| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/06589/И |
| Дугаар | 191/ШШ2025/04489 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04489
| 2025 05 19 | 191/ШШ2025/04489 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Б******* О******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт С******* А*******,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Э овогт Н Э,
Хариуцагч: Монгол улсын иргэн регистрийн дугаартай, тоотод оршин суух А овогт Д Н нарт холбогдох,
2011 оны 6 дугаар сарын 13, 2021 оны 9 дүгээр сарын 16, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагч С.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарт гаргасан тайлбартаа:
Иргэн Б.О би өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байр 1 дүгээр орцны 0 тоотод байрлах 15 мкв талбайтай Ү- дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг С******* А******* гэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан мэхлэх гэмт хэргийн улмаас алдаж, улмаар хууль хяналтын байгууллагаар холбогдох этгээдийг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагааны дагуу шалгуулж, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон юм. Анх Б.О би 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр тоотод байрлах 15 м.кв талбайтай Ү- дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг С.А*******гийн гуйлтаар (Үхрийн фермертэй түүнийгээ өргөжүүлэхээр жижиг дунд үйлдвэрийн 100 сая төгрөгийн зээл авахаараа 50 сая төгрөгийг зээлүүлье. Хөдөө аж ахуйн яамнаас албан бичиг өгсөн гэж бичиг үзүүлж үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй гэж итгүүлэн Голомт банкны барьцаанаас чөлөөлүүлж Худалдах, худалдан авах гэрээ-ээр шилжүүлж авсан боловч надад мэдэгдэлгүйгээр Н.Э гэх хүнд худалдсан байсан нь илэрч миний бие Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгуулсан) түүний өмчлөлд шилжүүлсэн. С овогтой А*******д холбогдуулан эрүүгийн 201201021106 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэхь хэсэгт заасан хэргийг С.А******* нь үйлдсэн болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 16-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон. Гэвч С.А*******д холдогдох эрүүгийн 201201021106 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 119 тоот магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 16-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Хэрэг шүүхээс буцсанаас хойш мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн боловч хэргийн хөөх хэлэлцэх хугацаа дуусаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч дахин сэргээгдэж шалгагдаж байгаад, 2018 оны 6 сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1496 дугаар тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Дээрх дурдсан эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, прокуроруудын тогтоолуудад хохирогч Б.От Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байр 1 дүгээр орцны 0 тоот байрны Ү- дугаартай үл хөдлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн байсныг миний өмгөөлөгчийн гомдлоор Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч С.Алиманцэцэгийн 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 1/18 дугаартай Прокурорын тогтоол-оор ... Б.О нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл С******* А******* нь 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.О миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлж авсны дараа 2011 оны 09-р сарын 16-ны өдөр иргэн Н Э гэгчид Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн, харин Н.Э нь цааш нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д Нд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн газрын дэлгэрэнгүй лавлагаа-аар тодорхой харагддаг юм. Иймд дээрх байдлаас харахад Б.О надтай хариуцагч С.А*******гийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд өөрөөр хэлбэл энэ гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсэхийг хүсээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Улмаар С.А******* Н.Э нарын хооронд хийгдсэн 2011 оны 09-р сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Н.Э, Д.Н нарын хооронд хийгдсэн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэлцлүүд нь Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн хийгдсэн тул мөн адил хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 хэсгүүд, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 зааснаар үр дагавараа арилгуулахаар шаардах эрхтэй тул уг байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Э миний бие 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Оээс гаргасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйл баримтыг тогтоолгох, худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Нэг. Нэхэмжлэгч Б.О нь өөрийн нэр дээр байсан орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.А*******д шилжүүлсэн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг С.А******* нь 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр надад худалдсан байна. Миний бие уг байрны өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ төлбөртэй, маргаангүй, бүртгэлтэй хэлцлээр олж авсан. Тодруулбал гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд аливаа хориг, зөрчил байгаагүй, эрүүгийн хэрэг, маргаантай нөхцөл байдал илэрхий болоогүй байсан бөгөөд нэхэмжлэгч талаас Н.Э миний өмчлөх эрхийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болно. Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан шударга өмчлөгчийн эрх зүйн хамгаалалт миний хувьд бүрэн хамаарна гэж үзэхээр байна. Хоёр. Нэхэмжлэгч Б.О нь 2011 оноос хойш уг байрны өмчлөх эрхтэй холбоотой нөхцөл байдлыг мэдэх бүрэн боломжтой байсан бөгөөд тухайн маргааныг эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор хянан шийдвэрлэх үед ч миний нэр дээр шилжсэн эрхийн талаар мэдэж байсан байх нөхцөл бүрэн бүрдсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь тухайн асуудлаар миний эсрэг иргэний журмаар нэхэмжлэл гаргахгүйгээр 14 жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил бөгөөд энэ хугацаа эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой болсон өдрөөс эхлэн тоологдоно. Гэтэл нэхэмжлэгч Б.О нь мэдэх боломжтой хугацаа өнгөрснөөс хойш буюу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Гурав. Миний бие уг орон сууцыг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Нд худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлгүй, миний өмчлөлөөс бүрэн гарсан буюу өмчлөгч биш этгээдэд хамаарахгүй нөхцөл байдал үүссэн байна. Дөрөв. Миний зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөс авч байгаа гэж итгэж, үнэ төлбөртэй худалдан авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын Н.Эад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгч Б******* О******* 2025 оны 02 дугаар сарын 04 ний өдөр тус шүүхэд гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйл баримтыг тогтоолгох, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 02 дугаар сарын 17 ны өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хууль зүйн үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг. Хариуцагч Д.Н нь 2012 оны 11 дүгээр сарын 13 ны өдөр иргэн Н.Эаас хууль ёсны өмчлөлтэй, тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 15 мкв талбайтай, нэг өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 20 сая төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлсэн. Тухайн үед энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн зөрчилтэй талаар Улсын бүртгэлийн байгууллагад ямар нэгэн маргаан бүртгэгдээгүй байсан тул шударга худалдан авагчийн өмчлөх эрх маргаанд татагдахгүй байх хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч нь 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр С.А*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг залилан байсан гэж үзэж байсан боловч, 2012 оны 11 дүгээр сард хариуцагч Д.Нгийн өмчлөх эрх бүртгэгдэх үед өмчлөх эрх болон түүний бүртгэлтэй ямар нэгэн гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй байдаг. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой холбогдох байгууллагад гомдол гаргасан, маргаан үүсгэсэн байсан бол өмчлөх эрхийн зөрчил бүртгэгдэж, хариуцагч Д.Н орон сууцыг худалдаж авахгүй байх боломжтой байсан. Хэдийгээр хариуцагч Н нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн 181/ШШ2023/01323 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг орон сууцыг нэхэмжлэгч Б.О******* хууль бус эзэмшлээс чөлөөлөх хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй олон жил хохирсон. Улмаар 2025 оны 02 дугаар сарын 06 нь өдөр энэхүү орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр борлуулсан тул одоогийн байдлаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болсон болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ... Н.Э, Д.Н нарын хооронд хийгдсэн, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэнд хийгдсэн тул мөн адил хүчин төгөлд бус байх хэлцэлд тооцож өгнө үү..гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д ... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан байдаг бөгөөд уг заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугааp тогтоолын 5.7 д: ... 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино ... Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй ... гэж тайлбарласан байдаг. Хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолын агуулгаас харахад хүчин төгөлдөр бус болсон нэг хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотой дараагийн хэлцэл хүчин төгөлдөр бус болох бөгөөд шалтгаант холбоогүй хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж болохгүй ... гэж ойлгохоор байна. Тодруулбал өмнөх хэлцэл хүчин төгөлдөр бус болсон нь дараагийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд хууль ёсны өмчлөгчөөс худалдаж авсан дараагийн өмчлөгчийн эрх хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байна. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/2198 дугаар албан бичиигт дурснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч С.А*******гийн өмчлөлд улмаар 2011 оны 9 дүгээр сарын 16 ны өдөр хариуцагч Н.Эад тус тус шилжсэн байна. Улмаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.Э нь уг орон сууцыг Д.Нд худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлжээ. Эдгээр баримтаас үзэхэд хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч, хариуцагч нартай ямар нэгэн эрх зүйн хамааралгүй буюу иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээд байх бөгөөд хууль ёсны өмчлөгчөөс сайн дурын үндсэн дээр худалдаж авсан шударга өмчлөгч гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээс харахад 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус байсан ч, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд нэхэмжлэлийн шаадлагын Д.Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийг хариуцагч С.А******* таньдаггүй. С.А*******гийн нөхөр н.Г нь нэхэмжлэгчийг бизнесийн шугамаар таньдаг болсон. Тухайн үед н.Г нь нэхэмжлэгчийг С.А*******тай танилцуулсан байдаг. Тодорхой хэмжээний зээл авах гээд барьцаа хэрэгтэй байна. Орон сууцыг нэр дээрээ шилжүүлээд авчих гээд тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч нар нь анх танилцсан байдаг. 2011 оны 07 дугаар сард тухайн байрыг Голомт банк ХК-ийн барьцаанд байсан учраас С.А******* нь тухайн байрыг барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд н.Б, н.Н нараас зээл аваад тухайн байрыг Голомт банк ХК-ийн зээлээс чөлөөлүүлсэн байдаг. Тухайн 2 хүний зээлийг нэхэмжлэгч нь төлнө. Төлсний дараагаар байрыг С.А*******гаас н.От шилжүүлж өгнө гэх байдлаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгчийн хувьд тухайн мөнгийг өгөхгүй байгаа гэсэн. Ингээд С.А*******гийн н.Б, н.Н нараас мөнгийг хүү, алдангитай авсан учраас төлөх мөнгөний хэмжээ нэлээдгүй өсөж эхэлсэн бөгөөд тус мөнгийг яаралтай төлөх шаардлагатай байна. Хэрэв төлөхгүй бол байрыг зарна. н.Б, н.Н нараас зээлж авсан мөнгөний хэмжээ нэлээдгүй нэмэгдэж байна гэдгийг н.От өөрт нь мэдэгдэж байсан. Ингээд тухайн зээлийн хэмжээ өсөөд байсан учраас 2011 оны 09 дүгээр сард н.Эад 9,300,000 төгрөгөөр байрыг зараад н.Н болон н.Б нарт байртай холбоотой мөнгийг өгснөөр хариуцагч С.А******* нь байртай хамааралгүй болсон. Үүнээс хойш ямар үйл явдал болсон талаар хариуцагч С.А******* мэдээгүй байсан бөгөөд иргэний хэрэг үүсгээд тодорхой нотлох баримт цуглуулсны дараагаар н.Э нь байрыг н.Нд худалдаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж байрыг шилжүүлсэн бөгөөд н.Н нь мөн байрыг өөр этгээдэд борлуулсан байна гэдэг ойлголттой болсон. Тэгэхээр юу хэлэх гэж байна вэ гэхээр маргаан бүхий байрыг нэхэмжлэгч н.О нь өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авах боломжтой байсан. Талууд харилцан тохиролцоод байрыг барьцаанд тавьсан бөгөөд мөнгө хүүлэгч нараас авсан мөнгөө тухайн үед нь төлөөгүй, үүргээ биелүүлээгүйн улмаас байр өөр этгээдэд шилжсэн асуудал байгаа юм. Үүнийг ганцхан С.А******* байрыг шилжүүлж аваад өөр этгээдэд зарж борлуулж, залилсан мэтээр тайлбар гаргаж байна. Шүүхийн 50 дугаар тогтоолоор залилсан гэдгийг тогтоосон гэх боловч тус шүүхийн шийдвэр нь хүчингүй болсон буюу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Иймд С.А*******г залилан хийсэн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч С.А*******гийн хувьд нэхэмжлэгч н.О******* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёрдугаарт нэхэмжлэгчийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй байна гэж харж байна. Шүүхэд хариуцагчаас дуудагдсан этгээдүүд хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, байрыг шилжүүлсэн бөгөөд эдгээр хүмүүс нь хууль ёсны өмчлөгч байгаад байна. Мөн үйл баримтын тухайд 2011 онд байгуулагдсан 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан байгаа. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар заасан бөгөөд хамгийн сүүлд хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол 2018 онд гарсан байдаг. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцож үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Шүүхэд 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан байдаг. Эрүүгийн журмаар шалгагдаж байх үед хөөн хэлэлцэх хугацаа түдгэлзсэн гэж үзвэл Улсын дээд шүүхийн тайлбараар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж ойлгох буюу Цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол, мэдээлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж ойлгохгүй гээд Дээд шүүхийн тайлбар гарсан байгаа. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар хуульд боломжийн хүрээнд шийдэгдэх боломжгүй, хууль зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 28ш2-2/4069 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ний 119 дугаартай магадлал, Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 1/18 дугаартай прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1496 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/457 тоот албан бичиг, Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/792 тоот албан бичиг, С.А*******гийн гараар бичсэн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 1 дүгээр тасгийн мөрдөн байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын тогтоол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 1 дүгээр тасгийн мөрдөн байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн иргэний нэхэмжлэгчийг байцаасан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн С.А*******гийн гараар бичсэн тодорхойлолт, Голомт банкны хүү тооцоололын хүснэгтийг,
Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас тоот хаягт байршилтай орон сууцны түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой холбогдох баримтуудыг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч С.А*******, Н.Э, Д.Н нарт холбогдуулан 2011 оны 6 дугаар сарын 13, 2021 оны 9 дүгээр сарын 16, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хариуцагч нарт холбогдох хэлцэл хүчин төгөлдөр байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Б.О хариуцагч С.А******* нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот 15 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, уг орон сууцны өмчлөх эрх С.А*******д шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 5, 77 дахь талд/
2.2. Хариуцагч С.А******* хариуцагч Н.Э нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот 15 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 1,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, уг орон сууцны өмчлөх эрх Н.Эад шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 84 дэх талд/
2.3. Хариуцагч Н.Э хариуцагч Д.Н нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот 15 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, уг орон сууцны өмчлөх эрх Д.Нд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 86 дахь талд/
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын 8-д ... хохирогч Б.От Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9-р байрны 0 тоот байрны Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.А*******, Б.Г, Д.Эрдэнэдалай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 7-25 дахь талд/
3.1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1496 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоолын Тогтоох хэсгий 4 дэх заалтад ...хохирогч Б.От Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9-р байрны 0 тоот байрны Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай гэснийг Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/18 дугаартай Прокурорын тогтоолоор ... Б.О нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчилсөн байна. /х.х-ийн 26-31 дэх талд/
3.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
4. Нэхэмжлэгч нь Б.О, С.А******* нарын хооронд байгуулсан гэрээг дүр үзүүлсэн, С.А*******, Н.Э, Н.Э Д.Н нарын хооронд байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон.
Дээрх гэрээнүүд агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, нотариатаар гэрчлүүлсэн энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Харин Б.О, С.А******* нарын хооронд байгуулсан хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч тодорхойлж байна.
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дэх хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.О нь 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Барилгын материалын Жоби их дэлгүүр дэх түрээсийн павилоныхаа эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор Голомт банк ХК-аас 12,000,000 төгрөгийн зээл авч, уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9-р байрны 0 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт 11,300,000 төгрөгийг хариуцагч С.А******* төлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ээр өмчлөлдөө шилжүүлж авсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 104-105 дэх талд/
Хэрэгт авагдсан С.А*******гийн гараар бичсэн баримтад ... Голомт банкны барьцаанд 11,300,000 төгрөг байсан чөлөөлж СБД 15-р хороо 9-р байр 1-р орц 0 тоот 1 өрөө байрыг чөлөөлж өөрийн нэр дээр байрны ордерыг түр шилжүүлж авсан болно. Энэ мөнгө 11,300,000 төгрөгийг буцааж төлсөн нөхцөлд ордерыг буцаан О******* нэр дээр шилжүүлж өгнө. Түр ордер шилжүүлж авсан С.А******* гэсэн байх ба уг үйл баримттай нэхэмжлэгч Б.О, хариуцагч С.А******* нар маргахгүй байна. /х.х-ийн 109 дэх талд/
Нэхэмжлэгч Б.О хариуцагч С.А******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний зохицуулалтад хамаарч байх боловч дээр дурдсан баримтуудаар энэ нь жинхэнэ худалдах худалдан авах гэрээний хүсэл зориг байгаагүй, дүр үзүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч С.А******* хариуцагч Н.Э нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Н.Э хариуцагч Д.Н нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл байна гэж заасан бөгөөд энэ зохицуулалт нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл бүр хүчин төгөлдөр бус болохгүй бөгөөд гагцхүү хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар зохицуулсан бөгөөд хуулийн 16.3-т иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн нь иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.
Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаардана.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Э, Д.Н нарыг тухайн орон сууц нь өмчлөх эрхийн хувьд маргаантай, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нөхцөл байдлыг мэдэж байсан гэж тайлбарлаж байх боловч С.А*******д холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үүсгэсэн болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1496 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /х.х-ийн 31 дэх талд/
Тодруулбал, хариуцагч С.А*******гаас тухайн орон сууц Н.Эын өмчлөлд 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шилжин бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн тус үндэслэл үгүйсгэгдэж байна.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй боловч шүүх хариуцагч С.А******* хариуцагч Н.Э нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Н.Э хариуцагч Д.Н нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээгүй тул С.А*******тай байгуулсан дүр үзүүлсэн хэлцэлийн үр дагаварыг өмчлөгчөөр тогтоох шаардлагаар хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
7. Дээд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.О хариуцагч С.А******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хариуцагч С.А******* хариуцагч Н.Э нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Н.Э хариуцагч Д.Н нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 9-р байрны 0 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.О, С.А******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, С.А*******, Н.Э нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Н.Э, Д.Н нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А*******гаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ