Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

 

 

 

 

 

 

  2024          6            06                                               2024/ДШМ/48

 

 

                                                  А.М-д холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Солонго

Яллагдагч А.М өмгөөлөгч Б.Эрдэнэбат /цахимаар/

Нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтохын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 08 тоот эсэргүүцлээр А.Мэд холбогдох эрүүгийн 2434000000015 дугаар бүхий 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт ... оршин суух хаягтай, урьд:

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх, Ч овогт М,

А.М нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хужиртын тохой” гэх газарт О-тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний хоолойг боож зүүн нүд рүү нь хуруугаа хийж, зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, зовхи болон биед алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч Ч овгийн М гэж яллах дүгнэлтэд яллагдагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг бичиж үйлдсэн боловч яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй орхигдуулсан ба түүний урьд өмнө ял шийтгүүлж байсан эсэх талаарх нотлох баримт болох Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан байна. Гэтэл уг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолд яллагдагч Ч овгийн М ургийн овог, эцгийн нэрийг Ч, А М гэж зөрүүтэй бичигдсэн бөгөөд энэ талаар шалгаж тодруулах,

А.М сэжигтнээр өгсөн ...О ахтай айлын үүдэнд таараад хэлсэн чинь үгийн зөрөөгүй боогоод миний хувцас хунарыг урсан миний ухаан санаа балартаад амь тэмцэхийн эрхэнд ноцолдсон тэгээд яасан сайн санахгүй байна. Нэг харахад О ах машинд суугаад явж байхыг дараа нь мэдсэн... /хх-ийн 19 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулж шалгах шаардлагатай байна.

Иймд А.М холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн 08 тоот эсэргүүцэлдээ:  А.М холбогдох хэрэгт, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 258 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрлэжээ.

Шүүх яллагдагч Ч овгийн М гэж яллах дүгнэлтэд  яллагдагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг бичиж үйлдсэн боловч яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй орхигдуулсан ба түүний урьд өмнө ял шийтгүүлж байсан эсэх талаарх нотлох баримт болох Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан байна. Гэтэл уг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолд яллагдагч Ч овгийн АМын ургийн овог, эцгийн нэрийг Ч, А М гэж зөрүүтэй бичигдсэн бөгөөд энэ талаар шалгаж тодруулах,

А. М сэжигтнээр өгсөн ... О ахтай айлын үүдэнд таараад хэлсэн чинь үгийн зөрөөгүй боогоод миний хувцас хунарыг урсан, миний ухаан санаа балартаад амь тэмцэхийн эрхэнд ноцолдсон тэгээд яаснаа сайн санахгүй байна. Нэг харахад О ах машинд суугаад явж байхыг дараа нь мэдсэн. /хх- ийн 19 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулж шалгах шаардлагатай байна.

Иймд яллагдагч А.Мад холбогдох эрүүгийн 2434000000015 дугаартай хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М хувийн байдлыг тогтоох зорилгоор урд ял шийтгэгдэж байсан эсэхийг түүний .... дугаараар хайлт хийж шалгахад Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг шийтгэх тогтоолд Ч овгийн А М гэж бичигдсэн боловч түүний дугаараар дээрх 45 дугаартай шийтгэх тогтоолоор М урьд ял шийтгэгдэж байсан нь нотлогдсон.

Яллагдагч А. М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч О-гийн А.М ирээд "чамайг ална гээд шууд дайрсан. Чиний нүдийг ухна гэж над руу дайрч миний хувцсаар хоолой боогоод миний нүд рүү гараа хийсэн. Би гарыг барьж холдуулаад газар хувцасных нь малгайнаас нь барьж дарсан. М миний адууны өртгийг өгөөгүй гэж дайрсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дагвасүмбэрэлийн М малынхаа тоог өгөх гэж манайд ирж таараад тэр хоёр "гүү, мал өгч авалцах ёстой гээд маргалдаад тэгээд хоорондоо ноцолдоод М О ахыг доороо хийчихсэн байсан ба О ах намайг салгаарай гэж хэлэхээр нь би М наадах хүнээ тавь гэж хэлээд тэгээд тавиад О ах босоод шууд суудал руу явсан гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн Миний машины хажууд гадаа зогсож байхдаа барилцаж аваад ноцолдож эхэлсэн. Улмаар машины зүүн талд гарч ирээд нэгнийгээ харилцан цохилцож аваад М дээлийг ноцолдож байхдаа урчихсан байсан ба би машинаасаа бууж ирээд салгасан. Тэгээд О нүднээс нь цус гараад улайчихсан байсан ба хоорондоо үл мэдэх зүйл яриад маргалдаад байсан. М нь О-тэй маргалдах үедээ О-гийн зүүн нүдийг шалбалчихсан байсан. Ямартай ч зүүн нүд нь шалбараад цус нэлээн гарч байсан ба хацрыг нь дагаад цус нь урсаж байсан..." гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоо эхэлж буй нь хэн бүхэн илэрхий болсон, аюултай шинжтэй хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй юм. Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй бөгөөд А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хохирогч О, гэрч Б.Дагвасүмбэрэл, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн болно. Иймд шүүгчийн 258 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Яллагдагч М-д нь 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай Төв аймаг дахь сум дундын дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд тухайн шийтгэх тогтоолд А.М-ын регистрийн дугаар бичигдсэн байдаг бөгөөд у тогтоолоор яллагдагч А.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогдсон.

Мөн А.М нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн буюу таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж зодолдсон болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Яллагдагч А.М-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эсэргүүцэл бичээд байгаа шүүх хуралдаанд оролцоод байгаа прокуроруудын эрх зүйн байдал ойлгомжгүй байна. Б.Цэрэнтогтох прокурор эсэргүүцэл бичсэн. Шүүх хуралдаан Б.Мөнгөнцэцэг прокурор оролцсон. Одоо шүүх хуралдаан хэн ч оролцоод байгаа юм. Нэгнийгээ орлосон албан тоот ирсэн юм уу. Шүүх хуралдаанд дурын прокурор оролцоод яваад байна. Хэрэгт авагдсан шийтгэх тогтоол миний үйлчлүүлэгч А.Мад холбогдох хэргийн шийтгэх тогтоол биш байх боломжтой, яллах дүгнэлттэй түүний овог зөрж байгаа энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй. Мөн үнэхээр аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч яг тухайн цаг хугацаанд түүнийг боож авсан даруйд тэр довтолгоог зогсоохын тулд урдаас нүд рүү гараа хийсэн аргагүй хамгаалалтыг цаг тухайд нь хийсэн. О-гийн шүүгчийн танилцуулсан мэдүүлэгт чамайг ална гээд дайрсан нүдийг чинь ухна гэсэн гэж байгаа нь үндэслэлгүй огт тэгж мэдүүлдэггүй энэ мэдүүлэг эргэлзээтэй. Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг би хүсэлт өгч байж авхуулсан. Б.Дагвасүмбэрэлийн мэдүүлэгт гүү малын өгөө аваа байгаа гэж ярьж байсан гэдэг нь үнэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15 дугаар зүйлд нотлох баримтын талаар эргэлзээ гарч байвал учраас сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тийм учраас прокурорын эсэргүүцлийн хүлээж авалгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх А.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

3. Анхан шатны шүүгчийн захирамжид яллагдагч Ч овгийн А М гэж яллах дүгнэлтэд яллагдагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг бичиж үйлдсэн боловч яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй орхигдуулсан ба түүний урьд өмнө ял шийтгүүлж байсан эсэх талаарх нотлох баримт болох Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолд яллагдагч Ч овгийн А М-ын ургийн овог, эцгийн нэрийг Ч, А М гэж зөрүүтэй бичигдсэн байх тул энэ талаар шалгаж тодруулах талаар дурджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг[1] шалгахад Ч овогт А М нь урьд нэг удаа ял шийтгүүлсэн буюу Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 Төв аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 47/022 -183 дугаар албан бичгийг[2] Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлж тус прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг[3] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн үнэн зөвийг баталгаажуулан гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргажээ.

Хавтаст хэргийн 57-60 талд авагдсан Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт авагдсан шүүгдэгчийн биеийн байцаалтад Ч овогт А М гэж бичигдсэн байх ба урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтохын үйлдсэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар яллах дүгнэлтэд[4] тусгагдсан яллагдагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр болон регистрийн дугаар нь үсэг тооны зөрүүгүй тусгагдсан.

Түүнчлэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын сарын 17-ны өдрийн 126 дугаар захирамжаар түүнийг эдлээгүй үлдсэн 11 сар 09 хоногийн өмнө хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан байна.

Дээрхээс үзэхэд яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэх, хэрэв шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх асуудлуудыг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

Өөрөөр хэлбэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг болно.

Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч А.М-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүртээмжтэй нотлох баримт бүрдсэн, шүүх мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох боломжтой байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” агуулга бүхий прокурор Б.Цэрэнтогтохын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн 08 тоот эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Яллагдагч А.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

6. Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байдаг.

Анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 4 дэх заалтад “хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж хохирогчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулж, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/258 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтохын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бичсэн 08 тоот эсэргүүцлийг хангасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3 . Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                М.МӨНХДАВАА  

 

 

 

 

[1] Хх-ийн 55 тал

[2] Хх-ийн  тал,

[3] Хх-ийн 57-60 тал

[4] Хх-ийн 110-113 тал