Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1160 

 

 

М.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,  

шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Цолмон,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/931 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Түвшинбаяр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн шүүгдэгч М.Д-д холбогдох 2209001661169 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Д ..... тоотод оршин суух хаягтай;

М.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын 1 дүгээр давхрын рестораны үүдний заалны хэсэгт “…Эхнэр Н-ын гараас татаж, хүзүүнээс зуурч, хамт буудал оръё гэж татаж чангаалаа...” гэх шалтгаанаар хохирогч Б.Б-тай хэрүүл, маргаан үүсгэж улмаар түүний биед xaлдaн цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дээд үүдэн баруун талын 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, эрүүгийн 2209001661169 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, М.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хэрэг бүртгэлт буцааж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Д-ас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.  

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх “...Хэдийгээр хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон боловч тухайн хохирлыг үнэхээр М.Д- учруулсан эсэх, эсхүл гадны өөр хүчин зүйлүүд болоод бусад үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан уу гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй байна. ...мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн “...маргалдсан, цохисон байж магадгүй...” гэх гэрч нарын тайлбар, мэдүүлэгт үндэслэн бусдад ял тулган яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн зорилгод нийцэхгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч Г.Д мэдүүлэхдээ “...шар хувцастай эмэгтэйн нөхөр нь /М.Д-/ хохирогчийг юунаас болсныг нь мэдэхгүй шууд цохисон...” гэх тайлбарыг гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би цохисон эсэхийг нь мэдэхгүй, хараагүй, нөгөөтэйгүүр би мөрдөн шалгах ажиллагааны явцад ...Цохисон байж магадгүй гэж хэлснээс цохисон гэж хэлээгүй...” гэх тайлбарыг гаргасан. Гэрчийн дээрх мэдүүлгээс харвал хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дээд үүдэн баруун талын 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй...” гэж дүгнээд цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

 Хэрэгт хохирогч Б.Б-гийн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын газрын шинэ жилийн арга хэмжээ Баянгол зочид буудлын ресторанд болсон. би арга хэмжээний үеэр архи ууж согтсон байсан. ... бичлэгт “би манай ажлын нягтлан бодогч Н- гэх эмэгтэйг дагаад гаднаас орж ирж байгаа, тэгээд камерт харагдахгүй өнцөгт очоод зодуулчихсан байсан. Н-ай хардаад түүний хамаарал бүхий хүн намайг цохисон маргааш өдөр камерын бичлэг шүүж үзэхэд Баянгол зочид буудлын ажилтан гэх залуу ...таныг шар Даашинзтай эмэгтэйтэй хамт явсан залуу зодсон...” гэж хэлсэн. Намайг манай ажлын хүний нөөцийн ажилтан Г гэрт хүргэж өгсөн. Миний нүүрнэд нударгаа /гар/ зангидаж байгаад 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 38-39, 48/,  

гэрч Т.Д-ын “...манай нөхөр Б.Б-г хүний нөөцийн ажилтан нь хүргэж ... ажлын газрын хүнтэй зодолдсон юм шиг байна, хэнтэй зодолдсон талаар нь мэдэхгүй байна, би хамт байгаагүй гэж хэлсэн.... духан дээр нь 5 ширхэг оёдол тавьсан, 2 нүдэнд нь цус хурсан, хамар нь хавдсан, үүдэн доод шүд нь хөдөлсөн байдалтай орж ирсэн... тухайн үед манай нөхөр ажлын газрын хүнд зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 42-43/,

гэрч Ч.Н-ын “...өөрийн нөхөр Д-ын хамт шинэ жилийн арга хэмжээнд очсон ... манай ажлын газрын Б гэх залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хүүхнүүдийг татаж чангаагаад намайг бас хоргоогоод байсан. ... ингээд 00 цагийн үед арга хэмжээ дуусаад хувцсаа солих гээд явж байхад Б ирээд миний гараас татаж, хүзүүнээс зуураад байсан. Энэ үед манай нөхөр Д-а хараад Бтай заамдалцаж авсан...” гэх мэдүүлэг /хх 51-52/,

гэрч Б.Т-ийн “...би арга хэмжээнээс түрүүлаад гараад явж байхад манай ажлын газрын хүний нөөцийн ажилтан Г залгаад “та буцаад ирээч энд зодоон болоод цус гарсан хүн байна” гэж хэлсэн. Буцаад очтол Б гэх залуугийн духнаас цус гарсан байдалтай байсан... машиндаа суулгаад гэмтэл  явсан.... хүмүүсээс тодруулж асуухад манай ажлын Д-а гэх залуутай маргалдсан байсан...” гэх мэдүүлэг /хх 61-63/,

гэрч Г.Д-ийн “...тухайн үед маш олон хүн бужигнаад хөдөлгөөн их байсан тэр үед зодуулсан гэх хүн нэлээн согтолттой байсан. ... шатан дээр шар даашинз өмссөн эмэгтэйтэй хамт явж байсан залуу уг хохирогчийг ямар шалтгаанаас гэдгийг мэдэхгүй байна, 1 удаа цохиод авсан бөгөөд түүнээс болж газар унаад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 69-70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 359 дугаартай шинжээчийн “...Б.Б-гийн биед зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт, зөвлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дээд үүдэн баруун талын 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 88-89/ зэрэг нотлох баримтууд авагдсан. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дугнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм. Ийнхүү үнэлж дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзлээ. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэх боломжтой юм. Харин шүүгдэгч М.Д- нь хохирогчийн биед гэмтэл хэн учруулсныг мэдэхгүй гэж өөрийн гэм буруугийн талаар маргасан. Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Д- нь хохирогчийг эхнэрийг нь татаж чангаасан, хоргоосон гэх шалтгаанаар маргасан үйл баримт, дээрх явдлаас үүдэн хохирогчийг цохиж гэмтээсэн талаар хохирогч Б.Б-, гэрч Г.Д нарын мэдүүлгээр, мөн дамжмал нотлох баримт болох гэрч Т, Д, Т.Т, Б.Т нарын мэдүүлэг зэргээр тухайн цаг үед Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдлыг нотолсон байна. Мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дугнэлтээр хохирогчийн биед учирсан уг гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх талаар дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаасан нотлох баримт тогтоогдоогүй. Иймд хохирогч Б.Б-д учирсан гэмтэл нь шүүгдэгч М.Д-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй болохыг дурдах нь зүйтэй. Хууль зүйн хувьд шүүгдэгч М.Д-ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Yндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно. Түүнчлэн прокуророос яллах талын хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан үндэслэл яагаад болохгүй байгаа хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн талаар хууль зүйн дүгнэлтийг оновчтой зөв хийсэн гэж үзэхээргүй байна. Энэ хэрэгт гэрч Г.Д-ийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буюу 3 сарын дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуухад “...тухайн үед маш олон хүн бужигнаад хөдөлгөөн их байсан тэр уед зодуулсан гэх хүн нэлээн ... шатан дээр шар даашинз өмссөн эмэгтэйтэй хамт явж байсан залуу уг хохирогчийг ямар шалтгаанаас гэдгийг мэдэхгүй байна. 1 удаа цохиод авсан бөгөөд түүнээс болж газар унаад цус гарсан байсан...” гэжээ. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ би цохисон эсэхийг мэдэхгүй, хараагүй нөгөөтэйгүүр би мөрдөн шалгах ажиллагааны явцад цохисон байж магадгүй гэж хэлснээс цохисон гэж хэлээгүй” гэж гэмт хэрэг гарснаас хойш 9 сарын дараа шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг үндэслэлтэй эсэх талаар өөр бусад нотлох баримтаар үгүйсгэж болон нотолж харьцуулсан дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит үнэнийг тогтооход учир дутагдалтай хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна. Дээрх байдлаар шүүхийн шатанд хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд улмаар ял завшуулах нөхцөлийг бий болгож байна. Иймд шүүгдэгч М.Д-д холбогдох эрүүгийн 2209001661169 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 931 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч М.Д- нь хохирогч Б.Б-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг хангалттай тогтоож чадаагүй. Хохирогч гэрчээр хоёр удаа, хохирогчоор нэг удаа, шүүхийн хэлэлцүүлэгт нэг удаа нийт 4 удаа мэдүүлгээ өгсөн. Эдгээр мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй. Анх өгсөн мэдүүлэгтээ “болсон асуудлыг санахгүй байна” гэдэг, хоёр дахь мэдүүлэгтээ “би камерын бичлэгийг үзэхэд шар даашинзтай хүүхний хамаарал бүхий этгээд намайг зодсон байна лээ. Миний нүүр лүү хоёр удаа цохисон байсан” гээд болсон асуудлаа маш сайн санаад мэдүүлсэн байдаг. Гурав дахь мэдүүлэгтээ “хүмүүс тэгж ярьсан. Тэгэхээр нь би тэгж бодсон юм” гэдэг, шүүхийн хэлэлцүүлэгт “үнэхээр юу болсон болохыг санахгүй байна” гэдэг. Хохирогч Б.Б- нь шүүгдэгч М.Д-ас “архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан байна” гээд уучлалт гуйсан, шүүгдэгч М.Д- мөн уучлалт гуйсан байдаг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж чадаагүй. Мөн гэрч Д-ийн мэдүүлгийг үндэслэж яллагдагчаар татсан байдаг. Гэрч Д- “би яг хохирогчийн хаана нь цохисон болохыг хараагүй” гээд эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд гэрч Д- өөр тийшээ хараад заагаад байгаа байдалтай зураг авагдсан байдаг. Миний бие “ийм зөрүүтэй зүйл байна” гэсэн утгаар прокурорт хүсэлт гаргахад прокурор хүлээж аваагүй. Гэрч Д- шүүх хуралдаанд оролцсон. Уг байдлыг тодруулахад гэрч Д- “би юу болсон болохыг хараагүй, өөр тийшээ харж байсан. Хүмүүс бужигнаад байхаар нь цохиод унагаасан юм байх гэж бодоод бодлоо хэлсэн болохоос яг хараагүй” гэсэн. Хохирогч хөл алдаад газар унасан байхыг хэн ч үгүйсгээгүй. Тухайн үед хохирогч биеэ авч явах ямар ч чадваргүй байсан болохыг бүх гэрч нар мэдүүлдэг. Хүн бүрийг мөргөөд яваад байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Хавтас хэргийн 66-67 дугаар хуудсанд байх гэрч Тэмүүжин гэх хүний мэдүүлгийг өөрчлөөд бичсэн байдаг. Прокурор хэт нэг талыг барьж, ганцхан гэрчийн мэдүүлгийг үндэслэж ялласан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хэрэгт бэхжүүлэгдсэн бүхий л баримтыг шинжлэн судлахад, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, дээд үүдэн баруун талын 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор талд цус хуралт...” гэсэн хөнгөн хохирлыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын 1 дүгээр давхрын рестораны үүдний заалны хэсэгт шүүгдэгч М.Д- санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Прокуророос гэрч Г.Дийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...тухайн үед маш олон хүн бужигнаад хөдөлгөөн их байсан тэр үед зодуулсан гэх хүн нэлээн согтолттой байсан. ... шатан дээр шар даашинз өмссөн эмэгтэйтэй хамт явж байсан залуу уг хохирогчийг ямар шалтгаанаас гэдгийг мэдэхгүй байна, 1 удаа цохиод авсан бөгөөд түүнээс болж газар унаад цус гарсан байсан...” /хх 69-70/ гэсэн шууд мэдүүлгээр М.Д-ын М.Бд гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогддог гэдэг боловч гэрч Г.Д нь шүүх хуралдаанд “...Би ресепшинтэй ярьж байсан болохоор хараагүй, гэнэт хүмүүс орилолдоод эхэлсэн болохоор цохисон байж магадгүй гэсэн. ...маргаан болж байсны эсрэг зүгт хараад зогсож байсан. ...” гэж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлсэн байх ба ингэж өөрөөр мэдүүлж байгаа шалтгаанаа “...Цагдаа намайг камерийн бичлэгт хамгийн ойр байгаа хүн гээд мэдүүлэг авна гэсэн. Би “...Шар даашинзтай эмэгтэйн нөхөр нь цохиод унагасан...” гэж мэдүүлэг өгөөгүй. Харин магадгүй л гэж мэдүүлэг өгсөн. ...” /хх 123-124/ гэжээ. Гэрч Г.Д-ийн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт хавсаргагдсан камерийн бичлэг /хэрэгт хавсаргасан СД/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25-ээс шалгах гэхэд камерийн бичлэгт М.Д-, Б.Б- нарын хооронд болсон үйл явдал байхгүй, тухайн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зочид буудлын 1 дүгээр давхарын рестораны үүдний заалны хэсгийн бичлэгээс эхлэл, төгсгөлгүй 2 тасалж бэхжүүлэгдсэн бичлэгтэй байгаагаас гадна бичлэгт гарч буй хүмүүс хэн хэн болох, хэн нь Г.Д болох нь тогтоогдсонгүй.

Мөн гэрч Ч.Н-ын “...Б ирээд миний гараас татаж, хүзүүнээс зуураад байсан. Энэ үед манай нөхөр Д-а хараад Бтай заамдалцаж авсан...” /хх 51-52/, гэрч Б.Т-ийн “...хүмүүсээс тодруулж асуухад манай ажлын Д-а гэх залуутай маргалдсан байсан...” /хх 61-63/ гэсэн мэдүүлгээр М.Д-ын М.Бд гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогддог гэжээ.

Шүүгдэгч М.Д- нь өөрөө Б.Б-тай заамдалцсан гэдгээ хүлээн мэдүүлдэг. Гэхдээ ингэж заамдалцсан байсанг нь гэрч Ч.Н- болиулж Б.Б-гаас холдуулан авч явсан талаар Ч.Н- гэрчээр “...манай нөхөр Д-а хараад Бтай заамдалцаад авсан. Тэгэхээр нь би боль гээд салгасан ...” /хх 52/, гэрч Б.У “..Б, Д-а нар маргаад заамдалцсан байдалтай байсан. Тэр хоёрыг Н- салгаж байсан. Тэгэхээр нь би очоод Н, Д-а хоёрыг салгаад аваад явсан. Эргээд би буухад Бгийн духыг М цаасаар дарчихсан байсан. ...” /хх 78/, гэрч М.М “...гадаа гараа буцаад орж ирж байхад шатан дээр нэг залуу унаад өгсөн.юм. Уг залуу босож ирэхэд нь духнаас нь цус гарч байсан. ...хүн цохиж түлхсэн үү, өөрөө унасан уу нарийн сайн хараагүй....” /хх 58/ гэж мэдүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн “...хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад М.Д- нь Б.Б-г цохиж, зодон хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, М.Д-ыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

            Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр М.Д-ыг цагаатгаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/931 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Түвшинбаярын цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/931 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ