Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00109

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00109

 

 

 

Д.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02090 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.М-н нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттүшиг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

1.Нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар шийдвэрээр Д.М, Б.Н нараас 89,048,676 төгрөг гаргуулж, ХХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг надад 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн. Уг ажиллагааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өмнө нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгон шинжээчийн дүгнэлтээр 90,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1959 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага нь барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэхдээ надад огт мэдэгдэлгүйгээр хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит бус, хүний өмчийг үнэгүйдүүлсэн үнэлгээ гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хөрөнгийн шинжээчээс татгалзах эрхийг минь эдлүүлээгүй.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар захирамжаар Д.М, М.Ннараас 88,664,163 төгрөгийг гаргуулж ХХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, тоотод байрлах, 53,1 метр квадрат талбайтай хоёр өрөө сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17281131/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/459 дугаар тогтоолоор Х ХХК-ийг томилсон.

ХХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 86,800,000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХК шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаан явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Өмнөх шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, Х ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлсэн. Хэргийн 107,109,110 дах талд баримтуудад хариуцагчаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон шинжээчийн талаар мэдээллийг явуулж байсан нь нотлогддог. Нэхэмжлэгчээс дахин үнэлгээг түүнд мэдэгдэлгүй явуулсан гэдэг нь үндэслэлгүй. Тэрээр шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан мессэжийг хараад мэдэх боломжтой байсан.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тухайн хөрөнгийг шинжээч үнэлэхдээ ямар алдаа гаргасан талаар тайлбарласан зүйл байхгүй байна. Үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Х ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, метр квадрат талбайтай орон сууцыг 86,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөрөх хүртэл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Х ХХК нь үнэлгээ гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шинжээчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу худал дүгнэлт гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлаагүй, гарын үсэг зуруулаагүй байна. Хэргийн 103 дугаар талд авагдсан "Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт" гэх баримтын доод хэсэгт Эрүүгийн хуулийн дурдсан заалтуудыг баримтад хавсаргасан болно гэж бичсэн боловч энэ талаарх баримт авагдаагүй.

Мөн шүүхийн шийдвэрт үнэлгээ нь хэт бага үнэлсэн талаар баримтаар нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талаас нийтэд илэрхий үйл баримт болох Үнэгүй.мн (Unegui.mn) зарын сайтад тавигдсан ижил төрлийн орон сууцны зах зээлийн үнэлгээ бүхий баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. Иймээс Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Баянгол дүүргийн 6 хороо,  тоот хаягт байрлах орон сууцыг 86,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм.

б.Миний бие орон нутагт шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтад Эрүүгийн хуульд заасан гэж оруулсан. Шинжээч томилох тогтоолын 3 дах заалтад хуульд заасан хариуцлага тооцохыг сануулсан гэжээ.

 

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Хэргийн 103 дах талд авагдсан шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтад шийдвэр гүйцэтгэгч болон үнэлгээ хийсэн шинжээчийн гарын үсэг зурагдсан. Эрүүгийн хуулийг танилцуулсан баримтыг хавсаргаагүй нь үнэлгээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй. Эрүүгийн хууль бол нийтэд ил, тодорхой баримт бичиг тул шинжээч уншаад танилцах боломжтой. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь анхан шатны шүүхийн ажиллагааны явцад яригдаагүй зүйлийг гомдолд тусгаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэж дурьдсан. Тухайн шүүх хуралдаанд зохигч ирээгүй бөгөөд гуравдагч этгээдийг төлөөлж миний бие оролцсон бөгөөд талуудын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангасан. Шүүгчийн туслах 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8 цаг 30 минутад товлогдсон хурлын товыг мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1хх-1-2, 20/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаар захирамж, шүүгчийн мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 11677 дугаар захирамж, болон мөн өдрийн 1007 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна./1хх-29-32/

Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаангүй, дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/459 дүгээр тогтоолоор шинжээч томилсон ажиллагаа, шинжээчийн үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

1.Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн дүнгийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/459 дугаар тогтоол гарган, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /1хх-100/

Улмаар шинжээчид хууль сануулж баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 101-103 дах талд авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн шинжээч томилсон тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.М, Б.Н нарт гар утасны цахим зурвасаар мэдэгдэн хүргүүлсэн тухай нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-106,107/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан Ө.Ц, Д.г, Ц.Ннарын өмчлөлийн орон сууцыг 86,200,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, НШШГГирүүлжээ. /1-хх-112-127/

Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, шинжээч нь Үнэгүй.мн /Unegui.mn/ сайтаас үнэлж буй орон сууцтай ойролцоо байршилтай 3 орон сууцны жишиг үнийн зах зээлийн судалгаа хийж, талбайн хэмжээ, орон сууцны давхар, өрөөний тоо, худалдах үнэ зэргийг харьцуулан маргааны зүйл болох орон сууцанд үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасан журмыг зөрчөөгүй байна.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Д.Мт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн сарын 29-ний өдрийн 4-185/35420 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтууд, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх-126,131,134, 2хх-28/ Энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Үнэгүй (Unegui.mn) сайтад байрлах Баянгол дүүргийн 6 дугаар хороо, метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны зар шүүхэд гаргаж өгсөн байна. Тус нотлох баримт нь оролцогч этгээдээс орон сууцаа өөрийн үнэлэмжээр үнэлэн худалдахаар нийтэд санал болгосон үнэ байх тул уг баримтыг үндэслэн маргаж буй Баянгол дүүргийн 6 дугаар хороотоотод байрлах орон сууцны зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоох боломжгүй юм.

Иймд шинжээч томилсон талаар мэдэгдээгүй, шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй, шинжээчид хууль сануулаагүй, үнэлгээ бодитой бус, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

4.Анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утасны *****дугаар руу залгаж, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэргийн 237 дах талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, Шинжээчээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг нэхэмжлэгч Д.Мт мөн сарын 30-ны өдөр танилцсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон учир энэ өдрөөс 7 хоногийн хугацаа тоолно. Нэхэмжлэгч нь гомдлоо 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 4-185/2930 дугаар хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг мөн сарын 11-ний өдөр гардаж авсан гэх тайлбарын үндэслэн тус өдрөөс хугацааг тоолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журамд нийцэхгүй байна.

Уг алдаа нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй учир давж заалдах шатны шүүх залруулан нэмж дүгнэх боломжтой гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/02090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ч.ЦЭНД