Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00108

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00108

 

 

 

 

 

 

                                                "ОЗ групп” ХХК болон “ОЗ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02558 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК болон “ОЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “ТА” ХХК-д холбогдох

            “ОЗ групп” ХХК-д гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,396,333 төгрөгийг

            “ОЗ” ХХК-д гэрээний үүрэгт 219,679,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 51,973,875 төгрөг, нийт 271,652,875 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

   1.Нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: “ОЗ групп” ХХК нь “ТА” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 02/2019 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу 606,139,000 төгрөгийн үнэ бүхийн бетон зуурмаг нийлүүлсэн. Хариуцагч “ТА” ХХК-аас төлбөрийг 436,742,667 төгрөгт тооцогдох үнэ бүхийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид өгсөн. Тус гэрээний үлдэгдэл төлбөр 169,396,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

а.Хэрэг хянан шийдвэр шийдвэрлэх ажиллагааны явцад  “ОЗ групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 120,000,000 төгрөгөөр ихэсгэсэн. Үндэслэлээ хариуцагч “ТА” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрт бартер хэлбэрээр  метр квадрат талбайтай орон сууцыг бартераар төлбөр хийхээр тохиролцсон.

б.Тухайн төлбөрт орсон байсан 14 дүгээр байрыг биллиардын зориулалттай тоног төхөөрөмж авч, тохижуулсан. Хариуцагчаас уг биллиардын обьектыг бидэнд өгөхдөө доторх тохижилтыг худалдан авах шаардлага тавьсан.  Манай компани тохижилтын төлбөрийг 2015 онд үйлдвэрлэгдсэн ******УБТ улсын дугаартай, Ниссан Патрол /Nissan Patrol/ маркийн тээврийн тээврийн хэрэгслээр төлсөн. Гэвч хариуцагч уг обьект болон биллиардын тоног төхөөрөмжийг бидэнд хүлээлгэж өгөөгүйгээр барахгүй манай компаний төлбөрт тооцон өгсөн тээврийн хэрэгслийг буцааж өгөөгүй.

 Хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийг аваад 2 жил гаран унаж хэрэглэж байгаа, мөн бидэнд өгнө гэж байсан үл хөдлөх эд хөрөнгөө билльярдын тохижилттой нь бусдад зарж борлуулсан байна. Тээврийн хэрэгсэл нь жил өнгөрөх тусам элэгдэлд орж, он нь хуучирдаг тул бид уг тээврийн хэрэгслийг буцаан авах нь их хохиролтой тул тээврийн хэрэгслийг үнэ болох 120,000,000 төгрөгийг хариуцагч “ТА” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Нэхэмжлэгч “ОЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга:

а. ОЗ” ХХК нь “ТА” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 33-06 дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч компанийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр барьж байсан 33 дугаар байрнаас 553,302,000 төгрөгийн үнэ бүхий 6 орон сууцыг шилжүүлэн авч, төлбөрт нь бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон.

Гэрээний дагуу хариуцагч компанид нийт 229,679,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн боловч хариуцагчаас өнөөдрийг хүртэл дээрх орон сууцнуудыг шилжүүлж өгөөгүй байна. Гэрээний дагуу нийлүүлэх ёстой орон сууцнууд нь одоо өөр эзэмшигчтэй болсон учир гэрээний үүргийн үнийг мөнгөөр тооцон нэхэмжилж байна.

 Хариуцагч “ТА” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч компаниас “ОЗ” ХХК-аас нийлүүлсэн бетон зуурмагын үнэ болох 219,679,000 төгрөгийг гаргуулна.

2.б. “ОЗ” ХХК нь “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний үүргээс 51,973,875 төгрөгийн хохирол учирсан. Тус компани  “МБМ” ХХК-тай  цемент зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж,  уг цементээрээ зуурмаг үйлдвэрлэн “ТА” ХХК-д нийлүүлсэн.

Гэтэл хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нийлүүлэгч компанид их хэмжээний өртэй болсон. Үүнийн улмаас “М” ХХК нь манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нийлүүлсэн цементийн төлбөрийн алданги 173,246,250 төгрөгийг нэхэмжилснээс 51,973,875 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагч “ТА” ХХК-аас хохирол 51,973,875 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Түүнчлэн хариуцагч “ТА” ХХК нь дээрх 2 гэрээний үлдэгдэл төлбөрт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо метр квадрат талбайтай, биллиардын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх шилжүүлсэн, гэрээний үүрэг дуусгавар болсон гэх тайлбарлах боловч уг хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар хэрэгт баримт байхгүй.

Тус үл хөдлөх эд хөрөнгийн асуудал нь тусдаа эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч “ТА” ХХК-аас 120,000,000 төгрөг гаргуулах тухай “ОЗ групп” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:

а. Талуудын байгуулсан 02/2019 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу манай компаний төлөх төлбөрийн үлдэгдэл 169,369,333 төгрөг байгаа. Уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан үйл баримттай маргахгүй.

б. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дурдагдсан Ниссан Патрол /Nissan Patrol/ тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар, дурдагдсан үйл баримтын талаар бид маргахгүй, тийм явдал болсон нь үнэн. Харин бид тээврийн хэрэгслийг 120,000,000 төгрөг биш 90,000,000 төгрөгт тооцож авсан. Тус тээврийн хэрэгслийг унаж хэрэглээгүй, манай компаний гаражид хадгалж байгаа.

в. Талууд 33-06 дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, төлбөрт нь бартераар орон сууцнууд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Манай компани гэрээний дагуу 229,679,000 төгрөгийн бетон зуурмаг авсан. Гэрээний төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн учраас үлдэгдэл нь 219,679,000 төгрөг байгаа. Хариуцагчаас энэ гэрээ, гэрээтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан үйл баримттай маргахгүй.

Гэхдээ дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийг хариуцагч зөвшөөрөхгүй. Учир нь манай компани “ОЗ групп” ХХК болон “ОЗ” ХХК-иудтай байгуулсан хоёр гэрээний үлдэгдэл төлбөрт нь Баянгол дүүрэг 4 дүгээр хороо,  биллиардын зориулалт бүхий 261.8 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Хэдий өмчлөлийн асуудал маргаантай,  эрүүгийн журмаар шалгуулж байгаа ч уг асуудал дуусмагц бид өмчлөлийг нь шилжүүлж өгнө. Харин бодит эзэмшил нь бол нэхэмжлэгч нарт байгаа. Бид уг үл хөдлөх эд хөрөнгийн 1 метр квадрат талбайг 1,000,000 төгрөгөөр тооцон түрээсийн гэрээ байгуулсан байгаа. Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дээрх байдлаар дууссан учир энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

г. Харин “МБМ” ХХК-д төлөх ёстой гэх алдангийг гэрээний хохирол гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бусдад 51,973,875 төгрөгийг алданги гэж төлсөн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Эцэст нь нэхэмжлэгчийн шаардсан төлбөрт өгөх ёстой үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 4 дүгээр хороометр квадрат талбайтай, биллиардын зориулалттай, 261,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар бид эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иргэн Ц.Б-ын залилангийн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 заасан нөхцөл байдал үүссэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “ТА” ХХК-аас 479,075,333 төгрөгийг гаргуулан 259,396,333 төгрөгийг нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-д, 219,679,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ОЗ” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 91,973,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,762,850 төгрөг, “ОЗ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,724,270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТА” ХХК-аас 1,454,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-д, 1,256,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ОЗ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

            4.Хариуцагч “ТА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            1. “ОЗ групп” ХХК, “ТА” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 3.2-т зааснаар төлбөрийн 40 хувьд нь цемент, 60 хувьд нь бартераар орон сууц, үйлчилгээний төв оролцуулна гэж тохиролцсон.

            Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлж, хариуцагчаас төлбөрт дээрх гэрээгээр тохиролцсон төлбөрийн хэрэгсэл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 14 дүгээр байрны үйлчилгээний зориулалттай 261,8 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “ОЗ групп” ХХК-д хүлээлгэж болох нь “ОЗ групп” ХХК болон иргэн Ц.Б нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээгээр нотлогддог.

            “ТА” ХХК-ийн хамаарал бүхий үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани болох “О” ХХК-ийн нэр дээрээс “ОЗ групп” ХХК руу шилжүүлэх ёстой байсан. Гэтэл “ОЗ групп” ХХК-ийн захирал Х.Н хүсэлтээр иргэн Ц.Б банкны зээл гаргуулах зорилгоор түүнд шилжүүлснээс болж Ц.Б нь уг хөрөнгийг бусдад худалдсан. Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Энэхүү үйлчилгээний зориулалттай 261,8 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээгээр тохиролцсон арилжааны зүйл мөн юм. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэг гэж дүгнэсэн нь зөв хэдий ч мөн зүйлийн 274.2 дах хэсэгт зааснаар арилжааны зүйл буюу Алтай хотхоны 14 дүгээр байрны үйлчилгээний зориулалттай 261,8 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хувьд нэхэмжлэгч нь худалдан авагч тул арилжаагаар үүссэн гэрээний эрх зүйн харилцааг бэлэн мөнгөөр илэрхийлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь гэрээний чөлөөт байдалд халдсан гэж үзэж байна. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний арилжааны зүйлтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал тул уг шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            2.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг билльярдын зориулалтаар тохижуулсан. Нэхэмжлэгч талын хүсэлтээр уг билльярдын  тоног төхөөрөмж, эд зүйлийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх 90,000,000 төгрөгт ******* улсын дугаартай Ниссан патрол (Nissan Patrol) маркийн тээврийн хэрэгслийг манай өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

            Гэтэл уг тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байсан тул өнөөдрийг хүртэл манай өмчлөлд шилжиж ирээгүй. Тус тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн этгээдийн эрх ашгийг хөндөж байна. Түүнчлэн уг тээврийн хэрэгслийн үнэ 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу.

 

            3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж "хариуцагчийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж учирсан хохирол 51,973,875 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх маргааны төрөлд хамаарна гэжээ.

 

            5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Хариуцагч “ТА” ХХК нь дээрх хоёр гэрээний төлбөрт орон сууц хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Энэ талаар гэрээ байгуулсан болон ямар нэгэн бичиг баримт илгээсэн зүйл байхгүй.  Харин талуудын хооронд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо метр квадрат талбай бүхий билльярдын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг өгч авах талаар ярилцаж байсан.  

            Тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. “ОЗг” ХХК нь тус эрүүгийн хэрэгт хамааралгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагч “ТА” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,396,333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК мөн “ОЗ” ХХК гэрээний үүрэгт 219,679,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 51,973,875 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

1.Нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүргийн үлдэгдэл 169,396,333 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “ОЗ” ХХК-ийн гэрээний үүрэгт 219,679,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/2019 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх” гэрээний дагуу “ОЗ групп” ХХК 606,139,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг нийлүүлж, “ТА” ХХК нь хүлээн авсан барааны үнээс 436,742,667 төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн,

“ОЗ” ХХК болон “ТА” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 33-06 дугаар “Орон сууц захиалгаар барих гэрээ” нэртэй гэрээ байгуулж, гэрээний дагуу “ТА” ХХК нь “ОЗ” ХХК-аас 229,679,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг худалдан авч, бүтээгдэхүүний төлбөрт 6 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн үйл баримт дээрх гэрээнүүд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ./1хх-68-70/

Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр учир хэн аль гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

2. Хариуцагч тал дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж маргаагүй, харин гэрээний үлдэгдэл төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч тал хүлээн авсан эсэх, тэрээр уг эд хөрөнгөтэй холбоотой гомдлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

3.Нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК, “ОЗ” ХХК болон хариуцагч “ТА” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/2019 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 169,396,333 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 33-06 дугаартай гэрээний төлбөр 229,679,000 төгрөгийн үүрэгт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Алтай хотхон, 13 дугаар байранд байрлах 261.8 метр квадрат талбай бүхий билльярдын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч “ТА” ХХК хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /2хх-2-4/

Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох “Оргих Арвай” ХХК нь дээрх үйл баримтыг зөвшөөрсөн агуулга бүхий тодорхойлолтыг анхан шатны шүүхэд гарган өгчээ. /1хх-245/

 Хариуцагч тал дээрх 261,8 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэж марган түрээсийн гэрээ, хүлээлцсэн акт гэх бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /1хх-124-127/ Уг нотлох баримтуудаас үзвэл А.Э /ОЗ/ гэж бичсэн иргэн Ц.Бтой байгуулсан түрээсийн гэрээ, “Хүлээлцсэн акт” гэх баримтад “хүлээлгэн өгсөн Б.Э, хүлээн авсан Ц.Б” гэсэн гарын үсэг зурсан байна. Эдгээр баримтууд хариуцагч “ТА” ХХК, нэхэмжлэгч “ОЗ групп”, “ОЗ” ХХК-д хэлцлээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна.

Мөн иргэн Ц.Б гэх этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал нь тус иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлд хамаарахгүй юм. Компаниудын хоорондын гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд Ц.Б гэх этгээд гэмт хэрэг үйлдсэн эсэх нь ач холбогдолгүй.

4.Дээрхээс дүгнэхэд хариуцагч тал нь худалдан авсан барааны үнэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нар нь худалдсан барааны үнийг мөнгөн дүнгээр гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч “ТА” ХХК-аас 02/2019 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 169,396,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-д, 33-06 гэрээний үүрэгт 229,679,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОЗ” ХХК-д тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, шүүх арилжаагаар үүссэн гэрээний эрх зүйн харилцааг бэлэн мөнгөөр илэрхийлж шийдвэрлэсэн нь гэрээний чөлөөт байдалд халдсан” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэд 120,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК нь дээрх 120,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгийг билльярдын зориулалтаар тохижуулсан байсан, уг тоног төхөөрөмж, холбогдох эд зүйлийг худалдан авахаар тохиролцож, үнэд нь тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, тоног төхөөрөмжийг шилжүүлж өгөөгүй, тээврийн хэрэгслийг 2 жил ашигласан учир үнийг гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч талаас эс зөвшөөрч “тээврийн хэрэгслийг 90,000,000 төгрөгөөр тооцож авсан, унаж хэрэглээгүй, гаражид хадгалж байгаа” гэх үндэслэл заан маргасан байна.

            “ОЗ групп” ХХК нь “ТА” ХХК-аас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,  метр квадратталбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа билльярдын тоног төхөөрөмжийг худалдан авах, түүний үнэд Ниссан патрол /Nissan Patrol/ маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг “ОЗ групп” ХХК нь “ТА” ХХК-ийн эзэмшилд өгөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-159-160/

            Уг гэрээний дагуу нэхэмжлэгч “ОЗ групп” ХХК нь хариуцагч компанид тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, одоо тус компанийн эзэмшилд байгаа, хариуцагч нь хэлцлээр тохиролцсон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. /1хх-137,216,217, 2хх-2-4/

            Иймээс нэхэмжлэгчийн, “тээврийн хэрэгслийг 2 жил ашигласан” гэх үндэслэлээр машины үнэ нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т заасанд нийцсэн байна. Мөн нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг бус үнийг нь нэхэмжилсэн учир гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

6.Анхан шатны шүүх талуудын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг үндэслэн энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг 90,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо “өөр этгээдийн эзэмшилд байсан, нэхэмжлэгч  шаардах эрхгүй” гэж бичсэн байх боловч уг асуудлаар зохигчид анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байх тул уг гомдлыг хангах боломжгүй.

7.Нэхэмжлэгч “ОЗ” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 51,973,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч тал дээрх шаардлагын үндэслэлээ “хариуцагч тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс “М” ХХК-аас худалдан авсан цементийн үнийг төлөх боломжгүй болж, алданги төлөх болсон” гэж тайлбарласныг, хариуцагч “манай буруугаас хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй” гэх үндэслэл заан, эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн байна. Учир нь энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох үүрэг нэхэмжлэгчид хуваарилагдаж байгаа бөгөөд хэрэгт уг маргааны үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна.

            Нэхэмжлэгчийн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул “бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх маргааны төрөлд хамаарна” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,553,327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

                                                                                               Ч.ЦЭНД