Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/1183

 

 

 

 

 

Т.Г-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал, 

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/168 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Булаг-Ундрал 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Т.Г-өд холбогдох эрүүгийн 2204001710122 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Г ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй.

            Т.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 50 минутын үед .... дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.А-тай маргалдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд чанга дуу авиа гаргаж дуудлагаар очсон Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.С-гийн “та явж болохгүй” гэх шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа түлхсэн, мөн цагдаагийн дэд ахлагч Т.Б нь түүний үйлдлийг болиулах оролдлого хийх үед дагзны зүүн хэсэгт нь хоёр удаа гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.           

Багануур дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч”-ийг ойлгох ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн хохирогч нь тусгай субъект юм.

Прокурорын яллах дүгнэлтэд “Ялллагдагч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч О.С-, Т.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дээрх тусгай субъектийг тодорхойлж нотолж ирүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж ирүүлээгүй байна гэж үзэж, яллагдагч Т.Г-өд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.   

Прокурор Г.Булаг-Ундрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид “...Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хаагч О.С-, Т.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дээрх тусгай субъектийг тодорхойлж нотолж ирүүлээгүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж ирүүлээгүй...” үндэслэлийг дурьджээ.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд “хууль сахиулагч” буюу цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч болохыг лавтай мэдсэн, тэдгээрээс өөрийн эрхэлсэн ажил, чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй гэсэн субъектив хандлагаар уг шаардлагын эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хариу үйлдэл хийсэн, тэмцэлдсэн идэвхитэй үйлдлээр тайлбарлагдана.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн хохирогч О.С-, Т.Б нарын мэдүүлэг болон тухайн цаг хугацаанд баримтжуулагдсан цагдаагийн алба хаагч О.С-гийн ашиглаж байсан камер (энгэрийн)-ын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Т.Г- нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны орой 20.00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт буюу гудамж, талбайд өөрийн эхнэр С.А-тай “гэртээ орохгүй” гэх асуудлаар маргалдсан, улмаар Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч буюу цагдаагийн дүрэмт хувцастай 2 алба хаагчийг зүй бус үгээр хэлж, эмэгтэй алба хаагчийн нүүр лүү гараар түлхсэн, эрэгтэй алба хаагчийг цохих үйлдэл хийж, уг үйлдлээс зайлсхийсэн алба хаагчийн хамт газарт хальтирч унасан үед толгойн хэсэгт гараар 2 удаа цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлаас Т.Г- нь хохирогч О.С-, Т.Б нарыг цагдаагийн алба хаагч болохыг лавтай сайн мэдсэн, өөрийн гаргасан зөрчлийн талаар асуух тодруулах, таслан зогсоох гэсэн шаардлагыг эсэргүүцэн, цагдаагийн алба хаагчийн биед халдсан болох нь нотлогдсон гэж дүгнэж болохоор байна.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Г- нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд прокуророос яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, ...яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлд шүүхээс “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг хянахаар хуульчлагдсан.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байтал “...нотолбол зохих байдлыг шалгаж ирүүлээгүй буюу ...тусгай субъект”-ыг тодорхойлж нотолж ирүүлээгүй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Т.Г-өд холбогдох эрүүгийн 2204001710122 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/168 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Г-өд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Т.Г-ийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 50 минутын үед .... дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.А-тай маргалдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд чанга дуу авиа гаргаж, дуудлагаар очсон Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.С-гийн “та явж болохгүй” гэх шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа түлхсэн, мөн цагдаагийн дэд ахлагч Т.Б нь түүний үйлдлийг болиулах оролдлого хийх үед дагзны зүүн хэсэгт нь хоёр удаа гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт яллагдагчар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  22040001710122 дугаартай хэргийг прокуророос шүүхэд ирүүлжээ.  

Шүүх нь яллагдагч Т.Г-ийн шүүхэд шилжүүлж /хх 99/, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:

- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хаагч О.С-, Т.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дээрх тусгай субъектийг тодорхойлж нотолж ирүүлээгүй,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж ирүүлээгүй үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт баримтаар ирүүлсэн болсон үйл явдлыг бэхжүүлсэн бичлэг дээрхи “...хохирогч О.С-, Т.Б нарын цагдаагийн албан хаагчийн хувцас, нэр бүхий энгэрийн тэмдэгтэй дүрэмт хувцастай албан үүргээ гүйцэтгэж байгаа...” бичлэг /хэрэгт хавсаргасан CD/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 6/, /хх 53-54/ зэрэг баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудаар хохирогч О.С-, Т.Б нарын цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагч гэдгийг тогтоох бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...хохирогч нар нь хууль сахиулагч, тусгай субъект болохыг тодорхойлж, нотолж ирүүлээгүй...” зэрэг ажиллагаа хийх шаардлагагүй байна.

 Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах эрхтэй ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх ёстой.   

Хавтаст хэрэгт баримтаар ирүүлсэн сиди дэх /хохирогч О.С-, Т.Б нарын цагдаагийн албан хаагчийн хувцас, хэрэглэлтэй байх/ бичлэг, “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 6/, хохирогч нарын дүрэмт хувцас бүхий гэрэл зураг /хх 54/, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажиллах алба хаагч нарын хуваарь /хх 73-74/ зэрэг баримтуудаар хохирогч О.С-, Т.Б нарын  цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагч гэдэг нь нотлогдож байх ба эргэлзээ бүхий нөхцөл байдал хэрэгт байхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүгдэгч Т.Г-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Г-өд холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, Т.Г-өд гардуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.    

Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэнрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан (4.Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана: 4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх; 4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; 4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.) нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана. ...” гэсэн заалтыг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд үүсээгүй, шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь энэ зүйл, хэсэгтэй холбоогүй байна.

Шүүгдэгч Т.Г-өд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн прокурор Г.Булаг-Ундралын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Харин одоо хэрэглэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцаах шийдвэрийг гаргахгүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/168 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ