Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2022/00055

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00055

 

Л.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03508 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Жын нэхэмжлэлтэй, хариуцагч П ц к - ХХК-д холбогдох түрээсийн гэрээнийн үүрэгт 8,006,400 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж, өмгөөлөгч Н.Санчиндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбилэг, өмгөөлөгч Ц.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: П ц к - ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан V2 маркийн сапуд 2000 ширхгийг буюу нэг бүрийг нь өдрийн 70 төгрөгөөр 90 хоногийн хугацаатай түрээслэсэн бөгөөд уг 12,600,000 төгрөгийн төлбөрт портер маркийн автомашин тооцож авсан. Улмаар гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 73 хоногоор сунгаж, гэрээний төлбөрт 10,220,000 төгрөгийг тухайн өдөрт нь төлөхөөр тохиролцсон. Гэтэл төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 24 хоног хэтрүүлэн 4,200,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 116 хоног хэтрүүлэн 6,000,000 төгрөг, нийт 10,200,000 төгрөг төлсөн. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй 10,220,000 төгрөгийн 0,5 хувийн алданги хоногийн 51,100 төгрөгийг 24 хоногт тооцоход 1,226,400 төгрөг, 6,000,000 төгрөгийн 0,5 хувийн алданги хоногийн 30,000 төгрөгийг 116 хоногт тооцоход 3,480,600 төгрөг, нийт 4,706,400 төгрөгийн алданги болж байна.

Дахин П ц к - ХХК-ийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээг сунгасан. Гэрээний 2.4, 2.16-д зөвхөн гэрээнд заасан газарт түрээсийн сапудыг хэрэглэнэ гэж заасан боловч хариуцагч өөр газар хэрэглэж, гэрээнийхээ заалтыг зөрчсөн тул гэрээний 2.6-д зааснаар гэрээг дуусгавар болсныг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал Г.Батбилэгт мэдэгдсэн. Дээрх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сунгасан гэрээний төлбөр болох 8,300,000 төгрөгөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Хариуцагч нь хөл хорионы хугацааны төлбөрийг нэхэмжилсэн гэх боловч үүнийгээ нотолсонгүй. Түүнээс гадна давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон талаарх хүсэлтийг хариуцагч өөрөө гаргах ёстой, энэ талаар Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хандаж гэрчилгээ авсан талаарх баримтыг ирүүлээгүй. Хариуцагч П ц к - ХХК-аас гэрээний төлбөрт тооцож 12,600,000 төгрөгийн үнэ бүхий портер маркийн автомашин, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4,200,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, барьцаа болох 1,000,000 төгрөг, нийт 28,800,000 төгрөг хүлээн авсан. Барьцааны 1,000,000 төгрөгийг гэрээний үүрэг дуусгавар болохоор буцааж өгнө. Иймд хариуцагч П ц к - ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн сунгалтын гэрээний алдангид 4,706,400 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 8,006,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: 90 хоногийн хугацаатай гэрээний төлбөрт харилцан тохиролцсоны үндсэн дээр портер автомашиныг 2020 оны 08 дугаар сард Л.Жт өгсөн. Нэмэлт гэрээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 73 хоногийн хугацаатай сунгасан гэрээний нийт төлбөр 10,220,000 төгрөг гэж амаар харилцан тохиролцсон. Уг нэмэлт гэрээний дагуу алданги тооцоолол:

- 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 45 хоног /10,220,000 0,5 хувь 45 хоног = 2,299,500 төгрөг/,

- 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх 24 хоног /6,020,000 0,5 хувь 24 хоног= 722,400 төгрөг/, нийт 3,021,900 төгрөг,

- 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэгдэл сапудны төлбөр 1,217,930 төгрөг, нийт төлбөр 26,499,830 төгрөг байна. Манай байгууллагын зүгээс Л.Жт 16,200,000 төгрөг бэлнээр, 12,600,000 төгрөгийн портер автомашин, нийт 28,800,000 төгрөг төлсөн төлж, илүү 2,300,170 төгрөг төлсөн байна. Илүү төлсөн 2,300,170 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх Улсын онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрийн дагуу онцгой үүргийн 5 байгууллагаас бусад аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд барилгын салбар үйл ажиллагаагаа огт явуулаагүй. Ийм тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нотолгоо шаардаж байгааг ойлгохгүй байна. Энэ нөхцөлд алданги тооцох боломжгүй гэж үзэж байх тул алдангийг зөвшөөрөхгүй. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасан байтал алдангийг хоногийн 0,5 хувиар тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч хэдэн ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн болох, үүнээс хэдийг түрээслүүлсний төлбөр нэхэмжилсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П ц к - ХХК-иас 6,918,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,087,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Прогрессцамхаг констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125,645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Жт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх улс орон даяар хөл хорио тогтоосон үеийг барилгын ажлаа хийж байсан, алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг болон улс орон даяар дагаж мөрдөж байгаа Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн.

Мөн Монгол Улсад жил бүрийн 12 сараас 04 сар хүртэлх үе барилга барих, барилгын гадна ажил хийх боломжгүй хүйтний улирал байдаг. Гэтэл анхан шатны шүүх нийтээр хүлээн зөвшөөрдөг энэ цаг үеийг барилга баригдаж, ажил явагдаж байсан гэж үзэж алданги тооцож байгаа нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Барилгын норм, дүрэм стандартыг зөрчсөн. Мөн хөл хорионы үе биш гэж хэдий хугацааг тооцож, хэдэн төгрөгийн алданги тооцож байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч П ц к - ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 3,300,000 төгрөг, алдангид 4,706,400 төгрөг, нийт 8,006,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай Барилгын туслах материал түрээслэх гэрээ, гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан хавсралт гэрээ, Барилгын туслах материал түрээслэх гэрээ сунгалт гэх 3 гэрээ байгуулагдсан байх ба анхан шатны шүүх тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан, гэрээний хугацааг сунгасан, гэрээний үүрэгт 12,600,000 төгрөгийг автомашинаар төлж барагдуулсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин зохигчид дээрх Барилгын туслах материал түрээслэх гэрээнд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаснаар түрээслэгч П ц к - ХХК-д сунгасан хугацааны төлбөрөө тухайн өдрөө төлөх /хх-10/ үүрэг үүссэн боловч уг үүрэг зөрчигдсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч П ц к - ХХК нь нэхэмжлэгч Л.Жтай байгуулсан Барилгын туслах материал түрээслэх гэрээний хугацааг сунгасан ба гэрээ байгуулсан өдрөө буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний үнэ 10,200,000 төгрөг төлөх байсан боловч уг хугацаа хэтрүүлж, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4,200,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд нэхэмжлэгч Л.Ж нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч П ц к - ХХК-ийн төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход түрээсийн төлбөр төлөх ёстой байсан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 4,200,000 төгрөгийг төлсөн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 24 хоногийн алдангид /10,200,0000,524/ 1,224,000 төгрөг төлөх ёстой байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл буюу хөл хорио тогтоох хүртэл хугацаанд төлөгдөөгүй үлдсэн 6,000,000 төгрөгт ногдох алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэж, уг 26 хоногийн алдангид /6,000,0000,526/ 780,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Иймд хариуцагч П ц к - ХХК нь алдангид нийт 2,004,000 төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Ж нь Барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөрт 3,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг 3,212,050 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэх үүрэг уг хэмжээгээр тодорхойлогдоно. Иймд хариуцагч нь Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт /12,600,000+10,200,000+2,004,000+3,212,050/ нийт төлбөл зохих үүрэг нь 28,016,050 төгрөг болж байна.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримт, зохигчийн тайлбараар хариуцагч П ц к - ХХК нь гэрээний үүрэгт нийт 28,800,000 төлсөн байх тул үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Л.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр буюу улс орон даяар хөл хориотой байх үеийг барилгын ажил хийж байсан гэж тооцож алданги тооцсон гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/03508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч П ц к - ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 8,006,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 125,646 төгрөгийг буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Д.ЦОГТСАЙХАН