Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 625

 

 

 

                                                                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

Хохирогч, шүүгдэгч Д.Г, С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Г, С.У нарт холбогдох 1706 03269 0673 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 19 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 30 дугаар байрны 1-21 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Д Г

2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 19 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 1-5 настай 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Ногоон нуурын 511 дүгээр гудамжны 101 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт С У /РД:

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Г, С.У нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автовокзал дээр “зам хааж зогслоо” гэх шалтгааны улмаас харилцан зодолдож Д.Гын эрүүл мэндэд духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд өнгөц шарх бүхий хөнгөн хохирол, С.Уын эрүүл мэндэд үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, үүдэн доод зүүн 1, баруун 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Уын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Уын өгсөн: “... Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гын өгсөн: “... Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Уын өгсөн:  “... 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор өндөр сумаас  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах автовокзал дээр 06-61 УНЯ улсын дугаартай  хот хоорондын хүн тээврийн автобус жолоодож ирж зогссон. Зогсохдоо автовокзалын харалдаа дотогшоо орж зогсож хүнээ буулгасан. Тэгтэл бор өнгийн королла хойно зогсоод намайг машинаа холдуулаадах гэхээр нь “хүнээ буулгаад холдъё” гэхэд жолооч нь өндөр бор залуу ирээд “машинаа холдуулаач пизда минь" гэснээ намайг машин дотор зогсож байхад заамдан чирээд буулгаж ирээд миний толгой руу гараараа цохьсон түүнийг зөрүүлээд толгой руу нь цохьсон. Тэгтэл тэр намайг шүд рүү мөргөж зүүн дээд нэг шүд  хугараад унасан. Амнаас цус гарч амаа дараад доошоо суусан. Дотроос автотээврийн байцаагч нар гарч ирээд цагдаа дуудсан. Тэр залуу “чамайг алсан ч яадаг юм бэ? би буутай, буудна шүү” гээд орилоод байсан… зүүн дээд нэг шүд хугарсан, нөгөө нь хиймэл шүд байсан, хугараад 2 шүд ойчсон. Өөр гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гын өгсөн:  “... 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Баянзүрх” автовокзал дээр 15 цаг 30 минутын орчим Эрээнээс хүн юм өгч явуулсаныг тосож авах гэж очсон. Тэгээд зогсоол дээр машинаа байрлуулчихаад хүнээс юмаа авчихаад гарч ирхэд миний машины өмнө улаан өнгийн том оврын автобус зогссон байхаар нь би 40-45 орчим насны хүнээс жолооч нь хаана байгаа юм гэж асуухад намайг тоохгүй, дуугарахгүй автобусны кабин луу заахаар нь машинаасаа буугаад очиход автобусан дотроо жолооч нь байж байснаа миний өөдөөс бууж ирэхээр нь “автобусаа холдуулчих зай гаргаад өг” гэж шаардлага тавьсан чинь над руу “энэ бол миний зогсоол, би энд автобусаа тавьдаг” гэж хэлэхээр нь би “чи нэг метр урагшилчих, би гармаар байна” гэж ууртайгаар чанга хэлэхэд тэр залуу над руу “чиний асуудал надад хамаагүй” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “чи автобусаа холдуулчих пизда минь” гэж хараасан чинь миний шаардлагыг хүлээн аваагүй, бид хоёр хэрэлдсэн. Тэгсэн тэр хавиас хоёроос гурван хүн гарч ирээд намайг бариад авсан. Тухайн үед бид хоёр нэг нэгнийгээ заамдсан байсан юм. Тэгээд би “за битгий цохиорой” гэж хэлтэл тэр жолооч баруун гараараа 2-3 удаа намайг цохих гэж зангаж байгаад миний толгой, хөмсөг, ам руу цохисон. Тэгээд цагдаа дуудсан юм… Тухайн үед би өөрийгөө хамгаалах зорилгоор доошоо тонгойхдоо тэр залуугийн нүүрэн тус газар нь толгой хэсгээрээ хүрэх шиг болсон. Тухайн үед санаатай мөргөөгүй өөрийгөө хамгаалах зорилгоор л доошоо тонгойход тэр залуугийн нүүрэн тус газар нь хүрсэн байх. Тэрнээс биш тэр залууг зодож цохисон асуудал бол байхгүй. Яагаад тэгж хэлсэн бэ гэвэл ам хамраас нь цус гарсан асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13672 дугаартай дүгнэлтэд:

“1. Д.Гын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх  дүгнэлт /хх.27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13673 дугаартай:

  1. С.Уын биед үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, үүдэн доод зүүн 1, баруун 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Үүдэн 1 шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.20,58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Уын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.18,55/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автовокзал дээр “зам хааж зогслоо” гэх шалтгааны улмаас харилцан зодолдож С.Уын эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, үүдэн доод зүүн 1, баруун 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

С.У нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автовокзал дээр “зам хааж зогслоо” гэх шалтгааны улмаас харилцан зодолдож Д.Гын эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд өнгөц шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Уын өгсөн:  “... Тэгтэл бор өнгийн королла хойно зогсоод намайг машинаа холдуулаадах гэхээр нь “хүнээ буулгаад холдъё” гэхэд жолооч нь өндөр бор залуу ирээд “машинаа холдуулаач пизда минь" гэснээ намайг машин дотор зогсож байхад заамдан чирээд буулгаж ирээд миний толгой руу гараараа цохьсон, түүнийг зөрүүлээд толгой руу нь цохьсон. Тэгтэл тэр намайг шүд рүү мөргөж зүүн дээд нэг шүд  хугараад унасан. Амнаас цус гарч амаа дараад доошоо суусан…” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гын өгсөн: “... Тухайн үед бид хоёр нэг нэгнийгээ заамдсан байсан юм. Тэгээд би за битгий цохиорой гэж хэлтэл тэр жолооч баруун гараараа 2-3 удаа намайг цохих гэж зангаж байгаад миний толгой, хөмсөг, ам руу цохисон…”гэх мэдүүлэг /хх.20-21/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13672 дугаартай дүгнэлт /хх.27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13673 дугаартай дүгнэлт /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.20,58 /,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Уын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.18,55 /,

Шүүгдэгч Д.Г, С.У нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Д.Г, С.У нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г, С.У нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Г, С.У нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Д.Г, С.У нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.

Хохирогч  Д.Г, С.У нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Д.Г, С.У нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Г, С.У нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Г, С.У нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, С.У нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Г, С.У нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Г, С.У нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Г, С.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Я овогт  Д Г, А овогт С У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, С.У нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Г, С.У нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Д.Г, С.У нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт  сануулсугай.

5. Д.Г, С.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Г, С.У  нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР