.768.750 /зургаан сая долоон зуун жаран найман мянга долоон зуун тавь/ төгрөгөөр үнэлэгдсэн байхад уг контейнерт хадгалагдаж байсан гэх эд зүйлсийг бичилгүй орхигдуулан нийт 30.877.060 /гучин сая найман зуун далан долоон мянга жар/ төгрөгийн хохирол учруулсан гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-т заасан шаардлагыг хангаагүй байна.

5.5. Яллагдагч Б өмнө нь буюу 2004 оны 4 дүгээр сарын 19-нд, 2019 оны 01 дүгээр сарын 08-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хорих, торгох ял шийтгүүлж байсан нь “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 1-р хавтас 191-р тал/ тогтоогдсон байхад энэ талаарх нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хэрэгт хавсаргалгүй орхигдуулсан нь буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн талаар заавал нотолбол зохих байдалд хамаардаг.

6. Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд анхан, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд юм.   

7. Иймд прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт шүүгчийн захирамж, магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                М.МӨНХДАВАА