| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/12968/И |
| Дугаар | 197/ШШ2025/09604 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/09604
2025 08 01 197/ШШ2025/09604
Нэхэмжлэгч: ******** тоот хаягтай, Д.А******/РД:*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************ГХОХХК /РД:********/-д холбогдох,
Тэтгэмж болон ээлжийн амралтын зөрүү 9,303,295.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А******, өмгөөлөгч М.М******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, Д.Э******, Б.А********, гэрч Г.Э******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...өндөр насны тэтгэмж болон ээлжийн амралтын олговрыг хуульд зааснаар тооцож олгоогүй...сайдын А/192 тоот тушаалаар дундаж цалин хөлсийг, А/191 тоот тушаалаар ээлжийн амралтын олговрыг тооцож гаргасан зөрүүг шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...сайдын дээрх тушаал нь өдрийн 8 цаг, долоо хоногийн 40 цагаар буюу тогтмол ажилладаг ажилтны дундаж цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг тооцоход хамаарна...харин нэхэмжлэгчийн сүүлийн 6 сарын нийт ажилласан цагийг нэг өдөрт ажиллах цагт, нэг цагийг нэг өдөрт, өдрийг сарын 21,5 хоногоор тооцож, хувьчилснаар сарын дунджийг гаргасан, мөн ээлжийн амралтын олговрыг мөн адил гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депогийн даргын 2024.02.26-ны Б/256 тоот тушаалаар Д.А******ыг өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 25 жил 06 сар ажилласан гэж үзэж 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж тооцож олгохыг даалгасан.
Ажил олгогч нь 2024.02.26-ны өдөр Д.А******ын 6 сарын дундаж цалин хөлсийг 26,800,227 төгрөг, үүнээс ажилласан хоног 178.86, 1 өдрийн дундаж цалин хөлс 149843.32 төгрөг, дундаж ажлын өдөр 21, нэг сарын дундаж цалин хөлс 3,146,709.72 төгрөг, 10 сарын цалин хөлс 31,467,097.20 төгрөг гэж тооцож, 2024.030.05-ны өдөр 35,805,246.49 төгрөгийг олгожээ.
3. Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2022-2023 оны хамтын гэрээний 6.4.2-д 22-26 жилд арван сар тэтгэмж олгоно гэж заасан байна.
Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023.06.15-ны А/579 тоот тушаалын хавсралтын 4.1-д нийгэмлэгт ажилласан хугацааг харгалзан олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг Хамтын гэрээгээр тогтооно гэж, 4.2-д Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлох дундаж цалин хөлсний хэмжээг тухайн ажилтны сүүлийн 6 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж тус тус заажээ.
Иймд ажил олгогч нь сүүлийн 6 сарын дундаж цалин хөлсөөр тооцож, 10 сарын тэтгэмж олгох үүрэгтэй байх ба энэ талаар маргаагүй харин сарын дундаж цалин хөлс тооцохдоо нэхэмжлэгч нь А/192, А/191 тоот тушаалыг баримтална гэж, хариуцагч баримтлахгүй гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална. 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж заасан ба Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам, мөн өдрийн А/191 дүгээр тушаалаар ээлжийн амралтын цалин тооцох журам баталжээ.
Иймд ажил олгогч нь дээрх хууль болон журамд зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь тус журмыг баримтлан 10 сарын дундаж цалин хөлсийг 44,942,980.55 төгрөг мөн ээлжийн амралтын олговор 2,331,756.33 төгрөг гэж тооцож, эдгээр тэтгэмжийн зөрүү нийт 9,303,295.39 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгож Ингүүмэл жаргалант аудит ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлтийг нотлох баримтаар гаргасан бөгөөд тус дүгнэлт гаргасан этгээд гэрч Г.Э******ийн А/192 дугаар тушаалыг үндэслэн, Төмөр замын даргын А/576 тоот тушаалд зааснаар 6 сарын дундаж цалин хөлсийн гаргасан гэх мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж хариуцагчаас 9,303,295.39 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5, 110 дугаар зүйлийн 110.3-д зааснаар хариуцагч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр зам ГХОХХК-иас тэтгэмж болон ээлжийн амралтын олговрын зөрүү нийт 9,303,295.39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 163,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН