Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1159 

 

 

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/596 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Ууганбаяр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Б.М-д холбогдох 2210000000338 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М .... тоотод оршин суух хаягтай,

Б.М- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шинэ тэрэг плаза төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах биллъярдны төв дотор найз Б.А-тай биллъярдны дүрмээс болж маргалдан улмаар түүний эрүү хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.М-ыг оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, Б.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Б.А- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д сануулж шийдвэрлэжээ.  

Прокурор С.Ууганбаяр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын 3 дугаар хуудаст .... Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах..." гэсэн буюу шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.А-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан байтал хөнгөн хохирол гэж бичсэн. Мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтад "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.М-ыг оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй...” гэсэн атлаа 6 дахь заалтад "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д сануулсугай..." гэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэх заалтыг зөрчсөн буюу шүүгдэгч Б.М-ыг ялаас чөлөөлсөн атлаа ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д сануулсугай гэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/596 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцсэн байна.

2210000000338 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.М- нь 2022 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шинэ тэрэг плаза төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах биллъярдны төв дотор найз Б.А-тай биллъярдны дүрмээс болж маргалдан улмаар түүний эрүү хэсэгт 2 удаа цохиж эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн: “...М бид хоёр биллъярдны дүрмээс болж маргалдсан. ...Миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж юм. Би цохиулчихаад хэсэг байж байгаад очоод “чи найзыгаа цохиж байгаа юм уу” гэсэн чинь дахиад зүүн шанаа хэсэгт цохисон бөгөөд би газар унасан, толгой эргээд манарсан байгаа юм. ...Намайг М гараараа 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Хяналтын камерын бичлэгт харагдаж байгаа...” /хх 12-13/,

              Б.М-ын хэргээ хүлээн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би найз Амгаланзаяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. ...Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байгаа...” /хх 34/ гэх мэдүүлгүүд,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3965 дугаартай “...Б.А-гийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх 26-27/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/, хохирлын баримт /хх 38-43/, хохирол төлбөр барагдуулсан талаарх дансны хуулга /хх 45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.М-ын биллъярд тоглож байгаад хохирогч Б.А-тай маргалдан түүний эрүү хэсэгт гараараа 2 удаа цохиж “...эрүү ясны хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс шүүгдэгч Б.М-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар оногдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг учруулсан хохирлоо нөхөн төлсөн Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Б.М-ын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцжээ.  

Хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хуулийн дагуу шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх  хохирогч Б.А-гийн эрхийг зааж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад тохирсон байна.  

Харин Б.М-ыг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д сануулсугай. ...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд прокурор С.Ууганбаярын бичсэн “...шүүгдэгч Б.М-ыг ялаас чөлөөлсөн атлаа ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М-д сануулсугай гэсэн нь ойлгомжгүй байна...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ. .  

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг “...хөнгөн хохирол..." гэж хэргийн бодит байдлаас зөрүүтэй бичсэнийг энэхүү магадлалаар анхан шатны шүүхэд анхааруулж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/596 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ