Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00052

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00052

 

 

ХДК

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ХДК нэхэмжлэлтэй,

Хариуцагч ЧХБХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 19,806,756,079 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүтэ, Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: ХДК  нь ЧХБХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ байгуулсан. Тус өдрөөс эхлэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Төв банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд тус банкаар зуучлуулан хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулан ажилласаар ирсэн. Гэвч 2019 оны 12 дугаар сараас эхлэн ЧХБХХК нь Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.4.1 дэх хэсэгт заасан үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн.

ХДК зүгээс өөрийн эзэмшлийн ЧХБХХК-ийн ****** тоот дансанд байрших мөнгөн дүнг МБ дахь ХДК эзэмшлийн********** тоот дансанд шилжүүлэн данс зузаатгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4547 дугаар төлбөрийн даалгаврыг хүргүүлсэн. Тус даалгаврыг хариуцагч байгууллага хүлээн авч *********** тоот данснаас 16,320,000,000 төгрөгийн зарлага гаргасан гэх боловч дансанд 16,320,000,000 төгрөгийн зузаатгал хийгдээгүй. Иймд 16,320,000,000 төгрөгийг алданги 3,443,520,000 төгрөгийн хамт шаардаж байна.

Хариуцагч ЧХБХХК нь Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан Төвбанкны үнэт цаас /цаашид ТБҮЦ гэх/-ны өгөөжийг мөн сарын 14-ний өдөр буюу 2 хоногийн хугацаа хоцроож хийсэн. Хариуцагч нь хугацаа хоцроосны алдангийг шилжүүлээгүй нь гэрээнд заасан үүргээ зөрчиж байх тул 32,667,588 төгрөгийг гаргуулна. Мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн ТБҮЦ-ны арилжааны өгөөж болох 8,104,426 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу нийт 140 хоног хугацаа хэтрүүлж нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Иймээс хугацааны хэтрүүлсний алданги 1,750,556 төгрөг гаргуулна. ЧХБХХК-ийн харилцах дансны үлдэгдэл 8,817,934 төгрөгийг гаргуулна. Иймд хариуцагч ЧХБХХК-аас нийт 19,806,756,079 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ЧХБХХК болон ХДК нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээг тус тус байгуулсан. Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээнүүд нь тус тусдаа харилцааг зохицуулдаг гэрээ. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний зорилго нь ХДК оруулсан хөрөнгөөр МБны үнэт цаасыг худалдах-худалдан авах харилцааг зохицуулахад оршино. Харин харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээгээр ХДК нь ЧХБХХК дахь данснаас мөнгийг бусад банк руу гаргах харилцааг зохицуулдаг.

ХДКас хариуцагч ЧХБХХК-ийг 16,320,000,000 төгрөгийн зуузатгал хийгээгүй, түүний алданги 3,443,520,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 2.7-д заасны дагуу 0,1 хувийн алдангийг тооцно гэж дурдсан. Дээр гэрээний заалт нь зуучлагч нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гэрээний 2.3-т заасны дагуу худалдаж авсан үнэт цаасны хугацааны эцэст төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно гэж заасан. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ бол зөвхөн МБ, ЧХБХХК-ийн хоорондоо үнэт цаасыг худалдан аваад, буцаан дансанд нь байршуулаагүйтэй холбоотой 0,1 хувийн хүүний алдангийг тооцохтой холбоотой зохицуулалт. Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дахь хэсэгт харилцагч нь банкны төлбөр тооцооны баримтыг зохих журмын дагуу бичиж баталгаажуулан харилцах данснаас төлбөр тооцоо хийнэ гэж заасан. Хэрэгт ЧХБХХК-аас ХДК мөнгийг шилжүүлээгүйтэй холбоотой МБнаас ирүүлсэн албан бичиг авагдаагүй. Харин МБнаас үнэт цаастай холбоотой харилцааг зохицуулсан, арилжаанд оролцсон талаар баримт бий. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 8 дугаар хуудасны 2.9-т зуучлагч нь зуучлуулагчийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр түүний өгөөжийг 2.5-т заасны дагуу төлөх баталгаа болгож энгийн векселийг эх үүсвэр бүрд өөрчлөлт оруулах тухай бичнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэрэв ЧХБХХК мөнгөө төлж чадахгүй байгаа бол манайхаас гаргасан энгийн векселээр МБнаас Векселийн тухай хуульд заасны дагуу төлбөр мөнгийг гаргуулах бүрэн боломжтой. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж Чингисхаан банк-аас хүүгийн төлбөр 3,443,520,000 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр а-1/200 дугаартай албан бичигт Төв банкны үнэт цаасыг буцаан худалдах шаардлагатай болсон тул гэрээний 2.8-т заасны дагуу мөн сарын 14-ний дотор 2 дахь зах зээлд буцаан худалдаж өгнө үү гэж зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад мөн сарын 14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211 төгрөгт бодогдсон 2 хоногийн алданги 32,667,588 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга хэсэгт 1,134,619 төгрөг нэхэмжилдэг бол нэхэмжлэлийн шаардлагадаа 1,750,556 төгрөг гэсэн байна. Үнийн дүн зөрүүтэй байх тул тайлбар өгөх боломжгүй байна.

Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дахь хэсэгт харилцагч нь банкны төлбөр тооцооны баримтыг зохих журмын дагуу бичиж баталгаажуулан харилцах данснаасаа төлбөр тооцоо хийнэ гэж заасан. Нэхэмжлэгчээс Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу төлбөрийн даалгаврыг зохих журмын дагуу хариуцагчид ирүүлээгүй. Иймд гэрээнд заагаагүй үндэслэлээр мөнгө нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЧХБХХК-аас 16,321,134,619.66 /арван зургаан тэрбум гурван зуун хорин нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун арван есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж даатгалын корпорацид олгож, нэхэмжлэлээс 3,485,621,459.71 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж даатгалын корпорацийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ЧХБХХК-аас 81,763,623 /наян нэгэн сая долоон зуун жаран гурван мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, нэхэмжлэлийн агуулгыг буруу тайлбарласан. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т гэрээний 2.3-д дагуу худалдан авсан үнэт цаасны хугацаа дуусмагц хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон өгөөжийг мөн гэрээний 2.6-д дагуу борлуулсан үнэт цаасны төлбөрийг тухайн өдрийн өглөөний 10 цаг гэхэд зуучлуулагчийн Чингис хаан банк ХХК дахь дугаар харилцах дансанд төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Хэрэв энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тус гэрээний 2.7-д зааснаар төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцож корпорацид төлөхөөр заасан.

ХДК нь МБ дахь Корпорацийн эзэмшлийн ******дугаар дансыг зузаатгуулахаар ЧХБХХК-д 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4547 дугаар төлбөрийн даалгавар хүргүүлсэн. Тус даалгаврын дагуу хариуцагч Чингисхаан банк" ХХК нь мөн өдөр нэхэмжлэгчийн *********** дугаар данснаас 16,320,000,000 төгрөгийг зарлага гаргаж түүнд ноогдох үйлчилгээ үзүүлсэний шимтгэл суутгасан бичилт дансны хуулганд харагддаг. Гэвч уг мөнгийг нэхэмжлэгчийн ************дугаар дансанд мөнгийг шилжүүлээгүй болох нь хариуцагчийн энэхүү гүйлгээг хийх боломжгүй байна, дотоодын саатлын дансанд бүртгэсэн гэх тайлбар нотлогдоно. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дах хэсэгт зааснаар дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарласан.

Мөн хариуцагч нь Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний 4.4.1, 4.1.2-т заасныг зөрчиж, ХДК нь өөрийн дансанд байгаа мөнгө хөрөнгийн захин зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, алданги 3,443,520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолд холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан тайлбарын агуулга: ХДК нь Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээний дагуу алданги 3,443,520,000 төгрөг шаардсан. Уг гэрээний зорилго нь зуучлагчаас зуучлуулагчийн эх үүсвэрээр ТБҮЦ худалдан авах, түүнийг буцаан төлөх нөхцөлтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан. Гэтэл давж заалдах гомдолд дээрх гэрээний заалтыг хэрэглэж буй нь үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч ХДК сан нь хариуцагч ЧХБХХК-д холбогдуулан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн 16 320 000 000 төгрөг, түүнд ногдох алданги 3 443 520 000 төгрөг, мөн гэрээний үүргийн зөрчилд тооцсон 2 хоногийн алданги 32 667 588 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8 104 426 төгрөг, алданги 1 750 556 төгрөг, харилцах дансны үлдэгдэл 8 817 934 төгрөг, нийт 19 806 756 079 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Гэрээний дагуу шилжүүлсэн 16 320 000 000 төгрөг, түүнд ногдох алданги 3 443 520 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... өөрийн эзэмшлийн ЧХБ *********** тоот дансанд байрших мөнгөн хөрөнгийг МБны ХДК эзэмшлийн ************тоот дансанд шилжүүлэн данс зузаатгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийн даалгавар хүргүүлсэн. Үүний дагуу манай данснаас 16,320,000,000 төгрөгийн зарлага гаргасан дансны хуулга үзүүлсэн боловч МБны дансанд зузаатгал хийгдээгүй ... гэж тайлбарлажээ.

Тэрээр 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн төлбөрийн даалгавар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, ... 2 гэрээ байгуулсан, тус тусдаа харилцаа зохицуулдаг, ... хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 2.7-д заасны дагуу алданги тооцно гэж байна, энэ нь ... зөвхөн үнэт цаасыг худалдан аваад буцаагаад дансанд байршуулаагүйтэй холбоотой алданги тооцох талаар зохицуулсан учир алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх дээрх 2 гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4547 дугаартай төлбөрийн даалгавар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас 16,320,000,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хангаж, алданги 3,443,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Хадгаламж даатгалын корпораци нь ЧХБХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, банк нь харилцагчийн хүсэлтээр валютын төрөл бүрээр харилцах дансыг нээж, үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх, хадгаламж даатгалын корпораци нь харилцах дансаар үйлчлүүлсний шимтгэл, хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

Мөн ЧХБХХК нь ХДК эх үүсвэрээр Төвбанкны үнэт цаас худалдан авах, түүнийг буцаан төлөх, зуучлуулагч нь хөрөнгө оруулалтын зуучлалын шимтгэл төлөх нөхцөлийг харилцан тохиролцон, талууд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгахгүй.

Нэхэмжлэгч ХДК нь МБ дахь ************дугаартай дансаа зузаатгах зорилгоор хариуцагч ЧХБХХК дахь өөрийн эзэмшлийн *********** дугаартай данснаас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16,320,000,000 төгрөг шилжүүлсэн боловч уг мөнгөн хөрөнгө ************дансанд ороогүй, хариуцагч байгууллагын дотоодын саатлын дансанд бүртгэгдсэн болох нь хариуцагч ЧХБХХК-ийн тодорхойлолт, хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-36, 62,66, 196-198,208-209/

Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй, уг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг нь талуудын байгуулсан дээрх хоёр гэрээний аль харилцаанд хамаарч буй эсэх, мөн хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл нь Хөрөнгө зуучлалын гэрээний 2.7-д заасан хариуцлага тооцох үндэслэлд хамаарах эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч байгууллагын өөрийн дансаа зузаатгах зорилгоор шилжүүлсэн 16,320,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйлчилгээг талуудын байгуулсан Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний харилцаанд хамаарна гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөв гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч тал Төвбанкны үнэт цаас худалдан авах зориулалтаар 16,320,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, харин 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төвбанк дахь өөрийн дансаа зузаатгах зорилгоор шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар нотлогдсон. Мөн тус мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ нь талуудын байгуулсан Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний зүйлд хамаарахаар байна.

Уг гэрээгээр талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцоогүй.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 2.7-д заасан алданги тооцох тохиролцоо нь хариуцагч ЧХБХХК нь нэхэмжлэгч ХДК захиалгаар харилцах дансанд байршуулсан хөрөнгөөр Төвбанкны үнэт цаасны анхдагч болон хоёрдогч захаас Төвбанкны үнэт цаас худалдан авсан, худалдан авсан үнэт цаасны хугацааны эцэст буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйлчлэх зохицуулалт байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч ЧХБХХК-ийг харилцагчийн харилцах дансны төлбөрийн баримтыг хүлээн аваад банкнаас төлбөрийг гүйцэтгэх үүргээ зөрчсөн гэж дүгнээд, тус компаниас 16,320,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, харин алданги нэхэмжилсэн 3,443,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба.

Иймд нэхэмжлэлийн агуулгыг буруу тодорхойлсон, нотлох баримтыг буруу үнэлсэн, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 2.7-д заасны дагуу алданги шаардах эрхтэй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүчингүй болгож, 3,443,520,000 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211 төгрөгт тооцох 2 хоногийн алданги 32,667,588 төгрөг, мөн сарын 10-ны өдрийн Төвбанкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8,104,426 төгрөгт тооцох алданги 1,750,556 төгрөг, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу харилцах дансны үлдэгдэл 8,817,934 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, Төвбанкны үнэт цаас худалдан авах санал, Хадгаламж даатгалын корпорацийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А1/200 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн дансны хуулга, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А-1/283, хариуцагч байгууллагын мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн СА/69 тоот албан бичиг зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын арилжааны өгөөж 8,104,426 төгрөг, шилжүүлээгүй алданги 1,750,556 төгрөг гаргуулах хэсгээс 1,134,619.66 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 615,936 төгрөгт холбогдох хэсгийг, мөн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211 төгрөгт тооцох 2 хоногийн алданги 32,667,588 төгрөг, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээний дагуу харилцах дансны үлдэгдэл 8,817,934 төгрөг тус тус гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ч.ЦЭНД