Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00079

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00079

 

 

Д.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/02731 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ГКП ББСБ” ХХК-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,575,319,568 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагважаргал, Д.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

            1.Нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: Миний бие "ГКП ББСБ” ХХК-аас 2018 оны 09 дүгээр сард 850,000,000 төгрөгийн зээл хүсэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 349 метр квадратталбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалах хүсэлт гаргасан. Тус санхүүгийн байгууллагаас өмнө нь 2 удаа зээл авахдаа үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж холбогдох гэрээг байгуулж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэтэл тус банк бус санхүүгийн байгууллага өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж болно. Гэхдээ манай компанийн ажилтан Д.Б,Ж.Л нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлбэл зээл олгож болно гэж хэлсэн. Өндөр үнийн дүнтэй зээл олгоход барьцаа хөрөнгийг найдвартай хадгалах зорилгоор ажилтнуудынхаа нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч байна гэж ойлгож 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ГКП ББСБХХК-ийн ажилтан Д.Б, Ж.Л нартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тэдэнд шилжүүлэн өгсөн.

“ГКП ББСБ” ХХК-тай зээл болон үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан, барьцааны гэрээнд тус банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Д.Б, Ж.Л нар миний бие гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн үйл ажиллагаа явуулсан.ГКП ББСБ” ХХК-аас миний үйл ажиллагаанд удаа дараа саад учруулан 2019 онд зээлийн төлбөрөө төлөх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах гэрээ байгуулах шатанд саад хийж, үл хөдлөх хөрөнгийг маш хямд үнээр худалдах зарыг тавьж үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулсан. Банк бус санхүүгийн байгууллага үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан хэлбэрийг зөрчиж, өөрсдийн ажилтнуудын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, ажилчидтайгаа барьцааны гэрээ байгуулсан.

Тус гэрээг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01161 дүгээр шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож үл хөдлөх хөрөнгийг Д.Зт шилжүүлэхийг Д.Б, Ж.Л нарт даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.

ИймдГКП ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗБ0701180796 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,ГКП ББСБ” ХХК-д Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

      

            2.Хариуцагч "ГКП ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: "ГКП ББСБ” ХХК нь Д.Заас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардаагүй. Уг үл хөдлөх хөрөнгө Д.Б, Ж.Л нарын нэр дээр шилжиж банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавигдсан шалтгаан нь зээлдэгч Д.З нь“...бага хүүтэй, өндөр үнийн дүнтэй зээл хэрэгтэй байна. Танай байгууллагаас өөрийн нэр дээр зээл авах юм бол өмнөх зээлээ дарсны дараа дахин зээл ав гэх шаардлага тавина. Ямар арга байна вэ...” гэж асуусан. Манай байгууллагаас уг үл хөдлөх эд хөрөнгийг ажилчдын нэр дээр шилжүүлж авах боломжтой гэж талууд үзсэн тул худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

Д.Б, Ж.Л нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй боловч Д.З-ын хөрөнгө гэдэг нь тогтоогдож байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зээл гэрээ болон барьцааны гэрээнд Д.Б, Ж.Л нарын нэр байдаг боловч үл хөдлөх хөрөнгийн эзэн Д.З гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчээс тус үл хөдлөх хөрөнгийг зарах талаар яригдсан гэж байна. Тэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Ремакс” (Remax) ХХК-тай 450 метр квадрат тайлбай бүхий үл хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Гэхдээ ГКП ББСБ” ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө нь 349 метр квадрат талбайтай үл хөдлөх байсан бөгөөд 100 метр квадратаар илүү буюу гэрчилгээнд байхгүй хэмжээгээр гэрээ хийсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээнд 450 метр квадрат талбайтай гэж тусгаагүй, 349 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө гэж гэрээг дахин гэрээ хийсэн. Д.З гэрээтэй уншиж танилцаад хуудас бүр дээр гарын үсгээ зурсан. Нэхэмжлээс зээлийн төлбөрөө төлбөл үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөх боломжтой. Нэхэмжлэгч худалдан борлуулах, зээлээр хөлслөх гэж байна гэх хүсэлт гаргасны дагуу Д.Б,Ж.Л нар худалдах-худалдан авах гэрээ хийж өгсөн гэжээ.

 

            3.Хариуцагч ГКП ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Д.З нь "ГКП ББСБ” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ0701180796 дугаартай зээлийн гэрээ байгуулж 850,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн үндсэн хүүтэй, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Гэрээний 2.3зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг тооцох, гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал гэрээний 1.2.2, 1.2.3үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцон авна гэж заасан.

Мөн зээлдэгч нь үндсэн зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Зээлдэгч Д.З гэрээний үүрэгт нийт 60,528,834 төгрөгийг төлсөн байна. Үүнээс зээлийн хүүд 40,955,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,573,808 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хавсралтын дагуу Д.З 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлд 284,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлд 284,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн зээлд 282,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ч үүргээ зөрчсөнөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Банк бус санхүүгийн байгууллагаас Д.Зт зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдсэн. Иймээс Д.Заас үндсэн зээл 850,000,000 төгрөг, зээлийн хүү 652,086,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,216,438 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг нийт 1,575,319,508 төгрөгийг гаргуулж, төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Д.З-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:Г "КП ББСБ” ХХК-тай 2018 онд зээлийн гэрээ байгуулж, 850,000,000 төгрөгийг, сарын 2.5, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн төлбөрт 60,528,834 төгрөг төлсөн. Би үндсэн зээлээ төлж чадаагүй. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  хаягт байрлах 349 метр квадратталбайтай, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Зээлээ төлнө гэжээ

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчГКП ББСБ” ХХК-д Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.Зт чөлөөлж өгөхийг даалгаж, хариуцагч Д.Заас сөрөг нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1,575,319,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ГКП ББСБ” ХХК-д олгож,  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.З-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,104,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.З-т, хариуцагч Д.З-аас улсын тэмдэгтийн хураамж 8,104,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчГКП ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч Д.З-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ буруу ойлгож үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б, Ж.Л нараас чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгааг дурдаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Хэрэв шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд "ГКП ББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлж шийдвэрлэх байсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй.

б.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаас илүү тооцоолон гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...зээлдэгчийг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхийг шаардсан тухай хэн аль нь маргахгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. "ГКП ББСБ” ХХК зээлийн гэрээний дагуу зээлээ шаардахын оронд үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр худалдан авах саналыг гаргах болон бусдад худалдахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын газартай гэрээ байгуулж, бага үнийн дүнтэй зарыг байршуулан өмчлөх эрхэнд халдаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

           

            7.Хариуцагч "ГКП ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж ярьдаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн хэлцэл юм.

            Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлж авах талаар бидэнд хандаагүй. Гэтэл шүүхэд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байгаа мэтээр маргадаг. Бидний зүгээс тус хөрөнгийг өгөхгүй гэсэн зүйлгүй.  Зээл болон барьцааны гэрээ хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийг зөв шийдвэрлэсэн гэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

а.Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцон, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.З нь “КПБ” ХХК-ийг хариуцагчаар татаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж хийсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч этгээдүүдийг хариуцагчаар тодорхойлон маргааны үйл баримтын талаар ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дах  хэсэгт заасантай нийцэхгүй,  өөр нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлэсэн гэж үзэж үзэхээр байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэн маргааны үйл баримтыг тодорхойлж, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан гомдлыг хангах зүйтэй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01161 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан Д.З, Д.Б, Ж.Л нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлээр шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.З-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг Д.Б, Ж.Л нарт даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах эрхийн барьцаа ЗБ0701180796 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Учир нь " ГКП ББСБ” ХХК нь Д.Зт зээл олгохдоо түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дүр үзүүлэх хэлцэл хийж,  компанийн ажилтан Д.Б,Ж.Л нарын нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн, "ГКП ББСБ” ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийн хувьд дээрх дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн зээлдэгч Д.З, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Б, Ж.Л нартай барьцааны гэрээ байгуулсан байгаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч компанид даалгах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах  хэсэгт заасантай нийцнэ.

б.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч "ГКП ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Д.Зт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,575,319,508 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч тал “хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй” гэх үндэслэл заан маргажээ.

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг зохигчдын тайлбар  зэргийг үндэслэн нэхэмжлэгчээс зээлийн үүрэгт 1,575,319,508 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Тодруулбал, хариуцагч "ГКП ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Д.З-ын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЗБ0701180796 дугаартай зээлийн гэрээ байгуулж, түүнд 850,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, /хх-31-33,41,42/ хариуцагч нь зээлийн үүргийг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн биелүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

Талууд зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах  хэсэгт заасан журмын дагуу байгуулж, нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэн аль нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зохигчид гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийг төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуусах хүртэл үндсэн хүүг 30 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус тооцон авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Д.З зээлийн үүргээс үндсэн зээл төлөөгүй, зээлийн хүүд 40,955,026 төгрөг, гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөнөөс нэмэгдүүлсэн хүүд 19,573,808 төгрөг төлсөн болох нь түүний тайлбараар тогтоогдсон байна. /хх-39/

Хариуцагч тал нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээл төлөлтийн дансны хуулга баримттай танилцаж, уг баримтыг үгүйсгэн маргаагүй.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэн, зээлийн үүргийг тооцож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 Иймээс зээлийн үүрэгтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хувьд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн тул шийдвэрийн энэ хэсэгт мөн өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах  хэсэгт заасан шаардлагад нийцнэ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/02731 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Зт шилжүүлэн өгөхийг хариуцагч "ГКП ББСБ” ХХК-д даалгасугай.” гэж,  2 дах заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Заас зээлийн гэрээний үүрэгт 1,575,319,508 төгрөг гаргуулж хариуцагч "ГКП ББСБ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,104,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах  хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                  Ч.ЦЭНД