Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/57

 

 

                                                        З.Ц-д холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х,

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Базардорж,

               Ш.Амарбаяр,

               Шүүгдэгч З.Ц

               Шүүгдэгч З.Ц-гийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг

               Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч З.Ц-д холбогдох эрүүгийн 2334003440319 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 05-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, Алдарт эхийн 2 дугаар одон, дархан бэр цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Б овогт З Ц,

З.Ц нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Даацын урд ар” гэх замгүй газарт 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Тоёота приус-20” маркийн “85-05 УБӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож амь хохирогч Т тээврийн хэрэгсэлд суулгах гэж хойноос нь дагаж явахдаа тээврийн хэрэгслээр түүний урдуур хашиж, зогсоох үйлдэл хийхдээ дайрч болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас З.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт З Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч З.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-г шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг сануулж, ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х-т 14.795.638 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х-ийн сэтгэл санааны хохирол 85.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х нь амь хохирогчийн ажиллаж байсан байгууллагын цалин, цалингийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хавсаргаж зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Г.Б “Тоёота приус-20” маркийн “8505 УБӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол хүчингүй болгож, шүүгдэгч З.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Базардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хохирол, хор уршиг болох амь хохирогч Т оршуулах зан үйлд зарцуулсан 14.795.631 төгрөг, банкны зээл 14.584.900 төгрөг, ажлын газраас олгосон цалин, амралтын олговор 2.135.297 төгрөг, ажлын хамт олноос ажил явдалд зориулж шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг тус тус шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын мэдүүлэг зэргийг хуульд зааснаар үнэлэлгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь талийгаачийг оршуулах зан үйлд зарцуулсан 14.795.631 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 12.770.000 төгрөгийг төлсөн ба 2.025.631 төгрөгийн хохирлыг төлөөгүй байна.

Мөн амь хохирогч 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкнаас онлайн цалингийн зээл болох 14.584.900 төгрөгийн зээл авсан байдаг. Хаан банкнаас зээлийн гэрээг байгуулж, зээлдэгчийн дансанд мөнгө шилжсэнээр тус мөнгө хөрөнгийг захиран зарцуулах нь П.Т-ын эрх ба тус зээлээр өөрийн хүүд тээврийн хэрэгсэл авч өгсөн байдаг. Харин амь хохирогчийг нас барсны дараа Хаан банкнаас тус зээлийн төлбөрийг хууль ёсны төлөөлөгч, ах, дүү нараас төлөхийг удаа дараа шаардаж байгаа учраас цалингийн зээл болох 14.584.900 төгрөгийг шийдвэрлэхгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал амь хохирогч П.Т нь тус хэрэг учралаас болж амь насаа алдаагүй, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийж байсан бол зээлийг өөрийн хөдөлмөрийн үндсэн дээр төлөх бүрэн боломжтой байсан ба гэмт хэргийн улмаас амь насаа алдсан нь цалингийн зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь шууд шалтгаан холбоотой гэж үзэж байна.

Мөн амь хохирогч нь “Эм эм эс инженеринг” ХХК-д гагнуурчнаар ажиллаж байсан ба амь насаа алдсаны дараа байгууллагаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6 сарын цалин 1.329.280 төгрөг, ээлжийн амралтын олговор 806.017 төгрөг тус тус амь хохирогчийн Хаан банкны 5721317402 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Мөн ажлын газрын хамт олноос ажил явдалд зориулан 3.000.000 төгрөгийг шүүгдэгч 3.Ц-гийн Хаан банкны 5023020515 тоот дансанд шилжүүлсэн. Шүүгдэгч 3.Ц-гээс дээрх байгууллагаас шилжүүлсэн мөнгөнөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.000.000 төгрөгийг өөрийн хүүгээр дамжуулан өгсөн ба амь хохирогчийн төрсөн эгч болох А-ийн дансанд 1.030.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Харин талийгаачийн дансанд орсон цалин болон амралтын олговрыг шүүгдэгч 3.Ц захиран зарцуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгөөгүй болно. Талийгаачийн амь насаа алдсаны дараа түүний гар утас, бичиг баримт нь 3.Ц болон түүний хүүхдэд байсан ба хохирогчийн гэр бүлийнхэн түүний харилцах дансыг хөтлөх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх ажлын газраас олгосон мөнгө хэний дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. 2. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй орхисныг эс зөвшөөрч гомдол гаргасан болно.

Иймд шүүгдэгч 3.Ц-гээс амь хохирогчийн оршуулгын зардал 2.025.631 төгрөг, цалингийн зээл 14.584.900 төгрөг, цалин, амралтын олговор 2.135.297 төгрөг, хамт олноос ажил явдалд өгсөн мөнгөнөөс үлдэх 970.000 төгрөг нийт 19.715.825 төгрөг гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга гаргасан дүгнэлтдээ: Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч З.Ц-гийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Оршуулгын зардалд нийт 12.570.000 төгрөг төлсөн ба бусад зөрүү мөнгөнүүдийг хохирогч талд шилжүүлэн өгсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Базардорж өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлыг бүрэн гүйцэд гаргуулж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч З.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлоо төлж барагдуулсан. Мөн ажлын газрынх нь хүмүүсийн өгсөн мөнгөний үлдсэнээр нь хүүхдүүдэд буян үйлдсэн гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч З.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

1. З.Ц-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл З.Ц нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Даацын урд ар” гэх замгүй газарт 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Тоёота приус-20” маркийн “8505 УБӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож амь хохирогч Т тээврийн хэрэгсэлд суулгах гэж хойноос нь дагаж явах үедээ уг тээврийн хэрэгслээрээ түүний урдуур хашин зогсоох үйлдэл хийхдээ дайрч болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийн талаарх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хийн “...согтуугаар нь явуулчихсан бол дүү маань амьд байх байсан..., ...гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-41 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Б-н “...би 2023 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг 47 минутад хадам ээж над руу залгаад..., ...Төгсөө ах чинь эвгүй болчихлоо гэж хэлсэн. Ингээд яасан юм бэ даралт нь ихэссэн юм уу, хордлого авчихсан юм уу гэхэд үгүй ээ явж байхад машинаас буугаад нас барчихлаа гэж хэлсэн. ...өглөө эрт дахиад Төв аймаг руу явж байхад хадам ээж өглөө 07 цагт залгаад ар гэрийнхэнд нь хэлэх хэрэгтэй байна би хэлж чадахгүй байна миний охин хэл дуулгаад өгөөч ээж нь Төгсөөгийн эгчийнх нь утасны дугаарыг явуулъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 44-р тал/,

Гэрч З.О-н “...би хониндоо яваад 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хойноос З.Ц эгч машинтайгаа ирж яваа харагдсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байхад З.Ц эгч гаднаас орж ирээд яана аа миний дүү Төгсөө машинаас уначихлаа нүүр ам нь халцарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад машинд нь очоод харахад нүүр, тохой нь халцарчихсан арын суудлаа ор болгоод буулгачихсан сууж байсан. Тэгээд би хараад гайгүй юм байх гэж бодоод гэртээ ороод иртэл саахалт айлын З.Хадбаатар, эхнэрийн хамт манайд хонь хяргадаг хайч хүргэж ирсэн. Тэгтэл гаднаас З.Ц эгч намайг хашхирч дуудахаар нь гараад очиход машиндаа П.Тын хамраас цус гарсан тонгойчихсон байхаар нь би дээш нь харуулаад түргэн дуудъя гэж хэлээд З.Хадбаатарын утсаар Сэргэлэн сумын эмнэлгийн утсыг авч З.Ц эгч утсаараа түргэн дуудсан. Ингээд 1 цаг орчмын дараа түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ер нь анх хамраас нь цус гарсан байснаас хойш эмч иртэл хөдлөөгүй. ...би юу болсон юм гээд эгчээс асуухад машинтай явж байгаад хаалга онгойлгосон гэхээр нь хойд дугуйгаараа дайрсан юм уу гэж асуухад мэдэхгүй байна гээд байсан. ...Би З.Ц эгчид хандан та яагаад цагдаа нарыг төөрүүлээд байгаа юм, архины шилээр цохиод алчихсан юм уу гэхэд үгүй гээд хэлэхгүй байсан. ...Эгчээс үнэнээ хэл гэхэд машинд суу гэхэд үгэнд орохгүй зугтаад байхаар нь барьж авах гээд хойноос нь машинтай хөөхөд урдуур орж ирээд дайруулчихсан гэж хэлсэн...”,

“...З.Ц эгч ирээд Төгсөө согтуу машинаас ойччихлоо гэж хэлж орж ирсэн өө яасан юм бэ гээд гараад харахад нүүр тохой нь шалбарсан, арын суудлаа ор болгоод буулгачихсан өвдгөө нугалаад суучихсан нэлээн согтуу байгаа бололтой тонгойчихсон, хацар тохой нь халцарчихсан байхаар нь би машинаас ойччихсон юм бол гайгүй байлгүй нээх юм болоогүй юм байна гэж бодоод хаалгыг нь хаачхаад байж байтал манай саахалт айлын З.Хадбаатар эхнэртэйгээ хамт машинтай хайч авчирч өгөхөөр ирсэн. ...сигнал дуугарах шиг болоод З.Ц эгч буцаад гарсан. Тэгээд нээх удалгүй Отгоо гээд хашхирахаар нь гараад очтол З.Ц эгч машиныхаа хажууд хойд хаалгаа онгойлгоод зогсож байхаар нь гүйгээд очтол П.Т түрүүлгээ хараад хэвтчихсэн хөдлөхгүй байхаар нь яасан бэ гээд бид хоёр элбээд дээшээ харуулах зуурт З.Хадбаатар араас гарч ирээд бид гурав хамтдаа дээшээ харуулж хэвтүүлэхэд хөдлөхгүй, хамраас нь цус гарчихсан нэг л мэдээгүй юм шиг санагдаад явчихсан, ...З.Хадбаатар хүн рүү яриад эмнэлгийн дугаар олчихсон байхаар нь З.Ц эгч дугаарыг авч өөрийнхөө утсаар эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. ...З.Хадбаатар удалгүй машины гэрэл гарлаа гэж яваад дагуулаад хүрээд ирсэн, эмч бууж ирээд үзээд нас барсан байна гэсэн...” мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 48-50, 2-р хавтас 149-150-р тал/,

Гэрч З.Х-н “...2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд хонь хяргадаг хайч хүргэж өгөхөөр З.Отгонцэцэгийнд ирсэн. Намайг ирэхэд З.Ц эгч манай нөхрийн бие өвдөөд гээд байж байсан. Цай уугаад сууж байхад З.Ц эгч гаднаас нөхөр болохоо болилоо гээд бархирахаар нь би гараад харахад нөхөр нь машиныхаа арын суудалд доошоо харчихсан байхаар нь эргүүлээд харуулахад амнаас нь цус гарчихсан бараг ухаангүй ам нь ангалзаад байсан. Цээжин дээр нь дарахад амнаас нь цус гараад байсан. Би дүү рүүгээ ярьж сумын эмнэлгийн утсыг З.Ц эгчид олж өгөөд өөрөө түргэн дуудах шиг болсон. Нэг цаг орчмын дараа түргэн тусламж ирээд нас барсан байна гэж хэлээд цагдаад мэдэгд гэж хэлж байсан, би гэр рүүгээ явсан...” гэх,

“...Тэгээд З.Ц эгч гарч яваад удалгүй гаднаас н.Отгоо нөхөр сонин болчихлоо гараад ирээ гээд дуудсан. З.Отгонцэцэг эгч гараад явсан би араас нь гараад очиход талийгаач машиныхаа хойд суудал дээр урагшаа цээжээрээ түрүүлгээ хараад хэвтчихсэн байсан. Ингээд З.Ц, З.Отгонцэцэг хоёр эргүүлээд дээшээ харуулахад амнаас нь цус гарчихсан байсан. Ингээд З.Ц эгч ухаангүй болчих шиг байна түргэн дуудъя гэхэд утасны сүлжээ байхгүй байна гээд би түргэн тусламжийн утас олоод өгье гээд машинаа асаагаад гэрээс нь хойшоо холгүй явахад Мобикомын сүлжээ орж ирээд энд сүлжээ байна гээд дуудахад машинаа асааж унаад миний байсан газарт яваад ирсэн. Ингээд тэндээс З.Ц эгч өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Ингээд удалгүй түргэн ирж байгаа бололтой машины гэрэл гараад би машинтай тосож эмчийг дагуулж ирээд эмч үзээд нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудаад эхнэр бид хоёр гэр рүү гээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53, 2-р хх-ийн 152-153-р тал/,

Гэрч Б.А-н “...тус айлд 22 цаг 00 минутад очиход Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын суудлыг буулгаж ор болгож эрэгтэй хүн хэвтүүлсэн байдалтай байсан. Эхний үзлэгээр захын судсанд пульс, сатурац үгүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, чагналтаар зүрх сонсогдохгүй амьсгал байхгүй байсан. Зүүн гарын шуу хэсэгтээ улаан өнгийн зулгаралттай байсан учраас би цагдаагийн бүрэлдэхүүнд дуудлага өгч тус хүнийг нас барсан байгаа талаар мэдэгдээд цагдаад дуудлага өгсөн талаараа хэлээд тэнд байсан хүмүүст битгий хөдөлгөөрэй гэж хэлээд дараагийн дуудлагадаа явсан…, ...Цэцэгээ гэх хүн өөрөө машин жолоодож байсан гэж ярьж байсан. Машин жолоодох үед амь хохирогч согтуу байсан, тэгээд явдал дунд хаалгаа онгойлгож буугаад дайруулчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 188-189-р тал/,

Гэрч Б.Б-н “...дуудлага өгсөн газарт явж очоод эмч бууж үзлэг хийгээд би энэ зуурт машиндаа сууж байсан. Эмч үзлэгээ дуусгаад орж ирээд хүн нь нас барсан байна, аймгийн цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлээд дараагийн дуудлагадаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 191-р тал/,

Шинжээч Д.Чулуунбаатарын “...Миний гаргасан 110 дугаар дүгнэлтэд П.Тын цогцост өвчүү ясны бяцарсан хугарал. Баруун талд 3, 4, 5, 6, 7 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал. Баруун 1, 2 дугаар хавиргануудын баруун суганы урд шугамын хугарал. Зүүн талд 2, 3, 4, 5 дугаар хавиргануудын багана нурууны хажуугийн шугамын хугарал. Зүрхний баруун чихний уг хэсгийн няцарсан шарх. Дотуур цус алдалт /цээжний баруун хөндий дэх 400 мл шингэн цус, хэвлийн хөндий дэх 200 мл орчим шингэн цус/. Голтын эрхтний ар хананы цус хуралт. Өрцний дээд гадарга үнхэлцгийн өмнөд гадаргыг хамарсан цус хуралт. Элэгний баруун дэлбэнгийн дээр өрцний доод гадаргын цус хуралт. Цээжний баруун талын том булчингийн дотор гадаргын цус хуралт. Зүүн хацар шанааны зөөлөн эдийн зулгаралт. Эрүүний орчим зүүн талд зөөлөн эдийн зулгаралт. Зүүн бугалгын зөөлөн эдийн зулгаралт. Зүүн шууны зөөлөн эдийн зулгаралт. Баруун, зүүн далны зөөлөн эдийн зулгаралт. Баруун бугалга, тохойн зөөлөн эдийн зулгаралт. Цээжний зөөлөн эдийн цус хуралт. Зүүн, баруун шилбэний зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед тухайн тээврийн хэрэгсэл талийгаачийн дээгүүр нь гарах үед үүссэн байх боломжтой гэмтлүүд...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 45-46 тал/,

Гэрч З.Н-н “...Над руу тухайн өдөр З.Ц эгч өөрийнхөө 99777746 дугаарын утаснаас маш олон удаа залгасан байсан. ...Харин 20-21 цагийн орчимд шиг санагдаж байна сүлжээ орж гараад хөдөө явж байхад манай ах З.Хадбаатар залгаад эмнэлгийн дугаар байна уу гэхээр нь яасан юм бэ гэхэд энд нэг хүний бие муудаад гэж хэлээд би эмнэлгийн сувилагчийн дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 155-156-р тал/,

Гэрч Э.Д-н “...Тухайн өдөр би ээлжийн сувилагчийн ажилтай жижүүрт гарч байтал орой 20 цаг 50 минутад 99777746 дугаарын утаснаас залгаад Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг Ээж хайрхнаас зүүн хойшоо 7 километр газарт хүн машинаас унаад ухаангүй байна гээд дуудлага өгсөн. Хэн бэ гэж асуухад н.Цэцэгээ байна гэж өөрийгөө хэлсэн. Ингээд жижүүр эмч Б.Ариунзул болон жолооч Б.Баасанжавт мэдэгдэж дуудлага 20 цаг 55 минутад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 160-р тал/,

Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №110 дугаар “...амь хохирогч П.Тын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. Амь хохирогчийн цусан 2.8 промилли, цөсөнд 2.7 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүчтэй зэргийн согтолт болно. Амь хохирогч А/II/ бүлгийн цусны харьяалалтай байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас дотуур алдаж, зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...” гэх, /хх-ийн 1-р хавтас 77-81-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №3112 дугаартай “...1,2,3. Шинжилгээнд ирүүлсэн ЕК0000125438 хуруу шилний дугаартай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх /хх-ийн 1-р хавтас 84-85-р тал/ шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн болон мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 2-8, 2-р хавтас 36-40-р тал/, З.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон шинжээр илэрдэг бөгөөд хэрэгт авагдсан, дээр дурдагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч З.Ц нь өөрийн хамтран амьдрагч Т гэртээ харилаа хэмээн хөдөө явганаар алхаж явах үед нь араас нь 8505 УБӨ улсын дугаар бүхий “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон очиж, уг тээврийн хэрэгслээрээ түүний явуулахгүй, машинд суучих хэмээн замыг хашин зогсоох үйлдэл хийх явцдаа тээврийн хэрэгслийнхээ урьд хэсгээр дайрч дээгүүр нь гарсны улмаас П.Т нас барсан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Ц нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршигт хүргэсэн байх тул прокуророос түүний гэм бурууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “болгоомжгүй” хэлбэр гэж үзэн үйлдэл холбогдлыг нь мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

4. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, шүүгдэгч З.Ц-г хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулдаг.

Шүүхээс шүүгдэгч З.Ц-д түүний үйлдсэн, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болохоор заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг чанар зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Базардорж “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шүүгдэгчээс амь хохирогчийн оршуулгын зардал 2.025.631 төгрөг, цалингийн зээл 14.584.900 төгрөг, цалин, амралтын олговор 2.135.297 төгрөг, хамт олноос нь ажил явдалд зориулан өгсөн 3.000.000 төгрөгөөс үлдэх 970.000 төгрөг буюу нийт 19.715.825 төгрөг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно хэмээн заасан бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно хэмээн хуульчилсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно хэмээн заасан.

6.1.1. Шүүхээс хохирогч талаас гаргасан иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсэгт заалтыг огт хэрэглэхгүй орхигдуулж, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн байх ба хэрэгт авагдсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х-ээс оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 2.295.631 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэгээс 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 270.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр талд авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул уг зардлаас 2.025.631 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

6.1.2. Талийгаачийн ажлын газрын хамт олноос буяны ажилд нь зориулсан 3.000.000 төгрөгөөс шүүгдэгч нь 1.030.000 төгрөгийг талийгаачийн эгч П.А рүү, 1.000.000 төгрөгийг өөрийн зүгээс амь хохирогчийн төрсөн охин Т.Бямбацэрэнд өгсөн гэдэгтэй хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй тул уг 2.030.000 төгрөгийг талийгаачийн ажлын газрын хамт олноос өгсөн 3.000.000 төгрөгөөс хасаж тооцон үлдэх 970.000 төгрөгийг, оршуулгын зардал 2.025.631 төгрөгийн хамт буюу нийт 2.995.631 төгрөгийг шүүгдэгч З.Ц-гээс гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6.1.3. Хэдийгээр анхан шатны шүүх хохирогч талаас сэтгэцэд учирсан хор уршиг хэмээн нэхэмжилсэн 82.500.000 төгрөгийг уг гэмт хэрэг нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн хэмээн дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцэх боловч Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн шийдвэрлэж чадаагүй байна.

Тодруулбал: Талийгаач П.Т нь 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкнаас 14.584.900 төгрөгийн цалингийн зээлийг онлайнаар авсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь  /хх-ийн 1-р хавтас 129-135-р тал/ зэргээр тогтоогддог хэдий ч уг гэрээ нь зөвхөн “Хаан банк” зээлдэгч буюу талийгаач П.Т нарын хооронд байгуулагджээ.

Мөн талийгаачийн ажиллаж байсан “Эм Эм Эс Инженеринг” ХХК-аас түүний 2023 оны 6 дугаар сарын цалин, ээлжийн амралтын олговорт шилжүүлсэн 2.135.297 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь Иргэний хуульд зааснаар түүний өвийг хүлээн авагчид тус тус хадгалагдаж байгаа бөгөөд дээрх зардлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч З.Ц-д түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн ч уг ялынхаа хязгаарлалтын бүсийг хэт өргөжүүлэн тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан ялын зорилгод нийцэхгүйн дээр  шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 4, 7 дугаар заалтуудад утга найруулгын алдаа гаргасны улмаас тухайн заалтуудад шийдвэрлэсэн асуудлууд нь хэт ойлгомжгүй болжээ.

8. Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-г шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэл Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тодорхой газар очих, оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байх үүргийг хүлээлгэсүгэй...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг сануулсугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай...” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ц нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х-т 14.795.638 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хийн сэтгэл санааны хохирол 85.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х нь амь хохирогчийн ажиллаж байсан байгууллагын цалин, цалингийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ц-гээс 2.995.631 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хийн нэхэмжлэлийн шаардлагаас 99.220.197 /ерэн есөн сая хоёр зуун хорин мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

7 дахь заалтад “...Эрүүгийн 2334003440319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хавсаргаж зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Г.Б-н “Тоёота приус-20” маркийн “85-05 УБӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол хүчингүй болгож, шүүгдэгч З.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай...” гэснийг

“...Эрүүгийн 2334003440319 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн иргэн Г.Б-н “Тоёота приус-20” маркийн “8505 УБӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                             ШҮҮГЧИД                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА