Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/1136  

 

 

Т.У, М.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Т.У-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч С.Отгонгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/764 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч С.Отгонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Т.У, М.Х нарт холбогдох 2202000000320 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
  2. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.  

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, Зүүн Нарангийн ..... тоот хашаанд биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин нь нийтдээ 2,397 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 22-оос 26-ны өдрийн хооронд .... дүүргийн .... дугаар хороо, Зүүн Нарангийн ..... тоотод оршин суух М.Н-ын гэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин 137,2 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч М.Х нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, Зүүн Нарангийн ..... тоотын орчим 0000 ААА  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин 1,81 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Нийслэлийн прокурорын газраас: Т.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  М.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т.У-г үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, шүүгдэгч М.Х-г “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.537, 1.400 грамм жинтэй 2 ширхэг шавар мэт зүйл, тугалган цаас, 1.81 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйл, 137.2 грамм жинтэй өвс, ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, Т.У, М.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.У давж заалдах гомдолдоо: “...Миний бие хар тамхины төрлийн бодисыг өмнө хүсч сонирхож хэрэглэж байгаагүй бөгөөд тухайн өдөр тохиолдлын шинж чанартай, зүс таних залуугаас түүний авч явсан өвс гэх зүйлээс жоохныг сонирхож авч түүнийгээ хэрэглэсэн. Мөн үлдсэн жаахныг найз Н-ын гэрт мартсан байсан. Энэ тухайгаа мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн, хэргээ хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед найз Н-ын хашаанаас гарч яваад цагдаад баригдсан. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ. Гэтэл нэг цаг хугацаанд, нэг дор болсон нэг удаагийн үйлдлийг тус тусад нь авч үзэн үргэлжилсэн гэмт хэрэг гэж байгаа нь Эрүүгийн хуулийг зөрчиж байна. Энэ нь миний болон О.Х, М.Н- нарын мэдүүлгээр цаг хугацаа болон бусад зүйл баримт нь нэг дор, нэг цаг хугацаанд болсон болох нь тодорхой байгаа ба дараа үзлэг нэгжлэг хийсэн эсэхээс үл хамааран нэг удаагийн үйлдэл болох нь нотлогдож байна. Миний бие ам бүл 5, хөдөлмөрийн чадвар 75% алдагдалтай эх, насанд хүрээгүй бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Тэдгээр хүмүүсийг надаас өөр асарч, тэжээх хүнгүй юм. Мөн банкны лизинг төлөлт хийх хүн байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасны дагуу өөрийн үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг байхгүй тул ар гэрийн байдал болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлын харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Т.У-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Т.Уд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн ба шүүгдэгч нар нь байгальд ургадаг өвстэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн байна. Т.У нь химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хэрэглэсэн, хадгалсан үйлдэл хийгээгүй байна. Монголчууд бидний “Хогийн олс” гэж нэрлэдэг энэ өвс нь химийн аргаар боловсруулж гарган авсан герион, кокайн, мөс, LCD, экстази гэх мэт хар тамхины төрлийн бодисуудаас хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг гоо сайхны болон эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж байна. Манай улсын эмчилгээнд хэрэглэж байгаа тайвшруулах үйлчилгээтэй олон эмийн найрлаганд “дельта-9 тетрагидроканнабинол” гэх бодис ордог бөгөөд дэлхийн 60 гаруй улсад “олс” гэх энэ өвсийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг байна. Байгальд ургадаг өвс болон химийн аргаар боловсруулан гаргаж авсан сэтгэцэд нөлөөт бодисуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулаагүйд гомдолтой байна.

Шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага бол байгаагүй. Т.У нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж ирсэн ба дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна гэдгээ мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн танхимд ч илэрхийлсээр байсан. Т.У нь “олс” гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон түүнийг хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүнэлтээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болох заалт байна. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, тэдэнд ашигтай хүмүүжлийн шинж чанартай Эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч нар бүрэн хангасаар байтал шүүх эдгээр заалтуудыг хэрэглэлгүй, гагцхүү хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч Т.У нь ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эхийн хамт амьдардаг. Эх нь сэтгэцийн өвчний улмаас ажил хөдөлмөр хийж чадахгүй хүүгийнхээ асрамжинд байдаг. Тэр өрх гэрээ авч явах, амьдралаа залгуулахын тулд олон сая төгрөгийн зээл авч хуваарийн дагуу төлж явсан байна. Тэрээр оршин суух байнгын хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэн гэр бүлийн хамтын амьдралыг зохиож яваа өрхийн тэргүүн залуу байна. Өрх гэрийн гол тулгуур болсон энэ залууг хорих байгууллагад жил гаруйн хугацаагаар хорьж цагдвал энэ айлын амьдрал нэн хүнд болж ямар ч үр дагаварт хүрч болох дүр зураг харагдаж байна. Шүүгдэгч Т.У-гийн хувийн энэ хүндрэлтэй байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсэн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамааруулжээ. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, эмнэлгийн дараах эмчилгээ хийх, нийгмийн амьдралд эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан .Тэд энэ хэргээсээ дахин алдахааргүйгээр том сургамж авсан байна. Шүүгдэгч Т.Уг зан үйлээ засах сургалтанд хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шүүхээс нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээнд шүүгдэгч Т.У-гийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, нэг удаа боломж олгон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/764 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 5 хүртэл жилийн хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан заасан согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч С.Отгонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Х-ад оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн өвсийг хадгалсан байдаг. Уг өвснөөс өөрөө сонирхож хэрэглээгүй ба бусдад өвснөөс өгч хэрэглүүлээгүй тул энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэнд ямар нэгэн бодит хохирол, хор уршиг учраагүй. Шүүхээс шүүгдэгч М.Х-ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Миний үйлчлүүлэгч М.Х эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон юм.

М.Х нь байгальд ургадаг өвсийг өөрөө түүж бэлтгээгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас сонирхоод хүнээс өгөөч гэж гуйхад тухайн хүн түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд хийсний улмаас хэсэг хугацаанд хадгалсан гэмт үйлдэл хийсэн ба химийн аргаар боловсруулсан хар тамхийг олж авч хадгалаагүй. Хогийн олс гэж нэрлэдэг каннабисын энэ ургамал нь химийн аргаар боловсруулан гаргаж авсан герион, кокайн, мөс, LCD, экстази гэх мэт хар тамхинуудаас чанарын хувьд хэдэн арав дахин бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамал нь 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтад героин, метамфетамин, морфин, опиум болон кокайн зэрэг хүний эрүүл мэндэд ноцтой хор уршигтай, сэтгэцэд нөлөөт, синтетик гаралтай мансууруулах бодисуудын хамтаар саяхныг хүртэл ангилагдаж байсан. НҮБ-ийн Хар тамхи, мансууруулах бодисын комисс нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас “каннабис” ургамлыг хассан шийдвэрийг гаргасан. Байгальд ургадаг өвс болон химийн аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудын энэ ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон, харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд нь нэг өмгөөлөгчтэй байсан.

Мөрдөгч болон прокурорын зүгээс шүүгдэгч М.Х-ыг хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч М.Х нь хууль зүйн мэдлэггүйн улмаас харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд нэг өмгөөлөгчтэй байж болохгүй гэдгийг мэдээгүй учир Т.У-гийн санал болгосон өмгөөлөгчтэй хамтран ажилласан байна. Энэ нь байдлыг тодруулаагүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан шүүх, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь хүнийг дан ганц цээрлүүлэх бус гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, хүнийг нийгэмшүүлэхэд оршидог билээ. Миний үйлчлүүлэгч М.Х нь 24 настай, амьдралд хөл тавьж, ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл дөнгөж төлөвшиж яваа залуу хүн тул аль болох хөнгөн ял шийтгэл эдэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх нь их чухал байна. Санамсар болгоомжгүй, сониуч зангаасаа болж анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, дахин ийм алдаа дутагдал огт гаргахгүй байж чадна гэдгээ М.Х илэрхийлсээр байгаа. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд М.Х-ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр машинд өвс байгааг би мэдээгүй. Цагдаа нар “миний өвс гэж хэл тэгэхгүй бол машиныг чинь улсын орлого болгоно” гэж хэлсэн болохоор “миний өвс” гэж хэлсэн. 48 цаг хоригдоно гэж айсандаа мэдүүлэг өгсөн. Анхны өмгөөлөгч маань “чамаас бодис хэрэглэсэн гэж илрээгүй юм чинь тэнсэн харгалзах ялаар шийтгэх байх” гэж хэлсэн. Би хоёр дахь мэдүүлэг дээрээ өмгөөлөгчийнхөө хэлсэнээр эхнийхээ мэдүүлэг шигээ өгсөн. Тэр миний буруу болсон. Хуулийн мэдлэггүйгээс болоод ийм байдалд хүрчлээ. Би эхнэр, хүүхэдтэйгээ байр түрээслэж амьдардаг. Хүү 2 настай, эхнэр оюутан. Амьдралаа авч явдаг ганц хүн нь би байдаг. Би санамсаргүй байдлаас болж ийм байдалд хүрсэн. Та бүхэн миний байдлыг харгалзаж үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.У-гийн хувьд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2 грамм жинтэй шавар гэх бодисыг хадгалж байсан болох нь тогтоогддог. Хоёр дахь үйлдлийн хувьд 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 26-ны өдөр хүртэл 4 өдрийн хугацаанд хадгалсан гэх үйлдэл нь бусад гэрч нарын мэдүүлэг болон өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Үйлдэл нь үргэлжилж байхад буюу цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас үйлдлийг таслан зогсоосноор үйлдэл зогссон. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүний дагуу анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл мөн байна гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн хувийн байдлыг харгалзан хорих ялыг сольж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих болон зорчих эрхийг хязгаарлах хоёр төрлийн ялтай байтал хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж байна. Анхан шатны шүүх хуульд заасан буюу 1-5 жилийн хорих ял оногдуулах, эсхүл 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна гэсэн хуулийн санкцын хүрээнд өөрийнхөө дотоод итгэл үнэмшлийн хүрээнд шийтгэл оногдуулсан. Энэ нь үндэслэлтэй. Хуулиас давсан буюу 5 жилээс дээш хорих ял оногдуулсан бол хуулийг буруу хэрэглэсэн гэх асуудал яригдах байсан. Шүүгдэгч М.Х-ын зүгээс харилцан эсрэг ашиг сонирхолтой байхад нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулсан. Мөн М.Х-ын гэрчээр өгсөн хоёр мэдүүлгийг үнэлэх үндэслэлгүй гэж байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхдээ хоёр шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ч бичигдээгүй нөхцөл байдал байгаа. Яллах талын нотлох баримтаар тооцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Х-ын зүгээс “өмгөөлөгчийнхөө хэлсэнээр  мэдүүлгээ өгсөн” гэж хэлж байна. Тангараг өргөсөн хуульч хүнийг гүтгэж байна гэж харж байна. Учир нь, нотлох баримтаар энэ нь нотлогдоогүй. Үнэхээр тэгсэн бол шүүгдэгч М.Х-аас нотлох баримт гаргаж өгөх ёстой. Шүүгдэгч М.Х-ын хувийн байдлыг тогтоогоогүй гэж байна. Тэгвэл өнөөдөр шинээр оролцож байгаа өмгөөлөгчөөс хувийн байдалтай нь холбоотой баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч М.Х-ад 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тэдгээрт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна. Нийгэмд үзүүлж буй гэмт хэргийн хор уршигт нь тохирсон ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2202000000320 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, Зүүн Нарангийн ..... тоот хашаанд биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, цэвэр жин нь нийтдээ 2,397 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 22-оос 26-ны өдрийн хооронд .... дүүргийн .... дугаар хороо, Зүүн Нарангийн ..... тоотод оршин суух М.Н-ын гэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин 137,2 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч М.Х нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, Зүүн Нарангийн ..... тоотын орчим 0000 ААА  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр жин 1,81 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Н-ын: “...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай найз нар ирээд бид эхнэр Х-ын хамт найз нартайгаа уулзаж юм ярьж ганц шил архи ууж суусан. Би нэлээн халаад согтсон байсан. Тэр үед буюу 15 цагийн үед байх манай багын найз болох У манай гэрт ирээд байж байгаад явсан байсан. ...Тэрнээс хойш буюу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө босоод эхнэр Х-ын утас олдохгүй байхаар нь гэрээ нэгжиж, хайж байтал манай тольтой тавиурын ард талд цэнхэр тортой нунтаг өвс шиг зүйл байхаар нь гаргаж ирээд үзтэл ганга ч биш шарилж өвс арай биш сонин өвс байхаар нь эхнэртэй хэлээд ярилцаж байгаад 2022 оны 8 дугаар сарын 22-ны орой цагдаа нар ирээд хашаанд үзлэг хийгээд байсан, аягүй бол нөгөө хайж үзэж байсан юм нь байх гэж бодоод цагдаагийн байгууллагын 70191430 дугаарын утас өгөхөөр нь тэр утас руу нь залгаж “манай гэрт өвс байна” гэдгийг мэдэгдсэн юм. 2022 оны 8 дугаар сарын 26-ны үдээс хойш 17-18 цагийн үед цагдаа нар ирээд үзлэг хийгээд нөгөө өвсийг хураан авсан. ...Цагдаа нар явсны дараа У, Маргаа гэх залуугийн хамт орж ирээд “чи ийм юм байна гэж цагдаа нарт яах гэж хэлж байгаа юм” гээд сонин хэрүүл өдөөд муухай хараад гараад явсан. ...” /1 хх 61-62/,

гэрч О.Хын: “...Би 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэртээ нөхөр Н-, хоёр хүүхдийн хамт байсан. Тэгтэл хажуу айлын залуу гэрт орж ирээд манай нөхөртэй нэг шил архи, 1 том пиво ууж, нөхөр нэлээн халаад согтсон байсан. ...орой нь гэрийн хашаанд цагдаа нар ирээд үзлэг хийгээд байсан. Цагдаа нар явсны дараа юу болов гэсэн хар тамхины цагдаа нар ирээд явсан гээд гайхаад өнгөрсөн тэр өдрөө бид хэд гэртээ амарсан. Тэрнээс хойш нэг хоёр хоногийн дараа байх тав дахь өдөр л байсан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө миний утас олдохгүй гэрээр юм болж хайсан. Би тольтой тавиурын араар үзсэн чинь цэнхэр гялгар уут байхаар нь юу юм бол гээд татаад гаргаад ирсэн чинь өвс байсан. Би үнэртэж үзсэн чинь эвгүй муухай үнэртэй ганга юм болов уу гэхэд арай биш байсан. Зэрлэг өвс юм болов уу гэхэд арай биш байхаар нь нөхөртөө хэлээд ярилцаад нөгөө хар тамхи гэдэг нь энэ юм биш үү гээд 102-т залгаад 70191430 гэсэн дугаар авч яриад цагдаад мэдэгдсэн юм. Цагдаа нар 2022 оны 8 дугаар сарын 26-ны орой 17-18 цагийн хооронд үзлэг хийгээд хурааж авсан. Би бодохдоо У нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манайд ирээд, хоол идээд, юм ярьж байгаад гараад явахдаа тэнд нуугаад явсан байх гэж бодож байгаа юм. Тэрнээс биш өөр илүү дутуу хүн манай гэрт орж ирээгүй...” /1 хх 63-64/,

гэрч О.Ө-ийн: “...хашаатай айлын гадаа очсон бөгөөд би машин дотроо сууж, Х-ыг хүлээж байгаад Х- гарч ирээд машиндаа суугаад дөнгөж хөдөлж байхад цагдаа нар ирсэн. Би Х-тай танилцаад удаагүй бөгөөд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй. Цагдаа нар миний машинд хийсэн үзлэгийн үеэр миний машины голын хайрцгийн хойд талаас “өвс” мэт зүйл гарч ирэхэд нь би таван салаа ургамал байна гэж бодсон бөгөөд Х-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж огт төсөөлөөгүй. Би У гэх залууг огт мэдэхгүй, Х-гай уулздаг байхдаа хальт харж байсан. Би 89-99 дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сараас эхлээд одоог хүртэл өөрөө барьдаг байсан бөгөөд өөр хүн огт унаж байгаагүй юм. Би өөрийн машин болох 80000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тийм өвс гэх зүйл болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйлүүдийг огт харж байгаагүй. Би энэхүү тээврийн хэрэгслийг ажилдаа явахдаа унадаг байсан. Х-ыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гадуур хөөцөлдөх ажилтай гэсэн болохоор нь өгч явуулсан ба миний машинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна гэж би огт төсөөлөөгүй...” /1хх 65, 72-73/,

шүүгдэгч М.Х-ын яллагдагчаар мэдүүлсэн “...“Өргөө” кино театрын арын зам дээр явж байхад нэг залуу гараа өргөж байхаар нь дөхөөд очиход У зүс мэдэх залуу байгаа зогсчих гээд зогсоосон. Тэр залуу машинд суухад У “чи чинь П мөн билүү” гээд ойр зуурын юм ярьж байгаад нөгөө П гэх залуу нь “Дарь-Эх орж явна” гэхээр нь У бид хоёр Дарь эх рүү хүргэж өгөхөөр болсон. Явж байх хугацаанд У П гэх залуугийн барьж явсан өвснөөс цэнхэр өнгийн гялгар ууттайг авч байсан. Тэгээд буух газар ирээд зогсох үед “надаа бас жоохныг өгөөч” гэж П гэх залууд хэлэхэд толгой дохиод “жоохныг ийшээ хийчлээ” гээд голын хайрцгийн ар тал руу заахаар нь “за, за жоохныг өгсөн юм байна” гэж бодоод өнгөрсөн. Орой Угийн ээжийг эмнэлгээс авахаар ярилцаад У дээшээ алхлаа гээд буусан. Найз охин Өийн ажил тарахыг хүлээж байгаад 17 цагт ажлыг нь тарахаар нь аваад Утэй яриад байгаа газар луу нь шууд явсан. ... Машин дээр байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд “түлхүүрээ өгч бай” гээд машин шалгахаар болж “Хар тамхитай тэмцэх газраас байна гээд чиний машинд хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис эд зүйл эм бэлдмэл байгаа юу” гэж асуухаар нь гэнэт нөгөө голын хайрцгийн арын жижиг саванд хийлгэсэн өвсөө санаад “байгаа байх” гэж хэлээд үзэхэд өвс хийсэн байсан юм. Тэр өвсийг би өөрийн сайн дураар цагдаа нарт гаргаж өгсөн. ...” /1хх 223-225/,

шүүгдэгч Т.У-гийн яллагдагчаар мэдүүлсэн “...12 цагийн үед байх хорооллын “Өргөө” кино театрын арын зам дээр явж байхад хальт зүс мэдэх П гэх залуу гараа өргөөд зогсож байхаар нь би таниад Х-ад “зогсчих" гэж хэлээд машинд суулгаад “хаа хүрэх гэж байгаа юм, чамайг П гэдэг биз дээ” гээд “чамаар сонин сайхан юу байна” гэж ойр зуурын юм ярьж байгаад “чи хаашаа хүрэх юм” гэж асуухэд П гэх залуу “Дарь эх орох хэрэгтэй” гэхээр нь Х- бид 2 хүргэж өгөхөөр явсан. П гэх залуу тортой зүйл барьж явахаар нь юу юм” гэж сонирхож асуухад “өвс байна” гэж хэлсэн. Тэгээд Дарь эхийн тэнд буух гэж байхад нь “наад өвснөөсөө жоохныг өгөөч" гэхэд П гэх залуу цэнхэр өнгийн гялгар ууттай өвс өгсөн. Бид 2 буцаад хороололд очоод “Өргөө” кино театрын ар талд нөгөө өвсөө аваад буусан. Би дээшээ явган 12 дугаар гудамжаар өгсөж яваад арай хүнээс зайдуу зүс таних найз Н-ын хашаанд орж нөгөө өвснөөсөө жоохныг тасалж аваад ундааны саванд хийж халуун ус гуйж аваад хашааны урд захад нь нөгөө өвснөөсөө шавар гэх зүйл жоохныг гаргаж авсан. Би шавар гаргаж, өвстэй байгаа гэдгээ найз Н- болон түүний эхнэр Х- нарт мэдэгдээгүй, бэлэн хоол идээд сууж байхдаа үлдэгдэл цэнхэр өнгийн гялгар ууттай өвсөө үлдээгээд дараа ирж авахаар болоод орхиод гараад явсан юм. Би Н-ын гэрээс гараад 00-д нь ороод нөгөө хийсэн жоохон шаварнаасаа мөнгөлөг цаасан дээр тавиад доороос нь галаар төөнүүлж байгаад мөнгө ороож байгаад хэд хэдэн удаа сорж хэрэглээд хашаанаас нь гараад машин дээр очиход энгийн хувцастай цагдаа нар Х-ын унаж явсан машин дээр ирсэн байсан юм. Х- би 2 өдөр өвс аваад явж байхад Х- надаас асууж “хоёулаа орой жоохныг хэрэглэж үзье” гээд ярилцаж байсан.  ...” /1 хх 235-237/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4154 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Т.У УШ950ХХХХХХ 2022.08.22” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “М.Х УШ98АААААА 2022.08.22”, “Ө ТЕ9ххххххх 2022.08.22” гэж хаягласан шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис агууламж илрээгүй. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын I жагсаалтад багтдаг...” /1хх 83-86, 30-31/,

Т.У-гийн биеэс хураан авсан шавар мэт бодис, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэртэд хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 4158 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай ууттай 1 гэж дугаарласан 1.537 грамм, 2 гэж дугаарласан 1.400 грамм жинтэй 2 ширхэг шавар мэт зүйлс, 2 дугаартай ууттай тугалган цаас, 3 дугаартай ууттай хуйлсан байдалтай АМ2855092 серийн дугаар бүхий 20 төгрөгийн дэвсгэр зэрэгт тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1хх 99-103, 14, 28/ ,

Т.У-гийн иргэн М.Н-ын гэрт орхиж, хадгалж байсан өвс мэт ургамалд хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4220 дугаартай “...1 гэж дугаарласан “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6-62 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийж үзлэгээр №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 148.1 грамм “өвс” гэх нэршилтэй зүйл Г-122 дугаартай гомдол” гэж хаягласан цэнхэр өнгийн ууттай 137.2 грамм жинтэй өвс ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1хх 111-113, 24-25, 27/,

М.Х-ын машинд хадгалж байсан өвс мэт ургамалд хийсэн шинжилгээний 2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 4157 дугаартай: “...0000 ААА улсын дугаартай “Соrolla” маркийн машинаас хураан авсан 3.8 грамм “өвс” гэж хаягласан 4 дугаартай цэнхэр уутанд ирүүлсэн 1.81 грамм цэвэр жинтэй нунтаг ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1хх 106-108, 15-16, 19-20/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж,

шүүгдэгч Т.У-гийн үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий шавар мэт зүйл, өвс мэт ургамлыг хууль бусаар олж авч хадгалсан,

М.Х-ын НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий өвс мэт ургамлыг хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ...хадгалсан, ...олж авсан...” гэсэн гэмт хэргээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

үргэлжилсэн үйлдлээр тус гэмт хэргийг үйлдсэн Т.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг,

М.Х-ад 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахгэмт хэргийн нийгмийн аюулын хор хөнөөл, хүмүүсийг сэтгэцийн хувьд гэмтээж, энэ төрлийн бодисоос хараат болгож донтуулдаг, улмаар хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршигтай байдаг шинж чанар, үйлдсэн гэмт хэргийх нь хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн өмгөөлөгчөөр Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Намжилцогтыг өөрөө сонгон авсан болох нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх220/-ээр нотлогдож байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “...Сэжигтэн, яллагдагч ...өмгөөлөгчөө өөрөө сонгоно. ...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй. ...” гэж заасныг мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчөөгүй, шүүгдэгч М.Х нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Т.Намжилцогттой оролцжээ.

Түүнчлэн Т.У, М.Х нар нь өөрсдийн үйлдсэн хэргийн талаар эсрэг сонирхолтой мэдүүлэг өгсөн, бие биенийгээ буруутгасан, хэн нэгнийхээ үйлдсэн гэмт хэргийн талаар эсрэг (өөрөөр мэдүүлсэн) мэдүүлэг өгсөн нөхцөл байдал 2202000000320 дугаартай эрүүгийн хэрэгт байхгүй байх тул тэднийг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч С.Отгонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Т.У-гийн биеэс шавар мэт бодисыг хураан авсан /хх 28-29/, уг бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ийн агууламжтай /хх 99-103/, Т.У өвсийг шавар болгож бэлтгэсэн талаараа удаа дараа  мэдүүлсэн /1 хх 69, 235-237/ байхад Т.У-гийн тус хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зохих ажиллагааг явуулаагүй, хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.

Шүүгдэгч Т.У, М.Х нар нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс магадлал гарсан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ хэрэгтээ нийт 44 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/764 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч С.Отгонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У, М.Х нарын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 

 

 ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

 

                                    ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ